2013-04-03Бид уул уурхайгаас олон сайн зүйлийг хүлээж суудаг. Гэтэл танай, манай гэлтгүй сайн зүйлийг нь дурьдвал, уул уурхайн
үсрэнгүй хөгжил нь тухайн салбартаа шинээр ажлын байр бий болгодог, салбартаа тогтож үлдсэн хэдэд өндөр цалин олгодог, хувьцаа эзэмшигчдэд маш өндөр ногдол ашгийг авчирдаг гэхээс гадна бусад жижиг сажиг зүйлүүд байна.
Энэ нь яг ашигтай байршилд байх барилгатай утга нэг юм. Жишээ нь, ашигтай байршилд байгаа байртай хүмүүсийн байрны үнэ өсч улмаар тэдэнд улам их ашигтай байх болно.
Харин байртай болох гэж буй иргэдэд маш бэрх байдгийн нэгэн адил уул уурхайн салбарын ашиг хонжоо нь эдийн засгийн хувьд бүхэлдээ бас л сайнтай, муутай. Хэдий энэ нь уул уурхайн экспорт, валютын ханш зэрэгт сайнаар нөлөөлнө гэж байгаа ч бусад төрлийн экспорт болон хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт сөргөөр нөлөөлдөг нь монголын эдийн засагт бүхэлд нь таатай орчин бий болгож, нийгэм эдийн засгийг хөгжүүлнэ гэсэн үг биш.
Оюутолгой компани нь “Оюутолгойгоос болж Монголын эдийн засаг 17 хувь өслөө, дотоодын нийт бүтээгдэхүүн өснө” гээд байгаа. Гэтэл бид чинь дотоодын нийт бүтээгдэхүүн, дотоодын үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг хоёр ухагдахуунаа ялгаж салгах хэрэгтэй.
Дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа гадаад, монгол бүгд нийлээд бий болгох орлогын хэмжээ. Харин дотоодын үндэсний нийт бүтээгдэхүүн гэхээрээ гадаад, дотоодод байгаа бүх монголчууд орох юм.
Тэгэхээр Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа гадаад хүмүүсийн авч байгаа, монгол хүмүүсийн авч буй цалин эрс ялгаатай. Өнөө үед бид дотоодын үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг ухагдахуунаа түлхүү ярих ёстой.
Энэ уул уурхайн үсрэнгүй хөгжлөөс болж инфляци үүсэх, цалингийн доод хэмжээ өсөхгүй байх, иргэдийн тэтгэвэр, тэтгэмж өсөхгүй байх зэрэг асуудлууд давхар явж байдаг.
Тэгэхээр уул уурхайгаа ингэж үсрэнгүй хөгжүүлэхээсээ урьтаж өнөө эдийн засгийнхаа бусад асуудлуудыг сайтар тохируулж, зохицуулж байхгүй бол хэдхэн хүн хожоод, баяжаад улмаар баян ядуугийн ялгаа зааг нь томорч улс эх орны хөгжлийг манлайлан авч явах дундаж давхаргынхан үгүй болох аюултай.
Жирийн монгол иргэний орлого юу вэ. Цалин эсвэл Засгийн газрын тэтгэвэр, тэтгэмж. Тэгэхээр уул уурхайн үсрэнгүй хөгжил жирийн монгол иргэний өдөр тутмын амьдралд хэрхэн ашиг тусаа өгч байгааг манай эрх баригчид анхаарах цаг хэдий нь болжээ.
Уул уурхайгаас болж инфляци өсөөд байвал жирийн иргэний нуруун дээр ирэх ачаа хүндрээд л байна гэсэн үг. Тэгэхээр, уурхайн ажилчид мэдээж энэ үсрэнгүй хөгжлөөс хүртэх нь баараггүй.
Гэхдээ манай нөхцөлд монгол хүн гэдгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа нь уг хөгжлөөс хүртэх ашгийг бууруулж байна гэж би үзэж байна. Уурхайн компанийн жирийн ажилчин, хөдөлмөрчид уул уурхайн үсрэнгүй хөгжлөөс өчүүхэн ч ашиг тус хүртдэггүй.
Тэтгэврийн буурлууд маань бас уул уурхайн үсрэнгүй хөгжлөөс бараг хүртдэггүй. Үл хөдлөх хөрөнгөтэй хүмүүсийн хувьд харьцангуй ойлголт мэт. Учир нь Оюутолгойд байраа хөлслүүлж байгаа бол их ашигтай, үгүй бол ашиггүй.
Гэхдээ Оюутолгой аливаа байрыг зах зээлийнх нь үнээс хэд дахин их үнээр хөлсөлдөг мэт баримтаас харагдана. Үнэхээр тэдэнд тэгж зах зээлийнх нь үнээс гурав дахин их мөнгө төлөөд байна уу.
Эсвэл монголчууд бидэнд их төлж байна гэж хэлж өнөө хөрөнгө оруулалтын зардлаа өсгөх бас нэг сэжүүрээ хийж байна уу гэдэг том асуулт. Хувьцаа эзэмшигчдийн хувьд байгалийн нөөцийн үнэ дэлхийн түвшинд өдрөөс өдөрт нэмэгдэж байхад мэдээж маш их ашигтай.
Бусад салбарт ажиллаж байгаа иргэдийн хувьд хөдөлмөр эрхлэлт буурч, ажлын байргүй болох эрсдэл өндөр болдог тул сэтгэл санааны хувьд ч таагүй үр дагавартай. Гадаадын эзэмшигчдийн хувьд ашиг нь аугаа их байх ба мөн тэдний оруулж буй хөрөнгө оруулалтад эергээр нөлөөлдөг гэж тогтоогджээ.
Монгол Улсын хувьд байгалийн баялгийнхаа дөнгөж 34 хувийг эзэмших нэрийдлээр Хөрөнгө оруулалтын гэрээ (ХОГ)-г өөрсдийгөө хөрөнгө оруулагч гэх этгээдтэй байгуулсан. Гэтэл үүнтэй нь холбоотэй хэд хэдэн ноцтой асуудал хөндөгдөөд байгаа. Тэдгээр нь:
•Монголчууд бид юуны 34 хувийг эзэмшээд байгаа юм.
•Хэзээнээс авч эхлэх юм.
•Хэн үүнийг хянах вэ. Ялангуяа 100 хувь гадаадын менежменттэй байгаа үед.
•Яагаад баялгийн эзэд бид байтлаа дөнгөж 34 хувийг эзэмших болов.
•Рио Тинтогийн яриад байгаагаар 30 жилийн дараа 16 хувь өсгөх боломж байгаа ч тэр нь дийлэнх буюу 51 ба түүнээс дээш гэдэг зарчимд хүрэхгүй дөнгөж 50 хувь байна.
•Бид ер нь байгалийн баялгаа хэд гэж үнэлэв. Хэрэв үнэлсэн юм бол Төрийн өмчийн хороонд бүртгэлтэй байдаг уу. Энэ чинь монголчуудын өмч, төрийн хамгаалалтанд байх ёстой эд биз дээ.
•Английн ББС агентлагийн мэдээлснээр Оюутолгой орд жилд найман тэрбум ам.долларын ашигтай ажиллах юм байна. Энэ нь 40- 50 жил үргэлжлэх гэнэ. Тэгвэл Оюутолгой гэдэг орд чинь доод тал нь 320 тэрбум ам.долларын үнэлэмжтэй орд байх нь.
Тэгээд хэдхэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нэртэй санхүүжилт хийгээд 66 хувь гэж байгаа. Гэвч ч 99 хувь ч юм билүү бид яаж мэдэх вэ, хэдийг нь ч юм аваад гарах нь ээ.
• Хөрөнгө оруулалт гэж юу вэ. Яагаад interim funding буюу түр санхүүжилт хийчихээд монголчууд бидэнд хөрөнгө оруулалт гэж яриад байгаа юм бэ. Үүнийг Рио Тинтогоос асуумаар байна.
• 2012 оны Туркуаз хиллс компанийн санхүүгийн тайлан дээр Рио Тинто болон Туркуаз хиллс компани нь хоорондо good faith буюу итгэлцлийн зарчмаар ажиллана гэжээ. Үүнийгээ Санамж бичигт заалт болгож оруулсан талаар дурьджээ.
Гэтэл энэ итгэлцлийн зарчим яагаад Монголын Засгийн газартай ХОГ байгуулахдаа хэрэгжүүлээгүй вэ. Хувь эзэмшил яригдаж байхад энэхүү good faith буюу итгэлцлийн зарчим зайлшгүй яригддаг хуулийн заалт гэдгийг Рио Тинто монголчуудаас илүү мэдэж байсан атлаа хэлэлгүй өнгөрөөсөн нь ямар учиртай вэ.
• Энэ бүгдтэй монголчууд бид хариуцлага тооцох цаг нь болсон.
Эх сурвалж: