2012-12-04Намайг Цэрэн гэдэг. Ихэнх нь л сэгсгэр Цэрэн гэдэг байсан даа. Одоо намайг тэгж дууддаг
хүн өдрийн од шиг цөөхөн болж. Цэрэн гэнэ үү, сэгсгэр Цэрэн гэнэ үү, надад ер хамаа байхгүй.
Цэрэн гэдэг уртнасан гэсэн үг. Би нэрнээсээ болсон уу, ажил амьдрал, байгаа байдал, хувь заяанаасаа болсон уу, хэрдээ урт наслаж яваа хүн. Одоо наян тавтай.
Хүмүүс намайг “Энэ зөнөсөн өвгөн одоо юугаа ярьдаг юм бэ!” гэж бодож байгаа байх. Тэр нь нэг талаар зөв. Өвгөд, эмгэдийн үгийг одоо тоохоо больсон цаг. Гэхдээ бидний үгийг сонсох дургүй болсон нь нөгөө талаар буруу юм. Юу гэвэл: хүний үгэнд заавал нэг шинэ юм, сонсоогүй “мэдээ” байдаг. Заримдаа санаа авах зүйл ч гарна. Тэгж бодсоноос ч болсон юм биш, ер нь л намайг тойроод болоод байгаа юмыг яримаар санагдаад ер нэг болохгүй үгээ эхэлчих нь энэ. Тэгээд ч сүүлийн нэг тохиолдлыг хүнд ярихгүй өнгөрчихвөл Тэнгэр намайг өршөөхгүй байж ч мэднэ. Тэгэхээр ярих нь л зөв. Гэхдээ тэр тохиолдлыг хамгийн сүүлд ярина. Яагаад гэвэл яриа маань явсаар явсаар урт болчихож магадгүй. Юмыг учир утгатай, цэгцтэй үгүүлэхийг хичээх нь чухал.
Эхлээд хоёр зүйл хэлье. Би худлаа ярихгүй. Одоо бол миний хувьд худлаа ярьж өөрийгөө “хөгжөөдөг” нас биш. Бас миний энэ яриад байгаа бүхэн хэн хүнд нэг “үлгэр” өгнө. Тэр нь хүний амьдралд хэрэгтэй гэж бодож байгаа юм. Тэр тухай тайлбарлах ч хэрэггүй. Аяндаа ойлгогдоно.
Зуун нас руу ойртоод л байгаа энэ амьдралдаа би хоёрхон юмыг гайгүй дориун хийж чаддаг болсон хүн. За, гурав ч байж магадгүй. Тэр нь өөр яриа юм.
Миний чаддаг юм барилгын ажил л байсан л даа. Улс болгонд л байдаг барилгачдын нэг. Багаас гартаа жаахан бүлтэй байсандаа л барилгачин болсон, барилгачин ч юу байхав, барилга дээр юм зөөдөг хүн болсон байх. Нарийндаа бол, хоёр давхар байшин барих моод гээч нь дэлгэрснээс л би барилгачин нэр зүүх болсон. Одоо болохоор тэгж л бодогддог юм. Бас нэг шалтаг нь бие биенээ дууриадаг хүний нэг хөнгөмсүү зангаас л үүдэгдсэн хэрэг болов уу даа.
“Нэг газар хоёр давхар барилга барьдаг болж гэнэ” гэхээр л газар болгон л хоёр давхар барилгатай болох гээд сандарцгаагаад эхэлсэн шүү дээ. Нөгөө дээд давхартаа гарах шатгүй барьчихсан хоёр давхар гэдгийг чинь би ч бас барилцсан түүхтэй юм. Дотроос нь ч, гаднаас нь ч өрөөд л байсан, өндөрлөөд л байсан, дуусах үед нь тийм юм болцорсныг мэдэцгээсэн юм.
Арай ч газар сайгүй л “шатгүй хоёр давхар” гээчийг нь бариагүй л дээ. Гэхдээ нэг хэсэг “хоёр давхар байшин бария” гэж чармайдаггүй газаргүй болсон. Тэр бүхэнд, бараг л цөмд нь би оролцсон доо. Улс орныхоо нутаг нугийг гүйцээж орхисон, хэрдээ азтай хүн.
Миний хэрэг юу байдаг вэ? гэхээр байшинг чулуугаар ч барьсан, тоосгоор ч барьсан хоёр давхарт гаргах бүх л материалыг зөөнө. Тэр тийм ч амар ажил биш. Чадал муутай, дээр нь залхуу хүмүүст бол ёстой “тамын ажил” гэдэг нь байсан. Тийм болохоор хоёр давхартаа хүрэнгүүт ажил баахан саатаж, нөгөө заан тугалах шиг юм болдог гэдэг чинь тэр. Нуруун дээрээ хэдэн кг чулуу тавьчихаад нэг их ядарч зүдрэлгүй, залхуурч хойргоших нь бага шиг алхаад байдаг нь би л байлаа. Надад хаа газрын барилгачид дуртай. Тэрэнд нь хөөрхөн омогшино.
За тэгээд миний өөр нэг эрдмээс болоод хаа ч очсон хүмүүс намайг жигтэйхэн их хүрээлдэг болсон юмаа. Зарим нь ч бүр хайртай майртай л болоод явчихна.
Би идэр залуугаас саксфон гэдгийг тоглоод сурчихсан золиг юм. Саксфон бол ид шидтэй хөгжим. Би авъяастай, адтай сайндаа ч түүнийг тоглож сураагүй. Зүгээр л сохор аз таарсан байх. Ямар тохиолдлоор ч юм бэ, тийм хөгжим манай сумын “Улаан булан”-д ирээд хэдэн жил тоосонд дарагдаад хэвтчихсэн байж. “Улаан булан”-гийн эрхлэгчийг хэн хүн хийдэг, тэгсэн мөртлөө удаж төдөх нь ховор, мандолин хөгжим тоглодоггүй л бол солигдоод орхидог тийм цаг байсан юм.
Хэн нь анх тэр саксфоныг авч ирсэн, юу гэж авч ирсэн, тэр байтугаа тэр нь хэний мэдлийн, ямар үнэ цэнэтэй эд байсныг сүүлдээ хэн ч мэддэггүй болж.
Суманд нэг сүрхий шинэчлэгч, бүтээгч дарга ирэхдээ нөгөө “хэрэггүй хөгжим”-ийг актлаад орхиж гэнэ. Аливаа зүйл хэргээ хийж чадахгүй бол түүнийг “данснаас хасаж”, түүнээ “актлах” гэдэг байлаа шүү дээ.
Сониуч зантай ах маань тэр актны хөгжмийг надад авчраад өгөв өө. Ямар учиртай юм бэ, ах яаж түүнийг авсан юм бэ, би огт мэдээгүй. Нөгөөхөө янгинуулаад л байсан, янгинуулаад л байсан. Түүнээс болж хичнээн ч хүнд загнуулсан юм бэ мэдэхгүй. Заримд нь бүр алгадуулж ч явлаа. Тэгж тэгж сүүлдээ овоо ая маягтай юм оруулж ч чаддаг болоод явчихсан даа.
Саксфон гэдэг эзэн болж чадвал ёстой чухам үлгэрийн юм шиг хөгжим. Ялангуяа гуниг гансралыг яаж гаргана гээ. Зүгээр уйлаад л байна. Уйтгар, санагалзал, энсэл, дотоод гарцаардал... Түүнд ер илэрхийлж чадахгүй юм байхгүй. Заримдаа тоглож байхад хацар дагаад нулимс мэлтгэнэчихсэн байна. Гэхдээ дандаан тийм ая тоглоход сэтгэлд хүнд л дээ. Зүрхшээнэ. Тэр байтугаа бүр халшрана гээч.
Би уянгын аялгуунд илүү дуртай байсан. Миний тоглодог бүх аялгуу, уйтгартай нь ч, намуун дөлгөөн, сэтгэл догдлуулсан нь ч голцуу өөрийн маань зохиол байсан гэвэл хүмүүс үнэмшихгүй л дээ. Ноот моот мэддэггүй болохоор тэмдэглэж чадахгүй. Надаас миний тоглодог аянаас сурч, тоглож байсан хүнгүй. Тоглоод л өнгөрнө. Тоглоод өнгөрөх юу байхав, уг нь надтайгаа л хамт яваад л байгаа юм. Одоо цөмөөрөө над шигээ зөнөж дээ.
Санаа сэтгэл энсээд ирэхээр саксфон хөгжим аяндаа гансарч, уйтай болоод эхлэдэг юм. Саксфон биш юм даа уг нь. Санаа сэтгэл минь л уйлж байгаа нь тэр.
Нэвсийтэл хаялаж буй том ширхэгт зөөлөн цасан лавсан лавссаар хавь ойр нэлэнхүйдээ дун цагаан болж, тэр их цасан далай дундуур энхрийхэн нэгэн бүсгүй яван явсаар алс холын нэгэн их орон зай - үл мэдэгдэхүйд уусах үед нүднээ дүр төрх нь зураг мэт дурайж, түүний араас өөрөөсөө алдууран одох хүсэл ундрахуйд саксфоны дуу үл ялиг түдэсхийж, ертөнцийн аху - орчилд уусан шингэх мэт болмогц амьсгал маань аяндаа тасалдан, юунд ч юм бэ, сүүрс алдах шиг болно. Уйлж буй дуун, аяархан мэгшилт, магадгүй битүү далдхан цурхираа мэгэлзэж эхлэх шиг болно. Аялгуу тэгж л дуурьсдаг юм.
Саксфон уйлах хэцүү шүү хэцүү...
Харин баясан тэнийх бол сайхан даа. Оргилуун, омогтой... Чухамдаа хад асга хамхчин хэмхчин харайж яваа арслан, эрслэн лүүгээ эр бяртай эгээ л араатны хаан арван эрдмээ үзүүлж буй мэт л загнана. Хамаг л бие тэр аяараа хөвчирч, зангирах шиг болно.
Янз янзын л авиа, амисгуун гаргах, эгшиг, аялгуу дуурьсгах эрдэм бий дээ, алийг тэр гэхэв.
За ,тэгээд энэ золиг шиг олон ая эгшиг, саксфон тоглодог нэг муу эрдэм шиг юмтай болсноос хойш л үнэндээ их паянтай болсон хүн юм даа би. Яг үнэндээ бол тэр нь миний гаргууд сайн чаддаг “ажил” маань ч бас биш. Гэхдээ л ярих юм үлдэж дээ. Тэрнийгээ л би одоо ярих гээд байгаа юм.
Барилгын ажлаас болж Баян-Өлгийд хэдэн сар болох үед Гүлнара гэдэг нэг гайхалтай сайн өрлөгчин найз байдаг байлаа надад. Тэр үед казак хүн өөрийн үндэстнээс өөр гадны хүнтэй ойртож хавьтвал “алуулдаг” байсан цаг гэлцдэг дээ.
Надаас болсон юм уу, миний тоглодог хөгжим, нөгөө муу саксфоноос ч болсон юм уу, юутай ч байсан Гүлнара бид хоёр өөрсдийн гэх үртэй болтлоо манаргасан хоёр! Гүлнара хүүдээ Акбар нэр өгсөн. Түүний аав нь намайг гэдгийг одоо болтол хэн ч мэддэггүй болов уу гэж бодож байна. Мэддэг байсан бол хамаг л зовлон ланчигийг нь Гүлнара л эдлээд өнгөрсөн нь үнэн. Одоо бол тэр минь хөөрхий, бурхан болсон л доо.
Акбар сайхан эхнэр авч, арван хүүхэдтэй болсон гэнэ лээ. Хангайн буга шиг сайхан эр ээ. Акбарын таван хүү нь тав таван хүүтэй. Эрэгтэй талыг нь хөөвөл Баян-Өлгийд би одоо 30-аад хүн бий болгочихсон амьтан болоод байгаа юм.
За, энэ ч яахав ээ нууцдуу л болсон ажлын маань хойч. Ил нь гэвэл, ний нуугүй хэлэхэд, олон юм болчих гээд байгаа юмаа. Энэ олныг бодож суугаад л би ер нь өөрийнхөө паяныг хүмүүст ярья гэж шийдсэн л дээ. Сургамж ч болохоо ядахгүй!
Энэ ярианаас болж намайг хүмүүс хэлдэгээрээ л нэг хэлнэ л дээ, одоо яая гэхэв. Одоо миний хүүхдүүд нийтдээ... За тэр нь нэг их чухал биш байх. Бараг л аймаг болгонд давхар барилга барьсан, орой болгон шахуу саксфон хөгжимтэй бүжиг явуулдаг байсан, булчин шөрмөстэй, бас ч царай зүс гологдохооргүй, ааш аяг хайлсан тугалга мэт эрхаа нэг газар гон бие гозон толгой он удаан явжээ хөөрхий гээд л бодчих л доо. Золиг шүү ер нь... Ингээд ирэхээрээ цааш юу ч яримааргүй болчихдог юм...
Бас нэг лүдийн түүх бий. Түүнийг ярилгүйгээр сүүлчийн гол яриандаа орж болмооргүй байна. Миний насны нэг хэдэн зөнөсөн өвгөн надаар Гиннесийн номонд орох юм хийлгэнэ гээд одоо энэ Жанжны клуб-д нэг орой саксфондуулдаг юм байна. Өвгөн хүн саксфон үлээнэ гэж юу байхав. Чухамхүү сурцаараа л болж байгаа юм чинь. Тэгсэн гоё сайхан тоглох нь гол биш, “Хэдэн цаг тасралтгүй үлээх нь вэ?” гэдэг нь чухал байсан юм байна. Намайг хэд л бол хэдэн цаг тоглож чадна гэж боджээ.
Урд орой нь миний үр хүүхдийн тухай ярьцгааж байгаад, “За бүр тоо томшгүй юм болох нь. Гэхдээ чамаас олныг “хийсэн” нөхөр хаа л бол хаа байгаа. Тэрний оронд чи саксфоноо үлээ, ядаж өөрийн улсдаа Гиннест орох амжилт гарга л даа” гэцгээсэн юм.
Би тэнэгтээд тэр дээд амжилтыг нь тогтоочих санаатай гүрийсээр нэг мэдэхнээ муужраад уначихаж. Тэгсэн ухаан орохноо тэр л Амгалан хавьдаа бололтой юмаа, нэг танихгүй хөгшнийд хэвтэж байх юм. Намайг тойлж, аяглаж байгаа чавганц тэгэхнээ миний нэг хүүхдийн эх нь юм гэнэ. Эх эхдээ бүр Аланхоо эхийн адил тэнгэрийн амьтан төрүүлсэн хүн болж таарлаа. Хэзээ ч юм бэ дээ, хаа байсан тэр Сэврэй суманд би нэг лут үдэшлэг зохиосон юм байх. Тэгэхэд энэ хүн залуу ч явсан, сайхан ч явсан гэнэ. Би түүнийг огт тоолгүй, хүмүүс нэг нүдээр хардаггүй нэг муу навтгар хар юмтай сүжирч, сээр хүзүү наалдаастай л гараад өгч гэнэ дээ. Өнөөдөр энд миний толгой тархийг илж, судас шөрмөс барилан, хэм болсон хэрзгэр биеийг минь тойлохын дээдээр тойлж суугаа, цагтаа цалгиж явсан энэ амьтны уур нь хүрч золтой л тэсэрч дэлбэрэх шахсан юм байх. Ашгүй тэгэхнээ шөнөжин намайг зүүдэлж, чухам л нэг наадахын дээдээр наадаж, нуурандаа суусан нугас, нутагтаа ирсэн нунжлаа шиг л амьтан шөнийг өнгөрүүлжээ. Яагаад ч юм бэ жирэмсэлчихсэн байж. Би дуулснаа л ярьж байна шүү дээ. Уг нь бол тийм юм байдаггүй л байлгүй. Тэгээд гагц өөрөө л мэддэг миний нэртэй хүүтэй болчихож дээ. Арай шөнөдөө багтаад би... Тэр хүү нь хожим нэг оронд элчин мэлчин явсан, түүний хүү нь сайд майд ч болж үзсэн, ер нь “тусгай” хүмүүс гэнээ. Бүр золигоо чирдэг юм байна!
Би бодлоо: “Энэ чинь би өөрөө... бас цаана нь тэнгэр бурхан надтай “хавсайдаад” хүн ардынхаа тоо толгойг ингээд нэмээд байх юм бол... хэнд ч дийлдэшгүй амьтан болж... за тэгээд ганц миний л “юмнууд” энэ хорвоогоор нэг дүүрчихнэ биз дээ? Тэгвэл тэгээд...” Ийм юм санаанд бууж байна. Дэмий л сэтгэл зовохдоо үүнийг түмэн олондоо ярья хө байз гэж шийдсэн юм. Том яриа болох дог шүү.
Би одоо саксфоноо тоглож чадахаа больсоон. Амьсгаа хүрэхгүй. Ая дан нь санасанд хүрэхгүй. Дотроо л дуугы нь сонсож... Уриа, заллагын дуу биш, гуниг, энсэлийн л дуу голцуухан сонсогдоно доо. Ертөнцийн амин аялгуу гэдэг түүнийг л хэлдэг болов уу гэмээр ая эгшиг ч хааяа сонсдож л байна.
Миний түүх хүнийг байтугаа намайг өөрийг маань ч, сайн бодвол, ичээх зүйл олонтой доо, олиг болсон юм! Гэхдээ ичээд одоо яах ч юм билээ?
Саксфоны гуниглант дуугаа дүлийрч яваа годил чих, модширч яваа хөгшин зовлогодоо л шингээхээс! Баярлах юм: хүүхдүүд минь том том болцгоогоод л... Түмэн олондоо өөрийн гэсэн нэг дүр төрхөө харуулаад л... Өчүүхэн миний үл мартагдах Бурхан, бунхан болцгоогоод л...
Саксфон ч үлгэрийн хөгжим дөө!
Лувсандамбын Дашням
2012.10.20