2013-02-05"Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлэг үзэгчдийн оюуны "шүүхэд" очоод хоёр оныг үзэв.
Рекламны шторк, клип хийдэг, эрэл хийсэн кино хийдэг "Hero" энтертайментын залуу уран бүтээлчид. Хөл, толгой хоёр дээрээ тогтоож эхэлсэн бүтээлчдийн “бөөгнөрөл” гэж хэлж болно. Тэд юмыг мэдрэмтгий, сэдэмтгий "бүлэг хүмүүс".
Тэр эмзэглэл нь хөдөлж "Монгол тулгатны зуун эрхэм" гэсэн цуврал нэвтрүүлэг хийх "өвчин" олоод дуншиж явахад нь үүнтэй үзүүр нэгэн бодол өвөрлөж явсан П.Анужин хэмээх бүсгүйтэй тохиож, санал бодлын санаа нийлсэн сэдэлд хүрч энэ ажл (төслийг) эхлүүлсэн. Санаачлагчдын нэгэн гол бие хүний нэг нь Анужин яах аргагүй мөн билээ.
Энэ нэвтрүүлэг эхлэх эдийн засгийн боломж нөхцөлийг түүний хань А.Эрдэнэбатын эрхэлдэг "Мизү" компани ивээн тэтгэж эхлүүлсэн, үгүйсгэж хэн ч үл чадах үйлс. А.Эрдэнэбат хэмээх хийх бүтээхийн төлөө төрсөн юм шиг энэ залуу гэргийгээ телевизийн "од" болгон ширтэж суух гэж донтсон биш, монгол түмэндээ хэрэгтэй юм хийх хумүүст туслах дэмжих ёстой гэсэн сэтгэлийн зарлигтаа захирагдсан хэрэг биз!
Бас ханийнхаа хийх бүтээх гэсэн хүсэл эрмэлзлийг хүндэтгэж, зориулсан их хайрынх нь нэгээхэн хэсэг нь байсан биз! "Hero" энтертайнментын уран бүтээлчид намайг нэмэр нөөлөг болооч гэж хүссэн. Би эхлээд нэрнээс нь татгалзсан. "Монгол туургатны" гэдэг үгийг "Монгол тулгатны" гэмээр байна гэснээс бидний үл ойлголцох, төгс ойлголцох үйл явдал эхэлсэн.
Хэрвээ бид Монгол туургатан юм бол туурган дотроо бөөн бүрэн оршиж байх нь яасан юм бэ? Дэлхийгээр нэг арвай шиг тарчихаад...? "Монгол тулгатан" гэвэл, "Их Монгол" хэмээх угсааныхаа тулгаа ойр холуур тойроод, өөр өөрийн галаа асаагаад яваа юм болов уу гэсэн миний бодолдоо эахирагдсан "авир" хөдөлсөн хэрэг. Бид үгээ ололцсон... Ааш, сэтгэл, зорилго нэгдэж ажиллаж эхэлсэн...
Итгэл үнэмшил, бидний хүсэл мөрөөдлийн өнцгүүд зөв барилдсан хэрэг... Ингээд бүтээл эхлэсэн... Энэ нэвтрүүлгэд орох, ард түмний хүлээн зөвшөөрсөн хүнийг сонгох гэдэг нэвтрүүлэг хийхээс илүү зөв онч, шийдэл шаардаж эхэлсэн. Хүн болгон эрхэм, хүн төрөлхтөн бүгдээрээ эрхэм болохоор хэцүү байсан. Гэхдээ, ард түмэн өөрсдийнхөө бахархал, хүндэтгэл, онцгой гэснээ хэний ч оролцоогүй өөрөө бүтээдэг учраас тэднийхээ таалалд ойртохыг хичээсэн эрэлд бид "хатаж" эхэлсэн.
Мөн бидний хажууд "он цаг" хэмээх агуу их шалгуур зогсч байсан болохоор алдаа онооны алин ч бидэнд "хөрш" байсан даа. Аливаа хийсэн бүтээсэн зүйл, хүн бүхэнд таалагдах албагүй ч нэлээд олон үзэгч, энэ нэвтрүүлэгт таатай хандаж байгаа нь бидний урмыг хугалж биш, ургуулж байгаад баярлаад ханашгүй... Нэвтрүүлэг эхэлснээс хойш бид тийм баяр, магтаалаар дүүрэн байсангүй.
Тийм тохиолдол ч амьдралын их далайд байдаг ч үгүй. Бидний эрхмүүдийн дунд чинь, "Би энэ нэвтрүүлгэд орох ёстой хүн", эсвэл "Би ороогүй байсан ч том", эсвэл орсон хойноо эд нар ингэх ёстой гэсэн бодолтой хүмүүстэй тааралдах юм... Энэ нэвтрүүлэг бол Монголын авьяас оюун төгөлдөр уран бүтээлч, сэтгүүлчдийн хэн нь ч хийж болох чадах нэг л нэвтрүүлэг шүү дээ.
Нэвтрүүлэг үргэлжлэх тусам, нэвтрүүлгийг тойрсон шуугиан хар цагаанаараа алаглан, намрын шар өвсний түймэр мэт өрвөлзөн асав. Монголчууд минь юм бүтээх гэсэн болгондоо дургүй болчихоо юу гэтэл үгүй ч юм шиг... Явж явж юу бодсоноо, юу санаснаа илэрхийлж байдаг, хяналтгүй дур зорго, үг хэлэх нийтлэх эрхийнхээ хэм хэмжээг ойлголгүй дургидаг "зэрлэг эрх чөлөө" гэдгийг эдлээд байна уу даа гэсэн дүгнэлтэд хүрлээ...
Хүн болгон өөртөө оногдсон ардчилал, эрх чөлөөтэй байдаг ч "үнэн" гэдэг хөдөлшгүй хэмжүүрт захирагдмаар санагддаг. Хүн төрөлхтний олон он жилд жигшиж ирсэн атлаа, сэтгэл үйл хөддөлөөсөө халж одоо болтол чадаагүй нэгэн зүйл бол гүтгэлэг юм. Энэ үйлдэлд эхнээсээ аваад энэ нэвтрүүлгийг бүтээгчид өртөж эхэлсэн. Гүтгүүлсэн хүмүүс үнэнээ олж чадалгүй хорвоог олонтаа орхиж байсан...
Гүтгэлэг заримдаа үнэний орон дээр цагариглаж хэвтэх цаг зөндөөн байдаг. Монголын их хэлмэгдүүлэлтийн язгуур утга нь гүтгэлэг байсныг бид мэднэ. "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлэгт орох хүн олон саяар хэмжигдэх мөнгө төлдөг л гэнэ. Ану Лхагвасүрэнд зуун сая төгрөг өгч хамт хөтлөхөөр болж гэнэ... гээд л нэвтрүүлгийн анхны дугааруудтай уралдаад гарч эхэлсэн.
Сонгуульд дэвшсэн хүний мөнгө авч сурталчилж байна, их мөнгө авч байна гээд л үргэлжлүүлж эхэлсэн... Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Цогзолмаа нарыг сонгуульд нэрээ дэвшүүлнэ... гэж яаж бодов. 91 настай зохиолч Б.Бааст гуай сонгуульд нэрээ дэвшүүлэх үү.
Сонгуулийн өмнө үед уран бүтээлчид маань зүрх алдаж, гүтгэлэгт сөгдөж, бичиж бэлтгэсэн олон нэвтрүүлгээ хойш тавихад хүрч цаг хугацааны хохирол амсацгаасан... Намын дарга У.Хүрэлсүх, Х.Баттулга нар энэ нэвтрүүлэгт орсноороо сонгогдоогүй. Улс төрд гарч ирэх магадлал бүрэн байсандаа тэд сонгогдсон. Нэвтрүүлгийн дунд бид сонгууль гэсэн үг нэгийг ч яриагүй...
Ер нь манайханд яахаараа, дэвшсэн хүнийг магтаж хэлсэн байвал, сонгуулийн сурталчилгаа болдог, дэвшсэн хүнийг цусыг нь гартал муу хэлбэл сурталчилгаа биш байдаг журам үйлчилдэг юм бэ? Ард түмэн сонгогчид сайнтай муутай ч үнэн зөв мэдээллээр хангагдаж байж зөв сонголт хийнэ биз дээ! Харин ганцхан удаа Баабараас "Сонгуульд нэрээ дэвшүүлэх үү" гэж асуусан тэгхэд Баабар тэнэг хүн ч цочихооор хариулт өгч намайг л лав баярлуулсан...
Баабар "том" гэж хэлэх ч багадахаар агуужим сэхээтэн юм билээ... Бид сонгуулиас шалтгаалан бэлтгэсэн гучин нэвтрүүлгээсээ алийг нь цацахаа мэдэхгүй балгардаж улс төр, хэнээрхлийн тоосон дунд даруулсан... "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлэг урьд өмнө байгаагүй, бусад хүн хийж чадахгүй нэвтрүүлэг болсон гэхгүй ч, ямар ч байсан хэсэг уран бүтээлчийн эрэл эгээрлийн нэгэн өнцөг байсан гэдгийг нуух аргагүй.
Энэ нэвтрүүлгийн гол ноён нуруу нь уул нэвтрүүлгийн "зочин" юм. Энэ нэвтрүүлгийг бүтээгч олон багануудын нэг нь Анужин юм. Анужин бид нар энэ нэвтрүүлгийг бүтээх, үргэлжлүүлэхийн тулд оюун ухаан бодол, хүсэл тэмүүлэл нэгдсэн хүмүүс. Хүн гэдэг бие биенээ нэвт мэдэгч байж чаддаггүй мөртлөө мэддэг царайлж бие биенээ магтаж, доромжилж чаддаг. Би өгүүлэн бичиж буй зүйлээ "өмөөрхүй" гэж нэрлэх гэж анх бодсон...
Эцгийн нь хайр, эхийн нь сүү, ханийн нь ухаан Анужингийн үнэнийг өмөөрч байгаа болохоор миний өмөөрөл багадаж санагдсан... Нэгэн зүг, нэгэн зорилгын дор нэгдэж зүтгэснээсээ хойш Анужинг би өөрийнхөө, үзсэн, уншсан, дуулсан насалсан он жилүүдийнхээ өмнөөс мэдэх болсон юм. Энэ нэвтрүүлгийг янз бүрийн өнцгөөс харсан олон сайнтай муутай дүгнэлт, хүндэтгэл доромжлолыг бид амсч байгаа ч Анужин хэмээх эмэгтэйг илүү дайрч байгаа доромжлол, гүтгэлэг хэрээс хэтэрч, арай дэндэж байгаад хагас хугас ч болов мэдэх хүний хувьд, зүйрлэх олон хүүхэдтэй эцэг хүний хувьд дуугарахаас аргагүйд хүрсэн минь энэ.
Хүн хүнээ хэлж болдог ч арай дэндлээ... Анужин өнөөдөр, цэргийн сургуулийн талбай дахь бууны бай шиг сийчүүлж дууслаа. Энэ нэвтүүлгийг хөтлөснийхөө төлөө шүү! Сэтгүүлзүйн ертөнцөд огт сураггүй байсан нэгэн, өөр мэргэжил боловсролтой хүүхэн ороод ирэхээр хүмүүс цочирдох нь мэдээж... Гэвч энэ сонголтоо хэрхэн гүйцэтгэж байгааг илтэд харж байгаа болохоороо сайн болбоос хүндэтгэл үзүүлэх, эсвэл үл хүндэтгэх эрх үзэгчид, ард түмэнд бүрэн байгаа.
Ингэхийн оронд доромжлох, гүтгэх, хэлшгүй муугаар дайрах давшлах давуу эрх хэнд ч байхгүй шүү дээ! Хөгжил дэвшлийн эрхэм үеийн хүн чанар, оюуны соёлыг хэсэг бүдүүлэг хүмүүсээс би нэхэж байна... Гэр бүлийн дотоод эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж бусниулах, амар амгалан байлгахад нь хортойгоор ул үндэсгүй үймүүлэх гэдэг өнөөгийн хүн төрөлхтний мартаж яваа зүйл гэж би ойлгодог байсан. Гэтэл үгүй байна.
Туулайн чинээ худлыг уулын чинээ үнэн болдгийг би хөндлөнгөөс харсаар байна. Анужинг хуралд сууж байхад нь зочид буудлаас тийм хүнтэй гарлаа... гэж гэр лүү нь утастдаг гэнэ. Эмэгтэй хүнийг хэлэхэд ухаанд багтамгүй үгээр интернэт дэх сайтууд дээр үргэлж бичнэ. Хажууд нь бас намайг өвгөн хятад, саятнуудыг панаалдаж уйлуулдаг хөгшин зөнөг, ер нь хэлээгүй үг алга! Миний хувьд энэ бүхэн хөлийн оймсон дотор бөөс гүйхийн ч дайтай санагддаггүй.
Би хорвоод ирээд олон аргадуулж, олон доромжлуулсан тул надад үл халдваржихын дархлаа суусан... Монголын ард түмэн намайг гэрэл сүүдэртэй минь мэднэ. Тэнүүлчин америк жүжигчнийг, Монгол гэлээ ч гэх шиг... Бид Монголоороо байж чадахгүй байхад нэг америк эр, "Би монгол хүн" гэж Монгол байхын хүслэнд автаж донтож явахад яадаг юм бэ? Гэхдээ энэ хүнд Монгол цусны улбаа буйг хатуу дурдая!
Анужин МУИС-ийн олон улсын харилцааны дээд сургуулийг дүүргэсэн, Япон улсад олон улсын хуульч мэргэжлээр магистр хамгаалсан. Энэ чиглэлээрээ Японд долоон жил ажилласан. Сүүлийн арваад жилд нь макробиотикийн чиглэлээр ажиллаж, эрүүл монгол хүнийг олон болгохын төлөө зүтгэж, "Макробиотик XXI-p зуун" гэдэг ном бичиж хэвлүүлсэн юм билээ...
Боловсролтой Монгол иргэн байгаа биз дээ! Монголоо гэсэн чин сэтгэлтэйд нь би баярладаг. "Халхын голын дайн-Номун хааны хилийн будлиан" сэдвээр судалгааны ажил хийжээ. Энэ нь Монголын түүх соёлд бодитой хувь нэмэр гэж хэлэхээс аргагүй. Бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, өөрийн гэсэн чиг баримжаа, бие сэтгэлээ авч явж чадах тэнхээ суусан "хүүхэд" юм билээ...
Нэг хэсэг хүн сэтгэл зорилго нэгдэн ажиллавал, тэр дундаас сүүдрийг нь түүдэг "Алдаа сүүдрийг мэрэгчид" гараад ирэх бололтой юм. Ойролцоо насны хүмүүс, хоорондоо эр эмсэх ёстой гэнэ. Хөгшин хөвөө нь тэнэг зөнөг заавал байх далд хууль үйлчлээд эхлэх юм... Энэ хуучин үзэгдэл үү? Энэ шинэтгэл гэгч нь юм уу? Орчин тойрны нь хүмүүс хань, үр хүүхэд, ахан дүүсийг нь хүртэл байх газаргүй болтол тамладаг, таамгаас үүссэн, эсвэл сонссон эсвэл бусдад хөлс төлж зохиолгосон энэ бузар үйлдлээс бид хэзээ ангижрах юм бэ?
Нэг гэр бүлээс хүртэл эх орон эхэлдэг гэдэг... Тэгвэл нэг Монгол хүнээс ч эх орон эхэлнэ гэсэн үг! Монголчууд минь яагаад ийм "зэрлэг эрх чөлөөтэй" болчихов. Ядахдаа техник, цахим дэвшилд соёлтой автах арга алга уу? Хэсэг бүлэг бүдүүлэг хүмүүст хандаж, хэлэхэд, хүнд хэлүүлэхээргүй зүйл өөрөө бүтээж чадаагүй бол бүтээх гэж ядаж яваа хүмүүс рүү битгий нулимж байгаач дээ!
Хүн чанар, мөн чанарын эрэлд хатах хожмын Монголыг би харж байна. Навчаа гүвсэн мод шиг намайг өшигчөөд яана! Нэмээд навч унахгүй, хөл чинь өвдөнө. Шинэ залуу үеээ, чадах болоод чадахгүй юмаа ч хийж суръя! гэж бодож яваа үнэн сэтгэлтнүүдээ битгий гомдоож гоочлооч! Бидний үнэн худал хоёрыг он цаг хатуугаас хатуу шүүх болно... Бие биенээ залгих гэж битгий яар! Ядахдаа цээжнээс нь сүү асгардгийг бодож, бүсгүй хүнийг хайрла!
Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн