2012-12-03Бидний дунд гурван сайхан хүүхэд бий. Юу боллоо гэж тэдэндээ ДОХ-той гэдгээ хэлэх билээ. Цаашид ч хэлэхгүй чигээрээ дуусна-
Монголд ДОХ буюу ХДХВ-ын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш даруй 20 жил өнгөрчээ. Манай улсад анхны халдвартай иргэн 1992 онд бүртгэгдэж, жилд нэг хоёроор тоо нь ахидаг байсан бол сүүлийн хэдэн жил халдвар авсан хүмүүсийн тоо сард 4, 5-аар нэмэгдэж, хэдийнэ 212-д хүрэв. Судалгаанаас харахад, Монголд ДОХ-ын халдварын 121 тохиолдлын 80 орчим хувийг эрэгтэй, 20 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ийм өвчин туссан эрчүүдийн 87 хувь ижил хүйстнээ сонирхогч буюу бэлгийн цөөнх байдаг аж. Харин эмэгтэйчүүдийн 50 гаруй хувь нь биеэ үнэлэгч бөгөөд гэр оронгүй, оршин суух тодорхой хаяггүй, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой, нэн ядуу нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс зонхилж байна. ДОХ гэдэг “тахал”-аар 17 монгол хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Монголд ДОХ-ын халдвар авсан дээрх тохиолдлуудын цаана 7000 гаруй халдвар тээгч бий гэж үзжээ. Мөн манай улсад эл аймшигт өвчний халдвар авсан нь илэрч, оношлогдсон 15 гадаадын иргэн бүртгэгдсэн. Халдвар авсан хүмүүсээс 7 эмэгтэй нь 8 удаа төрсөн бөгөөд тэд эрүүл саруул үр хүүхэдтэй болжээ. Эмэгтэйчүүдийг тусгай хяналтад оруулан эмчилгээ хийдэг. Манай улсад ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа иргэдийн эмчилгээг “Глобал” сангийн төслийн санхүүжилтээр ХӨСҮТ хариуцаж ажилладаг. ДОХ/ХДХВ-ын эм, тариаг дангаараа гаднаас захиалан авах боломжгүй учир хөрш зэргэлдээ Казахстан улсын тоонд нийлүүлж захиалдаг гэнэ. Нэг хүний эмчилгээнд жилд 3-5 сая төгрөг зарцуулдаг байна.
Тиймээс манай сайтын хамт олон ДОХ-ын талаарх асуудалд санаа сэтгэл зовж, халдвар авсан хүнийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох үзэл үгүйгээр, хүний эрхийг дээдлэх үүднээс ДОХ-ын халдвар тээгч залуутай дотно яриа өрнүүлсэн юм.
-Таны бие одоогоор ямархуу байна. Ямар нэг зовиур шаналгаа байна уу?
- Одоогоор бие сайн байгаа. Эмээ өдөр тутам таслахгүй уугаад байвал гайгүй.
-Та хэзээ ДОХ-ын халдвартай гэдгээ мэдсэн бэ?
-2007 онд миний бие их муу байсан. Тухайн үед өөрийгөө ДОХ-той гэж бодоогүй. Анх маш өндөр халуурах, хамаг булчирхай цочих, яс, булчин янгинаж өвдөх, арьсан дээр маш их тууралт гарах зэрэг шинж тэмдэгүүд илэрч байсан. Түүнээсээ болоод олон төрлийн шинжилгээ, оношлогоо өгч, эмчилгээ хийлгэж үзлээ ч нэмэр болоогүй. Улам л муудаад байсан. Миний нэг танил “ДОХ-ын шинжилгээ өгөөд үз” гэж зөвлөсөн. Шинжилгээний дараа эмч “Таны ДОХ-той гэдэг батлагдлаа” гэж хэлсэн. Маш аймшигтай мэдээ. Өөрийгөө энэ аюулт өвчний халдвар авсан гэдгээ мэдээд зургаан сар орчим хүлээн зөвшөөрч чадахгүй байсан. Энэ хугацаанд бүх утсаа салгаад, хэнтэй ч ярихгүй, уулзахгүй гэртээ хэвтсэн. Бүр амиа хорлох тухай ч бодол төрж байлаа. Дараа нь “Би ингэж болохгүй. Хэдэн хүүхэддээ хэдэн жил ч болов амьд сэрүүн харагдах ёстой” гэж шийдээд амьдрахын төлөө тэмцэж эхэлсэн. Одоо миний бие их сайн байгаа. Хамгийн гол нь эмээ л таслахгүй уух хэрэгтэй.
-Эм нь их үнэтэй байдаг гэж сонссон?
-Их үнэтэй. Гэхдээ “Глобал” сангийн төслийн санхүүжилтээр бидэнд энэ эмийг маш хямдралтай өгдөг. Бид жилд 500 мянган төгрөгийн эм уудаг. Хямдралтай л уухгүй бол жилд нэг хүн дор хаяж 3-5 сая төгрөг зарцуулна шүү дээ. Бидний амьжиргаа ямар билээ…
-Та ажил хийдэг үү?
-Одоогоор ДОХ-ын салбарт ажилладаг. Мэдээж хоосон хонохгүй, бусдын жишгээр л амьдардаг. Өөр газар ажилд оръё гэхээр барилгын ажил л олдоно. Над шиг өвчтэй хүн хүнд нөхцөлтэй ажил хийж болдоггүй. Учир нь бидний дархлаа эрүүл хүнийхээс хэд дахин сул байдаг. Өөр газар ажилд оръё гэхээр бие муутай учраас заавал “статус”-аа хэлэх шаардлага гардаг. Учир нь ажлын байран дээр аваар осол гарлаа гэхэд би бусдыг хохироож болохгүй шүү дээ.
-Эхнэр чинь энэ мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?
-Би эхнэрээсээ салаад олон жил болсон. Бидний дунд гурван сайхан хүүхэд бий. Юу боллоо гэж тэдэндээ хэлэх билээ. Цаашид ч хэлэхгүй чигээрээ дуусна гэж боддог.
-Таныг ДОХ-той гэхээр ойр тойрныхон, найз нөхдийн хүрээлэл өөрчлөгдсөн үү?
-Мэдээж. Гэхдээ миний хамгийн сайн найзууд өнөөдрийг хүртэл хажууд минь байна. Анх ДОХ-той гэдгээ мэдээд нэг найз руугаа утасдаж “Юу ч авчрах хэрэггүй. Зүгээр эмнэлэг дээр хүрээд ир. Найз нь чамд хэлэх юм байна” гэж дуудсан. Ирэхээр нь уйлж байгаад бүгдийг ярьсан. Тэр найз маань тухайн үед над шиг “шок”-нд ороод “Хувь тавилан юм байлгүй дээ. Найз нь үргэлж чиний хажууд байна” гэж хэлж байсан. Тэр маань өнөөдрийг хүртэл надад тусалж дэмжээд явж байна.
-Эрдэмтэд энэ өвчнийг бүрэн эдгээх арга олоогүй байна. Таны хувьд хэр хугацаа үлдсэн гэж боддог вэ. Хийж гүйцээхсэн, амжуулах юмсан гэсэн зүйл бий юу?
-Тийм ээ. Юуны түрүүнд гурван хүүхдээ нийгэмд байр суурьтай хүн болохыг нь харах юмсан. Түүнчлэн энэ аюулт өвчнийг Монголд тархахгүй байх тал дээр өөрийн хувь нэмрээ оруулах юмсан гэж бодох юм даа.
-Та ямар замаар энэ халдварыг авсан бэ?
-Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос. 2007 онд хүндэрсэн шатандаа мэдсэн. Энэ өвчнийг бараг 10 жилийн өмнө хойно амьдарч байхдаа авсан байх.
-Одоо бэлгийн амьдралаа хэрхэн зохицуулдаг вэ? Хамтрагчдаа халдвартай гэдгээ хэлсэн үү?
-Нууцгүй хэлэхэд би эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд ордог. Бэлгийн ганц л хамтрагчтай. Тэр маань ч гэсэн над шиг халдвартай учраас бие биенээ ойлгодог. Бид өөр хүнд халдаачихгүй юмсан гэсэн бодолтой л байдаг. Ер нь өвчин гэдэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг шүү дээ. Танай сайтын уншигчид миний ярилцлагыг уншаад шүүмжлэхээсээ илүү “хүн” гэдэг үүднээс минь ойлгоосой гэж хүсэж байна.
-Таны бодлоор амьдрал гэж чухам юу юм бэ?
-Амьдрал бол тэмцэл. Анх ийм халдвартайгаа сонсоод амиа хорлочих юмсан гэж боддог байсан. Гэхдээ яг хорлох үйлдэл хийж байгаагүй. Харин ч би эсрэгээр, зорилготой амьдарч юмыг маш өргөн хүрээнд авч үздэг болсон. Одоо би өөрийгөө зорилготой амьдарч байна гэж боддог. ДОХ-ын халдвар авсандаа харамсдаггүй. Амьдрал бол сайхан. Амьд явах бүр сайхан. Хүн бүхэн дор бүрнээ амьдралын сайн сайхныг мөрөөдөж, амьдралаа утга учиртай авч явахын төлөө тэмцдэг. Мэдээж миний хувьд амьдралын утга учир, амьд явахын сайхныг илүү их мэдэрдэг.
-Та амьдралынхаа жаргалтай дурсамжаас манай уншигчидтай хуваалцаач…
-Элэг бүтэн амьдралтай байсан тэр цаг үе минь бодогдож байна (нүдэнд нь нулимс цийлэгнэж, хоолой нь зангирав)
-Таны хэлэх дуртай үг?
-Хүн хүнээрээ л байх хэрэгтэй. Үхэх хүртэлээ хүнээрээ л байх хэрэгтэй.
-Та өвчнөө мартахын тулд юу хийдэг вэ?
-Их ажилтай, өөрөөр хэлбэл өөрөө өөртөө зав чөлөө өгөхгүй байхыг хичээдэг. Харин сэтгэлээр унасан үедээ Жанцанноров гуайн аязуудыг сонсдог. Хүүхдүүд маань миний төрсөн өдрөөр Жанцанноров гуайн цомгуудыг авч өгсөн.
-Та өөрийгөө бусдад халдвар тараасан гэж боддог уу?
-Халдвартай гэдгээ мэдээд ганц ч хүнд тараагаагүй. Түүнээс өмнө бол… мэдэхгүй юм даа.
-ДОХ-той хүний хамгийн гол шаналгаа юу вэ?
-ДОХ-ын халдвартай хүмүүс ихэнхдээ сэтгэл санаагаараа явдаг. Хүн гэдэг чинь өөрөө сэтгэлийн амьтан шүү дээ. Харин миний хувьд хүүхдүүдтэйгээ хамт телевиз үзэж суухад ДОХ-ын талаар юм ярихад хамаг бие хачин болдог. Миний хүүхдүүд над руу хараад байгаа юм шиг санагддаг. Бас ямар нэг ч юм өвдлөө гэхэд заавал статусаа хэлэх хэрэгтэй болдог. Зарим эмч нар үзэхгүй гээд гаргах тохиолдол ч байдаг.
-Дэлхийн хоёр ч алдартай од ДОХ өвчнийг даван тууллаа гээд зарлаад байсан. Энэ хэр үнэн юм бол. Тэдэн шиг хэзээ нэгэн цагт эрүүл саруул болно гэдэгт итгэдэг үү?
-Одоогоор төгс эмчилгээ байхгүй. Гэхдээ вирусын хөгжлийг сааруулах, дархлааг сайжруулах эм нэлээд гарсан. Тэднийг эдгэсэн гэхээр итгэж өгөхгүй л байгаа. Би өдөр бүр бурханд залбирдаг.
-Шинжилгээнд ойр ойр хамрагддаг уу. Жилд хэдэн удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүдэг вэ?
-Жилд 2 удаа бүрэн төгс шинжилгээнд ордог. Мөн жилд хоёр удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг.
-Халдвартай иргэдийнхээ эрхийг хамгаалах, тэдэнд үзүүлэх эмчилгээ үйлчилгээний тал дээр манай улс ямар бодлого баримталдаг бол?
-Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Манай улс ХДХВ-ийн халдварын тархалтыг бууруулах, халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөртэй байсан. Гэтэл сүүлийн үед том дарга нар ДОХ-ын асуудлыг цалгардуулж байна гэж дуулдах юм. Уг нь “Глобаль” сангийн дэмжлэгтэй ХДХВ/ДОХ, сүрьеэгийн төслийн үндсэн хүлээн авагч нь манай улсын Эрүүл мэндийн яам шүү дээ. Тийм болохоор энэ төслийг нэг талаас манай Засгийн газрын төсөл гэж хэлж болох байх. Гэвч үнэндээ энэ асуудлын хувьд манай Засгийн газрын анхаарал суларсаар байгаа.
-Манай халдвартай иргэдийн нийгмийн ажилд оролцох оролцоо, эрхийнхээ төлөө дуугарах тал дээр нилээн сул байх шиг санагддаг?
-Аргагүй л дээ. Хүмүүс биднийг ойлгохгүй, яалгаварлан гадуурхсан хэвээр л байгаа. Төрөөс дэмжлэг сул байна. Хүмүүс биднийг хүлээж авах болоогүй байна. Гэхдээ манай зарим хүмүүс тодорхой хүрээнд ил гараад ажиллаж байгаа л даа. Тэрнээс бусад оронд байдаг шиг бүрэн утгаараа ил гарч ажиллах боломж бас бүрдээгүй байна. Манай халдвартай хүмүүс ч сул байна. Олон нийтийн хүлээн авах чадвар ч сул байна. Үүний хажуугаар ХДХВ-ийн үйл ажиллагаагаар далимдуулан бизнес хийдэг, төслийн мөнгийг өөртөө зарцуулдаг ч хүмүүс байна. Үнэндээ, Монголд ХДХВ-ийн халдварын тархалтыг буууруулахад чин сэтгэлээсээ шударга ажилладаг, нөгөө талаас сайн мэргэшсэн байгууллага, хүмүүсийн оролцоо дутагдалтай хэвээрээ байгаа.
-Зарим хүмүүс “Халдвартай байх магадлалтай гэж айгаад байна” хэмээн шинжилгээ өгдөггүй харагддаг. Энэ хүмүүст юу гэж зөвлөмөөр байна вэ?
-Халдвартайгаа мэдэхгүй байна гэдэг чинь хамгийн хэцүү. Хэдийгээр ДОХ бүрэн эмчлэгдэхгүй ч гэсэн урт удаан амьдрах бүрэн боломжтой. Дэлхий дээр хэдэн сая хүн эмчилгээ хийлгээд, амьдралын сайн сайхнаас хүртээд, мэдрээд бусадтай адил гэр бүл зохиогоод, үр хүүхдээ төрүүлээд амьдарч байна. Үүнээс айх зүйл огт үгүй. Хамгийн гол нь болгоомжтой байх ёстой.
-Ярилцлагынхаа төгсгөлд манай сайтын уншигчдад хандаж юу гэж хэлэх вэ?
-Хүмүүст хэлэхэд, та нар зөв мэдээллээр өөрийгөө цэнэглээрэй. ДОХ /ХДХВ-аас хамгаалах аргууд зөндөө бий. Битгий амьдралдаа алдаарай. ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг битгий ялгаварлан гадуурхаарай. Та бидэнтэй уулзаж, нөхөрлөснөөр хамт ажилласнаар халдвар авахгүй. Бид та бүхний л адил амьдралын төлөө тэмцэж яваа хүмүүс. Бид эрүүл хүн шиг урт удаан амьдрахыг хүсч байна.Эх сурвалж:yanaa.mn