2013-01-16Сэлэнгэ аймагт гэмт хэргийн тоо өсчээ
Сэлэнгэ аймаг олон улсын төмөр зам дагуу, ОХУ-тай хил залгаа болохоор гэмт хэрэг, зөрчлөөрөө улсад нэлээд дээгүүр ордог ажээ. Өнгөрсөн онд л гэхэд 704 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 13,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Эл аймгийн гэмт хэргийн гаралтыг төрөл, зүйлээр нь ангилахад хүнийг санаатай алах гэмт хэрэг 16 бүртгэгдэж өмнөх оноос хоёр дахин, хулгайн хэрэг 145 бүртгэгдэж 17,9 хувиар, мал хулгайлах 56 хэрэг бүртгэгдэж 10 хувиар, ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг 52 бүртгэгдэж 26,8 хувиар өсчээ.
Зам тээврийн осол 67 бүртгэгдэж 14,1хувь , хүчиндэх гэмт хэрэг 18 бүртгэгдэж 28 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хууль бусаар эд зүйл хил нэвтрүүлэх гэмт хэрэг өнгөрсөн онуудаас өссөн хандлагатай байна. Согтуугаар үйлдсэн хэрэг 249 бүртгэгдэж 13,3 хувиар, хүүхэд оролцсон гэмт хэрэг 41 бүртгэгдэж өмнөх оноос хоёр дахин, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 84 бүртгэгдэж 40 хувиар өсчээ.
Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэхэд өдөр тутмын үйл ажиллагаагаа чиглүүлж, тодорхой хугацаанд гэмт хэргийг бууруулах хэсэгчилсэн арга хэмжээ тогтмол авдаг аж. Хэдийгээр хэргийг илрүүлж тэмцдэг боловч заримдаа хохирлын хэмжээ хүрэхгүй гэх шалтгаанаар хуулийн хүрээнд хэрэгсэхгүй болгох, зөрчил хэмээн үзэж шийдвэрлэгддэг нь гэмт хэрэгтнийг даврааж байна.
Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүйн улмаас татгалзаад хаачихдагаас гэмт хэрэгтэнд ашигтай тус ч ял завших зүйл их гардаг хэмээн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн мэдээлэл судалгааны ахлах байцаагч, ахмад Д. Отгонбаатар ярьж байлаа. Сэлэнгийн цагдаагийн байгууллага өнгөрсөн онд л гэхэд нийт 26308 захиргааны зөрчил илрүүлж, үүнээс 24761 иргэн, нэг албан тушаалтан, 16 байгууллагыг 141 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 862 хүний эрхийг хас ч, удаа дараа архидан согтуурч зөрчил гаргасан 668 хүнийг шүүгч болон засаг даргын захирамжийн дагуу баривчлуулж шийтгэсэн байна. Эндээс харахад цагдаагийн байгууллага олон талт арга хэмжээ авдаг юм байна.
“Орхон“ зочид буудалд гурван хоногийн өмнө хүчингийн хэрэг гарч байжээ
Тус аймгийн цагдаагийн хэлтэстэй ийнхүү холбогдох болсон нэг шалтгаан нь энэ сарын 05-08 хооронд 22 настай Г.Ө хэмээх бүсгүйг долоон залуу согтуугаар дарамталж, зүй бусаар харьцан “Орхон”, “Солонго”, “Цэцэг” гэсэн гурван зочид буудлыг дамжуулан хоноглож хүчирхийлсэн гэсэн мэдээлэл цацагдсантай холбоотой юм.
Мэдээллийн мөрөөр манай сурвалжлах хэсэг Сэлэнгэ аймагт 22.30 цагт ирлээ. Хэрэг гарсан “Орхон” зочид буудлын үйлчлэгч, галч нар биднийг угтан авсан юм. Ойрд цагдаагийн эргүүл их байгаа учир буудалд байрлах хүмүүсийн иргэний үнэмлэх, бусад бичиг баримтыг хураан авч байгаа гэсэн. “Орхон” зочид буудлын энгийн өрөө 25 мянга, хагас люкс өрөө нь 30 мянга, бүтэн люкс нь 35 мянгын үнэтэй аж.
Ёс бус хэрэг үйлдсэн залуус тус буудлын 211 тоот энгийн өрөөнд байрлаж байжээ. Буудалд анх Г.Ө бүсгүй найз залуутайгаа ирж байрласан гэнэ. Тэд гурван цаг орчим хоёулхнаа байсны дараа найз залуугийнх нь найзууд хэмээн дөрвөн залуу иржээ. Хэсэг хугацааны дараа дахин хоёр залуу иржээ. Тэд буудалд архи ууж, хэл яриа нь чангарч байсан хэдий ч Г.Ө хэмээх бүсгүйг зодсон, дарамт шахалт үзүүлсэн зүйл анзаарагдаагүй аж.
Тэгээд ч зэргэлдээх өрөөнүүд нь хүнтэй байсан болохоор тэдний байрлаж байсан өрөөнд ямар нэгэн зөрчил илэрсэн бол тэр дороо л буудлын ресепшинд мэдэгдэх байжээ. Зочид буудлын дотоод дүрмээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэвэл буудлаас гаргах үүрэгтэй байдаг. Энэ үүргийнхээ дагуу 00.00 цагийн үед “хөөж” гаргасан хэмээн тухайн өдрийн ресепшин Бурмаа ярьсан юм. Ингээд түүнээс зарим зүйлийг тодруулалаа.
-Г.Ө хэмээх бүсгүй найз залуутайгаа танай буудалд хэдэн цагийн үед орж ирсэн бэ?
-Тэд 18.00 цагийн үед орж ирсэн.
-Тэдний дунд ямар нэгэн муудалцсан ч юм уу, таарамж муутай зүйл анзаарагдаагүй юу?
- Хоорондоо их л эвтэй байсан. Гэхдээ найз залуу нь мөн үү биш үү гэдгийг бид мэдэхгүй. Ямар ч байсан нэг залуутай ирж өрөө авсан.
-Тэднийг байрлаж байх үед өрөөнд нь та орсон уу?
-Орсон. Би цагаан хэрэглэл оруулж өгсөн. Тэгэхэд найз залуугийнхаа өвөр дээр суучихсан тамхи татаж байсан. Харин дараа нь найзууд нь ирээд нэмж нэг өрөө авсан.
-Тэднийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн шөнө буудлаа суллаж өгөхийг хүссэн гэж сонссон?
-Тиймээ. Зочид буудлын дотоод дүрэм байгаа шүү дээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй гэж. Энэ л дүрмийнхээ дагуу ажилласан. Тэднийг гаргахад хохирогч гээд байгаа бүсгүй жаахан халамцуухан хэрнээ зүгээр л нөхдийгөө дагаад гарсан.
-Тухайн залуус бүсгүйг дарамталж хууль бусаар зодсон, хүчирхийлсэн гэсэн мэдээллийг та анх хэзээ сонссон бэ?
-Ээлжнээс буусныхаа дараа мэдсэн. Тэгээд цагдаагаас ярихаар нь очиж мэдүүлэг өгөөд л ирлээ. Манай буудалд нэгнийгээ зодох, хүчиндэх тийм зүйл болоогүй. Энд байх хугацаандаа ямар шуу байсан тэр бүхнийг л би хэлсэн. Хэрвээ тэр охин хүчинд автсан бол хашгирах ч юм уу ямар нэгэн эсэргүүцэл үзүүлнэ биз дээ.
-Энэ хэргээс хэдхэн хоногийн өмнө танай буудалд хүчингийн хэрэг гарсан гэж сонссон?
-Гурван хоногийн өмнө тийм хэрэг болсон. Гэхдээ нэг зүйлийг би гайхаад байгаа. Охидууд өөрсдөө ирж залуучуудтай хамт буудалд байрлаж, хоночихоод өглөө нь болохоор хүчиндүүлчихлээ гэж цагдаад мэдэгдээд байгааг. Тэр хэрэг энэ сарын гурванд болсон санагдаж байна. Өдөр 17.00 цагийн үед нэг залуу ирж өрөө авсан юм. Тэгээд хотын автобус тосч найз охиноо дагуулж ирсэн.
