Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь зэс, алтны уурхайн баяжуулах үйлдвэр нээлт энэ сарын 27-нд болох гэж байна. Үүнтэй холбогдуулан “Оюутолгой” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей, баяжуулах үйлдвэрийн ерөнхий инженер н.Ганболд нар өчигдөр мэдээлэл хийлээ.
Камерон МакРей “Энэхүү үйлдвэр ашиглалтад ормогц ирэх оны нэгдүгээр улиралд анхны баяжмалаа үйлдвэрлэж, оны эхний хагас гэхэд бүтээгдэхүүнээ олон улсад худалдаалж эхэлнэ” хэмээн мэдэгдээд Оюутолгойн төслийн үйл явцын талаар танилцуулав.
Ингэхдээ Оюутолгой төслийн эхний үе шатыг амжилттай бүтээн байгуулахад Засгийн газар болон гуравдагч хөрш орны хөрөнгө оруулагчдын тогтвортой түншлэлээс гадна 44 орны 15 мянга орчим ажилчид, Монголын олон зуун компанийн нөр их хөдөлмөрөөр боссоныг онцлов.
Төслийг хэрэгжүүлэгчид “ Энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулсан нь ихээхэн амжилт, монголчуудын хувьд маш том бахархал юм. Оюутолгойн ажилчид болон ханган нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчид, Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмэн бүгд нийлээд нэг гэр бүл болж энэ амжилтад хүрлээ гэж хэлмээр байна.
Анх Оюутолгойг “Айвенхоу майнз” компани 2001 онд нээсэн бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээг хоёр парламент дамжиж зургаан жилийн турш хэлэлцсэний дүнд 2009 оны аравдугаар сарын 6-нд баталсан. Энэ гэрээ бол Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын хамтарч бүтээсэн хамгийн том төсөл.
Үүний үр дүнд Монгол Улсад өдгөө 6.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гэрээ байгуулагдсанаас хойш Монголд гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын тоо 13 дахин нэмэгдсэн гэдэг тоо баримт бий. Хэдийгээр энэ гэрээний төсөл томоохон шүүмжлэл дагуулж буй ч өнгөрсөн хугацаанд төслөөс Монгол Улсад нийтдээ 803 сая ам.долларын татвар төлөөд байна.
Энэ бол зөвхөн баяжуулах үйлдвэрийн барилгын ажил хийгдэж байх үе буюу өнгөрсөн 30 сарын хугацаанд төлсөн татвар. Энэхүү төсөл ийнхүү амжилттай хэрэгжиж байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдад ч Монголд хөрөнгө оруулж болох юм байна гэсэн итгэл төрүүлж байгаа. Үүнээс гадна Улаанбаатарт Нарны гүүрийг гурван жилийн турш барьсан.
Гэтэл Оюутолгой шиг ийм том хэмжээний бүтээн байгуулалтыг 2.5 жилд бүтээн босголоо. Зарим хүмүүс бүр гайхаж байна шүү дээ” хэмээн бахархангуй өгүүлэв. Дэлхийн стандартаар авч үзсэн ч ийм том хэмжээний төслийг ийм богино хугацаанд амжилттай хэрэгжүүлнэ гэдэг үнэхээр гайхамшиг аж.
Мэдээж энэ том амжилтад хүрэхэд хүн нэг бүрийн оролцооноос гадна техник технологийн дэвшил, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж чухал үүрэг гүйцэтгэжээ. Оюутолгой төслийн нэгдүгээр үе шат ийнхүү дуусав. Харин үүний дараа Оюутолгой хүдрээ боловсруулахын зэрэгцээ дараагийн 3, 4 жилд гүний уурхайн барилгаа дуусгаж, баяжуулах үйлдвэрээ өргөтгөх гэнэ.
Улмаар 2017 оноос далд уурхайгаа ашиглаж, 2019 он гэхэд Оюутолгойн уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах юм байна. Энэ хугацааэд мэдээж төрөл бүрийн ашигт малтмал ашигласны төлбөр, татвар хураамж зэргээ Монгол Улс авсаар байх агаад тэдний өгүүлж буйгаар монголчууд энэ төслөөс хамгийн түрүүнд ашгийг нь хүртэх юм байна.
Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагчид энэ төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа эргээд олж авах тэр үед Монгол Улсын Засгийн газар аль хэдийнэ 7-8 тэрбум ам.долларын ашиг хүртсэн байх гэнэ. Эхний шатны хамгийн оргил үед 11 мянган монгол иргэн хамтарч ажиллаж байв.
Дээрээс нь Монголын үндсэний компаниудтай хамтран ажиллаж 1.1 сая тэрбум ам.долларын бараа, үйлчилгээг тэднээс худалдаж авчээ. “Оюутолгой” төслийн хүрээнд орон нутагт хийсэн ажил ч багагүй аж. Өмнөговийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нэг сая ам.долларын зээлийн санг “Хаан”, Хас” банкуудад байршуулсан.
Энэ сангаас 53 иргэн, аж ахуйн байгууллага зээл авч үйл ажиллагаагаа цаашид эрхлэх боломжтой болсон гэнэ. Хандив, тусламжид хүртэл 10 сая орчим ам.доллар зарцуулжээ. Мөн ямар ч дэд бүтэцгүй, эзгүй хээр газар энэ төсөл хэрэгжихдээ бүх дэд бүтцээ өөрсдөө барьсан байх юм.
Үүнд, уурхайн ойролцоо олон улсын стандартад нийцсэн нисэх буудал байгуулж, төслийн усан хангамжтай холбоотойгоор 70 км урттай усны хоолой татаж, Хятадаас цахилгаан эрчим хүчээ авахын тулд Хятад дотор 70, Монголын хилээс Оюутолгой хүртэл 110, нийт 180 км цахилгааны шугам татсанаа ч дурдав.
Мөн Гашуун сухайтын хилийн боомтоос Оюутолгойн уурхай хүртэл 105, Ханбогд сумын төвд 10.3 км зам тавьж, Ханбогдын иргэдийг 24 цагийн турш цахилгаан эрчим хүчинд холбох зорилгоор Оюутолгойгоос Ханбогд хүртэл 35 кВт-ын цахилгааны шугам татжээ. Мөн монголчуудын мэргэжил, боловсролд анхаарч Ханбогд, Даланзадгад, Налайхад МСҮТ шинээр барьж, урьд нь Даланзадгад, Эрдэнэт, Дэрхан, Чойрт байсан МСҮТ-ийг өргөжүүлж, нөхцөл байдлыг сайжруулсан байна.
Ашиглалтад орж буй хүдэр баяжуулах үйлдвэрийн талаар тооны хэлээр хэдэн баримт дурдвал, уг үйлдвэрийг барихад 176317 куб метр буюу 62200 тонн цемент оржээ. Энэ нь дөрвөн орцтой 346 ширхэг есөн давхар байртай хороолол буюу хоёр өрөөтэй 49760 байр барих хэмжээ гэсэн үг аж.
Газар шорооны ажилд л гэхэд зургаан сая 088140 куб метр буюу Зайсан толгойтой тэнцэх хэмжээний шороо зөөвөрлөсөн нь “Зил -130” ачааны машинаар 430 мянган удаа явахуйц хэмжээ юм. Харин үйлдвэрт хэрэглэгдсэн шугам хоолой 82 мянган метр урт бөгөөд энэ нь 91 ширхэг Нарны гүүртэй тэнцэх юм байна.
Ажлын бүтээмжийг тооцвол нэг хүн 24 цаг зогсолтгүй ажиллавал 1792 жил, ажлын найман цагаар бодвол 5376 жил шаардлагатай болно. Мөн үйлдвэрт хэрэглэгдсэн төмөр карказын жин 23098 тонн бөгөөд уг хэмжээ нь гурван ширхэг Эйфелийн цамхагийг нийлүүлсэнтэй тэнцэж, нийт хэрэглэгдсэн кабелийн утсыг уртааш нь татахад Улаанбаатараас Оюутолгой хүртэл буюу 581283 метр болох аж.
Ч.БАЙГАЛМАА