2013-04-03Хаа сайгүй алаглах рекламны самбаруудыг буулгаж эхэлснээр нэг юм журмандаа орж байна.
Учир нь гадна зар сурталчилгааны байгууламж байгуулахад дагаж мөрдөх журам шинэчлэгдэн батлагдсан билээ.
Энэ ажилд сайшаалтай хандаж байгаа хүн олон ч буруутгах нэгэн бас байдаг. Улаанбаатар хотод 1995 оноос хойш рекламны самбарыг байршуулж 274 байгууллага, аж ахуйн нэгжийн нийт 2180 орчим зар сурталчилгаа, мэдээллийн байгууламж байдаг гэсэн судалгаа байдаг ажээ.
Эдгээр зар сурталчилгаа, мэдээллийн байгууламж нь хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, зам тээврийн осол гарах, хотын өнгө үзэмжийг алдагдуулж байдаг нь нууц биш юм.
Тиймээс л энэ бүхнийг цэгцэлж журманд нь оруулах зайлшгүй шаардлага байгаа учраас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам"-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулсан билээ.
Ингэхдээ хоёр ч удаа буцаагдаж, дараа нь НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэгдэн байж сая нэг батлагдсан. Журмыг батлах үед рекламны самбарыг буулгаснаар олон албан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх ашиг зөрчигдөнө гэх төлөөлөгчид байсан.
Харин Захирагчийн ажлын албаныхан энэ асуудлыг сайн боловсруулсан гэдэгтээ итгэлтэй байсан төдийгүй иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний санаа бодлыг сонссон билээ.
Дахин, дахин хойшлогдоод батлагдахгүй байсан журам цаанаа ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байна гэдгийг ч Хотын ерөнхий менежер Б.Бадрал нэг бус удаа хэлж байсан. Тэрээр "бид нар харин ч энэ журмыг сайн боловсруулсан юм байна.
Дахин дахин хойшлогдох тусам улам итгэлтэй болж байна" гэж билээ. НИТХ-ын ээлжит бус хуралдаан дээр энэ асуудлыг нэлээд хэлэлцсэний дүнд олонхын саналаар батлагдсан.
Зарим төлөөлөгчид рекламны самбарыг буулгаж, цэгцэнд нь оруулах асуудалд ихээхэн анхаарлаа хандуулж эсэргүүцэж байсан нь цаанаа учиртай. Эсвэл хотын менежерийн хэлсэнчлэн ашиг сонирхлын зөрчил байв уу.
Шинэ журам батлагдахын өмнө рекламны самбарын зөвшөөрлийг хотын Ерөнхий менежер олгодог байсан. Тухайн үед хотын Ерөнхий менежерээр Ч.Бат ажиллаж байсан билээ. Энд нэг жишээ дурдъя.
Хотын Ерөнхий менежер Ч.Батын 2011 оны арванхоёрдугаар сарын 21-ны А/184 тоот тушаалаар МАН-д хэд, хэдэн байршилд сурталчилгааны самбар байршуулах зөвшөөрөл олгосон байдаг.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн IX хороо 32-ын тойргийн баруун урд есөн метрийн урттай, дөрвөн метрийн өргөнтэй гурван тал самбарыг хоёр жилийн хугацаанд ашиглуулах зөвшөөрөл олгожээ.
Мөн Баянзүрх дүүргийн XV хорооо, Зүүн дөрвөн зам "Жаст ойл" ШТС-ын ард, БЗД-ийн III хороо, Токиогийн гудамж Сансарын тунелийн баруун уулзварын зүүн урд, тус дүүргийн II эмнэлгийн урд, Чингэлтэй дүүргийн V хороо, Баянбүрдийн аюулгүйн тойргийн урд гэх мэт олон газарт рекламны самбар байршуулах зөвшөөрлийг МАН-ын нэр дээр эзэмшиж байна.
Эдгээр самбарууд нь хэмжээгээрээ өөр, өөр боловч ашиглах хугацаа нь хоёр жил юм билээ. Мөн хотын Ерөнхий менежер Ч.Бат МАН-д зөвшөөрөл олгохдоо давхар хураамжаас чөлөөлсөн тушаал гаргасан байдаг.
