2012-12-24Таван толгойн орд ямар үнэтэй вэ
Дэлхийн акулуудын шүлсийг савирааж байгаа Таван толгойн нүүрсний ордын байдал таагүй байгаа бололтой. Энэ нь загас нуурандаа хатаж үхэв гэдэгтэй адил сонсогдоно. Дэлхий дээр эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэж байгаа өнөө цагт яагаад дэлхийд гуравт орох энэ том орд сульдаж байна гэсэн асуулт гарна.
Японы цунами нүүрс хэмээх түүхий эдийн ирээдүйг нааштай болгож өгсөн.
Сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнуудын шүтээд байсан цөмийн эрчим хүч нь хүн төрөлхтөнд багагүй түгшүүр төрүүлж байна. Зарим улстөрчдийн томоохон хөзөр болж хувирч байна. Өндөр хөгжилтэй, хүн ам ихтэй орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзана гэдэг нь өнөө маргаашдаа л үл бүтэх оролдлого. Гэхдээ энэ нь нүүрсний үнэ цэнийг бууруулахгүй.
Дэлхийн өнөөгийн суурилагдсан нүүрсний эрчим хүчний хэрэгцээ жилдээ тэрбум шахам тонноор хэмжигдэнэ. Энэ бүхнийг өөрчлөн байгуулаад цөмийн эсвэл сэргээгдэх эрчим хүчний хангамжид шилжихэд багаар тооцоход 20-30 жил шаардлагатай. Өөрөөр хэлбэл ойрын 30 жил манай Таван толгойн ордны үнэ цэнэ буурахгүй. Буурай хөгжилтэй орнуудын аж үйлдвэр сэргэж байгаа нь ойрын арван жилд нүүрсний хэрэгцээ буурахгүйг баталж байна.
Эндээс Таван толгойн нүүрсний орд ямар үнэтэй вэ гэсэн асуулт гарна. Тус ордын нөөц нь цаашид өсөх магадлалтай. Одоогоор 7.5 тэрбум нүүрсний нөөц тогтоогдсон. Үүнээс хоёр тэрбум шахам нь коксжсон нүүрс. Коксжсон нүүрсний нийт зах зээлийн үнэ 600 тэрбум ам.доллар. Ердийн нүүрсний нийт зах зээлийн үнэ 600-750 тэрбум ам.доллар.
Нийтдээ Таван толгойн үнэ 1.2 гаруй их наяд ам.доллар. Монголчууд зөвхөн Таван толгойн нүүрсийг зарж идээд байхад 2000 жил зүгээр сууж байгаад амьдраад байж болох хэмжээний мөнгө. Харамсалтай нь зарах үнийг харах тоо гэдэг. Зарим тооцоогоор энэ ордоос монголчууд 300-400 тэрбум ам.доллар л олно. Ухах, тээвэрлэх, зарах гээд их хэмжээний мөнгө гарна.
Тэр нь техник тоног төхөөрөмж, ухсан, тээсэн зарсаны хөлс гээд задарна. 800 орчим тэрбум ам.доллар энэ бүхэнд зарцуулагдана. Чамлалтай мэт сонсогдоно. Ялангуяа популист улстөрчид 1.2 их наяд ам.долларыг монголчуудад тараана гэж шоудна. Үнэндээ энэ нь бүтэхгүй амлалт. Хэн ухсан, тэсэн зарах үнийн 66 хувь нь зардалдаа сураггүй болно.
Гэхдээ Таван толгой монголчуудыг ойрын хэдэн жил тэжээнэ гэдэгтэй хэн ч маргахгүй. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 5-10 хувиар буурсан байна. Гэтэл Дэлхийн зах зээлийн үнээс тал хувиар доогуур худалдагдаж байсан монгол нүүрсний үнэ дахин тал хувиар унах болсон гэнэ. Учир монгол нүүрс ганц худалдан авагчтай.
Худалдан авагч авахгүй гэвэл ямар ч хямд үнэ санал болгоод нэмэргүй. Манайхаас илүү их нүүрсний нөөцтэй хэдэн арван орон бий. Тэгэхээр Таван толгойн нүүрсний үнэ гэдэг бол хятадуудын санал болгосон үнэ болж таарна. Учир нь үнэ гэдэг нь өгөх авах хүний тохиролцооны хэмжээ гэнэ.
Таван толгой тарж бутрах уу
Харамсалтай нь нөгөө үнэт Таван толгой маань ойрын таван жилд олборлосон нүүрснийхээ 80 хувийг хятадуудад зах зээлийн үнээс хоёр дахин хямдаар өгөх гэрээ байгуулчихаж. Сонгуулийн өмнө иргэддээ бэлэн мөнгө өгөх зорилгоор хятадуудаас 30 сая ам.доллар зээлсэн. Түүнийгээ маш хямд нүүрсээр төлж барагдуулна. Барагдуулж дууссан ч олборлосон бүх нүүрснийхээ 80 хувийг Хятадын Чалко компани тал үнээр нийлүүлнэ.
Ингэснээр хятадууд 300 сая ам.долларын зээлээр тэрбум гаруй ам.долларын нүүрс авна. Монголчуудын бэлэнчлэх сэтгэлгээг Засгийн газар ингэж л ашигласан байна.
Өмнөх Засгийн газар сонгуулийн өмнө үнэ хөөрөгдөж, аманд ч үгүй, хамарт үгүй их хэмжээний мөнгө тараасан. Тэр нь өнөөдөр Таван толгойг залгих хэмжээний аюул дагуулж байна. Монголчууд хорин хувийг халаасалсан гээд байгаа Таван толгой өнөөдөр 200 сая ам.долларыг хятадуудад төлөх ёстой.
Нүдээ аниад хөглөрөөд байгаа нүүрснээсээ дөрвөн сая тонныг өгөөд хоёр яс салж болно. Гэтэл гуя дагуулж хүзүү худалдав гэгчээр нөгөөдүүл зээл өгөхийн хажуугаар ойрын таван жилийн олборлолтыг үнэгүй авах заалт гэрээндээ шургуулчихсан. Ухсан зардлаасаа хямд үнээр ойрын таван жилд хятадуудад худалдах гэрээ байгуулчихсан. Гэрээ цуцалбал олон шүүхээр заргалдана.
Тэмээн дээр ямааны гарз гэгчээр шүүхийн зардал нь нүүрсээ бүү хэл ордоо зараад хүрэлцэхгүй. Хятад наймаа гэж үүнийг хэлдэг гэнэ. Хачирхалтай нь энэ гэрээг байгуулсан улстөрчид өнөөгийн хамгийн эх оронч жүжигчид. Энэ бүхнээ далдлахын тулд тэд Оюу толгой, хэлмэгдэл, нэг намын дарангуйлал гэх мэт ардчилсан үгнүүдийг уриа лоозон болгоно.
Өмнөх УИХ бас нэг эх орны эсрэг шийдвэр бол 39-р тогтоол. Энэ тогтоолоор бол Таван толгойн өрмийг зөвхөн гадныхан ухах эрхтэй энэ тогтоол өнөөдөр ч хүчинтэй. Төрийн Таван толгой монгол хүн бүрийн 1072 ширхэг хувьцааг дараад сууж байгаа гэнэ. Харамсалтай нь түүнд тохирсон ашиг олох ямар ч боломж алга. Хусам болсон хэсгийг Эрдэнэс Таван толгой гэдэг компанид шилжүүлээд олборлосон нүүрсийг хятадуудад үнэгүй өгөх гэрээ хийчихсэн.
Өрөм болсон хэсгийг нь гадныхан олборлоно гээд УИХ-ын тогтоол гаргачихсан. Дансаа харвал цагаан дээр хараар таны нэр дээр 1072 ширхэг хувьцаа тан руу мишээсээр. Таван толгойн хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг болсон гэнэ. Харин иргэдийн хувьцаа гэдэг нь цахим сүүдэр болж хувирч байна. 1990 оны хувьцааг коммунистууд ҮҮ-ын цаас, цэнхэр, ягаан хулхи тасалбар гэж нэрлэдэг.
Гэтэл гар дээр баримт болгож тэр цааснууд өнөөгийн үндэсний аварга компаниуд болж хувирсан. Төсвийн 80 хувийг тэд бүрдүүлж, хүн амын 90 хувийг тэд ажлаар хангаж байна. Гэтэл МАН-ын гаргасан хувьцаа нь Таван толгойг алдах аюул дагуулаад зогсохгүй. Цахим машины санамж гэмтвэл хохино болоод өнгөрнө. Бас нэг инээдтэй үзэгдэл бол Төрийн Таван толгойн газрыг хувийн компаниуд ухаад эхэлсэн гэнэ.
Ингээд Таван толгой хэмээх өвөг дээдсээс ирсэн саалийн үнээний эзэн хятадууд уу, өрмийг нь хусах ирээдүйн гадныхан уу, орон нутгийн жижиг хөрөнгөтнүүд үү гэдэг нь тодорхойгүй тарж бутарсан байна. Монгол иргэд хувийг цахим маягаар эзэмшиж байна. Гэх энэ өрөм, хусам ч хүртэх боломжгүй хэлбэр гэнэ.
Бид хэзээ хувьцаагаа барих вэ
Таван толгойн хэмжээний ордын ганц хувьцаа бусад орнуудад 10-25 мянган ам.доллараар үнэлэгдэнэ. Ганц мянган ам.доллараар өмнөх Засгийн газарт хулхидуулсан өндөр Мастнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ тухай сонсоод яаран ухаан алдах унах хэрэггүй. Учир нь өндөр үнэтэй хувьцаа гаргадаг орны төр нь худлаа амладаггүй. Бизнес хийх таатай орчинтой байдаг.
Сүүтэй үнээ бүхэн сүүгээ өгдөггүй. Сүүгий нь уухын тулд хөдөлмөрлөх эрх чөлөөтэй. Үнээгээ торддог байх шаардлагатай. Чил, Канадад ийм нөхцөл бүрдсэн. Тэнд сүү муутай үнээг тордоод сааль хурааж болно. Гэтэл асар их сүүтэй Таван толгой хэмээх үнээнээс хятадууд аль хэдий нь сааль хураагаад эхэлсэн бол монголчууд хятадын саалийн үнэнд мөнгө төлөх нөхцөл бүрдсэн гэнэ.
Хачирхалтай нь энэ бүхнийг зохион байгуулсан улстөрчид өнөөдөр хамгийн эх орончоор тодорч байна. Монголчууд өөрийн хэмжээнд тодорхой хэмжээний олборлолт хийх боломжтой гэнэ. Мэдээж энэ бүхэнд хөрөнгө оруулалт шаардагдана. Энэ бүхнийг хувьцаагаар босгох боломжтой. Энержи ресурс жижиг ордоосоо 700 сая ам.доллар босгосон.
Түүнээс 24 дахин их нөөцтэй төрийн Таван толгой хятадуудын барьцаанд орсон гэнэ. Энэ тохиолдолд Таван толгойн хувьцааг шиншлэх эмчлүүлж байгаа нохой ч барууны хөрөнгөлөг ертөнцөд байхгүй гэнэ. Тэд нэг ногоон бүрийг хөлс хүчээ дуслуулж олдог тул хэр баргийн юманд мөнгөө оруулахгүй. Тэр тусмаа хэний мэдэлд байгаа, хэн нь ухах, тээх нь мэдэгдэхгүй нүүрсэнд мөнгө хаяна гэж байхгүй.
Мөн уул уурхай төмөр замгүй бол мөнгө биш, цус болж хувирна гэдэг. Африк, Арабын улстөрчид уурхайн ашиглалтын төлөө биш, эзэмшлийн төлөө тулаан хийсээр улс орноо сүйрүүлж байна. Мэргэжилтэнүүдийн хэлж буйгаар бол Таван толгойг нэг эзэнтэй болгохгүй бол хэн тоож хөрөнгө хаяхгүй. Мэдээж хятадууд л сонирхоно. Эзэн нь тодроод төмөр замгүй бол хятадууд үнэ тогтоосон хэвээр л байх болно. Хэрэв ард түмэн хувьцаагаа барьж үзмээр байгаа бол.
Х.Баттөгс
Эх сурвалж: "Нийслэл Таймс"