2013-02-21ШУТИС-иин Геологи, газрын тосны сургуулийн профессор
Л.Дүгэржав Антрактид тивийг зорьж судалгааны ажлаа амжилттай үргэлжлүүлээд ирсэн билээ. Түүнтэй ярилцаж, аян замынх нь сониноос сонслоо.
-Та сая ямар ажил амжуулаад ирэв?
-Монгол Улс Антрактидын олон улсын холбооны гишүүн орон. Сая Монгол Улс Олон улсын Хойд туйлын конвенцид элслээ. Энэхүү конвенцид нэгдсэнээр манай улс мөсөн тивд өөрийн баазыг байгуулах эрх авлаа гэсэн үг. Тэнд нэг, хоёр удаа очоод хийчих ажил гэж байхгүй. Биднийх хувьд 20-30 хоногийн хугацаанд хүний бааз дээр очоод 1-3 өдөр л ажил хийх бололцоотой өдрүүд гардаг.
Харанхуй, хүйтэн салхитай, нойтон газар болохоор тэнд очиж танин мэдэхүйн шатыг туулах ёстой. Хоёрдугаарт, тодорхой бодлоготой ажлуудыг гүйцэтгэх ёстой. Миний хувьд Антрактид руу хийсэн таван удаагийн явдал гэдэг маань эхлээд бие даасан судалгааны ажлын танин мэдэхүйн шатыг тууллаа. Хоёр дахь шатанд нь бие дааж ажиллах үе ирлээ.
Таван удаагийн явдал бол дөнгөж эхлэл. Дараа жилээс олуулаа явдаг болно. Бааз байгуулна гэдэг бол хүн амьдрах орчныг бүрдүүлнэ гэсэн үг шүү дээ. Нэгдүгээр сард Монголд ямар хүйтэн байдаг вэ яг л тийм хүйтэн. Харанхуй хүйтэн нөхцөлтэй жилийн дөрвөн улиралд хүн ажиллах тэр бололцоог бүрдүүлэх нь амар хялбар ажил биш.
-Монгол Улс Антрактид тивд өөрийн бааз байгуулахад хэчнээн хэмжээний хоронго мөнгө шаардагдах бол?
-Бид үүнийг судалж үзсэн. АНУ-ын "Амундсен-Скот"-ын бааз бол тэрбум доллараар боссон. Өнгөрсөн жил солонгосчууд "Ариранг" хэмээх баазаа бас тэрбум доллараар босгосон. Мөн Икспендийн арал, Скотын тэнгис, Ким Жоржийн арал дээр солонгосчууд баазаа тэрбум доллараар босгосон. Хятад өнгөрсөн жил "Цагаан хэрэм" гэдэг бааз байгуулсан.
Бас л тэрбум доллараар бий болсон юм билээ. Бидний хувьд түүнтэй зүйрлэх юм байхгүй. Испанийн Хуан Карлосын нэрэмжит бааз 12 сая еврогоор боссон. Болгар улс өөрийн баазаа нэг сая доллараар босгосон. Би хувьдаа 200 мянган доллараар кемп маягийн юм босгочих байх гэж бодож байгаа. Ер нь тийм тооцоо хийсэн.
-Антрактид судлалын онцлог юу вэ?
-Антрактид судлал гэдэг бол өөрөө шинжлэх ухаан, технологийн хувьд, улстөрийн хувьд маш онцлогтой судлагдахуун. Яагаад гэвэл Антрактид бол манай дэлхийн сүүлчийн тив. Хуурай газрын 10 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн 80 хувь тэнд байна. Далайн сам хорхой тэнд маш элбэг. Нэг ёсондоо ирээдүйн хүн төрөлхтний хоол болох сам хорхой манай дэлхийн бүх хүн ам, ургамал амьтнаас ч их хэмжээгээр тэнд байна.
Энэ утгаараа Антрактид судлал бол хүмүүс ирээдүйд яаж ажиллаж, амьдрах вэ гэдэг талын судалгаа юм. Өөрөөр хэлбэл бидний судалгааны ажил бол хүмүүсийн амьдрах орчны судалгааны ажил юм шүү дээ. Тэнд хэн ажиллаж байна вэ, хэн өөрийн хувь нэмрээ оруулж байна вэ тэр хүнд боломж илүү бий. Ер нь Монголчуудад мөсөн тивд ажиллаж, амьдрах бололцоо байгаа.
Яагаад гэвэл бид хүйтэнд тэсвэртэй улс. Эрс тэс уур амьсгалтай нөхцөлд амьдраад сурчихсан хүмүүс. Энэ утгаараа мөсөн тивд ч байшингаа өөрөө барьчихна. Шаардлага гарвал өөрөө өрөмдлөг хийчихнэ. Хөрвөх чадвар сайтай улс шүү дээ.
-Олон улсын сонирхол Антрактид тив рүү хэр чиглэж байна даа?
-Антрактид бол ирээдүйд хүн төрөлхтөн шинжлэх ухаан, экологийн өндөр түвшинд яаж амьдарч чадахын жишиг орчин болох тив юм. Улстөрчид үүнийг ойлгож эхэлж байгаа. Тэдэнд үүнийг ойлгуулна гэдэг амар биш шүү дээ. Сая Чилийн Ерөнхийлөгч очсон. Энэ хоёрдугаар сард Оросын Ерөнхийлөгч очих байх гэж бодож байна. Ер нь бол газар нутгийн маргаан тэнд аль хэдийнэ эхэлсэн. Том улстөр явагдаж байна. Гадаад харилцааны том бодлогууд тэнд явагдаж байна.
Тийм учир манай төр засаг ч анхаарахаас өөр аргагүй. Өнөө жилийн зардлыг би сургуулиасаа зээлээд явсан. Боловсрол, шинжлэх ухааны яам "Ирэхээр чинь өгнө" гэсэн. Ямартаа ч би улсаа Антрактидын конвенцид элсүүлээд төслөө бичээд өгчихлөө. Цаашдаа манай бие бялдар сайтай залуус очоод барилга байшин барьчихвал хүмүүс очоод байх бололцоотой болно. Ирээдүйд хэрэгтэй шүү дээ. Энэ мөнгийг төрийн мөнгөөр хийхгүй бол хувь хүмүүс хийнэ гэж байхгүй.
-Монголын баазыг байгуулах ажил хэзээ эхлэх боломжтой вэ?
-Ямар ч гэсэн 11,12 дугаар сард бааз байгуулагдаад эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хэдий болтол 15 хүн амьдардаг хүний бааз дээр толгой хорогдох юм бэ. Тэнд байнга явдаг унаа машин гэж байхгүй. Газар дээр мешок байрлуулж амьдрах боломж тэр болгон олдохгүй. Юутай ч конвенцид элссэнээр монголчууд баазаа байгуулах, ажиллаж, амьдрах тэр бүх эрх нээгдлээ.
-Одоогоор хэдэн орон баазаа байгуулаад байна вэ?
-Албан ёсоор тэмдэглэгдсэнээр Антрактид тив дээр 43 орны бааз байна. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бааз гэвэл Орос, Америк, Испани, Чили, Аргентин, Шинэ Зеланд, Австрали гээд зургаа, долоо орны бааз жилийн турш үйл ажиллагаа явуулдаг. Бусад нь улирлын шинж чанартай ажилладаг. Мөсний хөдөлгөөн энэ тэрээс болоод нураад уначихсан бааз ч бий.
Ер нь конвенцид нэгдэхгүйгээр бид бааз байгуулах эрх авахгүй. Зарим орон хоёр гурван баазтай. Хөрөнгө мөнгө, улс орныхоо чадлаас л хамаарна шүү дээ. Америк, Хятад, Солонгос зэрэг баян хүчирхэг орнууд том том бааз байгуулсан. Малгай тавьбал манайх гэдэг шиг судалгааны ажил хийсэн газраа бааз байгуулах хэрэгтэй.
-Антрактидын конвенцид хэдэн орон гишүүнээр элссэн бэ?
-Антрактидын конвенцид одоогоор 48 орон элссэн байгаа. Манайх тэр конвенцийн 49 дэх гишүүн улс болсон.
-Жилийн дөрвөн улиралд ажилладаг улсын бааз дээр нийт хэчнээн хүн ажиллаж, амьдардаг вэ?
-Америкийн "Амундсен-Скот"-ын бааз дээр 240 орчим хүн амьдарч байгаа. Испанийн бааз дээр 50 хүн амьдрах бололцоотой. Чилийн бааз дээр бүр бага сургууль байгуулагдсан гээд бод доо. Зуны улиралд 25 хүүхэд 21 хоногийн хугацаатай суралцах бололцоотой сургууль. Ер нь бол баазын хүчин чадал хэн хэчнээн хөрөнгө оруулсан бэ гэдгээс хамаарна.
-Антрактид тивд очиход ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Анх очиж байсныг бодвол салхитай байсан ч уулын орой дээр, тухайлбал Эверестийн орой дээр гарчихсан юм шиг сэтгэгдэл төрөөгүй.
-Ингэхэд манай улс хэдэн оноос Антрактидын судалгаанд оролцож эхэлсэн юм бэ?
-Манай улсад Антрактид судлал 1972 оноос эхтэй шүү дээ. 1972 онд Антрактидын цаг уурын судалгааны ажилд, 1982 онд мөн л цаг уурын судалгааны ажилд оролцож байсан. Антрактидын судалгааны ажил нээлттэй явагддаг онцлогтой. Судалгаа хийж байгаа хүмүүс мэдээллээ чөлөөтэй солилцдог. Би хувьдаа Ливингстоны арлын цэвдгийн өөрчлөлт, цаг уурын өөрчлөлт, усны хөдөлгөөний судалгааны мэдээллийг хангалттай авсан.
Сая хамт явсан манай экспедизийн удирдагч, надтай хамт нооль цэгт хүрсэн профессор тоглоом шоглоомоор "Дүгэрээ, чи бол шинэ колончлогч шүү. Бидний 20 жилийн хөдөлмөрийг тавхан жилд мэдэж авлаа шүү" гэж хэлсэн нь учиртай л үг.
-Тэнд бааз байгуулахад хөрөнгө мөнгө их орох нь дамжиггүй. Барилгын материал тээвэрлэхэд тээврийн зардал их орох байх даа?
-Мэдээж хөрөнгө их орно. Бааз байгуулахад тээврийн зардал их гарах юм байна лээ. Гэхдээ 200 мянга орчим долларт багтаах бололцоотой.
-Аялал жуучлал хөгжих бололцоо хэр вэ?
-Жуулчид очих бололцоотой. Өнгөрсөн жил 20 мянга орчим жуулчин очсон. Судалгааны ажил хийдэг хүмүүсийн хувьд бол ондоо. Эрүүл мэндийн асуудал гэж том зүйл бий. Дасан зохицох асуудал их чухал.
-Судалгааны ажлын үр дүн нь юу бол?
-Хүмүүс асуудаг юм. Судалгааны ажлын үр дүн юу вэ гэж. Энэ ажил үргэлжилж байгаа. Эхлэл, төгсгөл байхгүй шүү дээ. Судалгааны ажил их удаан явцтай байдаг. Тухайлбал, "Оюу толгой", "Таван толгойн" ордыг 30 жил судалж байж одоо л нэг хөдөлж байна шүү дээ. Миний судалгааны ажлын хувьд тодорхой үр дүн гарна. Одоо эхний тайлангуудаа бичээд байна. Гэхдээ би Монголын багийн гишүүн биш Болгарын, Европын холбооны багийн гишүүн учраас хоёр гурван тайлан хамгаалалтад оролцсон. Миний оролцсон анхны тайлан тавдугаар сард хамгаалагдана.
-Тэнд яг юу судлах боломжтой вэ?
-Антрактид бол манай дэлхийн судлагдаагүй хампгийн сүүлчийн нөөц. Хүн төрөлхтнийг ирээдүйд хооллох нөөц тэнд байгаа юм. Судалгааны ажил хийхийн тулд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх ёстой. Хасах 50 градус гэдэг чинь амаргүй шүү дээ. Тэгэхлээр юуны өмнө ажил хийхийн тулд бааз буюу гэрээ барих ёстой. Халим, пингвинээс эхлээд судлахгүй юм тэнд үгүй.
Дахин хэлэхэд бид жирийн иргэн очоод яаж амьдрах вэ гэдгийг ч судалж байна. Тэр хүмүүс юу идэх юм бэ, ямар ажил хийх юм бэ гэдгийг судалж байна. Хүн төрөлхтөн ирээдүйд тэнд амьдарна. Тэр хүрээний судалгааны ажил хийгдэж байна.
-Хүмүүс яг хэзээнээс амьдарч эхлэх бол?
-Нэг их хол биш. Хүмүүс 20-30 жилийн дараагаас л Антрактид руу явна.
-Судлаач та бүхэн хоолоо хаанаас авдаг вэ. Ер нь бие муутай хүн очиж амьдрах боломж бий юу?
-Бид Болгарын баазад амьдардаг. Хоол ундаа Аргентинаас худалдаад авчихдаг. Ер нь бол 50-60 тийм нөхцөлд тохирох калоритой тийм л хоол хэрэгтэй. Ер нь бол эрүүл хүн очих ёстой. Наад зах нь хоолой нь өвддөг хүн очоод удаан амьдрах боломж муу. Энкубатор л гэсэн үг. Вирус, тоос шороо гэж байхгүй орчин шүү дээ. Тэгэхлээр ирээдүйд очих хүмүүс цоо эрүүл байх ёстой.
Гэхдээ манай монголчууд ажирахгүй дээ. Манайд -50 градус хүртдэг газар олон бий. Тосонцэнгэл, Дархадын хотгорт ид хүйтний улиралд -50 градус өлхөн хүрдэг. Тэнд амьдардаг хүмүүс Антрактидад давгүй.
-Антрактидад оргил хүйтэн хэдэн градус хүрдэг вэ. Бас зуны улирал гэж байх уу?
-Зуны улирал гэж байна. Тэр нь гурван cap орчим буюу арваннэгдүгээр сарын дундаас хоёрдугаар cap хүртэл үргэлжилдэг. Зуны улиралд нь эрэг хавиар нь цас хайлж, зарим нэгэн ургамал ургана. Мөн далай тэнгист амьдардаг оцон шувуу, далайн хав, цэнхэр халим зэрэг амьтад нь эрэг хавиараа гардаг юм байна. Энэ хугацаанд нийт 3000-4000 орчим хүн амжиж судалгааны ажил хийдэг.
Нэг бааз гэхэд л 3-4 хүн амьдардаг. Зун салхигүй тогтуун үедээ +2-0 градусын орчимд байна. Өвөлдөө -60 орчим хэмийн хүйтэнтэй. Тэнд дөч гаруй хонохдоо хоёр удаа л нар харлаа. Нэг нь 30 орчим секунд, нөгөө нь 20-30 минут нар гарлаа. Ерөнхийдөө үүл бүрхээд манан татаад байна. Антарктидын зун чинь нар шингэдэггүй болохоор өдөр нь ч, шөнө нь ч нэг сааралдуу. Агаарын чийглэг маш өндөр.
Хамгийн чийг багатай үедээ 88 орчим хувийн чийглэгтэй байна. Ер нь 90-92 чийгтэй болохоор өтгөн манан татаад л. Усан дунд явж байгаа юм шиг. Жаахан салхи гарахад час хийгээд, хүн гадаа байх ямар ч боломжгүй болж байгаа юм. Мөсөн талстан дунд явж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Бууны сум исгэрч байгаа юм шиг мөс цохичихож байгаа юм.
-Манай бааз яг хаана байгуулагдах вэ?
-Бааз маань ондоо газар байгуулагдана. Наана Ливингстоны арал дээр босох юм. 10/20 метр орчим газар дээр барих бололцоотой. Түүнээс илүү гарах боломж байхгүй. Би саяны явалтаараа Антрактид тив рүү хоёр удаа очсон. Яагаад гэвэл Чилийн нэг хотод очоод тэндээсээ завсарын баазад хүрсэн. Улмаар тэндээсээ туйл ороод, буцаж Чили орсон.
Удалгүй буцаад усан онгоцоор Ливингстоны арал дээр очиж судалгааны ажлаа үргэлжлүүлсэн. Нийтдээ cap гаруй судалгааны ажил хийх бололцоо байсан. 20 гаруй л хонолоо. Замдаа олон хоног явсан болохоор тэр л дээ. Манай баг Болгарын үндэсний хөтөлбөр, мөн Европын холбооны хөтөлбөрүүд дээр ажиллаж байгаа.
Бид Ливингстоны арлын орчны хөдөлгөөн, цэвдэг судлал, геологийн судалгаа хийж байгаа. Энэ дотор би мэргэжлийнхээ дагуу геологийн зураглал, өрөмдлөгийн ажлуудын цэвдгийн темпратурын судалгааны ажилд оролцсон. Энэ ажилд Протугаль, Бразил, Испанй, Болгарын судлаачид хамтарч ажилласан.
Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"