2012-12-18Онгод тэнгэр нь буусан, далд мэдрэмжтэй эсвэл зургаа дахь мэдрэхүй нь нээгдсэн хүмүүс “Зөн билгийн тулаан”-д оролцдог.
Нуусан зүйлийг хаана байгааг нь торолгүй хэлж, сүнснүүдтэй харилцдаг гэлцдэг ийм хүмүүс манай улсад ч олон байдгийг бид “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгээр үзсэн. Тэдгээр хүмүүсийн нэг “Зөн билгийн тулаан-5”-ын ялагч В.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Түүнтэй уулзахаар академийнх нь байранд очиход дугаарлаж буй хүн их байлаа.
-Та аль нутгийн хүн билээ?
-Архангай аймгийн уугуул. Манай аав Архангай аймгийн Ихтамир, ээж Цэцэрлэг сумынх. Харин би Цэцэрлэг суманд төрсөн. Цэцэрлэг бол Хөвсгөл аймагтай залгаа арын сум. Хүмүүс аймгийн төвтэй андуураад байдаг юм. Би айлын хоёр дахь хүүхэд. Дээрээ ах, хоёр дүүтэй. Одоо "Их Монгол" дээд сургуулийн түүх, нийгмийн багшийн ангид сурдаг. Энэ жил гуравдугаар дамжаа. Жилийн дараа түүх, нийгмийн багш болно.
-Бөө болох ёстой юм байна гэдгээ хэдийд мэдсэн бэ?
-2009 оны хавар. Түүнээс өмнө хүний толгой барьж, юм үзэж хардаг байсан. Гэхдээ өөрийгөө бөө болно гэж огтхон ч боддоггүй байлаа. Хүний мэдрэмж хөгжөөд ирэхээр цаанаасаа л хэлээд өгдгийг ойлгосон. Бөө болно гэхээс илүүтэй зан үйлийг нь хиймээр санагдсан шүү. Газар нутагт нь ч очмоор ч юм шиг, нүүрнийхээ урдуур юм унжуулаад хүнд харуулмааргүй санагддаг байсан. Тэгээд л 17 настайдаа нутагтаа очиж, тахилга хийсэн дээ. Тухайн үед өөрийгөө их зоригтой шийдвэр гаргасан гэж боддог.
-Бөө нар багштай байдаг. Харин Таныг багшгүй гэж сонссон?
-Үүнийг өөрийнхөө онцлог бас давуу тал гэж боддог. Гэхдээ надаас өөр багшгүй бөө олон бий. Багшгүй гэхээр хэн ч надад юу ч зааж өгөөгүй гэсэн үг биш. Онгод оруулах, хүн үзэх, хувцас гээд ямар ч зүйлийг хүнээр заалгаагүй гэсэн утгатай. Өнгөрсөн хугацаанд би үүнийг заавал ингэж хийх ёстой ч гэдэг юм уу ерөөсөө өөрийгөө хү чилж байгаагүй.
Яг л хүн өлсө- хөөрөө хоол иддэг шиг бүх зүйл цаанаасаа аяндаа болчихдог. Багш гүй бөөд нэг сул тал бий. Энэ бол итгэл. Хааяа өөртөө эргэлзэх үе гарна. "Зөн билгийн тулаан"- д даалгавар биелүүлж байхад ч өөртөө итгэлгүйгээс болоод алдаж байсан. Гэхдээ багшгүй бөө хүчтэй байдаг.
-Ямар талаараа бусдаас илүү хүчтэй байдаг гэж?
-Багштай бөө эхлээд заасан арга барилаар хүн үзэж, үйлээ хийдэг. Харин багшгүй бөөгийн мэдээлэл ургийн талаас ирдэг. Тиймээс аливаа зүйлд өөрөөр ханддаг. Нэг зүйлийг баталгаатай хэлэхэд багшгүй бөө мөн бол маш догшин сахиустай энгийн хүнтэй харилцаж байгаа мэт хөөрөлдөж чаддаг. Мөн хурдан хугацаанд мэдэрч чадна. Харин багштай бөө үйл хийх маягаар харилцдаг гэж би мэдэрдэг юм.
Би олон бөөтэй ярилцаж, уулзаж байгаагүй. Гэхдээ нэг зүйлийг баттай хэлж чадна. Бөөгийн сахиус тухайн хүний удмаас ирдэг. Ямар ч багштай бөө 3-4 жилийн дараа бие даах чадвартай болдог. Хэрвээ чадахгүй бол ямар нэг асуудалтай байна, татгалзах цаг болсны шинж гэж үздэг. Миний тэнгэр ч тэгж хэлдэг юм. Өөрөөр хэлбэл, 3-4 жилийн дараа улаач багшгүйгээр өөрийн онгодоо аваад явах чадвартай болно гэсэн үг.
Багшаас хамаарах болон хамаарахгүй үе гэж байдаг. Харин багшгүй бөөгийн багш нь шууд онгод нь болдог. Багшгүй бөө 3-4 жилийн алгасаад шууд онгодтойгоо харилцах чадвартай болж байгаа хэрэг юм.
-Бөө нарыг цагаан, хар, шарын тэнгэртэй гэж ангилдаг. Та чухам ямар тэнгэртэй нь вэ?
-Би халх угсааны, цагааны тэнгэртэй бөө. Гэхдээ хослуулдаг. Багшгүй бөөгийн бас нэгэн онцлог нь тэр. Хүн бөө болох анхны үйл хийхдээ цагаан уу, хар уу гэдгээ сонгодог. Миний үгийг олон бөө эсэргүүцэж магадгүй. Улаан, шарын бөө гэж бий. Гэхдээ би түүнийг нь ойлгодоггүй юм. Минийх дээр цагааны, харынх л гэж байдаг. Зарим үед харын үйл хийнэ. Толин дээр харахад хүртэл ажиглагдана. Цагааны бөө гэрэлтэй, харынх заримдаа бүр гэрэлгүй болчихдог.
-Зарим бөө хар, цагаан тэнгэртэй гээд хоёр өөр хувцастай байдаг. Заримдаа хар болоод бусад үед нь цагаан болдог тийм зан үйл байдаг юм уу?
-Монгол олон ястан, үндэстэнтэй. Дархад, буриад, халх, хотгойд, урианхай гээд бөө болгоны ёс нь өөр. Тиймээс хоёр тэнгэр хослуулдаг бөө байхыг үгүйсгэхгүй. Үүнийг бөөгийн ухаан судалдаг хүмүүс сайн хариулах байх. Би өөрийнхөө ярьж байгаа зүйлдээ огтхон ч эргэлздэггүй. Бөөгийн ёсыг нэг зүйлд тулгаж бол доггүй.
Бөө болгон нэг түүхтэй. Эмч хүн үхлийн өмнө хэн ч биш болдогтой адил бөө үнэний өмнө хэн ч биш болдог. Тийм л бөөг жинхэнэ гэж үздэг. Бөө хүнд зүрхэндээ шаналж байгаа үнэнийг нь л хэлэх ёстой.
-Та “Зөн билгийн тулаан”-ы үеэр ослоор үрээ алдсан эхтэй хүүгийнх сүнсийг уулзуулсан. Талийгаач болсон хүний сүнсийг биедээ оруулах амаргүй байх?
-Би зөвхөн нэвтрүүлгийн үеэр биедээ сүнс оруулаагүй. Өмнө нь хэд хэдэн удаа уг үйлийг хийсэн. Гэхдээ энэ бол наанатай цаанатай ойлголт. Хүссэн хүн болгоны сүнсийг биедээ оруулдаггүй. Нас барсан хүний цаг, нас, хүйс, өдөр жилээс гадна яаж нас барсныг тооцоолон өөртэйгөө нийцүүлсэн үед л энэ үйлийг хийдэг. Бөө болоод удаагүй хүн амархан оруулдаг.
Учир нь мэдрэмж нь яг хутга шиг хурц байдаг юм. Бөө хүн босохдоо, үхэхдээ хүчтэй байдаг. Харин тэр хүүгийн сүнсний хувьд тэр шалгаруулалтад миний өмнө Адилбиш эгч орсон. Тэр удган эгчийн дараа ороход бөөгийн сүнс аль хэдийнэ ирсэн байсан. Адилбиш эгч талаас илүү хувийг нь гүйцэтгэсэн. Тийм болохоор дуудаагүй байхад ирсэн дээ. Бараг миний бие рүү дайраад орсон.
Тухайн үеийн бичлэгээ үзээд би уйлж байсан л даа. Яагаад гэвэл тэр шалтгаангүй шаналал байсан юм. Тухайн үед шаналаад дотор муухай болсон. Энэ нь орчинтой холбоотой. Ер нь сүнс биедээ оруулахад орчин нөхцөлөөс их зүйл шалтгаална. Шалгаруулалтын үеэр дуу чимээ, хүмүүс ихтэй байсан. Гэтэл сүнс биедээ оруулахдаа урдуураа гивлүүр унжуулж байгаад гэр бүлийнхэнд нь харуулдаггүй юм.
-Ингэж биедээ сүнс оруулах Танд аюултай биш үү?
-Гурав хоног бие өвддөг. Нас барсан хүний өвддөг байсан бүх өвчин зовиурыг мэдэрдэг. Гэхдээ би ганцаараа сүнс биедээ оруулдаггүй. Эмч хүн болгон тариа хийдэг шиг бөө бүр сүнс биедээ оруулах чадвар бий.
-Хуучны нэгэн байшинд болсон шалгаруулалтын үеэр зураглаачийн дуранд цагаан гэрэл буусан. Түүнийг сүүлд нь сүнс харагдсан гэж нэвтрүүлгийг зохион байгуулагчид тайлбарласныг санаж байна. Та шалгаруулалтын үеэр сүнс харсан уу. Ер нь сүнс байдаг уу?
-Нэвтрүүлгийн үеэр миний хэлсэн үгийг хасчихсан. Би өөрийнх өө нүдээр тэр дүрсийг хараагүй. Гэхдээ нэвтрүүлгийн зураг авч байсан хуучин байшинд эмэгтэй хүнтэй холбоотой гэмт хэрэг гарсныг хэлсэн. Тэнд сүнс байдаг гэдгийг баттай хэлнэ. Сүнс биелэг байдлаар харагдах боломжтой.
-Тулааны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?
-Хүчтэй оролцогч гэхээр хоёр утгатай. Нэг талаас даалгавраа сайн хийдэг өрсөлдөгч байна. Нөгөө талаар надад нөлөөлдөг хүнийг хэлэх байх. "Зөн билгийн тулаан"-д хоёр хүн миний хүчтэй өрсөлдөгч болж байсан. Надад нөлөөлдөг оролцогчоор Загдар удганыг нэрлэнэ. Харин хамгийн хүчтэй, даалгавраа биелүүлдэг өрсөлдөгч бол Энхжаргал.
-Нэвтрүүлгийг үзэхэд Таны хувцас бусдаас өөр харагдсан. Энэ нь багшгүй бөө гэдэгтэй холбоотой юу?
-Би гурван жил бөөлж толь зүүх эрхтэй болсон. Тэгсэн одоогийн бөө нар анхнаасаа л бүх зүйлтэй болж байна. Бөө болсон эхэн үед чонын арьс байгаагүй. Ер нь онгод ороход их хөдөлгөөнтэй, хаа сайгүй тэнүүчилдэг учраас бөө хүний хуяг намирсан, цацарсан, биед тээргүй байдаг. Миний хэнгэргийг ээж маань хийж өгсөн. Дээлийг маань ч гэсэн ээж оёсон. Надад гивлүүр байдаггүй. Хадгаар нүүрээ хаадаг. Миний хадаг эмээгээс минь улбаатай. Дээр үеийн ханан хээтэй хадаг байгаа юм. Одоо ийм хадаг байдаг ч үүн шиг бидтэй нь үгүй.
-Гадаадын зөн билэгтнүүдтэй өрсөлдөөд үзье гэсэн бодол бий юу?
-Байлгүй яахав. Хэрвээ оролцвол ард түмнийхээ итгэлийг алдахгүйн төлөө явна. Санаа зөв бол заяа зөв гэгчээр би ямар ч даалгавар гүйцэтгэх үеэр хичээхгүй. Миний онгод зөв хэлж байна уу гэдгийг шалгана.
-Бөө болгон сахиустай. Таны сахиус ямар уналгатай вэ?
-Сахиус гэж онгодыг хэлнэ. Сахиус лус, тэнгэрийн суудалтай гэж өөр байдаг. Лус суудалтай бол газраар явж юмаа үздэг. Тэнгэрийнхэн бол шууд дээрээс хардаг. Бусад бөө нар олон онгод буулгадаг гэдэг. Миний хувьд сэтигүн, толгой сахиус хөөрдий гэж хоёр онгодтой. Хөөрдий сахиус шарга өнгөтэй азарга унадаг. Намар цагаар их хүчтэй болдог. Яг онгодын угсааг судалбал Хөвсгөлийн цаатан гаралтай гэдгийг мэдэрсэн.
-Бөө хүний хэлж болохгүй зүйл гэж байдаг уу?
-Бий. Бөөгийн яс чанарын, хараалын, үйлийн нууц гэж бий. Хараалтай хүн байлаа гэхэд цагийг нь болоогүй байхад хэлчихвэл хэд дахин үржигдэж нөгөө хүнд очих гээд байдаг сөрөг талтай. Ийм нууцыг задлах эсэхийг онгод нь хэлдэг. Үйлийн нууцыг эхэлсэн байхад нь хэлчихвэл гаждаг. Эдгээрээс хамгийн нууц нь бөөгийн яс чанарынх. Тухайн бөө л тэр тухай мэдэх ёстой гэсэн үг.
Яс чанарын нууцаа хэр их задалж ойлгож чадна, төдий чинээ бөө хүчтэй болдог. Маш чадвартай нисдэг бөө ч гэсэн жижиг зүйл дээр алддаг. Барилдаан нийлдэггүй бөх шиг бөө бүр адилгүй. Аварга хүнийг ч цолгүй бөх унагачихдаг биз дээ. Зарим тохиолдолд маш сайн бөө Их жанжин Д.Сүхбаатарын санаачилсан үндэсний өдөр тутмын анхдагч сонин байсан ч урагтай нь нийцдэггүй. Зарим улаач хүн цаад хүний биетэй зохицохгүй тохиолдол бий.
-Та бурхны шашныг хүлээн зөвшөөрдөг үү?
-Шашных нь хувьд хүлээн зөвшөөрдөг. Харин шашны номыг түгээн дэлгэрүүлэгч лам нарыг наана цаанатай ойлгодог.
-Бөө олширсонтой холбоотойгоор элдэв яриа гарах болсон. Ялангуяа бөө бол лус, бирд хөллөсөн ад чөтгөрүүд гэж ярих болж. Энэ талаархи Таны бодол?
-Бөөгийн шүүлтүүр жилийн өмнө эхэлсэн. Шарын шашныхан ханш нээгдэнэ гэж ярьдаг. Харин бид амьтан сэрэх цаг гэж хэлдэг. Тэгэхээр луу жилийн амьтан сэрэх цагаас морь жилийн амьтан унтах цаг хүртэл бөөгийн шүүлтүүр явна. Энэ нь "Чи бөө мөн үү" гэдгийг тэнгэр нь хэлнэ гэсэн үг. Онгод нь орохоо больсон, эсвэл бөөлөхөөр бие нь өвддөг хүмүүс байдаг.
Энэ нь тэдгээр хүмүүст хамаатай. Ямар ч ад, зэтгэр хүний биед ордоггүй юм. Харин өөр хүний тэнгэрийн сахиусыг хэн нэгэнд авчирч нааж болдог. Өөрөөр хэлбэл, бөө болох ёстой хүний онгодыг улаач болох ёсгүй хүнд наачихдаг. Гэтэл энэ үед бөө болох ёсгүй хүн учраас тэнгэрийн шүүлтээр онгод нь орохоо больдог.
-Онгод нь хаясан хүнд ямар нэгэн сөрөг зүйл мэдрэгдэх үү?
-Яг удмын улаач болох ёстой хүн онгодоо буулгасан тохиолдолд хэзээ ч орхидоггүй. Харин явах зайлшгүй шалтгаан болсон бол асуудалгүй. Бөө бол сэтгэлийн ухаан шүү дээ. Хоёр талтай. Онгодоо явсныг хэрхэн ойлгож байгаагаас ихээхэн шалтгаална. Хэрвээ хаягд лаа, үхнэ гээд бодвол ороож магадгүй. Онгод нь явчихвал зөв талаас нь бодох хэрэгтэй.
-Сүүлд нь хүмүүсийн амны уншлага болоод байгаа асуултыг асууя. Энэ жилийн арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөх үү?
-Юу ч болохгүй. Харин миний харснаар бүүдгэр, хүйтэн өдөр болно. Харин 21-нээс хойш Монголд оюуны их өндөр чадамжтай хүүхдүүд төрнө. Энэ өдөр Монгол Улс сүйрэхгүй, харин ч гэрэлтэнэ. Шинэ цаг, шинэ тоолол эхлэх нь Монгол Улс мандан бадрахын тэмдэг.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: