2013-04-04Сүүлийн үед борооны дараах мөөг шиг олширч байгаа бөө нарыг хүмүүс янз янзаар л хүлээн авч, бүр сүлжээний
бизнес гэж нэрлэгдэхэд хүрч, янз бүрийн маргааныг дагуулах болжээ.
Миний хувьд зөвхөн Хөвсгөл аймгийн цаатнуудад л байдаг, хараал чатга хийдэг, хамаагүй муудалцаж болдоггүй гэж сонссон болохоор жаахан жийрхэх янзтай хүлээн авсан агаад айхтар хар талын шашин хэмээх төсөөлөлтэй явдаг байлаа.
Харин саяхан манай хамаатны хүн бөө боллоо, манай удмын бөө гэнэ гэж дуулаад би цаатан гаралтай юм байхдаа гэж гайхан тэднийд зорьж очсон юм. Ойрын хамаатны маань арван жилд сурдаг охин бөө болон тодорсон юмсанж.
Дүү маань өмсгөл хувцсаа өмсөөд хэцээ дэлдэж гарав. Удалгүй дүү охин маань тун өөр хүний дүрд орж байгаа нь анзаарагдаж арван хэдтэй охины байгаа байдал нь нилээд настай хүн мэт аяглав.
Хамгийн сонирхолтой нь дүүгээс маань хөгшин настай эрхтэй хүний хоолойгоор "Үрхэд минь тавлаг байна уу" гэж хэлэхэд би айх гайхах зэрэгцэн сандарч сүүлдээ сүрдэж билээ. Цааш сонсож байхад охин дүүгээс маань гарамгүй ухаан хүндэтгэл илрэхэд үнэхээр өөр хүн болчихсныг ойлгов.
/бөөлөх үйл хийдэг учраас бөө хэмээн нэрлэдэг ч бөөлж байгаа хүнийг улаач гэх тэнгэр газрыг холбогч гэсэн утгатай. Харин биед нь орж ирж байгаа хүнийг онго гэнэ/ Ингээд би тохой түшихэд өвөө маань /тэнгэрээс бууж ирсэн онго/ өөрийгөө танилцуулахдаа "Өвгөн долоон одны тав дээр суудалтай /бидний хэлж заншсанаар долоон бурхан од/ Асагат их хайрханы эзэн Алаг хар зайран гэж би байна" гэж өөрийгөө танилцуулаад "Би болоод дагуул олон зайрд бол танай удмын өвгөд гэж хэллээ.
Үр хойчтойгоо уулзаж байгаадаа ихэд баярлаж хайрлалаа. Үүнээс хойш би тэднийхээр олонтаа очсон бөгөөд өвөөтэйгөө хөөрөлдсөний үр дүнд өдгөө хүртэл ухаарч амжаагүй байсан ухаан болох удам угсаагаа хүндлэх үр хойчоо энэрэх, өвөг дээдэс өтгөс хөгшдөө хүндлэх, байгаль дэлхийгээ хайрлах зэргийн учир шалтгаан, ертөнцийн мөн чанар гээд олон зүйлийг ойлгосон юм.
Будда, христ, лал зэрэг шашинтай харьцуулахад тодорхой сургаал номлол гэж байхгүй, хүн төрөлхтөний эрт дээр үеэс судалсаар ирсэн байгалийн олон гайхалтай нууцад нэвтэрч чадсан Монголчууд бидний өвгөд маань сүнслэг биед оршин байгаа ч хөрөстөд амьдарч буй хүн төрлөхтөний биед шилжин орж, үр хойчтойгоо уулзаж чадаж байгаа учраас би "бөө бол шашин биш" юм байна.
Харин байгалийн далд нууцад төгс нэвтэрч чадах ухаан гэдгийг ойлгон энэ сэдвийг нэрлэсэн учиртай юм. Харин энэ нийтлэлээ бичихдээ орчин цагийн залуус бид юунаас үүдэлтэй, хэний хүчинд хэн болчихоод болох болохгүй авир гаргаж эцэг эх, ах зах, удам угсаагаа мэдэхгүй аашилж, газар дэлхий байгаль эхтэйгээ эннрэлгүй харьцаж байгаа юм бэ гэж харамсах, бас бухимдах зэрэгцэж байлаа.
Мөн ертөнц дэлхийн зарим нууцыг мэдэх гэсэн далд хүсэлдээ дийлдээд гэхүү нэгэн өдөр өвөөдөө ийм нийтлэл бичих тухайгаа хэлэхэд өвөө маань "чамд тусалъя энийг нэг ч болтугай хүн ойлговол их хэрэг" хэмээн дуртайяа зөвшөөрөв.