Тэгэхээр хураамжаас чөлөөлнө гэдэг нь тухайн самбарыг ашиглаж байгаа хэн нэгэнд цэвэр ашиг орж ирж, нийслэлд нэг ч төгрөг орохгүй гэсэн үг. Үүний төлөө л МАН-ын төлөөлөгчид шинэ журмыг шүүмжлээд байсан болж таарлаа.
Тэгэхээр хотын менежер Б.Бадрал даргын хэлсэнчлэн эрх ашгийн зөрчил энд явагдаж байгаа нь батлагдаж байна. Яагаад гэхээр тэдгээр самбаруудыг буулгачхаар хэн нэгний том бизнес үгүй болж байгаа юм.
Нэг рекламны самбарт сурталчилгаа байршуулахад үнэ нь ямар байдгийг сонирхлоо. Хотын төвийн зам дагуух зар самбаруудын нэг талд зурган сурталчилгаа байршуулахад хамгийн багадаа өдрийн 150 мянган төгрөг байдаг бол сарын 4.5 сая төгрөгийн ханштай байдаг аж.
Нэг самбараас хувийн компаниуд дунджаар сард найм орчим сая төгрөг олдог боловч нийслэлд жилдээ дээд тал нь 7.5 сая төгрөгийн хураамж төлдөг гэсэн эх сурвалжийн мэдээлэл бий.
Тэгэхээр МАН-ынхнаас авахуулаад хураамж төлөхгүй байгаа юм чинь нийслэлд орж ирэх мөнгө нь бага байхаас ч яахав. Харин шинэ журмаар хураамж нь хотод биш дүүрэгт төвлөрөхөөр болсон.
Түүнчлэн 2012 оны нэгдүгээр сарын 10-нд Цагдаагийн Ерөнхий газар, Замын Цагдаагийн газрын хамтарсан "Рекламны самбар байрлуулах тухай" албан бичгийг НИТХ дахь МАН-ын төлөөлөгч Д.Амарбаясгаланд хүргүүлсэн байдаг.
Тус албан бичигт "Танай байгууллагаас ирсэн тооттой танилцаад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн гуравдугаар хавсралтын 7ж заасныг үндэслэн дор заагдсан байрлалд зургаан сарын хугацаатай рекламны самбар байрлуулахыг зөвшөөрч байна" гэжээ.
Үүнд Сүхбаатар дүүргийн I хороо, "Их сөгнөөн" асарын хойно, тус дүүргийн VIII хороо "Тусгаар тогтнолын ордон"-ы урд, 100-н айлын гүүрний баруун талд, Сүхбаатарын талбайн зүүн урд, баруун талд зэрэг 16 газарт самбар байрлуулахыг зөвшөөрсөн байна.
Ингэхдээ зөвшөөрөл олгоогүй газруудад рекламны самбар байрлуулах, зөвшөөрөл авсан реклам сурталчилгааны самбарын байрлал өөрчилсөн, самбар зорчих хэсэг рүү орсон тохиолдолд зохих хууль дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгож албадан буулгахыг анхааруулжээ.
Харин шинэ журам батлагдсанаар нэр бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн гадна, рекламны самбарыг буулгах болсон. Энэ талаараа байгууллага аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлжээ.
"Цагаан бүс"-д мэдээллийн байгууламж байршуулна
Шинээр батлагдсан журам хэрэгжээд "Цагаан бүс"-д орсон рекламны самбаруудыг буулгаж байна. Цаашид ч энэ ажил үе шаттайгаар үргэлжилнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан.
Энэ сарын сүүлээр Улаанбаатар хотноо Ардчилсан орнуудын чуулга уулзалт болно. Түүнээс өмнө "Цагаан бүс" доторх самбаруудыг буулгаж цэгцлэж байгаа билээ. Тус бүсэд ямар нэгэн зар сурталчилгааны байгууламж байршуулахыг хориглосон байгаа.
Харин мэдээллийн байгууламжуудыг түлхүү байршуулах аж. Улаанбаатар хотын "Цагаан бүс"-д Их тойруу, Энхтайвны гудамж, Чингисийн өргөн чөлөө, Яармагаас цааш Наадамчдын зам орсон байгаа юм.
Өмнө нь 2006 онд гаргасан журмаас гадна зар сурталчилгааны байгууламжийн татварыг нэмэгдүүлэн эдийн засгийн аргаар гадна зар сурталчилгааны тоог цөөлөх бодлого барьж байсан аж.
Гэвч улс эх орон хөгжихийн хэрээр байгууллага, аж ахуйн нэгжийн эдийн засгийн чадамж дээшилсэнтэй холбоотойгоор самбарууд хаа, сайгүй сүндэрлэх болсон. Энэ хэрээр нийгэмд олон сөрөг үр дүн гарах болсныг самбар эзэмшигчээс бусад нь мэдэж байгаа биз.
Учир дутагдалтай гаргасан аливаа нэг дүрэм журам эргээд нийгэмдээ хохирол үзүүлдгийн бодит жишээ бол 2006 онд гаргасан "Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам".
Тухайн үедээ тус журамд юу гэж заасан гэхээр хотын аль гудамж, талбайд гадна реклам мэдээллийн байгууламж байрлуулж болохгүйг тогтоогоогүй тухайн гудамжинд ямар хэмжээтэй хэдэн ширхэг гадна реклам, мэдээллийн байгууламж байх ёстойг нарийвчлан заагаагүй, байгууллага аж ахуйн нэгжийн гадна хаяг, хаягны байгууламж байрлуулахад тавигдах шаардлагыг нарийвчлан тусгаагүй зэргээс үүдэн өнөөдрийн хотын өнгө үзэмжийг гундуулж, осол гэмтэл гарах эх үүсвэр болсон гэхэд болно.
Тиймээс л нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан тус журмыг шинэчлэн батлуулж эмх цэгцэнд нь оруулж байна. Одоо шинээр батлагдсан журмаар самбар байршуулах зөвшөөрлийг дүүрэг бүртээ хариуцах болсон.
Тэгэхээр аж, ахуйн нэгж байгууллагууд дүүргийн ЗДТГ-таа хандана гэсэн үг. Тэд зөвшөөрөл олгоод зогсохгүй, гэрээ байгуулах, сунгах асуудлыг ч мөн давхар шийдвэрлэнэ.
Нийслэлд байгаа самбарууд нь иргэдэд зориулсан мэдээллийн чанартай байгууламж маш ховор байдаг байна. Ихэвчлэн хулдаасаар хэвлэсэн янз бүрийн рекламыг эмх цэгцгүй байршуулчихсан самбарууд байдгийг хүн бүр мэднэ.
Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, гадна дотны иргэдэд зориулсан мэдээллийн байгууламжууд манайд ерөөсөө байдаггүй. Харин шинээр хэрэгжиж байгаа журмаар Улаанбаатар хотод мэдээллийн болон зар сурталчилгааны гэсэн хоёр төрлийн самбар бий болох юм байна.
Мэдээллийн байгууламжид сурталчилгаа байршихгүй бөгөөд тухайн орчинд гадаад, дотоодын иргэд зүг чигээ олох, тодорхой нэгэн газрын зай, цагийг заасан мэдээллийн чанартай зүйлс багтах юм байна. Хамгийн наад зах нь иргэдэд хамгийн ойр орших эмнэлгийн байршлыг зааж өгөх мэдээлэл байх хэрэгтэй юм.
Харин сурталчилгааны байгууламжид тухайн иргэн, аж ахуй нэгж, байгууллага өөрийн бараа бүтээгдэхүүнээ сурталчлах зэрэг байрших юм байна. Улаанбаатар хотод яг одоогийн байдлаар ийм төрлүүд байгууламжууд л бий.
Ж.Марал
Эх сурвалж: "Нийслэл таймс"