2012-04-17“Монгол бичгийн төлөө” нийгэмлэгийн анхдугаар чуулган дээр хэлсэн үг “Мөнх тэнгэр” 1995.01.28 ¹1 (03)
Лувсандамбын Дашням
Монгол хэлээ мэдэхгүй, монголын тусгаар тогтнолын түүхэн хувь заяаг мэдэхгүй хүмүүс голцуу өвөг дээдсийнхээ өв их соёл болсон үндэсний бичгээ үгүйсгэдэг нь ч тохиолдлын зүйл биш юм.
Хөлгүй хүнийг чирэх юмуу түрэх хэрэгтэй, эсвэл үүрч дүүрэх, өөрийн ухаанаар дөрлөн хөтлөхөд дөхөм байдаг нь үнэнээс үнэн юм.
Тийм болохоор бид өөрийн мэдэлтэй, өөрийн ухаантай байя гэвэл үндэсний хэл бичгээ хайрлан хамгаалах хэрэгтэй. Түүнийг хөгжүүлэх зорилт төрийн бодлого байх учиртай байна.
1994 он гарлаа. Монгол бичгээр төрийн хэргээ хөтлөн явуулах үндэс суурь, бодит нөхцөл бүрдээгүй л байна. Энэ нь ч арга үгүй юм. Яагаад гэвэл: бид аливаа зорилгын төлөө нэгэн үзүүрт эрмэлзлэл барьж, бүтээе хэмээн зүтгэхийн оронд хийж бүтээж буйг нураах дуртай, аливаа зорилгыг үндэс суурьтай товлож тавихын оронд “нүглийн нүдийг гурилаар хууран” чухамхүү “гурилдаж” заншсан улс юм. Энэ бол монголын социалист хувьсгалын “гайхамшигт ололт!”
Гоомой бодож боловсруулсан зүйлээ бүтээж хэрэгжүүлж чаддагггүй, түүнээ засаж залруулахын оронд сохолж бөхөөдөг, няцаж ухардаг нь ерөөс коммунист засаг төрийн ажил үйлийн дадсан загвар, олдмол дархлалтай хуучин арга барил юм. Тийм болохоор манай ард түмэн “монголын хууль гурав хоног” хэмээн гомдон тайтгарсан байж мэдэх л юм.
Одоо тэр бүхэн “түүхэн туршлага” зөн – урсгалаараа үргэлжилсээр л байна.
1990 оноос хойш үндэсний бичгээ сэргээн хэрэглэх талар маш их зүйл хийсэн. Гэхдээ энд чанараасаа тоо нь давамгайлж байгаа. Бид юмыг тоогоор булах, ажлыг тоогоор гоёх хэрэггүй юм. Тэгвэл ёстой нөгөө “хонда моторын чичиргээг дарах гэж хонины арьс нөмөргөсөнтэй” үлгэр нэгэн болно. Өөрийгөө хуурч өөдлөхгүй нь мэдээж.
Монгол бичиг бол хэн ч сурч чадахгүй “босоо ороолон”, “амьд аюумшиг” хэмээн тунхагладаг, ярьж сурталчилдаг “хий үзэгдэл” эрхбиш илааршиж байна. Монгол бичгээ сурч, монгол ухаарлаа эзэгнэн эхэлж буй хамгийн бяцхан охид, хөвгүүд ч тэрхүү “хий үзэгдэлд” бодитой хариу өгч эхэллээ. Нийгмийн сэтгэлзүй эерч, практик үр дүнг хэн хүнгүй харах боллоо.
Монгол мэдлэгийн Их сургуульд суралцах хүслээ илэрхийлж, монголоор захидлаа илгээгчдийн тоо нэмэгдсээр байгаад би баяртай байдаг.
Сурахад амархан юм гэж хэзээ ч байдаггүй. Сурна гэдэг сургах, сурах хоёр талын чармайлт, түүний дотор сурах хичээл чармайлт давамгайлж байж сая бүтдэг зүйл ээ.
“Цатгаланг хооллох, өмсгөлтнийг хувцаслахаас илүү хэцүү ажил байдаггүй!” гэдэг орос үг байдаг. Хэдийгээр зөв бичиж чаддаггүй ч крилл бичигтэн хэмээн омойтогчийг дахиад бичигтэн болгоно гэдэг тийм ч амар ажил биш! Үүнд сэтгэл зүтгэл, чин зориг, үндэсний ухамсар хэрэгтэй.
Гадаад хэл сурч байгаа хүн бусдын ямар ч хэцүү бичгийг эзэмшиж чаддаг. Яагаад гэвэл хэл сурах зорилго нь түүнийг хөтөлж чаддаг. Гэтэл монгол хэлээ ч суръя, бичгээ ч эзэмшие гэж хичээх хүн санасанчлан нэг их олонгүй болчихоод байна.
Тэгвэл яаж олон болгох вэ? Юуны өмнө монгол бичиг сургах ажлыг зөв, чанартай зохион байгуулах хэрэгтэй. Сайн багш хэрэгтэй. Өнөөдөр ний нуугүй хэлэхэд монгол бичгийг жинхэнэ уламжлалт ёсоор зааж чаддаг багш тун цөөхөн байна. Монгол бичгийг заадаг багш бол зөвхөн бичигтэн биш, чухамхүү монгол мэдлэгтэн байдаг.
Багш шавийн баридлагыг жинхэнэ ёсоор тогтоож байж, монгол ухаан, монгол ухаарал суулгаж байж сая бичигтэн төрүүлдэг. Бичиг заах явцад монгол хүнийг төлөвшүүлж, монгол элэг суулгадаг. Зөвхөн монгол хүн мэдэх учиртай ухаан ч бичгээр дамжин шавьд уламжлан үлддэг. Монгол бичиг бол монголчууд бидний үе дамжуулан улирааж ирсэн гэрээслэл юм. Тийм ч учраас энэ бичиг манай нийгмийн оршин тогтнохын, бидний тусгаар эрхшээхийн гол нэгэн баталгаа болдог.
Бид заримдаа хүний хувь заяаг “нударгалан”, шонхор хамар, хөнхөр нүд, дорсгой шүд, хайван явдалтай тэмцэх мэт юм мэдэмхийрдэг. Хүн хийгээд хувь тавиланг ялгах нь чухлаас чухлын сацуу монгол хүний хэлбэр галбиртай тэмцэх бус монгол хүний монгол оюун, монгол элэгийн төлөө санаа тавих нь эрхэм юм. Үүнд монгол бичиг ямар ч ноёноос илүү тус болохыг огоорч болохгүй.
Монгол бичиг бол та бидний үндэсний бахархал мөн. Гэхдээ үндэснийхээ өв соёлыг бахархана гэдэг бусдын соёлыг тоохоо болих, түүнийг дорд үзэхийн үндэс болох учиргүй!
Зарим хүн монгол бичгийг чухам эгнэшгүй, зүйрлэшгүй бүтээл, хүн төрөлтний цорын ганц “болсон” бичиг мэт ярьдаг. Энэ бол туйлшрал. Монгол бичиг дэлхийн соёлын л нэг хэсэг. Бусад ард түмний соёлтой харилцаа холбоотой хөгжиж баяжиж ирсэн бүтээл. Бид хэзээ ч юмыг туйлшруулах хэрэггүй юм. Нэг туйлшрал нөгөө туйлшралыг төрүүлдэг учир тэр нь тус болохоосоо ус болно.
Үгийнхээ төгсгөлд хэлэхэд: монгол бичгээ эзэмших ажилд шуургалан орж, бүтэх бүтэхгүйг захиргаадлаар нугалж, нүд ирмэх зуур хавтгайдаа “монголжжих” юм ярьдаг, тэгж зүтгэдэг хүн цөөнгүй байдаг. “Бушуу туулай борвиндоо” гэдэг үг бий. Яарч тэвдэлгүй, ултайхан шиг, хэрвээ л алдсан, буцааснаа эгүүлэн эзлэх гэж байгаа бол чухамхүү хөрзөнгийн түймэр мэт нөөлөгхөн ахивал яасан юм бэ дээ?! гэж бодогдох юм. Монгол бичиг бол манай үеийнхний гэхээсээ илүү хойч үеийнхний маань хувь тавилан шүү! Түүнийг монгол хүн бүр ухан ойлгож, нэг нь нөгөөдөө ухааруулах учиртай. Тийм ч учраас монгол бичгийн төлөө тэмцэгчид бид засаг, төрдөө өдөр тутмынх нь ажлыг зааж зурахаасаа илүү бодлого зорилгыг нь л цуцалтгүй сануулж, дүр үзүүлэгч биш үйл бүтээгч байхад нь туслах учиртай! Хүн арддаа үндэснийхээ бичгийг эзэмшүүлэх их үйлсээ төр засаг маань завсар авахуулан цалгардуулах ёсгүй. Бодлогоо “борцолж” зарлиг, тунхаг болгосноосоо ухрах, буцах ч эрх байхгүй.
Бид түүхийн хүрдийг чадан ядан урагшлуулж, цагийн уртад өрийгөө алдан олон, XX зуунд хүмүүний соёлд оруулсан хандив оролцоо багахан, толгой тэргүүн доогуурхан өнгөрч байгаа ч, өвөг дээдсийнхээ зуун зуунаар болгоон нягталж ирсэн өв их соёлоо уламжлан хөгжүүлэх ариун үйлсийг тэгш төвшин явуулах зөв алхаагаа олж, XXI зууны босгыг алхвал түүх бидэнд баярлах болноо.