Бид удтал ярилцан бөө мөргөлийн замнал мөнх тэнгэр эцгийн тухай, хүн яаж амьдарвал зохилтой, хүн байгалийн холбооны тухай зэргийн талаар бичихээр шийдсэн юм. Дэлхийн олон орны эрдэмтэд бөө мөргөлийг эрчимтэй судлан судалгааны олон бүтээл туурвиж, ихэд сонирхож байхад бид өөрсдөө энэ талаар буруу ойлголттой яваад байдаг.
Миний төсөөлж байсанчлан хараал чатга гүйлгэх байтугай өвөө маань хүнд муу санах, муу муухайгаар хэлэхийг хүртэл цээрлэн харин түүний оронд цагааныг цацруулж, сайн сайхан зүйлийг хийж амьдрахыг захьдаг. Тиймэрхүү үйл хийж байгаа бөө бол хуудуу /худал/ бөө.
Тэнгэр эцгээс зөвшөөрөл авч зүй ёсоор үр хойч дээрээ ирж байгаа бөө бол тийм зүйл хийхгүй гэж хэлсэн нь бас ортой мэт санагдаж байна. Бидий удам угсааны дээд үед олон зуун, мянганы өмнө амьдарч байсан өвөг тэнгэр, огторгуйн онготой хийсэн ярилцлагаа та бүхэнд цухас хүргэе. Нэгийг тунгаана буй за.
-Өвөө хөрст дэлхийд амьдарч буй хүн бүрт таньтай адил удмын онго бий юу?
Тиймээ. Хүн болгонд үүсэл өвөг гэж байдаг тэр бүхний онго бий.
-Тэгвэл хүн анх юунаас үүдэлтэй юм бэ? Хэн нэгэн шавраар хийж амь оруулсан юмуу?
Үгүй ээ. Хүн анх өт хорхой мэт ус шавагт амьдардаг амьтан байсан юм. Тэгээд хөгжсөөр өдгөө болсон. Харин ертөнц огторгуйг тэнгэр эцэг бүтээсэн. Юм бүхэн ямар нэг юмнаас үүдэлтэй байдаг. Харин тэнгэр эцэг юунаас ч үүсээгүй өөрөө үүсч бий болсон. Харин энэ олон хүний анхдагч нь Могод /Монгол/ хүн юм. Могод хүн бол тэнгэр эцгийн тамагатай хүвүүд.
-Дэлхий дээр амьдарч буй хүмүүс олон янзын шашин шүтдэг. Тэд бүгд л нэг нэг бурхан байдаг гээд л өөр өөрсдийнхөөрөө зүтгээд байдаг. Тэр бурхад бүгд тэнгэрт байдаг юмуу.
Үгүй дээ. Тэнгэрт ганц тэнгэр эцэг л гэж байдаг. Харин тэнгэр эцэгийн хөрстөд энд тэнд илгээсэн зараалууд ганц Тэнгэр эцгийн тухай ярьсныг өөр өөр гэж бодоод байгаа нь тэр.
/Христийн шашинд Есүсийн эцэг ертөнцийг бүтээсэн гэдэг нь Есүс онгодтой адил "Тэнгэр эцэг" гэж ярьсан байж болох, Лалын шашинд тэнгэр гол шүтлэг байдаг, Буддын шашинд бурхад тэнгэрт байдаг гэдэг бөгөөд бурхдын дүрийг элдэв сонин гал, ус зарим хэрэглэл болоод бурхдын дүрслэл унаа хүлэг зэрэг нь онгын дүр дүрслэлтэй төстэй байдаг/
-Бүх шашны сургаалд дээд дунд доод 3 тив байдаг гэдэг энэ үнэн үү?
Тиймээ. Дээд гэдэг нь бидний байдаг тэнгэр огторгуй, дунд нь хөрст, доод нь та нарын хэлдгээр там шүү дээ.
Тэгвэл дээд тэнгэрт гоё байдаг байхдаа, тийм үү өвөө?
Үгүй дээ. Хөрстөд амьдарч хүмүүний биеийг олж төрөх гэдэг хамгийн сайхан. Энэ зүрх цохилохыг сонсох /миний зүрхэн чигт хуруугаараа дарж байгаад хэлэв/, баярлах хөөрөх, зүдрэх шаналах, халууцах даарах, хэргийг бүтээж, уужим амьсгалах гээд энэ бүхнийг мэдрэх ямар сайхан байдаг гээч.
Огторгуйд гарсан онго бид Мөнх тэнгэр эцгээсээ гуйж тэвдүүлээд энэхэн улаачийнхаа биеийг зээлдээд хөрстөд буун ирж ирэхэд та нарынхаа үйлийг цэгцэлдгийн учир юу гэж бодож байна.
