2013-03-11“Чамайг үдье”, Ахтама, “Амаргийн дуу”, “Цэргийн вальс” зэрээг цэрэг дайчдын олон сайхан дуугаараа 1950, 1960-аад оны
залуусыг уяруулж, уйлуулж дурлуулж явсан МУГЖ Л.Цэрэнпилийг урлагт хайртай бүхэн өнөө ч хайрлан хүндэлсэн хэвээр Түүнийг сайн дуучнаас гадна, сайн ээж гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрдөг.
Учир нь түүний охид болох МУГЖ Ч. Туул, Монгол Улсын гавьяат багш Ч.Тунгалаг, СТА Ч.Баярмаа гээд бүгд урлагийн хүн болцгоосон. Өдгөө 81 насыг зооглож байгаа МУГЖ Л.Цэрэнпил гуай "Дайчин алдар чуулга"-д дуулж, ач зээ нараа өсгөж хүмүүжүүлж, орсон гарсанд унд устай сайхан аальтай нэгэн юм билээ. Түүнтэй ярилцлаа.
-Та сайхан хаваржиж байна уу. Бие тэнхээ сайн уу, нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-Сайн сайн. Одоо 81 нас хүрч байна. Ханьтайгаа гэр бүл болоод 60 жил болж байгаа. Анх ах, эгч хоёртойгоо Өмнөговь аймгийн Сангийн далай, наймдугаар отрядад очоод тухайн үед цэрэг байсан нөхөртэйгөө танилцаж байлаа. Удалгүй тэр отрядиараа явж Ховд аймгийн "Буянт гол", Хар ус нуурын шагшуурга, "Барайгаад байдаг Баянхайрхан" зэрэг дуугаа дуулж явсан минь дуучин болоход нөлөөлсөн гэж боддог.
Бичиг үсэг мэддэггүй, дуу дуулдаг хүн байхгүй байсан тэр үед дээрх сайхан дуунуудаа дуулж явлаа. Тэгээд 17 нас хүрээд Чадраабалтайгаа гэр бүл болсон. Одоо хань маань 97 настай. Цэргийн хурандаа хүн. Сүүлийн хоёр жил хэвтэрт байгаа болохоор өвгөнөө л асарч тойлж сууна даа.
-Багаасаа дуулах дуртай байсан болохоор төд удалгүй л урлагтай холбогдчихсон уу?
-Бид 1953 оны эхээр Хилийн отряд буух үеэр Улаанбаатарт ирсэн. Тэгээд байж байтал их сургуулийн цэцэрлэгт хөгжмийн багш авна гэхийг сонсоод очтол АЖ Э.Оюун гуай намайг хөгжмийн багшаар оруулсан.Тэнд мандалин хөгжим, гитар зааж, хоёр гурван жил болсон.
Гэтэл нэг өдөр Хилийн цэргийн ансамблейд хүн авч байна гэхээр нь очтол зөвлөлтийн мэргэжилтэн мөн УГЗ Г. Цэрэндорж гуай, хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач Г.Дарамзагд нарын гурван хүн шалгаад сайхан авьяастай хүүхэд байна гээд Цэргийн ансамблейд авч билээ.
Тэр л үеэс би цэргийн амьдралтай холбогдсон доо. Түүгээр ч барахгүй Цэргийн ансамблейд олон дуу мэддэг хүүхэд ирлээ гэж Цэрэндорж багш, зөвлөлтийн мэргэжилтэн хоёр магтаж олон сайхан дуу хийж өгсөн. Урлагийн алтан тайзнаа 60 шахам жил дуулаад гавьяаныхаа амралтанд сууж байна даа.
-Та Монголдоо төдийгүй тив дэлхийд монголын урлагийг сурталчилах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүний нэг. Тиймдээ ч таныг Ю.Цэдэнбал дарга үнэлж дайн болж байсан улсад дуулахыг үүрэгдэж байсан гэдэг?
-Тийм ээ. Нэг өдөр Цэдэнбал дарга дуудаад Цэрэнпил гуай та олон дуу дуулдаг, энд тэнд явж үзсэн хүн. Танд нэг хатуу даалгавар өгнө, түүнийг биелүүл гэхээр нь анхандаа эмээсэн. Өмнөд Солонгос, Хятад хоёрт олон цэргүүдтэй байлдаж байна, та тэнд очиж ая дуугаа өргөж тэдгээр хүмүүсийн сэтгэл санааг сэргээж өг гэсэн юм. Тэгээд дарийн утаа арилаагүй газар 7-8 дуучны хамт очиж Хятад, Солонгос цэргүүдийн дунд дуулж явлаа.
-Таныг үр хүүхдүүдээ сайхан өсгөж хүмүүжүүлж элэг бүтэн амьдарч байгаа гэдгээр бахархах хүн олон. Хүүхдүүд ямар мэргэжил эзэмшээд одоо юу хийцгээж байна. Ихэнх нь урлагийн хүн болсон гэж сонссон?
-Манайх таван охин, нэг хүүтэй. Анхны охин МУГЖ Туул, удаах охин Монгол Улсын гавьяат багш Тунгалаг, хүү Энхбаяр.охин Энхцэцэг, Цээсүрэн, СТА дуучин Баярмаа нарыгаа бүгдийг нь дээд боловсрол эзэмшүүлсэн. Тив, дэлхий хэсч дуулж явахдаа мэргэжилтэй хүн сайхан амьдардаг гэдгийг ойлгож мэдэрсэн учраас хүүхдүүдээ цэцэрлэгээс нь эхлээд гадаад дотоодын дээд дунд сургуулиудад суралцуулсан.
Туул маань Цэргийн ансамблейд дуулж байгаад одоо Хөгжим бүжгийн коллежид дуулаачийн багш хийж, олон сайхан дуучдыг төрүүлсэн. Тунгалаг мөн л Хөгжим бүжгийн коллежид олон жил төгөлдөр хуурын багшаар ажиллаж байна. Шавь нар нь гадаад дотоодын олон тэмцээнд оролцож шагналт байр эзэлж байгаа. Ганц хүү Энхбаяр маань сэтгүүлч мэргэжлээрээ Барселоны олимпийн наадмыг сурвалжилж явсан.
Одоо Зориг санд ажилладаг. Энхцэцэг маань монголдоо багшилж байгаад Москвад мэргэжил дээшлүүлээд өнгөрсөн жил ирсэн. Баярмаа багаасаа намайг дагаж миний дуунуудыг дуулсаар байгаад дуучин болсон. Орос дуу их дуулдаг. Солонгосын "Хаврын баяр" наадмаас Гранпри шагнал хүртсэн. Гурван охин маань намайг дууриагаад урлагийн хүн болсон нь алдаагүй. Авьяас хөдөлмөрөө үнэлүүлээд сайн сайхан амьдарцгааж байгаа.
-Ач зээ нар ч одоо овоо олон болсон биз?
-Бага охин Баярмаагийн маань хань Югаслав хүн бий. Марио, Марина гэж хоёр хүүтэй. Тэд маань цэцэрлэгт явж байгаад англи, орос хэл сураад одоо Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид сурч байгаа. Ганц хүүгийн хүү Билгүүдээ арван жилийн сургуульд сурдаг.
Нэг зээ хүү Америкийн Денр хотод сурч байна. Хоёр том зээгийн нэг нь Тагнуулын дээд сургууль төгсөөд, одоо Москвад ажиллаж байна. Бас нэг зээ хүү маань Кипр арал дээр ажиллаж байна. Нийтдээ 11 ач, зээтэй болсон.
-Сайн ээж байхаас тухайн гэр бүлийн уур амьсгал, үр хүүхдүүдийн зан харилцаа, хүмүүжил шалтгаалдаг. Та хүүхдүүддээ юу гэж хэлж сургадаг вэ?
-Хүүхдүүдээ багшийнхаа үгэнд сайн орж заасан зүйлүүдийг нь цаг хугацаанд нь сурч байгаарай гэж хэлдэг. Тэгвэл том болоод эрдэм боловсролтой, улс эх орондоо хэрэгтэй хүн болно шүү гэж дандаа захидаг байсан болохоор миний үр хүүхэд хэнээс ч дутахгүй мэргэжил мэдлэг эзэмшсэн.
Бас муу зуршилтай хүний үгэнд орж болохгүй, өөрийгөө зөв авч бай гэж захиж сургадаг. Хотын дарга байсан Н.Алтангэрэл та хүүхдүүдээ сайхан өсгөж хүмүүжүүлсэн хүн гээд гурван өрөө байр өгсөнд их баярлаж явдаг.
-Та "Дайчин алдар чуулга"-ыг байгуулсан хүний нэг. Одоо ч энэ чуулгатайгаа дуулж байгаа харагддаг?
-Цэргийн ансамблейн дарга байсан Ёндон гуай намайг дуудаад “Дайчин алдрын чуулгыг байгуулах санал тавьж байлаа. Энэ сайхан чуулга байгуулагдсанаас хойш яваагүй сум, аймаг, баг гэж байхгүй. Москвагийн ялалтын 50 жилийн ойгоор Улаан талбайдаа цугларсан олон мянган үзэгчдэд дуулж бүжиглэж халуун алга ташилтаар мялаалгаж байлаа.
Тэгээд цааш нь Халимагийн нийслэл Элстэй хотод очсон чинь цус нэг хүмүүс ирлээ гээд өндөр настнууд нь уйлаад бөөн хөл хөгжөөн болцгоосон. Энэ утгаараа Халимаг Монголын хоорондын харилцааг манай "Дайчин алдар" чуулга л анх суурийг нь тавьсан юм даа.
-С.Оюун сайд таны бэр, ганц хүүгийн тань эхнэр. Төрийн их ажилд дарагдаад та хоёртой уулзах ч завгүй байдаг биз?
-Манай бэр үнэхээр ажил ихтэй. Гурван хүүхэдтэй. Та хоёр минь яаж байна, манайд ирж амраач, битгий хүүхэд харж ядраад бай гээд их санаа тавьдаг, хайрладаг. Манайхаар тэр болгон ирэх завгүй байдаг. Цагаан сараар л ирж золгосон.
Д.Нэргүй
эх сурвалж: "Нийслэл таймс"