Найз охин нь чемодантай хувцсаа чирчихсэн найз залуутайгаа хөтөлцөөд л ороод ирсэн. Харин маргааш өглөө нь найз залуу нь эрт ажилдаа явсан. Гэтэл 11.00 цагийн үед өнөөх бүсгүй нүүр амаа будчихсан гарч ирээд “Надтай хоносон залууг таних уу” гэж ресепшинээс асуусан гэсэн. “Танихгүй, ямар нэгэн эд зүйлээ алдчихсан юм биш биз” гэж асуухад “Залилан” гэж хэлчихээд л яваад өгсөн гэсэн. Гэтэл маргааш нь цагдаа, шүүх болсон байсан. Одоо энэ хэрэг ч цагдаа дээр шалгагдаж байгаа.
“Цэцэг” зочид буудалд гэмт хэрэг болсон
Бид “Орхон” зочид буудлаас гарч “Солонго” зочид буудалд очлоо. Хэрэг гарсан өдөр Нарантуяа хэмээх эмэгтэй ресепшин байжээ. Тэрбээр захирал уруугаа утсаар яриад “Манайд байрлаж байгаа дөрвөн залуу хоорондоо муудалцаад аяга хагалж, угаалтуур эвдчихлээ. Намайг янз бүрийн үгээр доромжлоод байна” хэмээн мэдэгдсэн байна.
Эл мэдээллийг сонссон буудлын эзэнг ажлынхаа байранд ирэхэд тэдгээр залуус хагалсан аяга, угаалтуурынхаа болон буудлын тооцоог хийгээд өрөөгөө суллаж өгсөн байжээ. Харин Нарантуяагийн биеийн байдал муудсан учир ажлаасаа түр чөлөөлөгдөн эмчлүүлж байгаа хэмээн буудлын эзэн ярьсан юм. Өөрөөр хэлбэл “Солонго” зочид буудалд байрлаж байсан залуус хөөгдөж гараад “Орхон” зочид буудалд байсан Г.Ө болон түүний найз залуу дээр очсон гэх таамаг эндээс гарч ирж байна.
Харин “Солонго” зочид буудлын захирал энэ хэргийн талаар ямар ч мэдээлэлгүй байв. “Орхон” зочид буудалд нийлсэн долоон залуу Г.Ө хэмээх бүсгүйтэй хамт гарч “Цэцэг” зочид буудалд байрласан байгаа юм. “Цэцэг” буудлын эзэн одоохондоо эзгүй байгаа гэнэ. Ресепшин нь захиралтайгаа утсаар холбогдсон хэдий ч ямар ч мэдээлэл ярилцлага өгч болохгүй гэсэн даалгавар авснаа бидэнд тайлбарлаж ярилцлага өгөхөөс татгалзлаа.
Дэргэдээ рестарон, найман нэрийн хүнсний дэлгүүртэй “Цэцэг” зочид буудалд хэргийн гол үйл явдал болсон. Эзэн нь Сэлэнгэ аймгийн төмөр замд ажилладаг байсан. Тус буудалд гарсан хэрэг зөрчил танилынхаа хүрээгээр намжиж ч болзошгүй гэж нутгийн иргэд ярьж байлаа. Ямартай ч 22 настай удахгүй хуримаа хийнэ хэмээн ярьж явсан цэцэг шиг бүсгүй сэтгэл санааны хийгээд биедээ мартагдахааргүй хар толбо суусан болохоор аргагүйн эрхэнд цагдаагийн байгууллагад хандсан байж таарна. Одоогоор бүсгүйн биеийн байдал тийм сайн биш байгаа учир нийслэлд эмчилгээ хийлгэж байна.
Энэхүү дуулиант хэргийг эх сурвалжтай, үнэн мөнийг тодруулах зорилттой очсон. Манай сурвалжлах хэсэг тус аймгийн цагдаагийн хэлтсийн мэдээлэл, судалгааны ахлах байцаагч, ахмад Д.Отгонбаатараас тодруулга авлаа.
-Аймгийн хэмжээнд хэрэг зөрчил,гэмт хэргийг таслан зогсоох талаар ямар ямар арга хэмжээ авч байна?
