2012-12-08Нийслэлийн Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн тийш 130 км зайд Хэрлэн голын сав
газарт оршдог Монгол улсын Нийслэлийн алслагдсан дүүрэг. БНМАУ-ын АИХТ-гчдийн 1980 оны 02дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар зарлигаар Улаанбаатар хотын Багануур район нэртэйгээр байгуулагдсан.
62,2 мянган га нутаг дэвсгэртэйн 41.6 мянган га нь хөдөө аж ахуйн, 19.3 мянган га нь хот суурины, 4.71 га нь зам шугам сүлжээний, 14.26 га нь улсын тусгай хэрэгцээний, бусдыг ойн болон усны сан эзэлдэг. Зөөлөвтөр цайвар хөрстэй. Далайн төвшингөөс 1276-1333 метр өргөгдсөн. Жилийн дундаж температур 2,5 – 4,5 цельсийн градус, жилдээ 250-260 мм хур тунадас унадаг. Хан Хэнтийн нуруунаас эх авсан Хэрлэн гол дүүргийн нутаг дэвсгэрээр 14 км урсан өнгөрдөг.
Засаг захиргааны 5 хороо, 7570 өрхийн 27036 хүн амтай. Хүн амын 65 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг ба эдгээрийн 33 хувь буюу 9045 нь 0-18 хүртэлх насны иргэд байна.Нийт өрхийн 41.7 хувь буюу 3160 өрх байр, орон сууцанд, 26.1 хувь буюу 1981 өрх амины хашаа байшинд, 2408 өрх гэрт амьдардгаас 240 өрх нүүдлийн мал аж ахуй эрхэлж байна.
Нутгийн өөрөө удирдах байгууллага Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар нь дүүргийн хөгжлийн бодлого чиглэлийг тодорхойлж нутгийн захиргааны байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэр аж ахуйн газрууд, хувийн хэвшлийн байгууллага аж ахуйн нэгжүүдийн хамтын оролцоонд түшиглэн төрийн үйл ажиллагааг явуулдаг.
Төрийн захиргааны 10, төрийн тусгай чиг үүргийн 6, төрийн үйлчилгээний 14, төрийн бус 63 байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит ХК 7 , хувийн хэвшлийн 354 аж ахуйн нэгжид 8936 иргэн хөдөлмөр эрхэлж байна.
Төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын 2400 суудалтай 3 сургуулийн хичээлийн 7 байранд 5317, сургуулийн өмнөх боловсролын 1260 ортой 5 цэцэрлэг, хувилбарт сургалтын 3 бүлэгт нийт 1789 хүүхэд суралцаж байна.
Ээлжиндээ 60 хүүхэд хүлээж авах Тэмүүлэл хүүхдийн зуслан дүүргээс 8-кмт байгалийн үзэсгэлэнт Нарийны аманд байрладаг.
300 хүний суудалтай Өргөө соёлын ордон, 30000 номын фондтой 5 Номын сангаар жилд 35000 гаруй хүнд соёл урлагийн үйлчилгээ үзүүлдэг. 850 хүний суудалтай Соёлын ордонг барьж байна.
167 ортой Эрүүл мэндийн нэгдэл/ Дотор, Мэс засал, Хүүхэд, Төрөх, Халдвартын тасаг/, эрүүл мэндийн 4 төв, хувийн хэвшлийн 2 эмнэлэг, 4 эмийн сангийн 10 салбараар иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг.
400 хүний суудалтай Биеийн тамир спортын ордон, 600 хүний суудалтай Уурхайчин спорт цогцолбор, цогцолбор сургуулиудын биеийн тамирын 3 зал танхимтай.
Иргэдийн амарч зугаацах Д.Нацагдоржийн талбай, Эх үрсийн талбай, Наадмын талбай, Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн, 8 усан оргилуур, 19 хүүхдийн тоглоомын талбай, хөшөө баримал 9 байна.
2011 оны жилийн эцсийн байдлаар 92066 толгой мал сүрэг тоологдсон.Үүнээс тэмээ 74, Адуу 6021, Үхэр 5843, Хонь 46238, Ямаа 33890 толгой. 122 га талбайд төмс хүнсний ногоо тариалж жилд дунджаар 665 тонн ургац хураан авдаг.
Аж үйлдвэрийн нийт бүтээгдхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 81.9 тэрбум төгрөгт хүрч салбарын өсөлт 9.7 хувьд хүрсний 6.1 хувийг төмөр арматур үйлдвэрлэл, 3.3 хувийг нүүрс олборлолт, 0.3 хувийг дулаан үйлдвэрлэл, 0.1 хувийг талх нарийн боовны үйлдвэрлэл хангаж байна.
1978 онд байгуулагдсан Багануур Хувьцаат Компани нь 599 сая тонн буюу 150 жилийн хүрэн нүүрсний нөөцтэй. Жилд 4.0 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Монгол улсын нүүрсний хэрэгцээний 50% гаруй, төвийн бүсийн 60% гаруй хувийг дангаараа хангадаг нүүрсний ил уурхай юм. Ордын байршлын хувьд Хэнтийн уулархаг мужийн зүүн өмнөд хэсэгт Хэрлэн голын баруун эргийн дагуу оршдог. Орд газрын гадаргын өндөршилт нь далайн түвшнээс дээш 1332.9-1376.3 м-ийн хооронд хэлбэлздэг.
Нүүрсний орд нь зүүн хойноос баруун урагш чиглэсэн суналын дагуу уртаараа 12 км, өргөнөөрөө 4-5 км талбай эзэлж мульд маягаар тогтсон үндсэн 3 давхаргаас бүрдэнэ.
Олон улсын төмөр замын сүлжээнд холбогдсон Багануур өртөө нь жилдээ 4.0 сая тонн хүртэлх ачаа эргэлтийн хүчин чадалтай. Салбар замгүй харилцагчдад үйлчлэх ачаа ачих, буулгах салбар зам,талбай, 300 мкв агуулах, 12 тн даацтай гүүрэн кранаар үйлчилгээ үзүүлж байна.
Монгол улсын зүүн, өмнөд бүсийг эрчим хүчний сүлжээгээр хангах БЗӨБЦТС-ХК нь 1 дүүрэг, 7 аймгийн 56 сумын 520 гаруй мянган хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэрт байрлах 35768 хэрэглэгчийг 4 салбараар цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах, түгээх үйл ажиллагааг явуулж байна. Төвийн эрчим хүчний системийн 0.4-220 кВ хүчдэлийн 3774,14 км агаарын болон кабель шугам, 372 дэд станцаар 280 гаруй сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээдэг.
Багануур Дулааны станц нь Ус халаагуурын 8 зуух, 5 насосоор цагт 1600 тонн 120 гкал, жилдээ 170000 гкал дулаан үйлдвэрлэж 3000 орчим айл өрх, 120 гаруй үйлдвэр аж ахуйн газрыг хангаж байна.
- Ус хангамж, ариутгах татуурга, дулаан түгээх болон орон сууцны шугам сүлжээний засвар үйлчилгээний ажлыг хариуцан гүйцэтгэдэг Багануур- Ус НӨҮГ-ын 12000 м3 усаар хангах цэвэр усны станц хоногт 5 ,0 мянган шоо метр ус түгээж, 8,5 мянган шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг цаашид нэмэгдүүлэх бололцоотой .
Хэрэглэгчдийг холбоо мэдээллээр хангагч Мэдээлэл холбооны сүлжээ ХК-ний Багануур салбар, Монголын цахилгаан холбоо компаний Багануурын Холбооны газар, үүрэн холбооны GSM CDMA системийн Мобиком, Скайтель, Юнитель, Жи-мобайлын салбарууд 20 гаруй мянган хэрэглэгчид үйлчилгээ үзүүлдэг.
- Шилэн кабелиар дамжуулах сүлжээнд холбогдсон.
- Starmax-155SDH төрлийн 155мб/с-ийн багтаамж бүхий тоон дамжуулах систем
- 102,5, 105.5 МГц-ийн давтамжтай FM радио нэвтрүүлэх 2 станц
- ТСЗВ-100 вт, 300 вт, 500 вт-ын хүлээн авах, нэвтрүүлэх хүчин чадалтай 2 телевиз
- Кабелийн олон сувгийн 2 дамжуулах станц
- Орон нутгийн 2 сонинтой.
Банк санхүү, хөрөнгийн зах зээлийн орчин үеийн мэдээллийн сүлжээнд бүрэн холбогдсон ХААН, Хас, Голомт, Капитал, Хадгаламж банкны салбар, тооцооны төвүүд хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээг цогцоор үзүүлдэг.
Хэрлэн, Сүлжээ зэрэг томоохон худалдааны төвүүдээс гадна хүнсний төрөлжсөн Марал, Жигүүр, Гүн ундарга, B@M, Ахиц,Оранж, Доун, Найман наран,Хушинга хайрхан зэрэг 131 дэлгүүр, аж үйлдвэрийн барааны 26 дэлгүүр, 12 бар ресторан үйлчилгээ үзүүлж байна.
Араг бургас, Ажилчин хүн, Ноён тур, Маргад өгөөж зэрэг амралт аялал зугаалгын 4 газар , Доун, Соронз, Багануур сувилал, Отгонтэнгэр, Ирмүүн дэлгэрэх, Зобо зэрэг 6 зочид буудал жилд 5500 үйлчлүүлэгч хүлээн авч байна.
Шатах тослох материалын худалдаа,үйлчилгээ эрхэлдэг Ник-Петровис ХХК, Шунхлай ХХК, Магнай Трейд ХХК-ын шатахуун түгээх салбарууд 8 станцаар жилд 1.6 сая л бензин, 0.9 сая л дизель түлш, 31.0 мянган кг техникийн тос борлуулж байна.
Түүх, соёлын дурсгалт газрууд
4-р хорооны нутаг дэвсгэр Хэрлэн голын “Бүрэг эрэг”- Монголын нууц товчооны 96.-д “Тэмүжин нарын Сэнгүр горхиноос нүүж нутагласан нутаг” хэмээн тэмдэглэгдсэн.
- “Аягын ам”- Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн төрсөн нутаг,_гэрийн буурь.
- Д.Нацагдоржийн хөшөө-Дүүрэг үүсч байгуулагдсаны 20 жилийн ойд зориулж босгосон.
- Багануур өндөрлөг хөшөө-Дүүрэг үүсч байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан босгосон
- Д.Нацагдоржийн “ Миний нутаг” Боржин дээрх сийлбэрэн шүлгэн хөшөө
- Хан Хэнтийн нурууны төрийн тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газар Бурхан Халдун уул нь Багануур дүүргээс хойд зүгт 140 км-т оршдог
- Тэмүжинг Чингис хаанд өргөмжилж Монголын Нууц Товчоог бичиж дуусгасан Хэрлэнгийн хөдөө арал нь Багануур дүүргээс зүүн өмнөд зүгт 140 км-т оршдог
- Ар халхын Утай гэгдэх шашин мөргөлийн төв Балдан бэрээвэн хийд нь дүүргээс зүүн хойд зүгт 140 км-т оршдог.
ХӨГЖЛИЙН ТААТАЙ НӨХЦӨЛ БОЛОМЖ
- Газар зүй, бүс нутгийн байршил
- Эрдэс баялаг түүнийг дагасан ажлын байр, хүний нөөц
- Монгол улсын төв болон зүүн бүсийг холбосон авто зам
- Олон улсын төмөр замын сүлжээ
- Эрчим хүчний сүлжээний хуваарилах төв
- Ундны болон хэрэглээний усны эх үүсвэр
- Холбоо мэдээллийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи
- Дулааны эрчим хүчний найдвартай эх үүсвэр
- Банк санхүү, хөрөнгийн зах зээлийн цогц үйлчилгээ
- Төрийн төвлөрсөн үйлчилгээ
- Их дээд сургуулиудын оюутны хотхоныг Багануур дүүрэгт байгуулах тухай Монгол улсын Засгийн газрын шийдвэр
ЭРДЭС БАЯЛГИЙН НӨӨЦ
- Нүүрсний 8 ордны илэрц
- Цагаан тугалгын 10 ордны илэрц
- Алтны 7 ордны илэрц
- Кварцын 10 ордны илэрц
- Хайлуур жонш
- Болор
ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД
Багануур дүүргийн хөгжлийн чиг хандлага нь байгалийн баялаг, түүхий эдийн нөөцөө ашиглан, Багануурын нүүрсний уурхайг түшиглэн нүүрсийг гүн боловсруулах, өндөр технологи нэвтрүүлэх замаар үндсэн болон дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэх дагнасан хэлбэрийн үйлдвэрлэл технологийн парк барьж байгуулах явдал юм.
Монгол улсын Засгийн газрын Улаанбаатар хотын бүсийн хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан “Улаанбаатар хотын бүсэд аж үйлдвэр, технологийн парк” байгуулах тухай шийдвэрт:
“Багануур” үйлдвэрлэл технологийн паркын хүрээнд байгуулагдах үйлдвэрүүдийн чиглэлүүд:
- Нанобиотехнологийн туршилт, сургалт, судалгаа, үйлдвэрийн цогцолбор
- Мах, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр
- Нүүрс баяжуулах үйлдвэр
- Гумины бордооны үйлдвэр
- Барилгын материалын үйлдвэр
- Нүүрс шингэрүүлэх төсөл
- Аялал жуулчлал
- Байгалийн нөхөн сэргээлт г.м
Дээр дурьдсан үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажил 3 үе шаттай хэрэгжинэ.
Нэгдүгээрт: 2008-2009 онд ҮТП-т шаардлагатай баримт бичгүүдийг боловсруулж, хууль, эрх зүйн орчинг бүрэлдүүлэх,
Хоёрдугаарт: 2010-2015 онд паркын үйл ажиллагааг эхлүүлж, графикт төлөвлөгөөний дагуу үйлдвэрлэлийн хүч чадлыг тодорхой түвшинд хүргэх,
Гуравдугаарт: 2016-2021 онд үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж паркийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа жигдрэн хөгжлийн шатандаа орох боломжтой.
Дээрх төслүүд хэрэгжсэнээр Багануур дүүрэг нь эдийн засгийн хувьд биеэ даасан, ажилгүйдэл ядуурлыг бүрэн арилгасан, байгаль орчинд сөрөг нөлөө багатай орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилагдсан хүнд, хөнгөн үйлдвэрийн хот болон хөгжинө. Цаашид дээрх чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, дэвшилтэт техник технологийг нутагшуулах, нийгэм, соёлын салбарт гадны түншүүдтэй хамтран ажиллах бодлогыг хэрэгжүүлнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас Багануур дүүрэгт Их дээд сургуулиудын оюутны хотхоныг байгуулахаар шийдвэрлэсний хүрээнд дүүргийн ИТХ-аас хотхоны байршилд зориулан 10000 га газрыг олгохоор шийдвэрлэв.
Их дээд сургуулиудын Оюутны хотхон тус дүүрэгт байгуулагдсанаар 20 жилийн дараа 200 орчим мянган хүн амтай Монгол улсын уул уурхай, оюуны үйлдвэрлэлийн томоохон төв болж өргөжин хөгжих бололцоо бүрдэж байна.
WWW.BOLOD.MN