2013-02-09УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс саяхан зохион байгуулсан угийн бичиг бичих уралдаанд олон арван хүн оролцож ургийн
бичиг хөтлөх, ураг удмаа мэдэж, үр хуүхдээ түүнд хэрхэн суралцуулах талаар санал бодол, туршлага, зөвлөмжөө илгээсэн билээ. Тэдний нэг Дарви Дайчин удмын Ёндонгийн Саянямтай удмын бичиг хэрхэн хөтлөх талаар ярилцсан юм. Түүний бичсэн "Ураг удмын журам", "Ургийн бичиг хөтлөх нь" номыг ашиглан олон хүн ургийн бичгээ үүсгэн хөтөлж, энэ талаарх санал бодлоо хуваалцаж, зөвлөгөө авдаг байна.
-Ураг удмаа мэдэх, ургийн бичгээ хөтлөх талаар хэдийнээс судалж эхлэв?
-Би жирийн малчны хүүхэд. Намайг цэргийн улс төрийн албанд ажиллаж байхад 1994 оноос монголчууд гурван нэрийн хэрэглээнд шилжих болсон. Энэ үед цэргийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс, хугацаат цэргийн албан хаагчид энэ талаар мэдлэг, мэдээлэл муу байгаа нь харагдсан. Би ч ялгаагүй. Гэтэл би энэ талаар нөгөөдүүлдээ заах хэрэгтэй болсон учраас ахмад үе, аав ээжээсээ асуух, энэ талаар гарсан зөвлөмжүүд, ном хэвлэл зэргийг судалж эхэлсэн.
Манайх Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аягынхан багийн айл. Бид аав ээжээс есүүлээ. Аав, ээж маань өөрийн ургийн овог, удам судраа бараг мэдэхгүй байсан учраас бид шинээр овог авах нь зүйтэй юм байна гэж ярилцаад аав ээжийн нутаг Дарви нэрийг удмын овгоо болгож аваад есөн хүүхэд буюу есөн айл өөр өөрийн удмын чимэг нэр авсан.
Би цэргийн хүн учраас "дайчин" гэдэг чимэг авч "Дарви дайчин" омог болсон. Миний ах эрчим хүчний байгууллагад олон жил ажилласан учраас Дарви эрчим, ээжийг одонд хүргэсэн дүү маань Дарви одон гэх зэргээр өөр өөрийн омгийг үүсгэсэн. Одоо миний зургаан хүүхэд зургаан омог үүсгээд өөр өөрийн ургийн бичгийг хөтөлж байна.
-Ургийн бичгийг хүн бүр өөр өөрийнхөөрөө хөтөлсөн байдаг. Таныхаар яаж хөтөлбөл хялбар, ойлгомжтой байх бол?
-Би ургийн бичгийг ураг удмын төрлийн тэмдэглэл бичвэр, ураг удмын төрлийн хэлхээ зурлага, алтан ургийн үелсэн товч бүртгэл гэсэн үндсэн гурван зүйл бичвэрээс бүрэлдэнэ гэж үзэж байгаа. Ураг удмын төрлийн тэмдэглэлд ураг удмынхаа хүмүүсийн түүх намтрыг бичнэ. Тэгээд мэдэж байгаа улсуудаа хэлхээд хэлхээ зурлагаа хийнэ. Дараа нь алтан, мөнгөн ургийнхаа бүртгэлийг хөтөлчихнө. Нэг үгээр хэлэхэд амархан л даа.
-Алтан, мөнгөн ураг гэж юуг хэлж байна вэ?
-Аавынхаа төрсөн талыг алтан ураг, ээжийнхээ төрсөн талыг мөнгөн ураг гэж байгаа юм. Энд зөвхөн төрснөө бичих хэрэгтэй. Алтан ураг гэхээр зөвхөн язгууртан, ноёдод байдаг юм шиг ойлгож болохгүй.
-Тэгэхээр хамаатан саднуудаа яах вэ?
-Минийхээр тэднийг ураг төрөл, садан төрөл, хамаатан төрөл гэж ангилан ойлгох хэрэгтэй. Ураг төрөл гэдэг нь нэг эцэг, эхээс төрсөн ахан дүүс бид юм. Эгч, ах нар маань гэрлэнэ. Хүргэн бэрийн аав ээж эгч, ахын хадам, аав ээжтэй маань худ ураг болоод явчихдаг. Гэтэл надтай ямар хамаатай болох вэ гэхээр садан төрөл болж байгаа юм. Ингээд салгаж болохгүй садан төрөл үүснэ.
Тэдэнтэй ургийн холбоотой улсууд нь бидний хамаатан төрөл болно. Энэ гурван төрлийн хүрээнд угийн бичгээ бичнэ гэвэл маш том болно. Бараг үндэстнээ тэр чигээр нь бичнэ гэсэн үг юм. Би "Ураг удмын журам" номондоо ямар хязгаар дотор ургийн бичгээ хөтлөх вэ гэдгийг тодорхой бичсэн. Бодгаль биенээсээ эхлээд ураг төрөл, хүний төрөлсөх холбооны дээд тал нь удам юм.
Би ганц биеэрээ бодгаль, хэн нэгэнтэй хань ижил болохоороо гэр бүл гэдэг хүний олонлог үүсгэнэ. Эндээс үр хүүхэд төрнө, Нэгэн эцэг эхээс төрж байгаа төрлүүдийг төрсөн ураг төрөл, тэднээс төрж байгааг амь ураг төрөл, олон гэр бүл нийлээд омог. Олон омог нийлээд овог, олон овог нийлээд нэг удмынхан болж байгаа юм. Энэ удмын хүрээгээр хүний төрөлсөх хязгаарыг хязгаарлаж явах нь зөв гэж үздэг. Ургийн бичгээ ингэж дангааршуулж авч явах нь хөтлөхөд их дөхөм болдог.
-Таны номонд ураг удмын төрлийн хэлхээ зурлагад бэлэгдэл тэмдэглэгээ хэрэглэх тухай бичсэн байна. Үүнийг тайлбарлаж өгнө үү?
-Ургийн хэлхээг хүн өөрийн сонирхсоноор хийж болно. Гэр, хүрээ хэлбэртэй. Шаталсан, модолсон, цэцгэн, нарны цацраг хэлбэртэй гээд. Хэлхээ зураг дээр нэр, жил, эрэгтэй эмэгтэйг л бичсэн байдаг. Тэгвэл тэр хүн тухайн овогт өргөгдсөн, асарсан эсвэл бутач, өөр эхтэй, эцэгтэй гээд амьдралын олон учир байдалтай хүмүүсийг бэлэгдэл тэмдэглэгээгээр тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Тухайлбал эрэгтэйг дөрвөлжин, эмэгтэйг дугуйгаар, эцэг өөртэй, өргөмөл нь дээрээ зураас, чагттай гэдэг ч юм уу. Ингэвэл тэр хүний талаарх нарийн мэдээллийг бүрэн бөгөөд тодорхой тусгах боломжтой болох юм.
-Та овгийнхоо ургийн бичгийг хөтөлдөг юм байна. Хэр их ажил ордог бол?
-Ургийн бичиг улсын түүх, нууц хэлхээ. Үүнийг том бичиг баримт гэж бодож хариуцлагатай хөтлөх ёстой. Ургийн бичиг жил бүр баяжиж, өрөгжиж байдаг. Хэрэв нэг хүн амьдрах хугацаандаа ургийн бичгээ дагнаж бичнэ гэвэл тухайн овгийн 100 жилийн ургийн хэлхээг тэр хүн л зурна гэсэн үг. Би ургийн бичигтээ жилд нэг удаа баяжилт хийдэг. Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор.
Ургийн шастирласан бичвэрт тухайн жилд миний гэр бүл, ураг төрлийн ажил үйлс, үр хүүхдийн амьдралд ямар онцлог үйл явдал болов гэдгийг дэлгэрэнгүй байдлаар бичнэ. Хэлхээ зурлага дээрээ ах дүүс, амраг саданд гарсан өөрчлөлтийг нэмж оруулна. Алтан ургийн үелсэн товч бүртгэл дээрээ аавын талын ураг төрөл дотор гарсан өөрчлөлт, тэмдэглэлт явдлыг бичнэ.
Энэ бүх мэдээллийг манай ураг төрлүүд өгөхөөс гадна хурим найр, хүүхдийн даахь авах, буяны ажил гээд олноороо цугласан тохиол дээр хууч яриа хийж суухдаа мэдэж авдаг. Удамд баатар, хөдөлмөрийн баатар, өндөр гавьяа шагналтай хүн байсан бол хойч үе нь бахархах болно. Энэ бол эх оронч сэтгэлээ бүрэлдэхийн үндэс гэж боддог. Ураг удмын бичиг хөтлөхдөө мэдээллийг нууж болохгүй.
Удмын өвчин, даралттай юу, хавдартай юу, хараа муутай юу гэдгийг хүртэл бичих хэрэгтэй. Ял шийтгэлтэй хүн байсан эсэх хулгайч, худалчийг ч тэмдэглэх хэрэгтэй. Тэгвэл хүүхдүүд нь би энэ тал дээр анхаарах хэрэгтэй юм байна гэсэн дохио авна шүү дээ.
-Таны ярианд өндөр өвөө, буурал өвөө гэж гарч байна. Монгол хэл арвин баялаг ч бид ураг удмаа нэрлэх тал дээр эмээ, өвөөгөөсөө хэтрэхгүй байна?
-Улсууд ханийхаа аав, ээжийг хадам гэдэг. Гэтэл ханийхаа ах, дүү нарыг хэн гэх вэ. Хадам дүү, хадам ах гэх үү. Би хадам аав ээжээ, төрхөм аав, ээж. Ах, дүүсийг нь төрхөм ах дүүс гэдэг. Ураг дотроо эрэгтэй талаа ясан төрөл, эмэгтэй талаа цусан төрөл гэж нэрлэдэг. Гэтэл ялгаагүй бид бүгд л яс, цуснаас бүрэлдсэн шүү дээ. Тиймээс аавын талаа наран, ээжийн талаа саран төрөл, нагац, авга нараа наран, саран авга гэж ялгаж нэрлэх хэрэгтэй гэж үздэг.
Ургийн бичгийг хөтөлж байгаа хүн төрөлсөх хэлхээ холбоогоо нэгдүгээрт зөв тогтоох, хоёрдугаарт төрөлсөх хүмүүсийн дуудах нэрийг зөв хэрэглэх хэрэгтэй. Садан төрөл, хамаатан төрлийг холдох тусам нь харий, ширүү гэж нэрлэдэг байж. Энэ нь ээжийн тал яаж харьшиж, аавын тал хэрхэн ширгэж байгааг илэрхийлэх уг юм. Би номондоо төрөлсөх хэлхээ холбооны 210 гаруй нэрийг багтаасан байгаа.
Түүнээс 192 нь монгол хэлэнд байгаа, бусад нь ингэж нэрлэвэл тохиромжтой юм гэсэн миний санал санаа юм. Жишээ нь "хойд ээж" гэдэг хол хөндий үгний оронд "эвдлэг ээж" гэж болно шүү дээ. Эхнээсээ амьдралаа нэгтгээгүй ч эвлээд нэгдээд л амьдарч байгаа гэдэг утгаар "эвлэг гэр бүл", "эвлэг аав", "эвлэг ээж" болж байгаа юм. Орчин үеийн шинжлэх ухааны баталж байгаагаар хүнд 120 жил наслах боломж байна.
Тэгвэл 20-той айл орон болж, 40 гараад өвөө болно гэж үзвэл 60 -тай элэнц өвөө, 80-тай хуланц өвөө болох гээд байна . Гэтэл тэр амьд байгаа хүмүүсийг элэнц, хуланц гэх мэтээр талийсан юм шиг нэрлээд байгаа нь таатай биш. Тиймээс би энэ 12 үе дотор элэнц, хуланцаа холтгосон. Түүний оронд буурал өвөө, өндөр өвөө гэх мэтээр нэрлэж болох юм.
-Таныхаар бол удам хэдэн үеийн дараа "яс тасрах" вэ? Газар газар өөр өөрөөр үздэг бололтой юм.
-Удам үргэлжилж явсаар яс тасрах үеийг манайхан 12 үе гэж үздэг. Бусад газар 6, 9 гэх зэргээр өөр өөрөөр үздэг тал бий. Өөрийгөө оруулаад зургаан үеийг агь үе, тэрнээс цааш үеийг аглаг үе гэдэг. Миний номонд агь үе зургаа, аглаг зургаан үеэ оруулаад "тэнгэр эцэг" дээр "яс тасарна" гэж байгаа.
-Ургийн бичиг, угийн бичиг гэж янз бүрээр нэрлэж байна. Аль нь зөв юм бэ?
-Угийн бичиг гэдэг нь тэр алтан ургийн түүхэн бичиг шүү дээ. Ургийн бичиг нь тухайн омгоос айл гэр болон салж гарсан хүүдүүдийн өөр өөрийн эхлэн хөтлөх бичиг гэж ойлгож болно.
-Ургийн бичиг хөтлөх программ байдаг юм байна. Тэгж хөтлөх хэр оновчтой вэ?
-Удмын бичиг том судар учраас болж өгвөл бичмэл хэлбэрээр хөтөлж үлдээх хэрэгтэй. Компьютерт байгаа баримт эрсдэлд өртөхийг алийг тэр гэхэв. Бичмэл түүх гал, усанд л өртчихгүй бол байж л байна шүү дээ.
-Ураг төрлийн холбоогоо нэрлэх, ургийн бичгээ хөтлөх зэрэг ойлголт янз бүр байна. Яаж нэг мөр болгомоор юм бэ дээ?
-Ураг төрлийн холбоо, хэлхээ, нэршил, ургийн, удмын бичиг хэрхэн хөтлөх талаар улс нэг цэгцтэй ойлголтод хүрээд түүн дээрээ сургалт явуулах хэрэгтэй гэж боддог. Цаашдаа ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт ч оруулах хэрэгтэй. Бид нүүдэлчин явахдаа ураг төрлөөрөө амьдарч, хүүхдийн хүмүүжлийг авга нь, нагац нь, ах нь, дүү нь хариуцаж байсан. Тэр шинж чанараа алдаад, төрлөө , мэдэхээ байгаад хөндий байдал ах дүүс, нэг овог дотор бий болжээ. Энэ бол ураг төрлийн холбоо задарч байна гэсэн үг.
-Гэр бүл салахыг юман чинээ тоохгүй болжээ.
-Манайд мөрдөж байгаа гэр бүлийн хуульд гэр бүл салахад аав ээжийн саналыг сонсох тухай зүйл байхгүй. Гэрлүүлэх болохоороо цуглаад байсан тэр олон хүн салах болоход таг дуугүй алга болчихдог. Болдог бол тэр олон улсыг цуглуулж байгаад салах хэрэгтэй. Яах гэж хүүхэд өнчрүүлэв гэдэг ч юм уу, аав ээжид нь торгуул, зэмлэл хүлээлгэдэг нөлөөлөл байхгүй байна. Тэгэхээр нэг удаагийн бодлогогүй зүйлээс болоод л салдаг. Аав ээж торгуулна, зэмлэл хүлээнэ.
Ураг төрлийнхөн зэмлэнэ, хэлэлцэнэ гэж эмээх зүйл алга. Гэр бүлийн хуулийг "Ураг удмын хууль" болгомоор байна. Ингэвэл асуудлыг зөвхөн гэр бүлийн хүрээнд биш ураг удмын хүрээнд зохицуулах болно шүү дээ. Казахууд овгийн ахлагчтай, түүнийхээ үгийг нь сонсдог, буриадын балчир хүүхэд өөрийн зургаан үеийг мэддэг. Нэрлэдэг. Ураг төрлийн энэ байдалд хүүхдийг хүмүүжүүлэх нөлөө их байдаг. Хүүхдийг шоронд хорих явдал байх ёсгүй, хүүхдийг ураг төрлийнхөө хэмжээнд л хүмүүжүүлэх ёстой гэж боддог.
Ж.Сэлэнгэ
Эх сурвалж: “Хөдөлмөр”