2012-12-25Прокурорууд хувийн ашиг сонирхлоор гэм

буруугүй хүнд эрүү үүсгэн дарамталж, хээл хахууль авдаг харгис, эрүү шүүлтийн шүүх засаглалыг амтай болгон ярих болсон. Гэсэн ч шүүх засаглалын бузар бусармаг үйлдлүүд үгүй болох нь бүү хэл газар авсаар байгаа талаар ээлжит хохирогч мэдээллээ. "Фүжи холдинг" ББСБ-ын захирал Т.Энхсайхан гэх эмэгтэйг Баянгол дүүргийн прокурор Б.Амарбаясгалан 2011 оны 10 дугаар сард эрүү үүсгэн зургаан сарын турш шалгасан байна.
Прокурор Б.Амарбаясгалан түүнд эрүү үүсгэхдээ эрүүгийн хуулийн ямар ч бүрэлдэхүүнгүйгээр эрүү үүсгэсэн бөгөөд Т.Энхсайхан энэ хугацаанд янз бүрийн байдлаар эрхээ хязгаарлуулж, эд хөрөнгөө алдаж хохирсон байна. Баянгол дүүргийн иргэн Л.Мөнхзаяа нь 2010 оны 10 дугаар сарын таванд зээл авъя гэж тус ББСБ-д өргөдөл гаргасны дагуу зээлийн эдийн засагч Л.Мөнхзаяагийн барьцаа хөрөнгөнд нь Иргэний хуулийн дагуу судалгаа хийж, 35 сая төгрөг олгожээ.
Гэтэл гурван сарын дараа мөнгө зээлдэгч "Би АНУ-руу удаан хугацаагаар явахаар боллоо. Тиймээс үл хөдлөх хөрөнгийг маань худалдан аваач өр төлбөрөө төлье" гэж удаа дараа гуйн сүүлдээ та өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваач гэж хүссэн байна. Иймээс зохих журмын дагуу хүсэлтийг нь харгалзан үл хөдлөх хөрөнгийг нь ББСБ-ын захирал Т.Энхсайхан авсан байна.
Харин нэлээдгүй хугацаа өнгөрсний дараагаар ББСБ-ын ТУЗ хуралдаж "Чанаргүй зээлүүдийг төлүүл" гэсэн шийдвэр гарсны дараа Баянгол дүүргийн шүүхэд Л.Мөнхзаяагийн барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн захирамж гарч, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.
Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулж, хашаа байшинг албадан чөлөөлөх гэж байтал Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амарбаясгалан Т.Энхсайханд эрүүгийн хэрэг үүсгэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зогсоон, түүний өмч хөрөнгийг хууль бусаар битүүмжилсэн байна.
Прокурор Б.Амарбаясгалан шүүхийн шийдвэр гарсан байтал ийнхүү хөндлөнгөөс оролцож, шүүх, шүүгчээс дээгүүр эрх мэдэл гаргажээ. Энэ нь цаанаа Б.Амарбаясгалан Л.Мөнхзаяатай ойрын хамаатан байжээ. Б.Амарбаясгалан Л.Мөнхзаяагийн гомдлоор эрүү үүсгэсэн бөгөөд дэлгүүр хувийн сууцаа Т.Энхсайханд шилжүүлснийхээ дараа буюу "2011 оны 11 дүгээр сарын таванд зээл авсан.
Намайг дарамтлаад байхаар нь эд хөрөнгөө нэр дээр нь шилжүүлсэн" гэж мэдэгджээ. Гэтэл Л.Мөнхзаяа худал хэлж хүн гүтгэн эрүүгийн хэрэг үүсгүүлсэн гэдэг нь 2010 оны 10 дугаар сарын тавны гэрээгээр батлагдаж байгаа юм. Гэтэл Т.Энхсайханд эрүүгийн хуулийн 148.3 буюу залилан хийж, их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр эрүү үүсгэсэн байна.
Баянгол дүүргийн мөрдөн байцаагч н.Энх-Амгалан уг хэрэгтэй танилцаад эрүү үүсгэх боломжгүй гэж тодорхойлсон бол дараа нь мөн дүүргийн мөрдөн байцаагч н Алтан-Очир хэрэгтэй танилцаад эрүү үүсгэх шаардлагагүй гэж дүгнэжээ. Харин эрүү үүсгэхээс хоёр ч мөрдөн байцаагч татгалзаад байхад прокурор чангаагаад байгааг нь тайлбарлуулахаар Б.Амарбаясгалангийн гар утас руу залгахад тэрбээр "Чиний хувь заяа миний гарт байгаа Аврагдах гээд байгаа юм бол "Нарантуул зочид буудалд ирж уулз, 12 дугаар давхрын ресторанд нь байна" гэжээ.
Үүний дагуу Т.Энхсайхан нотлох баримтаа аваад тус ресторанд очоод "Ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаагаа тайлбарлаад өгөөч" гэхэд Б.Амарбаясгалан "Чамд тайлбарлах шаардлага байхгүй. Чи эрүүгийн гэмт хэрэгтэн шиг царайтай харагдаад байна" хэмээн тохуурхсан байна. Энэ мөчөөс эхлэн прокурор Б.Амарбаясгалан нь элдвээр дарамтлах, мөнгө нэхэж авах, баар ресторанд ажлын цагаар согтуугаар дуудаж ирүүлэх зэрэг танхай балмад олон үйлдэл гаргаж байжээ.
Тухайлбал, прокурор Б.Амарбаясгалан тус дүүргийн Мэдээлэл лавлагааны төвийн ажилтан Д.Баттөмөрийн хамт "Face диско" клубт наргиж цэнгэх үеэрээ Т.Энхсайханыг утсаар дуудан ирүүлж уусан архиныхаа төлбөр тооцоог хийлгэсэн гэнэ. Төлбөрийн баримтыг тэрээр дэлгэн харуулж байв. Д.Баттөмөр энэ үеэр Т.Энхсайханд "Чи прокурортойгоо аятайхан харьцахгүй бол болохгүй шүү. Прокурорынхоо дургүйг хүргэж байгаад шоронд явсан хүмүүс зөндөө байдаг шүү дээ гэж айлгаж байжээ.
Т.Энхсайхан ёс зүйгээ зөрчин, гэмт хэргийг гардан зохион байгуулсан прокурорын энэ мэт үйлдлийг анхааралдаа авч арга хэмжээ авч өгөхийг хүсэн прокурорын дээд шатны байгууллагад нотлох баримтуудыг өгөн гомдол гаргасан ч хариу ирэлгүй хагас жил өнгөрчээ. Нийслэлийн прокуророос үүнд хариу хэлэхдээ Б.Амарбаясгалан нь таныг илт гэм буруугүй байхад чинь эрүү үүсгэж шалгасан гэдэг чинь тогтоогдохгүй байна гэсэн тайлбарыг өгсөн байна.
Гэтэл прокурор Б.Амарбаясгалан Т.Энхсайханд эрүү үүсгэсэн тогтоол, эрүү үүсгэснээ хэрэгсэхгүй болгосон тогтоол нь ч мөн байгаа юм. Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавт энэ талаар өргөдөл гаргасан боловч уг өргөдөл Д.Дорлигжавт очилгүйгээр замхардаг талаар тэрээр хэлж байлаа. Тиймээс тэрээр УЕП Д.Дорлигжавт гурван хүсэлтийг явуулж байгаа аж.
Юуны өмнө Нийслэлийн прокурорын газрын 2012 оны долоодугаар сарын 31-ний өдрийн тогтоол №300-д Туслах ажилтан Д.Баттөмөр нь мэдсээр байж байцаан шийтгэх ажиллагааны оролцогч этгээдээс зээл авсан үйлдэл нь Прокурорын байгууллагын ажилтны ёс зүйтэй холбоотой асуудал байна" гэсний дагуу Баянгол дүүргийн прокурорын туслах ажилтан Д.Баттөмөрт ямар арга хэмжээ авснаа бичгээр мэдэгдэх.
Мөн уг тогтоолд "прокурор Б.Амарбаясгалан нь иргэн Т.Энхсайханыг илт гэмгүй байхад сэжигтнээр тооцсон гэснийг тогтоогоогүй" гэсэн байна. Т.Энхсайхан илт гэм буруугүй нь нотлох баримтаар хангалттай нотлогдоод Баянгол дүүргийн мөрдөн байцаагч н.Энх-Амгалан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал ирүүлсэн байсныг прокурор Б.Амарбаясгалан дур мэдэн эрүү үүсгэсэн.
Иймд прокурор Б.Амарбаясгаланд эрүүгийн хуулийн 248,2 буюу "Илт гэм буруугүй хүнийг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татсан" гэдэг үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж өгөх. Мөн прокурортой холбоотой эрүүгийн хэргийг прокурор нь хянадаг учир энд хуулийн цоорхой, завхрал үүсч, прокурорууд прокурорыг хянах нэрийдлээр хамгаалж, хаацайлдаг байдал даамжирсан байна.
Иймд прокурорын байгууллагын хяналтын бүтцийг өөрчлөх талаар шинээр мөрдөгдөх хуулинд өөрчлөлт оруулахыг энэ мэт хохирсон олон хохирогчдын өмнөөс хүсч байна. Энэ хүсэлтэйг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байна. Энэ дагуу хуулинд заасан хугацаандаа УЕП Д.Дорлигжав гуайгаас хариулт хүсч байна.
Иргэд бид УЕП Д.Дорлигжавыг шүүх засаглалын шинэчлэлийг хэрэгжүүлж, прокурорын байгууллагын хүнд суртал, хууль зөрчдөг үйлдлийг таслан зогсоож, прокурорын байгууллагыг цэвэршүүлэх ажлын хүрээңд МҮОНТ-ээр хэлж байсан ажлуудаа эрчимжүүлж өгөөч хэмээн хүсэх байна.
Т.Энхсайханаас дараах асуултанд хариулт авлаа.
-Ямар үндэслэлээр танд эрүү үүсгэн шалгах болсон юм бол?
-Залилан хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр ямар ч баримтгүйгээр нэг өдөр намайг дуудан шалгаж удалгүй яллагдагчаар татсан. Үүнээс болж би бүхэл бүтэн зургаан cap Б.Амарбаясгалан прокурорын танхай балмад үйлдлийн дор далласан газар нь ил гарч далайсан газар нь далд орж, маш их зовсон. Шөнийн цэнгээний газарт хүртэл дуудаж авчирдаг гээд бод л доо. Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх хүний эрхийг хамгаалах ёстой прокуроруудаар дамжин зөрчигддөг юм байна.
-Та гэм буруугүй, гэмт хэргийн ямар ч бүрэлдэхүүнгүй ийм хэрэгт яагаад айж сандарсан юм?
-Бүхэл бүтэн прокурор хүн дуудаад хуулиар далайлгаад байхаар өөрийн эрхгүй айж шоконд ордог юм билээ. Нөгөөтэйгүүр дуудсан цагт нь ирэхгүй бол ирээгүй энэ тэр гээд яаж ч мэдэх байх гэж бодсон юм. 2012 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр надад үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэсэн ч энэ талаар лавлахад хэргийг хэрэгсэхгүй болгоогүй.
Оройн цагаар тухтай уулзъя, тусдаа бааранд уулзъя гэх мэтээр дарамтлан cap гаруй хугацаанд хүнд суртал гарган хуулийн зөвлөхийг удаа дараа явуулсан учир би Баянгол дүүргийн Прокурорын газарт өргөдөл гаргаснаар 2012 оны тавдугаар сарын 10-нд тогтоолыг арай гэж олж авсан.
Гэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгох нь надад хамаагүй. Би ямар ч буруу , зүйл хийгээгүй, эгэл жирийн хүн атал яахлаараа прокурорт дарамтлуулан хөрөнгө санхүү, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохирох ёстой юм. Хийгээгүй хэргийн төлөө хэн дуртайд нь тоглоом шоглоом болоод өнгөрөх нь зүй ёсонд нийцэхгүй. Шүүх байгууллагын ажилтнууд ч ийм байж болохгүй биз дээ. Үнэндээ би ийм байдалд орсон ганцхан хүн нь биш гэдэг нь тодорхой.
-Прокурорын ажилтнууд албан тушаалаараа сүрдүүлэн мөнгө нэхэж авсан гэлээ. Ямар байдлаар хэд орчим төгрөг авсан талаар?
-Б.Амарбаясгалан, Д.Баттөмөр нар над дээр ирж 500 мянган төгрөг авсан. Энэ бол рэкетлэх нэг хэлбэр. Тэр үед би зээл маягаар өнгөлөн далдалж л тэр мөнгийг гаргаж өгсөн. Тэд харин зээл маягаар аваагүй. Харин би дараа нь эргээд заргалдаад эхэлмэгц зээл хэлбэрээр авсан гээд өөрсдөө бичиг баримтаа бүрдүүлчихээд надад буцааж төлсөн л дөө.
Үүнээс гадна шөнийн цэнгээний газар намайг дуудан 80 гаруй мянган төгрөгийн төлбөр тооцоогоо хийлгэсэн. Энэ мөнгөө эргүүлж өгөөгүй. Үүнээс гадна олон ч удаа намайг дарамталж мөнгө авсан. Надад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйгээр өөрсдийн зоргоор эрүү үүсгэсэн. Гэтэл эцэстээ үгсэн хуйвалдаж гэмгүй хүнээс мөнгө авч эрүү үүсгэсэн нь жинхэнэ ёсоор гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй үйлдэл болж байгаа юм.
-Б.Амарбаясгалан, Д.Баттөмөр нарт хариуцлага тооцсон уу?
-Үгүй. Энэ хэрэг сөхөгдөөд эхэлмэгц ажлаасаа 2-3 сарын чөлөө аваад алга болсон. Харин Д.Баттөмөр юу ч болоогүй мэт ажлаа хийгээд л явж байна. Энэ бүх үйлдэл прокурорын байгууллагынхны нүдэн дээр өрнөж байхад тэд хариуцлага тооцохгүй байгаа нь прокурорын байгууллагад ийм үйлдэл хэвийн үзэгдэл төдийгүй иргэдийг хохироосон прокурорын ажилтнуудад тооцогдох хариуцлага гэж юу ч байхгүй байгааг харуулж байна.
С.Мөнх-Од
Эх сурвалж: "Улаанбаатар Таймс"