Та нарыгаа амьдрахын золыг ухаасай, тэнгэр, газар, байгаль дэлхийн шүтэлцээг ойлгож зөв амьдрахыг л хүсч байгаа нь тэр. Энэ бүхнээс илүү сайхан гэж үгүй ээ золиг минь. Хүний биеийг олж төрсөн золондоо баярлаж яваа үр минь.
-Тэгвэл хүн болж төрсний учир юу юм бэ?
Та нар хүн болсны учраа өөрсдөө олж мэднэ. Эхлээд хэнээс төрөөд юу болсондоо хэний хүчинд энд байгаагаа мэддэг болчихоод цаадах учрыг нь олно доо.
-Яаж, Яавал тэр бүхнийг мэдэх вэ?
Чи өөрөө гэж хэн бэ? Энэхэн биенийхээ хаахнаа байна. Бодит гэж харж байгаа чинь юу билээ!. Чиний бодол сэтгэлийг гараар барьж болох билүү? Хайрлах, баярлах, айх эмээх, элдэв зан, үг хэл чинь бодитой билүү? Хоосон! гэвч хэр их хүчтэй билээ гэдгийг сана, чиний бодит биеийг хөдлөгдөг биздээ.
Тэгэхээр хүн хоосон чанар гэж юу болохыг ойлгоод хүн өөрийгөө хайж олоод хайрлаж сурдаг. Өөрийгөө хайрлаж сурчихаад дараа нь эцэг эхээ, өвөг дээдсээ, удам угсаа, үр хойчоо хүндлэн энэрэх ухааныг сурдаг.
Тэгээд байгаль дэлхийгээ хайрлах түүнтэй ямар шүтэн барилдлагаатай байдгаа мэдэрч харьцаж сурсны эцэст л чи хүн болж төрсний учрыг ойлгоно доо, Тэрнээс би чамд юу гэж чалчаад ч чи ойлгохгүй ээ.
-Сүүлийн үед Монголчууд байгаль дэлхийтэйгээ хайр найргүй харьцаж, алт эрднийг нь авах гэж ухаж төнхөх болсон. Энэ ямар үр дүнд хүрэх бол?
Могод /Монгол/ хүвүүд бол хөрстөд амьдарч буй тэнгэрийн хөвүүдээ. Могодын нутаг бол энэ бөөрөлдэйн /дэлхийн/ урсах цусны нь зангилаа, цохилох зүрх болсон газар. Энэ эрхэм газарт эзэн юу нь болж амьдарч, тэнгэр газартай харьцаж, хайрлан хүндэлж, хамгаалан харамлаж явах учиртай.
Урьд цагт бол энэ хөртийг ухаж сэндийчих бүү хэл, сул чулууг ч байрнаас хадөлгөхөөс цээрлэж ирсэн. Олон мянгадын тэртээгээс өдгөөг хүртэл бид энэ хэвлийд эрдэнэ байгааг мэдэхгүйдээ ухаж төнхөлгүй байсан гэж бодож байна уу.
Тэнгэрийн тамгатай энэ нутгийнхаа төлөө амиа өгөн цусаа садруулан тэмцдэг байлаа. Ер нь шижир эрдэнэ гэдэг хүний биеэр бол яс, чандмань эрдэнэ гэдэг судсаар урсах цустай нэгэн адил гэсэн үг. Хэрэв хүний тулгуур ясыг хугалаад авчихвал юу болохов?
Энэ хөрстийг ухаад л байвал тийм л юм болно доо. Хөрстийг сэндийчсэн хэн бүхэн үйлээ үүрдэг л учиртай юм даа. Өвөө маань одоогоос 5 орчим мянган жилийн тэртээд дэлхий дээр амьдарч байсан болохоор тэр үеийн хэллэгээр ярьдаг учраас би бүх үгийн утгыг нь бүрэн ойлгож орчуулж чадаагүй өөрийнхөө хэмжээнд ойлгосон зүйлээсээ цухас дурьдлаа.
Өдөржингөө ярилцаж олон зүйлийн учрыг мэдсэн ч "тэнгэрийн үйлийг муутуунд сийлэмгүй ээ" гэсэн болохоор ихэнх зүйлийг оруулсангүй. Энэ нийтлэлийг бичсэнээр би таны үзэл бодлыг үгүйсгэх гэсэнгүй. Мөн өөрийн үзэл бодлоо тулгах гээгүй.
Зөвхөн эндээс таны амьдралд хэрэгтэй зүйлийг тусгаж аваасай, бөө зөвөөр тусгаж ойлгоосой гэсэндээ бичлээ. Судлаачдын судалгаанаас харахад бөө ингэж олноороо бууж байгаа нь 800 орчим жилийн давтамжтай байдаг бөгөөд тэр үе бүхэнд Монголчуудын мандан бадралын үе ирж байжээ.
Жоржи
Эх сурвалж: "Архангайн амьдрал"