2012-12-11 "Шинэчлэлийн" хэмээх Засгийн газар таван тэрбум ам.долларын бонд гаргаж, дэлхийн зах

зээлд эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын бондыг амжилттай арилжаалж халаасаа зузааллаа. Энэ тухай өнгөрөгч баасан гаригийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийв.
Юуны өмнө энэ мөнгийг төсвийн алдагдлыг нөхөх гэж Монгол Улсын ирээдүйгээр дэнчин тавьж оруулж ирэх ёсгүй гэдгийг дуулгая. Мөн тодорхойгүй төслийг санхүүжүүлж, халамжийн чиглэлд тараах гэж ирээдүйгээ барьцаалаагүй гэдгийг ч онцлох нь зүйтэй.
Засгийн газар мөнгөтэй болсонд сайд дарга нараасаа эхлээд эгэл жирийн иргэд хүртэл баяртай яваа нь мэдээж. Батынх гэдэг айлд машин хэрэгтэй ч мөнгөгүй бол зээлж байж л хөл дүүжлэх унаатай болж таарна. Хэрвээ түлш авах бэлгүй бол мөнгө зээлж л дөрвөн дугуйтаа хөдөлгөнө.
Энэ бол амьдрахын эрх. Тиймээс мөнгөгүй Засгийн газарт мөнгө зээлэхээс өөр ямар ч арга байгаагүйг сайн ойлгож байна. Харин Батынх гэдэг айл машин авах гэж зээлсэн мөнгөөрөө юу авах вэ, чухам юунд зарцуулах гэж мөнгө зээлсэнд л хамаг учир бий.
Банкны зээлээрээ шатахуун их иддэг гоёмсог машин аваад түүгээрээ зээлсэн мөнгөө төлөх арга хэмжээ авах уу, эсвэл бөх найдвартай, шатахуун бага хэрэглэдэг машин унаад халтуур хийж мөнгөө төлөх үү. Жишээ дурдахад, иргэн Лутаа өрхийн тэргүүний хувьд ямар ч байсан энэ айлд мөнгө хэрэгтэй гээд зээл мэдүүлчихсэн байтал гэнэт их мөнгөтэй болчихжээ.
Гэтэл мань Лутаа тэр мөнгийг чухам юунд зарцуулах тухай төлөвлөгөө гаргаагүй байсан учраас баахан балмагдана. Үүний дараа том хүү нь машин авна гээд хэдэн төгрөг аваад явна. Чухам юунд зарцуулах төлөвлөгөөгүй учраас эцэг Лутаа өгөөд л явуулна. Дунд охин нь байр л авахгүй бол хэцүүдэх нь гэж үглэнэ.
Эцэг Лутаа тусдаа гарахад нь орон гэр төхөөрөөгүй болохоор зээлсэн мөнгөнөөсөө өгөхөөс өөр аргагүй. Бага хүү нь гадаадад сургуульд сурахад бас л мөнгөний хэрэг гарна. Эцэст нь Лутаа үлдсэн хэдэн төгрөгөө дуусгахгүйн тулд хэдэн мал худалдаж авна даа. Монгол ахуйдаа хамгийн ойрчилж байгаа хэрэг.
Түүнд томоохон үйлдвэрлэл эрхлэх хүсэл байвч байгаа хэд нь хүрэхгүй. Яагаад гэхээр хэдэн хүүхдэдээ талаар нэг тараагаад үрчихсэн. Хүүхдүүдээсээ харамлаж зүрхлэх биш. Цөөн тооны мал үр ашгаа өгтөл хол хийгээд зуд турхан хэмээх аюул ч нүүрлэнэ.
Ингээд иргэн Лутаа их хэмжээний өртэй шүүхийн хаалга татсан тохиолдол Монголоор дүүрэн бий. Тэгэхээр Монгол Улсад орж ирж байгаа энэ их мөнгийг зөв л зарцуулах хэрэгтэй. Түүнээс биш бидэнд мөнгө орж ирж байхад хоосноо ойлгосоор байж муучлах гэсэн хэрэг огт биш юм шүү.
Манай Засгийн газарт ч юуны өмнө ийм асуудал тулгарч, Ерөнхий сайдаасаа эхлээд томоохон айдас тээж яваа гэдэгт найдаж байна. "Айж явах аминд өлзийтэй" гэдэг биз дээ. Харин зарим сайд юунаас нь тэгтлээ айдаг юм бэ гэж хэлж суух юм. Үнэхээр "тэнэгийн дотор уужуу" гэдэг л энэ байх даа.
Тийм ч учраас өнгөрөгч баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар "Манай Засгийн газар юу хийчихэв хэмээн айж байгаа байх" гэсэн асуудлыг ч дэвшүүлж байсан. Харин энэ бондод голлох үүрэг гүйцэтгэсэн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр бүх зүйл төлөвлөгөө ёсоор явж учраас айх зүйл алга хэмээсэн нь төрийн нуруу түшилцэж яваа хүний үг биш байв.
Ийм их хэмжээний мөнгийг хоёр үе шаттайгаар /2018, 2022 онд/ төлөхийн тулд Монгол Улсаа барьцаалж авч байгаа юм чинь айдас байлгүй яахав дээ. Бүхэл бүтэн улс, ирээдүй хойчоо барьцаалчихаад огт эмээхгүй байна хэмээн хэлж суугаа хүнийг тэнэг гэхээс өөр үг үл олдоно.
Эгэл жирийн иргэд үр хүүхдээ өртэй Монгол Улсын иргэн болчих вий хэмээн сайд нарын өмнөөс залбирч суухад ийнхүү хэнэг ч үгүй хэлэх нь даанч гэнэн бөгөөд тэнэг хэрэг. Бондын хөрөнгийг уул уурхайн салбараас гадна автозам ба төмөр зам, хөнгөн ба хүнд аж үйлдвэр, эрчим хүч, орон сууц гэсэн таван үндсэн салбарт оруулах юм билээ.
Санхүүжилтээ хүлээж байгаа бүтээн байгуулалтад зарцуулах их мөнгөний дэргэд таван тэрбум ам.доллар бол өчүүхэн мөнгө л дөө. Мэдээж эдгээр бүтээн байгуулалтын төслийг эхлүүлэх өчүүхэн төдий суурь бааз болох төдий л зүйл. Үүн дээр хөрөнгө оруулагчид, бусад зээл тусламжийг нэмбэл босоод ирэх ажил мөн үү гэвэл мөн.
Гагцхүү нарийвчилсан зураг төсөл, эдийн засгийн тооцоо судалгаа л хэрэгтэй байна. Харин энэ салбарт ямар шугамаар яаж хэрэгжүүлэх, хэнтэй хавсрах, хэнийг ажиллуулах тухай ямар нэг тооцоо судалгаа байхгүйгээ Н.Батбаяр сайд үг хэлээрээ биш үйл хөдлөлөөрөө харуулсан.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр зөвхөн 1800 км төмөр зам тавих тухай л ярьж байгаа. Тэрбээр чухам хэдэн төгрөгөөр, ямар төмөр зам тухай ганц ч үг цухуйлгасангүй. Ядахад л нэг км төмөр замыг хэдэн төгрөгөөр тавих тухай дуугарахгүй байгаа нь хачирхалтай.
Бидний оруулж ирээд байгаа 1.5 тэрбум ам.доллар бол цаана бодоход гурван км төмөр зам тавих л мөнгө шүү дээ. Энэ утгаараа маш их мөнгөний тоо сонсогдож байгаа ч бүтээн байгуулалтын дэргэд бол өчүүхэн зүйл. Ийм цаг үед хамгийн хурдан арилжаалагдаж, богино хугацаанд орж ирсэн мөнгийг чухам юунд зарцуулах тухай бодлого боловсруулж суугаа нь хүн бүхэнд эргэлзээ төрүүлж буй нь лавтай.
Өөрөөр хэлбэл, боловсруулсан бодлогогүй, төлөвлөгөөгүй мөнгө зээлчихсэн, тодорхой хэдэн нэр хэлэхээс өөр тайлбаргүй явна. Тиймээс Н.Алтанхуягийн Засгийн газар дээр дурдсан иргэн Лутаа шиг мөнгөө ороод ирсэн хойно юу хийхээ төлөвлөж суухаас гадна төлөвлөөгүй газарт мөнгө оруулахаар тохирсон гэж батлах албан бус эх сурвалж ч бий.
Тэр ч бүү хэл дансаа улайсгасан хэмээн халаглаж байгаа "Эрдэнэс Тавантолгой" компанид эл мөнгөнөөс өгөх сураг чих дэлсээд авав. Үүгээр ч зогсохгүй энэ компанийн уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок "Чингис" бондоос хөрөнгө хүртэх тухай мэдээлжээ.
Гэтэл баруун Цанхид үйл ажиллагаа явуулж байсан компаниудын үйл ажиллагааг цуцалсан. Тиймээс өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулагч болон оператори компаниудын нэр тодроогүй байгаа. Хэн хэзээ ашиглаж, хэзээ эргэлтэд оруулах нь тодорхойгүй байгаа компанид хөрөнгө хуваарилбал ёстой дэмий зүйл болно гэдгийг урьдчилж мэдмээрсэн.
Н.Батбаяр сайд бондын мөнгө хэрхэн, хаашаа, юунд зарцуулагдаж байгааг мессэж, и-мэйлээр гишүүдэд мэдээлэх аж. Тэгэхээр гишүүдэд өгөх мэдээллээ тэрбээр одоо л боловсруулж байгаа гэсэн үг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд Засгийн газраас гаргаж байгаа "Чингис" бондын талаар албаны хүмүүстэй уулзаж зөвлөмж өгөхдөө "Ялангуяа албаны хүмүүсийн хийж байгаа мэдэгдэл үнэтэй болсон.
Олон улсын хөрөнгө оруулагчдыг үргээсэн, популизм хийсэн улстөр явахгүй. Бондоор бодоход УИХ-ын нэг гишүүн хариуцлагагүй мэдэгдэл хийхэд ойролцоогоор 10 сая ам.доллар болж монголчуудын нуруунд бууна. Өмнө бид татварынхаа хуулиар мөнгө цуглуулаад төсвөө бүрдүүлж, асуудлаа тогоон дотроо ярьдаг байсан.
Одоо бол дэлхий нийтийн өмнө хийж байгаа үйлдэл бүхэн, хэлж байгаа үг бүхэн чинь үр дагавартай" гэж анхааруулсан. Гэтэл Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа "Шударга ёс" эвслийнхэн даргыгаа аврахын тулд Засгийн газраас гарна хэмээн сүрдүүлэг үзүүлсний хүчинд манай Засгийн газраас гаргасан бондын ханш тэр өдөртөө шууд унасан мэдээлэл дэлхийд цацагдсан.
Ц.Элбэгдорж эрхбиш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд үүнийг анзаарсан байлгүй дээ. Мөн тэрбээр "Бондын хүү өнөөдрөөс эхлэн бодогдож байгааг мартах эрхгүй. Энэ бодлого Монгол Улсын хар хайрцагны бодлого байх ёстой. Тэр хүмүүс авсан, бид төлөхгүй гэж тайвширч болохгүй.
Заавал төлөгдөх ёстой шүү дээ. Төлөхгүй бол тэр бондыг өөр улс худалдаж аваад манай улс хэн нэгэн улсын эрхшээлд л орно гэсэн үг. Ер нь энэ бонд бол Монгол Улсынхаа нэр хүндээр дэнчин тавьж байж авсан өр шүү" гэж анхааруулсан.
Ерөнхийлөгчөөсөө эхлээд ийнхүү айж явахыг албаны хүмүүст сануулсан ч зарим сайд эмээх шаардлага алга хэмээн ярьж байгаа нь ч учир дутагдалтай юм. Энэ бол үндэстний хэмжээнд яригдах асуудал болохоос биш хэн нэгэн сайд цэнхэр дэлгэцээр зоригтой, айдасгүй хүн болох гэж гангардаг зүйл биш л дээ.
С.УУГАНБАЯР