2012-12-03Хорьдугаар зууны хоёрдугаар хагаст монгол-оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр

байгуулагдсаны ач холбогдлыг өргөн утгаар нь авч үзвэл улс орны аж үйлдвэрийн бүтцэд чанарын өөрчлөлт оруулж экспорт импортын хэмжээг үлэмж нэмэгдүүлж манай орны эдийн засаг, соёлын томоохон төвийн нэг болох орчин үеийн Эрдэнэт хотыг үүсгэн хөгжүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн юм.
Мөн зах зээлд шилжих өөрчлөлт, шинэчлэлтийн жилүүдэд “Эрдэнэт” үйлдвэр монгол улсын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэж гадаад худалдааны эргэлтийн дөрөвний гурвыг дангаараа дааж гарсан бөгөөд улс орны хөгжил, дэвшилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж “Монгол орны ХХ зууны манлай бүтээн байгуулалт” өргөмжлөл олгожээ.
Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон өмнөө тавьсан зорилтоо амжилттай биелүүлж орчин үеийн өндөр бүтээмжтэй техникээр тоноглогдсон, нарийн технологи бүхий үйлдвэр болж удирдлага, зохион байгуулалт, материаллаг бааз, мэргэжлийн боловсон хүчнээр бэхжсэн, хамт олныхоо нийгмийн асуудлыг шийдвэрлэх чадвар бүхий дэлхийд томоохонд тооцогдох үйлдвэр болон хөгжиж байна.

Эрдэнэтийн Овооны зэс молибдениний орд газрыг ашиглахад эдийн засаг техникийн талаар хамтран ажиллах тухай БНМАУ, ЗСБНХУ-ын засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээр. 1973.02.20
“Эрдэнэт” үйлдвэрийн түүхийн хуудсыг сөхвөл, 1960-70 онуудад монгол, чехословак, зөвлөлтийн геологичид “Эрдэнэтийн овоо”-ны орчимд геологи хайгуулын ажил явуулж урьдчилсан судалгаа гарган зэс молибдений томоохон орд газар байна гэдгийг тогтоосноор тус орд газрыг эзэмших, хүдэр олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах тухай яриа, хэлэлцээр явагдаж монгол-зөвлөлтийн мэргэжилтнүүд ирээдүйн шинэ үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж техникийн иж бүрэн зураг төсөл зохиож энэ үндсэн дээр уг үйлдвэрийг барьж байгуулах түүний дэд бүтэц, ажиллагсадын нийгэм соёлын асуудлыг хамтад нь шийдвэрлэх өргөн хүрээтэй ажил өрнөсөн билээ.
1972 оны 12 дугаар сарын 15-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын нөөцийн комисс Эрдэнэтийн орд газрын баруун хойд хэсгийн балансын нөөцийг 4230.0 мянган тонн зэс, 89.0 мянган тонн молибден агуулсан хүдэртэй гэж баталсан нь уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулах бүх шатны баталгааг бүрдүүлж зураг төслийн үндэслэл нь болсон юм.
1978 оны 12 дугаар сарын 14-нд Эдийн засаг, шинжлэх ухаан техникийн талаар хамтран ажиллах Монгол-Зөвлөлтийн Засгийн Газар хоорондын комисс жилдээ 4 сая тонн хүдэр олборлож боловсруулах хүчин чадал бүхий “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлж болох Ил уурхай, Баяжуулах фабрик /нэг секц/, Засвар механикийн цех, Төв уурийн зуух, гараажийн болон агуулахын аж ахуйг ашиглалтанд хүлээж авсан түүхтэй. Мөн Эрдэнэт хотод соёл, ахуйн зориулалтын 45 мянган ам метр талбай бүхий байшин, барилга байгууламж баригдсан юм.
1980 оны зургаадугаар сарын 25-нд хамтарсан үйлдвэрийн хоёр ээлжийг жилд 8 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар хүлээж авсан бол, 1981 оны хоёрдугаар сарын 21-нд үйлдвэрийн гурав дугаар ээлжийг 10 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар, 4 дэхь ээлжийг 12 сая тонн хүдэр жилд боловсруулах хүчин чадалтайгаар 1981 оны зургаадугаар сард хүлээж авсан байна.
1983 оны 11 дүгээр сарын 1-нд монгол-зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг 16 сая тонн хүдэр жилд боловсруулах төслийн хэмжээнд хүлээж авах тухай хоёр улсын Засгийн Газар хоорондын протоколд гарын үсэг зуржээ. Мөн энэ хугацаанд 25 мянган ам метр талбайтай орон сууцны байшин болон нийтийн соёл, ахуйн барилгууд нэмэгдэж баригдсан байна.
Харин “Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөлийн хүрээнд иж бүрэн зураг төслийн дагуу үйлдвэрийн 5 дугаар эээлж 1989 онд ашиглалтад орж жилд 20 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болсон. Гэсэн хэдий ч тухайн үед Монгол улс зах зээлийн харилцаанд шилжиж эдийн засгийн шинэчлэл хийх явцад эдийн засгийн гүнзгий хямралтай тулгарахын зэрэгцээ чөлөөтэй хөрвөх валютын тооцоонд бэлтгэлгүй шилжсэнээс болж санхүү, материал техникийн хангамжинд асар их саад бэрхшээл бий болсон нь хамтарсан үйлдвэрийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлснээс болж дөрвөн жилийн дараа буюу 1994 оноос төслийн хүчин чадлаа бүрэн эзэмшсэн юм. Зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн амаргүй жилүүдэд улс орныхоо ачааны хүндийг “Эрдэнэт” үйлдвэр үүрч гарсан төдийгүй төмөр зам, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа бататган тэдэнд бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлж байсан. Үйлдвэрлэлд чухал эрэгцээтэй ган бөмбөлөг, шохой, тэсрэх бодисооор найдвартай хангах зорилгоор Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг ивээлдээ авч “Эрдэнэт металл”, тэсрэх бодисийн үйлдвэр байгуулсан нь чухал шийдэл болсон юм.

Монгол-Зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн иж бүрэн цогцолборын эхний ээлжийг хүлээн авах ёслол /1978 оны 10-р сарын 11/
1994 оноос эхэлж дэлхийн зах зээлд зэсийн үнэ өссөн нь үйлдвэрийн санхүүгийн байдалд эерэгээр нөлөөлсөн бөгөөд техник технологийн шинэчлэл хийх иж бүрэн үзэл баримтлалын үндсэн дээр үйлдвэрлэлийн гол гол дамжлагуудыг АНУ, Финланд, ХБНГУ, Япон, БНХАУ зэрэг орны орчин үеийн тоног төхөөрөмжөөр шинэчлэн тоноглох ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж улмаар шинжлэх ухаан техник технологийн дэвшлийн асуудалд онцгой анхаарал хандуулж АНУ, Чили, Австрали улсад очиж туршлага судалж шинэ тоног төхөөрөмж, технологийг “Эрдэнэт” үйлдвэрт тасралтгүй нэвтрүүлж байсан юм. Энэ бүхний үр дүнд зах зээлийн нөхцөл хэдий тааламжгүй байсан ч сүүлийн гурван жил дараалан хүчин чадлаа нэмэгдүүлж одоогийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн түүхэндээ хамгийн дээд түвшинд буюу 26 сая тонн хүдэр олборлодог болоод байна.
Мөн “Эрдэнэт” үйлдвэр нь үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн болон олж буй ашиг, хуримтлалаараа дэлхийн зэсийн зах зээлд болон өөрийн орны эдийн засагт зохих байр суурь эзэлж байна. “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр 2006 оны байдлаар дэлхийн зах зээл дээр арилжаалагдаж байгаа зэсийн баяжмалын 1 хувь, молибдений баяжмалын 0.7 хувийг тус тус үйлдвэрлэж байна.
Олон улсын санхүүгийн зах зээлд гарах зайлшгүй нөхцлийн нэг бол зээлийн рейтингийг тодорхойлуулах явдал байдаг. 2002 оноос эхлэн олон улсын нэр хүнд бүхий “Standart & Poor’s” компаниар рейтинг тогтоолгон “В” гэсэн үнэлгээг авч “Тогтвортой үйл ажиллагаатай байгууллага” гэдэг зэрэглэлд багтсан анхны үндэсний аж ахуйн нэгж болоод байна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн зэсийн зах зээл дээр зэсийн үнэ байнга унаж байгаагаас шалтгаалан үйлдвэрийн санхүү, эдийн засгийн байдал хүндэрсэн хэдий ч тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, орчин үеийн дэвшилтэт тэргүүний технологи нэвтрүүлэх чиглэлээр дэс дараатай арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж бүхий л боломж, нөөц бололцоогоо дайчлан ажилласан байна.
Хүдрийн ил уурхайн хувьд техник, технологийн ажлыг горимын дагуу явуулж орчин үеийн тэсрэх материалын “Нонель” системийг нэвтрүүлснээр аюулгүй ажиллагаа, хүдрийн тэсэлгээний чанар сайжирсан байна.
2007 онд 15 шоо метр хөрс буюу хүдэр ачих хүчин чадалтай монголд анхны, дэлхийд 54 дэхь ЭКГ-15 гинжит экскаваторыг шинээр ашиглалтанд оруулсан ба одоогийн байдлаар ЭКГ-15, ЭКГ-ЮИ зэрэг экскаваторуудыг ашиглаж байгаа бөгөөд замын техникийг шинэчлэн солих ажлыг төлөвлөөд байна.
Мөн авто тээврийн байгууллагад парк шинэчлэлтийг хийж “Белаз” маркийн 120, 130 тонны даацтай 15 машинийг ашиглалтанд оруулсан нь уулын цул олборлолт, хүдэр тээвэрлэлтийг 30 сая тоннд хүргэсэн ба Белазын “Каменс” хөдөлгүүрийг засварлах тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг эхлүүлсэн нь өртөг зардлыг бууруулах ихээхэн боломжийг бий болгожээ.
Баяжуулах фабрикт жилд 10 сая тонн хүдэр хөвүүлэн баяжуулах хүчин чадалтай хосолсон нэгдүгээр секцийг 2000 оны 12 дугаар сард ашиглалтанд оруулснаар засварын ажлаар маш их зогсолт шаарддаг байсан баяжуулалтын үндсэн хөвүүлэх машинууд нөөцтэй болж ашиглалтын зардал буурлаа. Уг өргөтгөлд Финланд, АНУ, Австралийн орчин үеийн техник, тоног төхөөрөмжүүдийг суурилуулсны үр дүнд хүдэр боловсруулалтын хүчин чадал нэмэгдэж ижил төстэй үйлдвэрүүдийн чанарын хэмжээнд хүрч ажиллах боломжтой боллоо.
Засвар механикийн завод жилд 800 орчим тонн металл хийц үйлдвэрлэж байгаа бөгөөд экскаваторийн шанага, флошмашин, шахуурга зэрэг томоохон эд ангиудыг анх удаа монголд цутган хийж эхлэсэн.
Өмнө нь хийгдэж байсан өргөтгөл шинэтгэлийн ажлуудыг гадны байгууллагуудаар гүйцэтгүүлж байсан бол 2001 оноос эхлэн үндэсниймэргэжилтнүүдийн мэдлэг чадварт тулгуурлах болов. Цаашид ч энэ чиглэлийг барьж ажиллах болно.