-Олонхи хэргийн гарч байгаа шалтгаан нь архидалт байдаг. Сүүлийн үед ахуйн хүрээнд архидах явдал түгээмэл болсонтой холбоотойгоор гэмт хэрэг нэмэгдэх болсон. Баяр ёслол, тэмдэглэлт өдрийг найз нөхөд, гэр бүлийн хүрээнд тэмдэглэдэг нь ахуйн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэрэг зонхилоход хүргэж байна. Иргэд архийг зүй зохистой хэрэглэхэд суралцах хэнтэй, хаана хэзээ уух вэ гэдгээ мэдэж байх хэрэгтэй. Эрүүлжүүлэх болон торгуулийн арга хэмжээг тухай бүрт нь авдаг ч гэмт хэрэгийн тоо өссөөр байна.
-Өнгөрсөн баасан гаригт болсон хүчингийн хэргийн талаар мэдээлэл өгнө үү?
-Гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын есний өглөө ирсэн. Хохирогч өөрийн биеэр ирж зүс таних залуус 05-08- ны хооронд буудалд оруулж дарамталж хүчиндлээ гэсэн дуудлага өгсөн. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид сэжигтнүүдийг баривчлан шалгаж байгаа. Мөрдөн байцаалтынхаа шатанд явж байна.
-Тухайн хохирогчийн биеийн байдал ямар байна?
-Илт эрүүл мэнд нь хохирсон зүйл одоогоор мэдэгдэхгүй. Эмчийн үзлэгээр орж, оношилгоо, шинжилгээ хийлгэсний дүнд биед нь учирсан гэмтэл согог мэдэгдэнэ.
-Сэжигтнээр татагдсан залуус Сэлэнгэ аймгийн нөлөө бүхий бизнесмен, удирдах ажилтны хүүхдүүд гэж сонссон. Энэ үнэн үү?
-Мөрдөн байцаалт явагдаж байгаа болохоор энэ бүхэн нууцлалтай байдаг. Хэдийгээр хохирогч хүчиндүүлсэн гэж гомдол гаргасан ч мөрдөн байцаалтын явцад бүх хэрэг шийдэгдэнэ шүү дээ.
-Энэ хэргийн өмнөхөн “Орхон” зочид буудалд бас хүчингийн хэрэг гарсан гэж сонссон. Энэ талаар?
-Мөн л байцаалтын үе шатандаа явж байгаа. Энэ хоёр хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэчихсэн шалгаж байгаа. Хохирогч бас өөрийн биеэр ирж манайд мэдээлэл өгсөн. Тухайн үе “Орхон” зочид буудалд ажиллаж байсан ажилчдаас ч мэдүүлэг авч байгаа.
-Г.Ө хэмээх бүсгүй найз залуу уруугаа хүчиндүүлчихлээ гэж утсаар анх мэдэгдсэн гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ үнэн үү?
- Тэр нь үнэн, энэ нь худлаа гэх мэдээллийг одоо өгөх боломжгүй. Ямартай ч хуулийн хүрээнд ном дүрмийнхээ дагуу энэ хэрэг шийдэгдэнэ. Зарим тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цагдаагийн болон шүүхийн байгууллагаас өрсөж таамаг төдий мэдээллүүд цацаж байгаа нь хүмүүсийг төөрөгдөлд оруулдаг. Бас нийтэд буруу сурталчилгаа болдог. Тиймээс аль болох үнэн зөв мэдээллийг хүмүүст хүргэж байвал зүгээр байна.
-Яг одоо танай байгууллагад ямар сургалт болж байгаа юм бэ?
-Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгааны чадавхийг дээшлүүлэх зорилгоор бүсчилсэн сургалт болж байгаа. Энэ сургалт өнөөдөр манай аймагт болж байна. Анх 2010 оноос эхлэн цагдаагийн байгууллагад ирсэн гомдол, санал мэдээллийн сүлжээнд оруулж иргэд, цагдаагийн байгууллагын хоорондын харилцааг ойртуулах зорилготой юм. Мөн цаашлаад энэхүү саналын сүлжээ маань прокурорын байгууллагатай холбогдоно. Бүх мэдээлэл хуулийн хугацаанд үнэн зөв шийдэгдэж байна уу гэдгийг иргэд харах боломж бүрдэнэ гэсэн үг л дээ.
Эх сурвалж: