2013-03-28ХОГ- Хөрөнгө оруулалтын гэрээний товчлол. Албан бичиг хэрэгт өргөн хэрэглэгддэг.
... 21-р зууны монголын хөгжлийн замнал ердөө л энэ гэж үү? Эрх мэдэлдээ мансуурсан МАНАН-тангуудын үйлдлийг харахад, “ үсрэнгүй хөгжлийн түлхүүр” зэрэг сүржин үгсийн цаана эдийн засгийн хогоос бие махбодийг хордуулагч хог руу хөтөлсөн өчүүхэн бодлого л харагдаж байна.
Өөрсдөө л болж, ашиг орлого, авлига татаасаа унагаж байвал “хөгжиж байна”, “урагшилж байна” хэмээн хөл алдан хөөрцөглөдөг хөгийн улс төрөөс бид хэзээ салах вэ?
Хорин жил бусдыг дуриааж, гадны хүний мөнгөөр гадаад доншуучилснаа эрдэм ном сурсан мэт эндүүрч явсны хар балаг Оюутолгойн жишиг ХОГ төдийгүй, Монгол орон бусдын цөмийн хог хаягдлын цэг болон хувирах хар дарсан зүүдийг бодит амьдрал болгож өгч байна.
Манайх шиг замбараагүй, захиргаагүй, ямар ч хариуцлага хүлээдэггүй эрх мэдлийн тогтолцоотой улс оронд ямар ч сайхан төсөл аль ч утгаар ХОГ болон хувирах нь дамжиггүй.
Нэгэн зүйл: 1992 онд Бразилийн Рио-де-Жанейро хотноо Хүрээлэн буй орчин болон хөгжлийн асуудлаар чуулсан НҮБ-ийн бага хурлаар 27 зүйл бүхий Тунхаг бичиг гаргасан ажээ.
Түүний 2-р зүйл буюу хоёр дахь зарчимд: “ НҮБ-ийн Дүрэм болон олон улсын эрх зүйн тулгуур зарчмуудын дагуу улс орнууд нь хүрээлэн буй орчин болон хөгжлийн чиглэлд баримталж буй бодлогынхоо дагуу өөрсдийн байгалийн баялгаа ашиглах халдашгүй, тусгаар болон бүрэн эрхтэй юм.
Чингэхдээ дотоодын эрх зүйн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь бусад улс орон болон эрх зүйн чадамжийн хүрээнд нь үл хамаарах орчинд аливаа хохирол учруулахгүй байх хариуцлагыг хүлээнэ” гэжээ.
Энэхүү Тунхаг нь зүгээр нэг цаасан дээр буулгасан, гууль болдог монгол маягийн хууль биш. 20-р зууны турш байгалийн баялгаа дэлхийн баян корпорацуудад үнэгүй шахам цөлмүүлсэн, Ази, Африк, Латин Америкийн ард түмнүүдийн цус, нулимс шингэсэн гашуун туршлага, хатуу тэмцлийн үр дүн юм.
20-р зууны шувтаргаар улс үндэстэн, ард түмнүүдийн баялгаа эзэмших эрхийг НҮБ баталгаажуулан тунхагласан нь эдийн засгийн колончлолын эсрэг хувьсгалын эхлэл болсон юм. Эл хувьсгал одоо ч үргэлжилж байна.
Рио-гийн тунхагийг амьдралд хэрэгжүүлэх, байгалийн баялгийнхаа тусгаар бүрэн эрхийг эдлэхийн төлөөх тэмцэл гуравдахи ертөнц гэгддэг улс орнуудад өрнөсөөр байгааг бид өдөр тутмын гадаад мэдээнээс төвөггүй олж харж болно.
Үүнийг харин зүсэн зүйлийн эрх баригчид харахыг хүсдэггүй болой. Тэр тусмаа монголын. Харин ч “моод Монголоор дуусдаг” гэдгийг нотлох гэсэн юм шиг шинэ зууны хоёр дахь аравт эхлээд байхад тэртээ 1950-иаад оны загвараар уул уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ хэлцлийг монголын эрх баригчид хийж байдаг.
Бас болоогүй, байгалийн баялгийн хувьд олон улсын эрх зүйн хүрээнээс хасагдсан Лондонгийн арбитрийн шүүх, Тогтвортой байдлын гэрээ гэгчээр ард түмнийгээ айлгаад сууж байдаг төр засгийг дампуу гэхээс илүү сайн үг олдохгүй л байх шүү.
Үнэтэй костюм, титанан нүдний шилээ мэдлэг боловсролтойгийн илэрхийлэл гэдэгтээ бат итгэж, ТВ-ийн дэлгэцээр цэцэрхэж суугаа эрхтэн дархтан, эвэртэн туурайтнуудыг харахад “битгий худлаа донгос” гэж өөрийн эрхгүй хэлмээр санагддаг.
Рио-гийн тунхагаар эдлэх ёстой бүрэн эрхээ умартаж, бусдын хүртэх ашгийг эн тэргүүнд анхааран, түүнийг хангахад чиглэгдсэн Оюутолгойн жишиг гэрээ гэдэг нь шившигт ХОГ болсон нь олон баримтууд төдийгүй, бодит амьдрал дээр нотлогдсоор байхад сайд нартаа хариуцлага тооцох чадваргүй УИХ,
тэнд заларч суугаа МАН-АН гэгч нь өөрөө монгол түмний хог болоод байгаа юм бус уу? ХОГ-оо цэвэрлэмээр байна, монголчуудаа. Дэлхий ертөнц ч дэндүү хурдтай өөрчлөгдөж байгаа шүү, эрх баригчдаа!
Нэгэн зүйл: 2011 оны 1-р сард Ерөнхий сайд Сү.Батболд УИХ-ын нэгдсэн чуулганд Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилтийн тухай мэдээлэл хийсэн байна. Үүнд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах талаар Засгийн газраас цаашид авах арга хэмжээнүүдийн талаар танилцуулахдаа:
11. Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу цацраг идэвхт хаягдлыг хадгалах байгууламжтай болох асуудлыг шийдвэрлэх, гэсэн байна.
Тухайн үед Ерөнхий сайдын хэлсэн зүйлийг олон нийт нэг их анзаарсангүй. Арга ч үгүй биз. Өдрийн хоолоо хэрхэн залгах гэж зүдэрч байхад юун цөмийн энерги манатай.
Гэтэл 3-р сард Японд газар хөдөлсний улмаас Фукусимагийн АЦС-д осол гарч, дэлхий нийтийг сэрдхийлгэв. Цөмийн энергийн аюулгүй байдал, цөмийн энергийн хөгжлийн бодлогод ч дэлхийн хэмжээний зарчмын өөрчлөлт орох нь тодорхой болоод байна.
Чухам ийм л эгзэгтэй үед Японы “Майничи” сонинд Монголын Засгийн газар цөмийн хаягдал булшлах тухай асуудлаар АНУ, Японы холбогдох байгууллагуудтай нууц яриа хэлцэл хийсэн тухай шуугиаан дэгдэв.
“Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суухав” гэгчээр дэлхийн нэр хүнд бүхий мэдээллийн агентлагууд уг сониныг иш татаж, асуудал ч зүгээр нэг монголын шар хэвлэлийн хов живийн түвшнээс хальж, ноцтой болох нь мэдрэгдээд ирэв.
Харин манай эрх мэдэлтнүүд хээв нэг ядуурсан монголчуудаа молигдож сурсан зангаараа “ор үндэсгүй”, “тийм юм байхгүй” гэсэн шиг сууж байх юм. Хэн ч тэднийг Саарал ордны хогийн бункерт цөмийн хаягдал булчихаад сууж байгаа гэж хэлээгүй.
Асуудлын мөн чанар нь дэл сул мөнгөнд шүлэнгэтэж цөмийн хаягдал булшилчах санаархал байсан уу үгүй юу гэдэгт байна. Тйим санаа МАН-АН-гийхны цээжинд өлхөн багтана гэдэгт эргэлзэх хүн Монголд лав олдохгүй.
Харин гадаад ертөнц гайхшралд орж, АЦС-уудыг зогсоох хэмжээнд хүрээд байхад цөмийн хог шаарыг нутагтаа булах эрүүл ухаантай хүн байдаг эсэхийг дотроо гайхаж суухад дорвитойхон хариу өгсөн эрх мэдэлтэн нэг ч алга. Тэр Занданшатар ч яахав.
Нүүрний хувиралгүй худал хэлээд сурчихсан МАН-АН-гийн залуу кадр. УИХ-ын индэр дээрээс тунхаглан зарласан цацраг идэвхт байгууламжийн төлөвлөгөөний талаар Ерөнхий сайд тайлбараа өгдөггүй юм уу? Чухам ямар байгууламж, хэний мөнгөөр барихаар төлөвлөсөн юм бэ?
Ер нь ч манай эрх баригчид зүүдээ ярих гээд хулгайгаа ярьчихдаг хүмүүс. Цөмийн хаягдлаар дэлгэрэнгүй ярих хүсэлгүй байгаа нь чухам ам алдахаас айж байгааг гэрчилж байгаа л болов уу. Дэл сул мөнгөний сургаар яаж ч бүлтэрч магадгүй монголын эрх баригчдад гадаад ертөнц ч итгэхээ больж байх шиг байна.
Чингэхэд Фукусимагийн ослоос хойш дэлхий ертөнц тэр аяаараа цөмийн аюулаас болгоомжилж байгаа цаг үед Монголын цөмийн энергийн бодлогод ямар өөрчлөлт орох гэж байгааг тайлагнах дарга нар байна уу? Ер нь ийм бодлогыг хэн боловсруулж, хэн хэлэлцэж байгаа юм бэ?
Бодон тунгаахад: Хорин жилийн турш хурдасч, ухарч байсан улс төр, эдийн засгийн дампуу бодлого 2008 оноос хойш төгөлдөржиж, шуудран шулуудах зам руугаа орлоо. Үүний улс төрийн илрэл, оргил цэг нь элдэв халхавч, баг, маскаа хуулсан эрх баригч МАН-АН бүлэглэл юм.
Бороо гоулд, Оюу толгой, уул уурхайн бусад ХОГ-уудаас эхлэсэн Монголыг сүйрүүлэх, ашиг хонжооны бодлого адаг сүүлдээ монгол хүнийг удамшил, генээр нь устгах аюултай цөмийн хогийн бодлого болон хувирчээ. Угтаа байгалийн баялгаа ашиглах нь монголчуудын зүй ёсны, тусгаар бүрэн эрх.
Цөмийн энергийг ашиглах нь ч уг нь буруу зүйл биш. Гагцхүү “эд зүйл хүртэл эзнээ голдог” гэдэг шиг энэ бүх өвөг дээдсийн хишгээ зөв ашиглахад зөв төр засаг хэрэгтэй. Одоогийнх шиг худалч, хулгайч, ямар ч хариуцлага хүлээх чадваргүй төр засагтай нөхцөлд атомын станц байтугай сарампай амбаар барьсан ч дундаас нь идээд, дээврийг нь нураачихаад юу ч болоогүй юм шиг сууж чадна.
Хувийн хонжоо хайсан удирдлагатай байхад ямар ч сайхан санаа ХОГ болон хувирдаг гэдгийг бид бэлхнээ харж байна. Монгол хүн амны билгээр байдаг. Өнөөгийн эрх баригчдын албан товчлол хүртэл юугийн ч ёр юм бэ дээ. Засаглан захирагч нь МАН-АН, хийсэн бүтээсэн нь ХОГ... Нэг ийм л байх шив.
Улс төр судлаач Л.Эрдэнэтуул