2013-02-20Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгуулагдсан “Хот төлөвлөлт” семинар 8 аймаг, нийслэлийн 2 дүүрэг, олон
улсын 10 гаруй байгууллага оролцсон томоохон арга хэмжээ болж өндөрлөлөө.
Барилга, хот байгуулалтын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Хот байгуулалт, барилгын зураг төслийн институтээс хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт аймгийн төвүүдийг орон сууцжуулахад барих бодлого, хот байгуулалтын бодлого хэрэгжүүлэх арга зам чиглэлээ салбарын сайд мэдээлэв.
Хүн амын нутагшил суурьшлын схем шинээр бий болгох шаардлага манайд бий болсон. Хүн амын төвлөрөл Улаанбаатарт төлөвлөлтөөсөө даваад байна. Бидэнд нутаг дэвсгэрийн тэнцвэртэй төлөвлөлт хэрэгтэй. Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт аймаг бүрт 1000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн байгаа.
Орон сууц барихын тулд инженерийн шугам сүлжээнд үнэлэлт өгөх, хэсэгчилсэн төлөвлөлт хийхийн хамт ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх учиртай. Энэ чиглэлээр ажиллахаар яамнаас хоёр ажлын хэсэг зүүн болон говийн аймгуудад үргэлжлүүлэн ажиллана.
Засгийн газраас Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр баталсан байгаа. 2015 он гэхэд Монгол Улс цементээ дотооддоо бүрэн үйлдвэрлэдэг болох том зорилт тавьсан. Улмаар арматурын импортыг ч зогсоох боломжтой. Аймаг бүрт бетон зуурмаг, асфальтийн үйлдвэр байгуулна.
Хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлаар аймгуудаас мэдээлэл сонсож Баруун-Урт хотын ерөнхий төлөвлөгөө, барилгажилт, инженерийн шугам сүлжээг үзэж сонирхох нь та бүхэнд туршлага хуваалцах боломж байх болно. Баруун-Урт хотод хийгдэж эхэлсэн ололттой ажлуудыг харж, амьдралаас тасархай цаасан дээр зурдаг хот төлөвлөлтөөс аль болох салах болсныг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ онцлов.
Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн хийсэн мэдээллээр тус аймагт сүүлийн дөрвөн жилд хийгдсэн хөрөнгө оруулалт рекорд эвдсэн жилүүд байсан гэв. Нийт 49,8 тэрбум төгрөгийн ажил хийжээ. Ганцхан жишээ 11 жилд 1 км зам тавигдаж байсан бол 2009-2012 оны хооронд аймгийн төв дотроо 25 км зам тавьжээ.
Хот төлөвлөлтийг хийхдээ авто зам барих трассын зам дээрхи айлуудыг нүүлгэжээ. Баруун-Урт 5 тойрог бүхий хот болно. 200 гаруй айл өнгөрсөн дөрвөн жилд хашаа, тэр ч байтугай хоёр давхар байшингаа чөлөөлж өгсөн байна. Ирэх жилүүдэд 23 га хамарсан орон сууцны хорооллын ажлыг эхлүүлнэ. Хотоо хот шиг хот байлгахын тулд малтай иргэдээ Баруун-уртаас 5 км-ийн цаана нүүлгэнэ гэв. Орон сууц барих ажил энэ аймагт эхэлсэн байна. Канад модон хауснаас гадна бага дунд орлоготой иргэдэд зориулсан нэг давхар байшингууд баригджээ.
Зөвхөн Баруун-Урт хот гэлтгүй 13 сумынхаа 8 суманд ерөнхий төлөвлөлт хийгдсэн талаар бусад аймгийн засаг дарга нартаа мэдээлэл өгсөн юм. Ажил хийхийн тулд иргэдтэйгээ ойлголцох тулж ажиллах нь үр дүнд хүрдэг гэж Ж.Батсуурь хэлж байна.
Тус аймагт Атмор ХХК инженерийн шугам сүлжээг гэр хороололд нь тавьж байгаа. Softline технологи Жишиг хорооллын инженерийн шугам сүлжээг хэрхэн хийж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид очиж үзсэн юм. Бохир, цэвэр ус, дулаан хангамжийн шугам хоолойг хялбар, хурдан, хямд хийх орчин үеийн шинэ технологийн нэг нь Softline юм байна. Онцлог нь бохир, цэвэр ус, дулааны үндсэн шугам хоолойн гадуур хуванцар хамгаалалтын хоолой давхар угсардагаараа онцлогтой. Уян хоолой нь хөлддөггүй, автомашин дээгүүр нь гарахад хагардаггүй, угсралтын зардал хямд гээд олон давуу талтай болохыг танилцуулав. Инженерийн шугам сүлжээ гэрт нь орсон айлууд тохилог, тухтай амьдардаг гэдгээ хэллээ.
“Хот төлөвлөлт” семинарт оролцохоор ирсэн Төв, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Баянхонгор аймгийн удирдлагууд аймаг орон нутгийнхаа талаар дараа нь мэдээлэл хийсэн юм. Аймаг орон нутгаа хэрхэн хөгжүүлэх вэ, хот төлөвлөлт, хөгжих давуу боломжоо ярилцлаа. Төв аймаг нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэсэн, дээр нь Майдар, Үлэг гүрвэлийн хөшөөт цогцолбороор аялал жуулчлал хөгжүүлэх гэж байгаагаа Хэнтий аймаг мөн аялал жуулчлал дээр тулгуурласан хот төлөвлөлт хийжээ.
Дундговь аймагт инженерийн шугам сүлжээгээ шинэчлэх шаардлага тулгарсан. Зургийн даалгавар бэлэн, ажлын зургаа гаргаад 2014 оноос орон сууцны хороолол барьж эхэлнэ гэж Засаг дарга н. Чандмань хэлэв. Дорнод аймаг ч бас орон сууцжуулах боломжоо танилцуулаа.
Энэ мэтээр аймаг тус бүр хөгжлийн төлөвлөгөөгөө танилцуулж, харилцан туршлага солилцов.
Хэлэлцүүлгийг дүгнэж хэлсэн үгэндээ: Сүхбаатар аймаг төрийн байгууллага хувийн хэвшлийн түншлэл хэрхэн үр дүнд хүрдэгийг харуулж байна. Бидний төсөөлж байгаагаар хот төлөвлөлтийг цаасан дээр буулгах биш бүтээлч байхыг баримтална. Хот төлөвлөлт тэнд амьдарч байгаа иргэдийг ая тухтай байхад чиглэнэ. 2013 онд Дорнод, Хэнтий, Завхан, Баянхонгор аймгуудад хэсэгчилсэн төлөвлөлт хийгдэнэ. Увс, Баян-Өлгийд ерөнхий төлөвлөлт хийнэ. Аймаг орон нутагт 1-2 давхар амины орон сууцыг хямд төсөр барихыг дэмжиж ажиллана. Сүхбаатар аймаг энэ тал дээр жишиг болж өгч байна гэж Барилга, хот байгуулалтын сайд хэллээ.
Яамны зүгээс барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг мэргэжлийн хяналтын байгууллага олгодог байсныг өөрчилсөн. Газар олголт, зөвшөөрөл нэг цэгийн үйлчилгээгээр иргэддээ очих Засгийн газрын шийдвэр гарсан байгаа. Аймаг орон нутагт ч ялгаагүй нэг цэгийн үйлчилгээг хэрэгжүүлнэ гэсэн мэдээллийг сайд өгөв.
Орон нутагт Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд багаараа очиж, яамнаас хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл өгч, төвлөрлийг сааруулахын тулд аймгуудад хот төлөвлөлтийг хэрхэн хийхээ ярилцлаа. Сүхбаатар аймагт эхлүүлсэн ажил бусад аймагт санаа оноо өгсөн уулзалт болов.