2019-04-24Энэ жил бурханы шашны тэргүүн, төр шашныг хослон баригч, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой тохиож байна.
Анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар түүний тэгш ойг тэмдэглэхээр болжээ. Монголчууд 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг Тусгаар тогтнол төр улсаа сэргээсэн баярын өдөр болгон Монгол Улсын Их Хурлаас баталсан хуулиар 2011 оноос хойш тэмдэглэж иржээ. Харин энэхүү 1911 оны үндэсний хувьсгалын удирдагч Богд Хааны тухай тэр бүр мэддэггүй аж.
Ойд зориулсан ажлын хүрээнд “VIII Богд Жавзандамба хутагт шашин төрийг хослуулан баригч хаан хэмээхийн учир” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо. Богд Жавзандамба хутагтын шашин төрийг хослуулан баригч гэдэг үүднээс түүхэнд ямар гавьяа байгуулсныг олон нийтэд таниулах зорилгоор уг хурлыг Үндэсний номын сан, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулсан юм.
БОГД ХААН ГЭЖ ХЭН БЭ
1869 оны шороон могой жил Түвдэд төрөөд таван настайдаа Монголд бурханы шашны тэргүүн болж өргөмжлөгджээ. 43 настай Монголын үндэсний хувьсгалыг ялалтад хүргэж, тусгаар тогтнол, төр улсыг сэргээн байгуулж, Монгол Улсын эзэн хаан 1911 онд суусан түүхтэй. 1911-1924 онд хамгийн ээдрээтэй хэцүү үед Монголын төрийг тэргүүлж, Монголчуудад тусгаар тогтнол, бие даасан байдал, эрх чөлөө авчирсан үндэсний хувьсгалыг удирдан зохион байгуулсан гавьяатай. Түүнийг социализмын жилүүдэд хамгийн саараар түүхэнд дүрслэн бичиж, уран зохиол, кино урлагт ч болохгүй бүтэхгүй этгээд байсан мэтээр харлуулж ирсэн аж.
Бурханы шашин ХХ зууны эхээр монголчуудыг нэгтгэж, тэргүүн Богд гэгээн үндэсний тэмцлийг удирдаж, ялалтад хүргэсэн нь түүхэн үнэн юм. Тухайлбал, Эзэн Чингисийн алтан ургийн Халхын дөрвөн хан, ноёд, лам хувраг, үндэсний сэхээтнүүд тэр цагт Богд гэгээнтнээ тойрон хүрээлж, тусгаар тогтнолоо аварч болох юм байна хэмээн үзэж, үр дүнд нь үндэсний эрх чөлөөгөө олж авч, туурга тусгаар улсаа сэргээн мандуулсан юм. Монголчууд Манж Чин гүрний эрхшээлээс хоёр зуу гаруй жилийн дараа гарсан нь энэ. Тиймээс Богд гэгээнтэн 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс 1924 оны тавдугаар сарын 20 хүртэл Монгол Улсын төр, шашны тэргүүн, эзэн хаан байлаа.
Богд хааны түүх гэдэг бол XIX зууны сүүлчээс ХХ зууны 30-аад он хүртэлх үеийн монголчуудын түүх юм. Монгол Улсын хаан Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой тэмдэглэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн буулгасан зарлиг нь Богд хааны тухайд Монголын төрөөс үзүүлж буй цагаатгал хэмээн үзэж буйгаа эрдэм шинжилгээний хурлын үеэр түүнийг судлаач эрдэмтэд хэлж байв. Түүний тэгш ойн хүрээнд Бурхны шашин хийгээд Богд хааны тухай үзэл суртлын дор хуурмаг бичигдсэн уран зохиол, дуу шүлэг, кино, үзвэрүүд үнэн бодитой болж, зөв голдиролдоо орно байх хэмээн найдаж байгаагаа ч судлаач эрдэмтэд хэлэв.
Хурлын үеэр Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатартай ярилцлаа.
-VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойд зориулан ямар ажлууд төлөвлөөд байгаа вэ?