Тэмдэглэл
Энэ үгийг би монгол бичгийг Төрийн бичиг болгох тухайд хүчтэй ярьж, тухайн үедээ их л “сүржин байдлаар лут сүрхий” зарлигаасаа ухрах үзэгдэл илт болсон, “монгол”, хийгээд “монгол бус” ч гэдэг юмуу нэр хочтой, үзэл бодлын зөрөөтэй талууд “сөргөлцөх” байдал үүсэж, бас ч зарим нь хэт туйлшрангуй хандлагатай, “ухарсныг ухраахын” тулд “ноёдыг ноёлохын” төлөө улайран зүтгэж, магад ч үгүй, нэлээдгүй “халуухан” байсан үед хэлжээ.
Монгол бичиг гэдэг бас ч яг монгол хэл биш л дээ. Монгол хэлээр үгүүлсэн, илэрхийлж томъёолсон бүхнийг янз бүрийн бичгээр тэмдэглэж, ойлголцлын хэрэгсэл болгож болно. Асуудал “Ямар бичиг нь илүү тохиромжтой вэ?” гэдэгт л байгаа юм. Тухай тухайн цаг үед өөр өөр бичиг байж болдогийг, түүнийг бодит амьдрал шийддэгийг түүх харуулж байна. Шийдвэр гаргах, “нэг мөр болгон хэвшүүлэхэд” нь бүтээлч сэтгэлгээ, мэдлэг, оюун ухаан ч их тус дэм болж байсан бололтой.
Худам монгол бичиг бол (хуучны соёл гэдэг санаагаар би ингэж нэрлэх дуртай) түүхэн соёлынхоо хувьд хэл болоод сэтгэлгээний, тэрчлэн илэрхийлэх чадварын түүхэн дурсгал, гайхамшигтай өв мөн.
Монгол бичиг монгол оюуны түүхийг үгүүлж чадна. Тиймээс ч бид энэ нандин өвийг хамгаалж, хадгалах учиртай.
Гэтэл бас бичиг гэдэг гагцхүү түүх, түүхэн соёл биш юм. Бичиг бол нийгмийн үзэгдэл, оюун сэтгэлгээ, ухамсарын үзэгдэл.
Хэл, бичгийн асуудал бол Төрийн бодлогын, нийгэм орших хувь заяаны асуудал! Бас ямар бичигтэй байх нь техник, эдийн засгийн, тэр байтугаа гоозүйн ч холбогдолтой асуудал мөн. Дашрамд хэлэхэд, гоозүйн сэтгэлгээ бол хүнийг хүн байлгадаг гол хүчин зүйл, “эрдэм”-үүдийн нэг!
Юутай ч, худам монгол бичгийг хүн болгон сурвал Монгол монголоороо үлдэх нэг аугаа эх сурвалж хадгалагдан үлдэнэ.
Яаж энэ “хэцүү” бичгийг сурах вэ? Үүнд л асуудал байгаа юм. Энэ бичиг сонгомол байдлаараа одоогийн бидний хэлийг тэмдэглэдэггүй. Улаан гэхийг улаган гэж бичих, уул гэхийг агула гэх нь тун төвөгтэй юм шиг санагдана. Гэхдээ тэр түүхэн хувирлын тухай, монгол сэтгэлгээний хөгжлийн тухай, хүн хийгээд “үгүүлэхүй урлаг”-ийн түүхэн үйл явцын тухай монгол мэдлэгтэй байсан бол хэнд ч монгол бичиг “хэцүү” биш гэдгийг ойлгуулаад, тийм ч нэг их түвэг чирэгдэл үгүй бичгээ заачихна.
Харамсалтай нь, орчин цагийн багш нарын (тэр тусмаа монгол бичиг заадаг багш нарын) заах арга нь их л өөр, юу ч гэж хэлмээр юм бэ дээ, сонин болчихож.
Магад ч үгүй, монгол бичиг сурдаг нас бол 6-7 нас ч байж болно. Энэ насанд монгол бичгийг хамгийн амархан сурна.
Зургаа, долоон нас буюу “багын доод” ангид багачууд цэцэрлэгийнхээ нөхцөлд үсэг эрдмээ “тоглон сурвал” сургууль, сургуулийн том ширээний ард “нуруу чилж” эвшээлгэж сурснаас илүү их эрдэмтэй болж ч мэднэ. Өөрөөр хэлбэл, монгол хүн бүр монгол бичигтэй болох асуудлыг эерэгээр шийдэж болно гэж бодож байна.
Харин монгол бичиг Төрийн бичиг болох тухайд бид өөр ухаан зааж, өөр бодол, бодлого өвөртлөх ч байж болзошгүй.
Өнгөрсөн жилүүдийн амьдрал ийм нэмэлт тэмдэглэл үйлдэх хэрэгтэйг “чихэнд минь шивнэлээ”.
Л.Д