“Нээлттэй парламент” оюутан дадлагажуулах хөтөлбөрийн сертификат гардуулах ёслол боллоо
Улсын Их Хурал, Тамгын газраас хэрэгжүүлж буй Нээлттэй парламент цогц арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан оюутан дадлагажуулах нэг сарын хөтөлбөрийн хаалтын ажиллагаа, сертификат гардуулах ёслол өнөөдөр боллоо.
Хөтөлбөрт хүсэлт ирүүлсэн 1068 оюутнаас гадаад, дотоодын их сургууль, коллежийн 100 залууг сонгон оролцуулж, УИХ-ын 28 гишүүний удирдлагад дадлагажуулжээ. Хаалтын ажиллагааг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж нээж, оюутнуудад эх оронч сэтгэлгээ, хичээл зүтгэлийн үнэ цэнийг онцолсон юм.
Хөтөлбөрийн хүрээнд оюутнууд парламентын үйл ажиллагаа, хууль тогтоох үйл явцтай танилцаж, судалгаа шинжилгээ хийж, “Загвар парламент” хуралдаан зохион байгуулсан байна. Уг хуралдаанаар Залуучуудын орон сууцны дэмжлэгийн тухай хуулийг хэлэлцэж, цөөнхийн баг ялалт байгуулжээ.
Дадлагажигчдыг төлөөлөн МУИС, ШУТИС-ийн оюутнууд сэтгэгдлээ илэрхийлж, парламентын боловсролыг бодитоор олгосон үр дүнтэй хөтөлбөр болсныг онцоллоо.
Ч.Юмчирдулам