2012-12-06Хүн нэг өдрийн амьдралын зөв хэмнэлийг бий болгож чадвал, бүх талаараа төгс рүү дөхөж, их хэргийг бүтээж чадна.
Өөрийгөө олон талаас нь нээж хөгжүүлж, ухаан саруул, бие эрүүл, сэтгэл өөдрөг ажиллаж, амьдарч, хүн төрөлхтөнд их зүйлийг хийж бүтээж үлдээсэн хүмүүсийг судлахад олонх нь нэг өдрийн бүтээмжээр дүүрэн хэмнэлийг бий болгож, түүнийгээ ягштал мөрдөхийг эрхэмлэдэг ажээ. Бидэн шиг нэг ухаан орохоороо өдөр шөнөгүй морь мал шиг зүтгээд, тэгээд сар өдрөөр унтаж, цэнгэх биш, алгуур аажим ч болтугай жигд хэмнэлээр ажиллаж, амьдарвал маш ихийг бүтээж чадах ажээ.
Хэрвээ хүн 90 наслана гэж үзвэл 32800 өдөр л амьдарна. Энэ өдрүүдээсээ одоо хэдийг нь өнгөрөөчихөөд байгаа билээ? Амьдрал эдгээр өдрүүдээс л бүрдэж байгаа болохоор нэг өдрийн зөв хэмнэлийг бий болгож чадвал, амьдралын маань бүх өдрүүд бүтээмжтэй, сайн сайхан өнгөрнө гэсэн үг. Тиймээс нэг өдрийн бүтээмжтэй, аз жаргалтай, өөрийгөө хөгжүүлсэн, ихийг амжуулсан, эрүүл мэнддээ анхаарсан, оюун сэтгэлээ хөгжүүлэхүйц зөв хэмнэлийг хэрхэн бүтээх вэ.
Нэгэн мэргэн хүнээс асуужээ, -Ер нь, яаж амьдарвал дээр вэ? - Яах юу байх вэ дээ, 24 цагтаа л багтаж амьдарвал дээр шүү дээ... хэмээжээ. Бидэнд оногдож буй 24 цагаа оновчтой хуваарилах хэрэг гарч байгаа юм.
7 цаг - Унтах
2 цаг - Хооллох,ундлах
8 цаг - Ажил, сургууль буюу үндсэн үүрэг
2 цаг - Өөрийгөө хөгжүүлэх буюу ном унших, сонгодог хөгжим, яруу найраг сонсох г.м
1 цаг - Зөвхөн эрүүл мэнд, гоо сайхан ба биеийн хөгжилдөө зарцуулах. Өдөр тутмын дасгал хөдөлгөөн, алхах, гүйх, иог, бясалгал, гоо сайхандаа анхаарах, эрүүл мэндтэй хамааралтай зүйл унших гэх мэт
1 цаг - Зөвхөн амрахад зориулах. Ямар ч ажил бодохгүйгээр өөр зүйлүүдэд цаг гаргах. Найзуудтайгаа уулзах, ажлынхантайгаа буу халах, гэр бүлийнхэндээ зав гаргаж ярилцах, хүүхдүүдтэйгээ тоглох, (долоо хоногтоо нэг удаа урлагийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн үзэх, салхинд гарах, голын эргээр алхах гэх мэт)
1 цаг- Чөлөөт цаг /Зөвхөн өөрийнхөө хобби сонирхолд зориулах, спорт, цуглуулга, интернэтээр аялах, сонин с э т г ү ү л унших, өөртөө хэрэгтэи сонгосон нэвтрүүлэг, мэдээгээ үзэх, (Ямар ч зорилгогүй суваг солиод суугаад байж болохгүй. Саяхны судалгаагаар зурагт бол тэргүүн зэргийн цагийн алуурчнаар тодорсон)
1 цаг- Өөрийгөө сонсох. Зөвхөн өөртөө зориулах цаг. Өөртэйгөө ярилцах, өөртөө асуулт тавих, өөрийнхөө алдаа оноог дүгнэх. Зорилго, хүсэл мөрөөдлөө эргэж нэг харах. Шаардлагатай бол өөрчлөх. Орой бүр тухайн өдрийнхөө алдаа оноог дүгнээд байвал, та бие хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлэх нэг арга болох юм. Энэ өдөр би юу хийж бүтээв, юун дээр алдав, яагаад бүтээмжгүй байна, хэнийг гомдоов, хэнийг баярлуулав, яагаад гомдоов, зорилгынхоо төлөө нэг ч гэсэн зүйл хийсэн бил үү, хийж байгаа зүйл минь миний хийх зүйл мөн үү, юуны тулд энэ бүхнийг хийж байгаа билээ гэх мэт. Ихэнхдээ бид өөртөө дүгнэлт хийх нь бага бөгөөд нэг л мэдэхэд бүх зүйл өнгөрч, хожимдсон байдаг.