-Богд Жавзандамба хутагтын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг Монголын социалист нийгмийн залуус ер нь хананы цаад талаас харсан. Хананы наад талаас харж буй зүйл нь феодал ноёд, ард түмнийг шашнаар мунхруулагч, Монгол Улсын түүхэнд гай болсон хүн мэтээр ойлгож ирсэн. Энэ цагт Монголын судлаач эрдэмтэд архивын болон бусад судар бичгүүдэд тэмдэглэгдэж ирсэн баримтуудыг дэлгэн Богд хаан Монгол Улсын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг улам тодорч байна. Богд хаан хэн бэ гэвэл “Чингисийн алтан ургийн буюу язгуурын төрийг байгуулж чадсан даяар Монголын оюун санааны том удирдагч байжээ” гэсэн товчхон дүгнэлт гарч байгаа юм. Энэ дүгнэлтийг улам бататгасан олон ажлыг Богд хааны ордон музейн зүгээс хийж байна. Өөрөөр хэлбэл түүний өмнөх долоон дүрийн түүхэн болоод уран бүтээл, сургаал номлолын баримт сэлтийг олон түмэнд дэлгэж байгаа. Богд хаантай холбоотой өөрийнх нь нэлээд баримт бий. Дээрээс нь өнөөдөр Богд хааны ордон музей гэж нэрлэж байгаа тухайн цаг үеийн Богд хааны ордуудын тухай баримтуудыг дэлгэж ном хэвлэмэлийг гаргахаар бэлэн болголоо. Эхний гурван ном гарчихсан. Төлөвлөсөн 16 ном бий. Долдугаар сард хагас нь гарчихна.
-Аргын тооллоор хэдэн сарын хэдний өдөр тохиох вэ?
-Арваннэгдүгээр сарын 4-ний өдөр буюу намрын тэргүүн сарын шинийн арван тавны өдөр Богд хааны мэлмий гийсний 150 жилийн ой тохиож байгаа. Тэр хүртэл төлөвлөгөөт ажлууд хийгдчих байх гэж харж байгаа. Богд хааны өөрийнх нь байгуулсан ордууд, амьдарч байсан ногоон, өвлийн ордон бол 150 жилийн ойн хүрээнд яригдах ёстой асуудал.
-Ерөнхийлөгчийн зарлиг гарч, анх удаа хааны ойг тэмдэглэхээр болсон гэсэн үү?
-Тийм. Ерөнхийлөгч зарлиг, Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамжаа гаргасан. Энэ хүрээнд юу юу хийх ёстой вэ гэхээр нэгдүгээрт, Монгол Улс даяар Богд хааны мэлмий гийсний 150 жилийн ойг тэмдэглэх, хоёрдугаарт, тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор дөрвөн чиглэлийн ажил хийхийг үүрэгдсэн. Нэгдүгээрт, Богд хааны ордон музейн орчимд дурсгалын цогцолбор байгуулах, хоёрдугаарт Хутагтын түүх, Монголын төлөө шашин болоод төрд хийсэн үйл хэргийн талаар олон улсын эрдэмтдийн эрдэм шинжилгээний хурал хийх, гуравдугаарт, Хутагтын дурсгалд зориулсан кино бүтээх (баримтат болон уран сайхны), дөрөвдүгээрт, Хутагтын түүх, амьдралын талаар судалгаа хийж, баримтуудын нэгтгэл хийх гэсэн үүрэг өгсөн.
-Шашин төрийг хослуулан барина гэдэг нь ямар ач холбогдолтой байсан бэ?
-Богд хаан бол нэг талаас төрийн тэргүүн, нөгөө талаас шашны тэргүүн. Шашин төрийг хослон барьж байсан, монголчуудын хос ёсны онол дор тухайн цаг үеийн даяар Монголыг захирдаг байжээ гэж харагдаж байгаа юм. Хос ёс гэдэг бол төрийг шашнаар бататгах, нөгөө талаар шашныг төрөөр мандуулах ийм л асуудал. Тэгэхээр үүнийг яагаад үзэл баримтлалаа болгон явж байсан бэ гэхээр өнөөдөр ч гэсэн олон улс, улс төрд ч харагдаж л байдаг. Аливаа үндэстний эв нэгдэл гэдэг бол түүний шүтэн бишрэхүй, өөрийнх нь тотемчлогдсон үзэл суртлын олон маргаан бий болж, шашны мөргөлдөөний бий болсон түүхүүд дэлхийн улс орон бүрд л байгаа шүү дээ. Тухайн цаг үед Богд хаан шашны тэргүүн гэдэг утгаараа даяар монголчуудын ганц шүтээн, дээдэлж хүндэлдэг хүн байсан болохоор 1911 оны үндэсний хувьсгал ялсан гэж харагдаж байгаа.
-Түүх сөхвөл хэрхэн тусгаар улсаа байгуулсан юм бол?
-Тухайн цаг үед Манж, Чин гүрэн бууран доройтоод түүний төрийг Дундад иргэд шууд залгамжлан авсан. Тэр шууд залгамжлалын хүрээнд Манж, Чин гүрэнд дагаар байсан улсууд Дундад улсад дагаар орчихсон. Түүнээс урьтаж, Монгол Улс тусгаар тогтнолоо зарлах ёстой гэдгийг түрүүлэн харж алтан ургийн ноёд, лам хуврагуудтай хамтран, туурга тусгаар улсаа байгуулж чадсныг өнөөдрөөс л бид тодруулж байгаа шүү дээ. Өмнө нь тодруулж чадаагүй л байв. Тэгэхээр энэ хийж байгаа ажлууд Богд хааны үйл хэргийг үнэн зөвөөр нь тодруулж, олон түмний өмнө гаргасан бүтээлүүд болох болов уу гэсэн бодолтой байна. Өөрөөр хэлбэл “Яг энэ эгзэгтэй цаг үед ван, ноёд, түшмэд, шар хар феодал, хувраг бүгд хамтдаа нэгэн зүг сэтгэж улс Монголоо тусгаар тогтнуулахгүй бол миний найман дүрийг шүтсний хэрэг үл гарна” гэж VIII Богд Жавзандамба өөрөө хэлсэн байдаг. Өндөр гэгээн Занабазараас авахуулаад зуун зуун жил монголчуудын шашны тэргүүн шүтээн нь болж байсан тэдгээр улсуудыг шүтэх гол шалтгаан нь 1911 оны хувьсгал юм шүү гэдгийг шашнаар ойлгуулж, мэдрүүлж нэгэн дор цуглуулж чадсны хүчинд (өнөөдрийн урд зүгийн орноос) туурга тусгаар оршиж ирсэн юм байна гэсэн ийм л товчхон дүгнэлт гарч буй юм.
-Богд хааны тухай өгүүлсэн номууд олон нийтэд худалдаанд гарах уу?
-Номын худалдаагаар зарагдана. Олон түмэнд түгээх, номын сангуудаар тараана. Ер нь олон нийтэд аль болох их мэдээлэл түгээхээр л ажиллаж байна. Түүнийг дагасан олон бүтээлүүд үргэлжлэн гарах байх. Номоор нь кино, жүжиг, дуурь, бүжгэн жүжиг гээд урлагын ямар салбар байдаг юм тэр бүрээр дамжуулан олон түмэнд хүргэх ажлууд хийгдэнэ. Энэ мэтээр жижиг, том гэлтгүй бүх чиглэлээр зорин ажиллаж байна. Бас нэгэн гол ажил нь Богд хааны ордон музейд цуврал үзэсгэлэнгүүд гарна.
-Хүүхэд залууст зориулсан сургалт сурталчилгаа, лекц семинар зэрэг ажлууд хийгдэх үү?
-Манай музейн хийх ёстой ажлуудын нэг том нь боловсролын ажил. Нэлээн олон ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтантай ярилцсан. Зуны ордон байгаль цаг уурынхаа нөхцөлөөр байдаг. Өвлийн улиралд хүйтэн, дулааныг шийдээд тавья гэсэн ч боломжгүй. Тиймээс сэрүүн хүйтэн цагт хүүхдүүд ханиад томуу тусах эрсдэлтэй. Тиймээс хүйтэн сэрүүний улиралд ажиллахад тохиромжгүй. Одоо цаг уярч, урин ирж байгаа болохоор хүүхдүүдэд боловсролын ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Манай улсад гайхамшигтай зүйлс олон. Гэхдээ олон улсыг хараад байхад манайд дутагдалтай зүйлүүд их бий. Жишээлбэл, бид гадаад руу очихдоо дэлгүүр хоршоогоор хэсэх гэж явдаг бол харь гүрний улсууд гадааддаа байна уу, дотооддоо байна уу аль ч зүгт явахдаа зайлшгүй музей үздэг. Гадны болон дотоодын өв соёлтойгоо танилцдаг. Түүхийг үзсэн хүмүүсийн тархинаас түүх нь мартагддаггүй юм байна л даа. 3-7 насны хүүхэд харсан зүйлээ үл мартдаг өвөрмөц нас. Тиймээс бага насны хүүхдүүдээ байнга дагуулж музей үзнэ.
-Үнэ төлбөрийн хувьд тогтсон ханшаараа байх уу. Хөнгөлөлт урамшуулал бий юу?
-Бид зарим эвентүүд дээрээ ахмад настан, хүүхэд оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үнэ төлбөргүй үйлчилдэг. Дээрээс нь энгийн үзэгчдээ тавин хувь хөнгөлдөг.
С.Отгонбаяр
Эх сурвалж: Өнөөдөр сонин