2013-02-09Тунгалаг тамир" киног Монгол хүн бүхэн мэднэ.
“Уг киноны Итгэлт баян буюу Ардын жүжигчин А.Очирбатыг дугаарын зочноор урьж ярилцлаа.
-Айлчлан ирж буй усан могой жилийн cap шинийн мэнд хүргэе. Тарган сайхан өвөлжиж байна уу?
-Баярлалаа. “Ган зам" сониныхоо уншигчдад ч cap шинийн мэнд хүргэе. Тарган сайхан өвөлжиж байна. Энэ жил ч хүйтний эрч эрт буурч, урь ороод сайхан байна шүү. Хөдөө орон нутагт хүндхэн дуулдах юм. Гэвч шинийн нэгний өглөө хавар болчихдог доо.
-Та бага насаа хөдөө өнгөрүүлсэн хүн. Шинийн нэгний өглөөг эргэн дурсахад ямар дүрслэл бууж байна вэ?
-Тэр үеийг эргэн санахад сонин дурсамж тодордог. Битүүний урьд өдөр морьдоо барьж, дэлийг нь засаад л шинэлэг хийх бэлтгэлдээ орно. Ингэж хэд хоногийн өмнө морьдоо барьж авахгүй бол ороо, омголон морьд шинийн нэгний өглөө хашаанд орохгүй хульжина шүү дээ. Битүүний үдэш од түгэхээр битүүрнэ. Хонь малаа хотлуулаад хот айлаараа цугларан, хорол даалуу тоглоно.
Шагайгаар морь уралдуулж, бөгцөг нясална. Чанасан буузаа саахалтынхандаа хүргүүлнэ. Шинийн нэгний өглөө эрт босч зүгээ гаргана. Нар мандахтай зэрэгцэн гэр гэртээ золгочихоод л арц уугиулж хийморио сэргээгээд, найз нөхдөөрөө нийлэн ойр хавийнхаа айлаар таньдаг, танихгүй хамаагүй айлчилж гарна даа. Хүүхэд бүр эмээлдээ богц ганзагалачихсан, морины явдлаар нөгөө богц нь түр тар, түр тар дуугараад л. (инээв).
Очсон айл бүр ул боов, ёотон, ааруул, ээзгий тэргүүтэн өгөхөөр нь богцондоо хийнэ. Замд таарсан хүүхдүүд морин дээрээсээ золгоно. Насаар арай илүү, бяр чадалтай нь морин дээрээс татаж унагачих дөхөөд л... Олуулаа дарвиж давхисаар байтал орой гэртээ ирэхэд хэвийн боовнууд үйрчихсэн байдаг сан.
- Таныг залуудаа морь уургалахдаа гаргууд байсан гэж сонссон. Эр хүний хүч тамир, авхаалж самбаа шаардсан ажил шүү?
- Багаасаа л мал дагаж өссөнийх унага татах, гүү барих, даага сургах гээд бие томрох тусам эмнэг хангалтай ноцолддог нь хөдөөний хүүхэд бүрт л байдаг чадвар. Энэ ч утгаараа морь уургалахдаа баргын хүний доор ордоггүй байлаа. Харин хүч чадал сайтай, нас бие гүйцсэн морь уургалахдаа бие жижигхэн, хөнгөн болохоор татагдаж ойчих гээд байдагсан. Гэсэн ч, эмнэг сургахад жижиг биетэй болохоор тэнцвэрээ сайн олдог байсан биз. Сайн тогтоно шүү.
-Одоо цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг вэ? Олны хөлд дарагддаг байх. Төрсөн нутагтаа очиж байна уу?
-Үр хүүхдүүд маань ирж золгоод л цагаан сарыг угтдаг. Нас өндөр гарсан болохоор ирж золгох хүн ч олон болжээ. Цагаан сараар нутаг ус руугаа яваагүй удаж байна. Зуны улиралд харин ажлын шугамаар очдог юм. Төрөл, садан ах дүү нараас маань тэнд байхгүй ч нутгийнхан уулзаад, дарга нар нь хүлээж аваад сүрхий л байдаг. Нутагтаа очсон үеэрээ хийсэн хөрөг, нэвтрүүлэг, бичлэг олон бий. Төрж өссөн нутаг гэдэг сайхан юм даа.
-Таныг "Тунгалаг тамир"-ын Итгэлт баяны дүрээр үзэгчид андахгүй. Цаг төрийн байдлаас гадна Монгол ёс уламжлалыг гаргууд харуулж чадсан энэ кинонд хэрхэн гол дүр бүтээсэн талаараа сонирхуулаач?
-Тэр үед Итгэлтийн дүрийг бүтээнэ гэж зүүдлээ ч үгүй. Намайг тоглоно гэж бодсон хүн ч ховор байх. Д.Намдагийн "Хярааны хонхорт" жүжиг (сүүлд "Харуул занги" нэртэй болсон) тайзнаа тавигдах гээд хяналтад орж байхад Ч.Лодойдамба гуай ирсэн юм билээ. Тэрээр, жүжгээ үзэж дуусаад "Би Итгэлтийгээ олчихлоо" гэсэн гэдэг. Би тэр жүжигт Харуул зангийн дүрд тоглож байсан юм.
Энэ тухай урлаг судлаач Хо.Нацагдорж асан надад бүр сүүлд нь ярьсан л даа. Ч.Лодойдамба гуай "Тунгалаг тамир" романдаа дэвхрэг Итгэлт гэж бичсэнд нь би таарсан юм болов уу. Итгэлтийн дүрийн шалгаруулалтад "Хүргэн хүү"-д тоглодог Довдон, найруулагч Жамсран нар орсон ч намайг тоглуулахаар шийдсэн. Тухайн үед тэнцчихээд Итгэлтийн дүрийг бүтээнэ гэхээр чадах болов уу гэсэн эргэлзээтэй, тэгсэн хэрнээ энэ дүрийг бүтээчих юмсан гэсэн эрмэлзэлтэй.
Эхний зургийг "Таван толгой" цэргийн сургалтын төвийн ойролцоо Туул голын эрэг дээр цүү хаяж байгаагаар авсан юм. Мал сүрэг багшираад яг л Тамирын гол шиг харагдаж байсан. Гэтэл намайг Долгортой (АЖ П.Цэвэлсүрэн) ноцолддог хэсгийг олон дахин авсан ч найруулагч маань болохгүй байна гээд зураг хойшлогдохоор боллоо. Зураг хойшлоно гэдэг хоёр дахин мөнгө төлнө гэсэн үг шүү дээ.
Тэр шөнө киноны удирдлагууд "Очирбат энэ дүрийг бүтээж чадахгүй нь. Маргааш өглөө нэг зураг авч үзээд болохгүй байвал өөр хүн олъё" гэж ярилцсан юм билээ. Өглөө нь мал тоолдог хэсгийг авлаа. "Дундаа цэгтэй нь хээлтэй гүү, хажуу талдаа цэгтэй нь унагатай гүү" гээд л гардаг даа. Тэр зургийг аваад л найруулагч маань "Одоо боллоо. Орой цүү хаядаг хэсгийг авна" гэв. Ингэж хасагдах дөхөж байж Итгэлтийн дүрийг бүтээсэн.
-Аав тань зураач хүн байсан гэдэг. Танд зураг зурахыг зааж өгдөг байв уу?
- Миний аав бурхны зураг, зурж шавраар баримал барьдаг, шатар хийдэг, тэр ч бүү хэл гөлөм, гутал оёдог уран хүн байсан юм. Багад цаасан дээр хүний нүүрний нэг талыг өөрөө зураад, нөгөө талыг нь надаар зуруулдаг байлаа. Намайг арван хэдхэн настай байхад өөд болсон. Ааваараа заалгаж миний зурсан эвтэй дөрвөн амьтны зургийг манай нутгийн зарим айл жаазанд хийгээд хоймортоо тавьчихсан байдаг сан. Одоо ч зурна л даа. Жаахан хөндийрсөн л байх.
-Танай аав авьяасаа хүүдээ ингэж өвлүүлжээ. Та харин хуүхдүүддээ жүжигчин мэргэжлээ өвлүүлэхийг хэр эрмэлздэг вэ?
-Охин маань аравдугаар ангиа төгсөөд Хүүхэд залуучуудын театр гэж байлаа шүү дээ, тэнд орсон Жилийн дараа Оюун маань "Илүү сартай зун" кинонд Ариунаагийн дүрийг бүтээсэн Ганцхан жил дадлагажсан хүүхэд гэхэд дүрээ тун сайн бүтээж чадсан шүү. Энэ бол унаган авьяас. Би өөрийн хүүхэд гээд магтаж байгаа юм биш. Түүнээс хойш ч хэд хэдэн кинонд сайн тоглосон. Би охиноо үе тэнгийнхэн дотроо сайн жүжигчин гэж боддог.
-"Тунгалаг тамир " киноноос харахад жүжигчин хүнд авьяасаас гадна өссөн орчин илүү чадварлаг дүр бүтээхэд нөлөөлдөг юм боловуу гэсэн бодол төрдөг. Таны бодлоор?
-Би өөрийгөө магтаж, гайхуулж байгаа хэрэг биш. Уран бүтээлч хүн, тэр дундаа жүжигчин хүн авьяасгүй бол хичнээн ч сайхан орчныг хараад дүрээ чадварлаг бүтээж чадахгүй. Заавал авьяастай байх хэрэгтэй. Дуучин, бүжигчин хүний авьяас илүү ил тод байдаг бол драмын жүжигчний авьяас далд. Тийм ч болохоор жүжиглэх авьяасаа мэдэхгүй явсаар дуусах хүн бий. Би л гэхэд жүжиглэх авьяастайгаа сүүлд мэдсэн.
Хийсэн бүтээснээ хараад, үзэгч түмний үнэлж байгааг сонсоод үнэхээр авьяасаа гаргаж чадаж гэдгээ мэдэрсэн юм уу даа. Гэхдээ Итгэлтийн дүрийг бүтээхэд миний өссөн орчин их нөлөөлсөн л дөө. Яагаад вэ гэхээр намайг бага байхад нутагт маань нударгаа унжуулсан баячууд олон. Итгэлтийн дүрийг бүтээнэ гэхээр тэдгээр хүмүүсийн ааш араншин, үйл хөдлөл нүдэнд дурайгаад.
- Орчин цагийн залуус "Кино дэлгцийн алтан үеийнхэн", "Улаан номонд орсон хүмүүс" гэж хүндлэх нь бий. Таны хувьд залуустайгаа мөр зэрэгцэц дүр бүтээхэд ямар сэтгэгдэл төрдөг вэ?
- Залуу насныхаа эрч хүчээр оргилсон, шижигнэсэн залуустай хамтарч уран бүтээл хийхэд сайхан л байдаг. Харин тэднийхээ бүтээлийг тэр бүр очиж үзээд байж чадахгүй юм. Алтан үеийн кино гэж их ярих болж, Хосгүй авьяастай хүмүүс болох бидний багш Ц.Цэгмид, Цэвээнжав, Гомбодорж, Долгорсүрэн гуай гээд бий л дээ. Гэвч алтан үеийнхэн түүгээрээ дуусах ёсгүй.
Үе болгон алттай байдаг. Гагцхүү тэр алтыг гаргаж ирэх Бумаа шиг, Итгэлт, цахиур Төмөр шиг дүр өнөөдөр хэрэгтэй байна. Сайхан, сайхан зохиол бий ч "Тунгалаг тамир", "Сэрэлт", "Түмний нэг"-ийн дүрүүд шиг удаан амилж чадахгүй байгаа болохоор л өнөөдрийн гайхамшигтай жүжигчигчид гарч ирэхгүй, авьяас нь өөрийг нь тойроод л эргээд байна.
- Хөдөөний хүүхдүүд "Үлгэрийн цаг"-ийг тэсч ядан хүлээдэг. Та харин цэнхэр дэлгэцээр үлгэр уншиж өгдөгөөрөө бяцхан жаалуудын мэлмийг баясгадаг боловуу. Өөрийнхөө үр ачид үлгэр хэр уншиж өгдөг вэ?
- Ер нь, тааруу даа. Хүүхдүүдээ бага байхад нь номноос улгэр уншиж өгдөг байсан. Одоо зав ч бага гарах юм. Хүүхдүүд бие биедээ үлгэр уншиж өгч байгаа нь хөөрхөн харагддаг. Урьд нь айл бүрт телевизор, радио байгаагүй болохоор нийгмийн шаардлагаар үр хүүхэддээ үлгэр ярьж өгдөг байсан юм болов уу. Өнөө цагт хот, хөдөө ч зурагтгүй айл ховор болчихсон болохоор хүүхэлдэйн киноноос эхлээд дуртай зүйлээ хүссэн цагтаа үзэж байна шүү дээ.
-Уран бүтээлч хүн нас ахих тусмаа л завгүй болох юм аа даа. Лyy жилд уран бүтээлийн олз омог хэр байв?
-Миний хувьд ойрдоо реклам, сурталчилгаанд тоглож байна. Мөн Солонго кино үйлдвэрийн бүтээж байгаа төмөр замын сэдэвтэй кинонд оролцсон.
-Энэ киноныхоо тухай манай уншигчдад сопирхуулаач ?
-Монголд анх төмөр зам тавьж өгсөн Оросын 105 дугаар ангийн хоригдлуудын тухай кино юм. Зураг авалтууд нь ерөнхийдөө дуусчихсан. Одоо монтаж, эвлүүлгийнх нь ажил үлдчихээд байх шиг байна.
-Мартсанаас таныг "Гоолингоо "-г сайхан дуулдаг гэж сонссон юм байна?
-Хөдөө өссөн хүн бүр л дуу дуулж чаддаг болов уу. Багадаа хонинд явж байхад уул ууланд л хоньчин охид, залуусын уянгалаг хоолой хадаж байдаг сан. Би тэдгээр хоньчдын л нэг байсан. Урлагт хөл тавьснаас хойш бид хөдөө их явна. Урлагийн бригад автобусанд бөөнөөрөө сууна. Тэгээд л замын уртад дуулж гарна даа. "Гоолингоо" дууны тухайд яг яаж сурсанаа сайн санахгүй ч албан ёсоор дуулсан юм.
Ахмадуудын "Эртний сайхан" чуулгад таван жилийн өмнө очтол намайг дуул гэсэн. Тэгээд л автобусанд дуулж явдаг байсан дуунаасаа "Гоолингоо"-г сонгоод дуултал их сайхан дууллаа гэцгээсэн. Ардын жүжигчин Д.Ичинхорлоо, Н.Норовбанзад, Б.Сарантуяа гээд л бүгд өөр аястай дуулсан юм шүү дээ. Миний дуулсан нь бас л ондоо аятай байсан гэсэн. Бодвол буруу аяар л дуулсан байлгүй дээ. (инээв)
- Урилгыг маань хүлээн авч, сонирхолтой яриа дэлгэсэн Танд баярлалаа. Урт насалж удаан жаргаж, үр ач нартаа үнэт сургаалиа хайрлаж яваарай?
-Ерөөл бат оршиг ээ.
Эх сурвалж: "Ганзам"