1 цаг- Тээвэрлэгдэх, зөөвөрлөгдөх, түгжлэх, хүлээх цаг, Гэхдээ энэ цагийг ч бас үр бүтээлтэй өнгөрөөх арга замууд байдаг. Та өөрөө бодоод олчихно байх. Жишээ нь: Зам түгжирсэн бол, сонсдог ном зохиол, яруу найраг, аудио зөвлөгөө сонсох, Ирээдүйн ажлаа төлөвлөх, мөрөөдөх гэх мэт байж болно. Бухимдлаа гээд замын бөглөрөл арилчихгүй шүү дээ.
Та эндээс санаа аваад, өөрийнхөө сонирхол, ажил төрөлд тааруулаад өөрийн гэсэн хуваарийг бий болгож болно. Дээрх хуваарийн хувьд бол дундаж үзүүлэлтээр тооцож гаргасан. Энэ хуваарийн зарим хэсгүүд нь хоорондоо холилдож болно. Цаг нь ихсэж, багасаж болно. Эхний үед яг хатуу цаг барих гэхээсээ илүү ерөнхий хуваарь гаргаж, аажимдаа нарийвчилвал үр дүн сайн гарна. Энэ хуваарь т а н д таалагдахгүи ч байж болно. Та хуваарилахыг хүсэхгүй ч байж болно. Энэ бол таны л сонголт.
Гэхдээ энэ хорвоо дээр байгаа бүхий л зүйлс нарийн хэмнэл зохион байгуулалттай байх тусмаа илүү хүчирхэг, илүү олон зуун жил оршин тогтнодог гэдгийг та юу эс андах билээ. Ямар нэгэн зүйлийн хэмнэл нь алдагдаж, доголдоод ирэхээрээ сүйрэл нь ойртдог шүү дээ.
Өөрийн амьдралын хэмнэлээр ихийг хийж бүтээсэн хүмүүсээс дурдвал, Д.Равжаа хутагт тогтмол нэг цагт босож, уул хад болон номын өргөөндөө ирж бүтээлээ туурвидаг байжээ. Яруу найрагч Д.Урианхай гуай тогтмол 11 цагт унтаж өглөө таван цагт босдог. Босоод бясалгал, залбирлаа үйлдээд, өдөр бүр 12 цаг бодож тунгаах, бичих туурвихдаа зарцуулдаг.
Хятад хэлний багш Д.Болдбаатар хоёр жилийн хугацаанд дөрвөн томоохон сурах бичиг, толь гаргасныгаа аажуу, жигд хэрнээ тасралтгүй нэгэн хэмнэлээр ажилласны үр дүн хэмээсэн байдаг.
Леонарда Да Винчи дөрвөн цаг ажиллаад 20 минут унтдаг (өдөр шөнө гэж ялгалгүй, энэ л хэмнэлээрээ ажилладаг байсан гэдэг) байсан.
Эх сурвалж: Улаанбаатар сэтгүүл