“Эрдэнэт” үйлдвэрийн ойрын болон хэтийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж шинжилгээ судалгааг нарийвчлан хийж иж бүрэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх талаар үйлдвэрийн зүгээс дэс дараалалтай арга хэмжээ авч хамтарсан үйлдвэрийн зөвлөл, оролцогч талуудын дэмжлэгтэйгээр тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж байгаа бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болгох талаар концепци гарган ажиллаж байна. Шинэ техник технологийн сонголт хийх, туршлага судлах үйл ажиллагаа явагдаж эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлууд удаа дараа зохион байгуулж дэлхийн зэс болон молибден үйлдвэрлэгч томоохон корпорациуд, хөрөнгө оруулагчдын анхаарлыг “Эрдэнэт” үйлдвэрт хандуулж байна. Хүрсэн амжилтаа улам бататган цаашид бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж олон нэр төрлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр гадаадын олон байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн ба энэ байдлаа цаашид ч үргэлжлүүлэх чиглэлтэй байна.Хэдийгээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж олборлолт, боловсруулалтын хэмжээ өсөж байгаа ч ил уурхай гүнзгийрч уул геологийн нөхцөл хүндэрч хүдэр дэх зэсийн агуулга буурахын зэрэгцээ эрчим хүч, зарим түүхий эд, материалын үнэ өсөх хандлагатай байгаа нь нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх өөрийн өртгийг ихэсгэж цаашид хямд өртөг бүхий орчин үеийн техник технологийг судлан нэвтрүүлэх шаардлага урган гарч байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн хувьд дэлхийн тэргүүний техник технологийг өргөнөөр судалж ирсэн бөгөөд сүүлийн үед зэс үйлдвэрлэлд эрчимтэй түрэн орж ирж байгаа гидрометаллургийн технологийг баяжуулах үйлдвэртэйгээ хослуулан хэрэглэх хамгийн оновчтой хувилбарыг сонгоод байна. Гидрометаллургийн технологийн баяжмал болон хүдэр дээрээ хослуулан хэрэглэснээр аль аль талдаа гарч болох эерэг болон сөрөг талуудыг нөхөж байдгаараа онцлогтой тул бүтээгдэхүүний өөрийг өртгийг бууруулах бүрэн боломжтой юм.
“Эрдэнэт” үйлдвэр сүүлийн жилүүдэд дээрх технологийг маш өргөн хүрээнд нухацтай судалж тус үйлдвэрийн хэтийн төлөв, технологийн шинэчлэлийг хийж үүнтэй холбоотой дараах төслүүд хэрэгжих шатандаа явж байна. Үүнд:
- Зэсийн балансын болон балансын бус бүх бие даагч нарыг хүдрээс далан болон овоолгын аргыг автоклавын аргатай хослуулан жилд 25000 тонн катодын цэвэр зэс гаргах хүчин чадал бүхий үйлдвэрийн төсөл
- Зэсийн баяжмалаас автоклавын аргаар 50 мянган тонн катодын цэвэр зэс гаргах үйлдвэрийн төсөл Зэсийн баяжмалаас 35000 тонн зэс утас, зэс гулдмай үйдвэрлэх үйлдвэрийн төсөл зэрэг ажлуудыг эхлүүлээд байна.
“Эрдэнэт” үйлдвэр байгуулагдсаны ач холбогдлыг хэд хэдэн чиглэлээр авч үзэж болно. Үүнд:
- Монгол улсын уул уурхайн салбарын хөгжил түргэсч улс ардын аж ахуйд түүний эзлэх байр суурь өссөн. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүн нь “Эрдэнэт” үйлдвэрийг ашиглалтанд орохоос өмнө, аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний 4-5 хувийг эзэлж байсан бол 2007 оны байдлаар 70.3 хувийг эзэлж байна.
- Экспорт, импорт, гадаад худалдааны эргэлт нэмэгдэж Монгол улсын валютын сан арвижин төсвийн орлогын ихээхэн хувийг бүрдүүлдэг болсон. “Эрдэнэт” үйлдвэр 1980 онд улсын нийт төсвийн 31.4 хувийг бүрдүүлж байлаа. Зах зээлд шилжих өөрчлөлт, шинэчлэлтийн жилүүдэд “Эрдэнэт” үйлдвэр Монгол улсын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэж гадаад худалдааны эргэлтийн дөрөвний гурван хувийг дангаараа үүрч гарсан байдаг бол 2006 онд нийт гадаад худалдааны 26.6 хувийг бүрдүүлсэн байна.
- Монгол улсын улс ардын аж ахуйн салбарын хөгжилд түлхэц үзүүлж ялангуяа тээвэр, эрчим хүч, импортын бүтээгдэхүүнийг орлох үндэсний жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулж байлаа.
- Эрдэнэт хот үүсч хөгжсөн. Тус хот улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний борлуулалтанд 1988 онд 14.0 хувийг эзэлж байсан бол 2006 оны байдлаар 39.2 хувийг эзлэх болсон. Түүнчлэн орон нутгийн төсвийн 85-90 хувийг “Эрдэнэт” үйлдвэр дангаараа бүрдүүлж байна.
- Уул уурхайн салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх нэгэн том уурхай болсны үр дүнд мэргэжлийн боловсон хүчнээр бэхэжсэн, хамт олныхоо нийгмийн асуудлыг шийдвэрлэх чадвар бүхий хамт олны хариуцлагатай, ил тод, нээлттэй, дэлхийд томоохонд тооцогдох үйлдвэр болсон.
Ийнхүү монгол-оросын хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн нэг тулгуур аж ахуйн нэгж болсоор ирсэн бөгөөд цаашид улам тэлэн хөгжиж түүний эдийн засгийн ач холбогдол өсөн бэхжих төлөв байсаар байна.
Түүх сөхвөл тухайн үед “Эрдэнэт” үйлдвэр болон хотыг барьж байгуулах, энэ бүсийн үйлдвэрийн газруудад зориулсан улсын хэмжээний ач холбогдол бүхий дэд бүтцийн барилга байгууламжийн иж бүрэн зураг төслийг ЗХУ-ын Өнгөт металлургийн үйлдвэрийн зураг төслийн “Гидроцветмет” хүрээлэн анхлан хийж барилгын ажлыг мөн л ЗХУ-ын “Медьмолибденстрой” барилгын нэгтгэл болон монголын барилгын байгууллагууд гүйцэтгэсэн бөгөөд зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулахад ЗХУ-ын 240 хотын дөрвөн зуу гаруй үйлдвэрийн газарт бэлтгэсэн иж бүрэн тоног төхөөрөмж, машин механизм, материал нийлүүлж оролцож байжээ. Бүх барилга байгууламжийг барихад 1974 оны гадаад худалдааны үнээр 595 сая рубль, үүний дотор “Эрдэнэт” үйлдвэрийг барихад 252 сая рубль (1.82 орчим тэрбум төгрөг) иргэний орон сууц, иргэний зориулалтын барилга байгууламж барихад 95 сая рубль зарцуулахаар төлөвлөж байсан бол нийт 589 сая рубль зарцуулж дээрх барилгуудыг барьж байгуулжээ, Үйлдвэр байгуулагдаж бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн эхний 8 жилд экспортын жилийн дундаж орлого 117 сая рубль, ашиг 60 сая рубль болж үйлдвэрийн зориулалт бүхий анхны хөрөнгө оруулалтаа нөхсөн байна.
Хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр байгуулагдсан хоёр удаагийн таван жилийн хугацаанд буюу 1976-1986 онуудад Монгол улсын үйлдвэрлэлийн үндсэн фонд 2.4 дахин, үндэсний орлого 1.8 дахин, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 2.5 дахин, уул уурхайн бүтээгдэхүүн 18.7 дахин нэмэгдсэн байна. Уул уурхайн салбар, тэр дундаа уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Монгол улсын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг доорхи хүснэгтээр үзүүлэв.
Уул уурхайн салбар Монгол улсын эдийн засагт оруулж байгаа буй хувь нэмэр
14 дүгээр хүснэгт

Уул уурхайн салбарын Монгол Улсын эдийн засагт эзлэх байр суурь жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг нэгдүгээр хүснэгтээс харж болно. Уул уурхайн салбарын дотор “Эрдэнэт” үйлдвэр нь 2006 оны Монгол улсын ДНБ-ний 10.1 хувь, экспортын бүтээгдэхүүний 45.4 хувь, аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний 39.2 хувийг үйлдвэрлэж байгаа нь тус үйлдвэрийн Монгол Улсын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг тодорхойлж байна. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэрийн хүчин чадал 1978-1982 онуудтай харьцуулбал 1.7 дахин, боловсруулалтаар 1.6 дахин, баяжмалын үйлдвэрлэлийн хэмжээ 60.4 хувиар өссөн байна.
Ашиглалтын анхны жилүүдэд уурхай дахь зэсийн хамгийн өндөр агуулга 0.89 хувьтай байсан бол одоо 0.59 хүртэл буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Тус үйлдвэр нь өнгөрсөн 28 жилийн хугацаанд 483 сая тонн хүдэр олборлон 474.5 сая тонн хүдэр боловсруулж 3.4 сая тонн зэс, 42.5 мянган тонн молибден агуулсан баяжмал экспортонд гаргасан байна. 2001 онд Баяжуулах фабрикийн зэсийн металл авалт 82.85 хувь, 2002 онд 83.9 хувь, 2003 онд 84 хувь, 2004 онд 84.5 хувь, 2005 онд 85 хувь, 2006 онд 85.5 хувьд хүрсэн нь шинэ техник технологи нэвтрүүлж байгаагийн үр дүн бодитойгоор мэдрэгдэж урьд өмнө нь түүхэнд байгаагүй томоохон амжилт болсон юм. Тус үйлдвэр 2006 оны байдлаар 1166.6 сая тонн балансын хүдрийн нөөцтэй, түүнд 5.3 сая тонн зэс, 145.9 мян.тонн молибден агуулагдаж байгаа ба үйлдвэрийн нийт хөрөнгө 536.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж үүнээс үндсэн хөрөнгө 325.8 тэрбум төгрөг буюу 60.8 хувь, эргэлтийн хөрөнгө 199.3 тэрбум төгрөг буюу 37.2 хувийг эзэлж байна. 2005 онтой харьцуулахад 2006 онд нийт хөрөнгө 69.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Нэг тонн хүдэр олборлох, тээвэрлэх, боловсруулах зэрэг үндсэн дамжлагуудын өөрийн өртөг дэлхийн ижил төстэй үйлдвэрүүдийн дундаж түвшинд ойртож зарим талаар хүрээд байна. “Эрдэнэт” үйлдвэр ОХУ-ын тоног төхөөрөмж ашигладаг хэрнээ нэг тонн хүдэр олборлоход 85-95 центийн зардал гаргаж байгаа нь дэлхийн жишгээс доогуур үзүүлэлт боловч 1 тонн хүдэр боловсруулахад 2.8-3.1 ам.доллар зарцуулж байгаа нь яльгүй өндөр үзүүлэлт юм. “Эрдэнэт” үйлдвэртэй ижил төстэй дэлхийн тэргүүлэх арван үйлдвэрийн 2004 оны үзүүлэлттэй харьцуулсан судалгаагаар ордыг ашиглах хугацаа, хүдрийн нөөц дэлхийн дундажаас илүү, харин хүдэр дэх металлын агуулга бага, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийн хувьд уулын цул олборлолт илүү боловч баяжмал дахь зэсийн агуулга 25.5 хувь буюу дунджаас 7.7-оор бага, металл авалт 85.5 хувь буюу дунджаас 1.005 пунктээр дээгүүр, 1 тонн зэсийн баяжмалын өртөг, хүдрээр 4.32 $/тн, дунджаас 1.46 $/тн-оор, зэсээр 15.9 $/тн-оор тус тус бага байгаа нь тус үйлдвэр техник, технологи менежментийн хувьд дэлхийн тэргүүлэх үйлдвэрүүдийн түвшинд ойртож очсоныг харуулдаг.
“Эрдэнэт” үйлдвэр ашиглалтанд орсноор Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлтэнд ихээхэн өөрчлөлт гарч энэ байдал нь эдийн засагт ч эерэгээр нөлөөлсөн юм. Тус үйлдвэрийн эхний хоёр ээлж ашиглалтанд орсны дараа буюу 1980 онд 1970 онтой харьцуулахад Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 3.5 дахин өссөн бол 2006 оны байдлаар 3028.4 сая ам.доллар болж 2000 онтой харьцуулахад 2.8 дахин өссөн байна. 1978-1991 он хүртэл “Эрдэнэт” үйлдвэр өөрийн экспортын бүтээгдэхүүн болох зэс, молибдений баяжмалаа бараг бүхэлд нь ЗХУ-д гаргаж гадаад худалдааны төлбөр тооцоог Гадаад худалдааны яамны харъяанд байсан Экспорт-импортын компани гүйцэтгэж байсан.

“Эрдэнэт” үйлдвэрийн экспортын бүтээгдэхүүнийг тогтвортой шилжих рублиэр тооцож үнэ тогтоох явцад дотоод үнэ гадаад худалдааны үнээс доогуур тогтоогдож гажуудал үүсч байсан нь олон улсын худалдааны сүлжээнд орох, үйлдвэр бие даан хөгжихөд ихээхэн саад болж байсан.
Энэ үед тэрхүү гажуудлыг арилгах, 1973 оны Засгийн Газар хоорондын гэрээ хэлэлцээрийг шинэчлэх талаар “Эрдэнэт” үйлдвэрт олон хөдөлгөөнүүд үүсч Монгол Улсын Засгийн Газарт олон чиглэлээр хандаж хамтарч ажиллаж байсны дүнд Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрууд урьдах гэрээг 1991 онд шинэчлэн баталж “Эрдэнэт” үйлдвэр бие даан хөгжих ихээхэн боломжийг нээж өгсөн билээ. Тус гэрээгээрг тус үйлдвэрийн дүрмийн хөрөнгөөс гадна геологи хайгуулын ажлын зардал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уурхайн эдэлбэр газрын төлбөр, усны нөөц ашигласны хураамжийг хамтран тохиролцсон аргачлал, тарифаар тусгасан юм. Монголын тал давуу эрх эдлэхийг хуульчилж үйлдвэр чөлөөт зах зээлийн өрсөлдөөнд орсноор монголыг дэлхийн эдийн засагтай холбож буй чухал шижим болсон. “Эрдэнэт” үйлдвэрийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Монгол Улсын хууль дүрэмд нийцүүлэх, шинэчлэх асуудал Монгол Улсын Засгийн газар, монголын оролцогч тал, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын анхааралд байнга байж шийдвэрлэж ирсний жишээ нь 2003 оны долоодугаар сарын 1-нд “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх шинэ хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал юм. Хэлэлцээрийн гол ач холбогдол нь үйлдвэрийн дүрмийн сан дахь монголын талын хувь оролцоо болох 51 хувийг бүрдүүлэхэд оросын талаас авсан зээлийг Монгол Улс төлж дууссан байна гэдгийг ОХУ хүлээн зөвшөөрч дүрмийн сангаа баталгаажуулж тус үйлдвэрийг цаашид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ажиллах гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон өөрчилсөн явдал юм. Ингэснээр үйлдвэр ямар нэг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэхгүй болж улмаар төвлөрсөн болон орон нутгийн төсөвт гааль, нэмэгдсэн өртгийн албан татвар, газрын болон нөөцийн төлбөрүүдийг шинээр төлдөг Монгол Улсын хуулийн этгээд болж ингэснээр манай улсын эдийн засгийн хөгжилд бодитой түлхэц болсон юм. Үүний үр дүнд “Эрдэнэт” үйлдвэр монгол, оросын ард түмний эрх тэгш харилцаа, хамтын ажиллагааны талбар болсон юм. Монгол Улсын гадаад худалдааны гол үзүүлэлтүүд, төсвийн орлого, ДНБ-д ногдох төсвийн алдагдал зэсийн зах зээлийн үнээс хэрхэн хамааралтай байсныг дараах хүснэгтээр харуулав.
15 дугаар зураг

“Эрдэнэт” үйлдвэр сайн ажиллавал манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг, доголдох юм бол мөн тэр хэмжээгээр нөлөөлдөг болохыг дээрхи хүснэгтээр харж болох төдийгүй манай улсын эдийн засаг экспортын бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өөрчлөлтөөс хамааралтай эмзэг болохыг ч харж болно. Аж үйлдвэрийн олон салбар сайн хөгжиж чадаагүйгээс зэс, алт, ноолуур зэрэг цөөн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэлээс улс орны эдийн засгийн байдал хамаарч байгаа нь цаашид түүхий эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж эцсийн бүтээгдэхүүн гаргах асуудал асуудал зүй ёсоор тавигдаж байгааг харуулж байна. “Эрдэнэт” үйлдвэр нь бусад салбаруудын хөгжилд ч түлхэц болж байсан, ялангуяа эрчим хүч, тээврийн салбарт ихээхэн нөлөөлсөөр ирсэн, одоо ч нөлөөлсөөр байна.
Галуут нуурын усан цахилгаан станциас улсын хил-Дархан-Эрдэнэтэд орж ирэх 220 кВт-ийн 407 км урт эрчим хүч дамжуулах шугам, Дархан-Эрдэнэтийн автомашины 180 км урт зам, Салхит-Эрдэнэтийн 167.5 км төмөр зам болон олон барилга байгууламжуудыг “Эрдэнэт” үйлдвэрийн цогцолборын хүрээнд барьж ашиглалтанд өгч байжээ. Мөн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1981 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 278 дугаар тогтоолоор “Эрдэнэт” үйлдвэрийн бүрэлдэхүүнд орж баригдсан Хүнсний комбинат, 210 ортой эмнэлэг, 164 ортой зочид буудал, хоёр дунд сургууль, Худалдаа үйлчилгээний төв, Эрдэнэт хотын захиргааны байр зэрэг 15 барилга байгууламжийг монголын талд шилжүүлж зээлийн хөрөнгийг “Эрдэнэт”-ийн үндсэн хэлэлцээрийн дагуу шийдвэрлэжээ. “Эрдэнэт” үйлдвэрийг дагаад түүнтэй үйлдвэрлэлийн болоод технологийн холбоотой шинэ үйлдвэрүүд бий болсон нь тус үйлдвэрийн хэрэгцээг дотоодоосоо хангах нөхцлийг бүрдүүлж эхэлсэн. Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрийг барьсан төлбөрийг Япон улсад зэсийн баяжмал нийлүүлэх замаар шийдвэрлэж байсан бол одоо тус үйлдвэрээс жилд 24000 тонн ган бөмбөлгийн бэлдэц авч ашиглаж байгаа нь тус үйлдвэрийн борлуулалтын орлогын бараг 50 хувьтай тэнцдэг болжээ. Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрээс жилд 30 мянган тонн шохой, баяжмалын уутны хэрэгцээгээ бүрэн дотоодоос, мөн хэрэгцээт нүүрсээ бүрэн дотоодоос ханган нийлүүлж байгаа нь импортоос олон мянган ам.доллар хэмнэж дээрх үйлдвэрүүдэд олон зуун ажлын байр шинээр бий болсон. “Эрдэнэт” үйлдвэр улсын хэмжээнд үйлдвэрлэсэн эрчим хүчний 23-25 хувийг хэрэглэж төлбөрт нь жилд 36 орчим тэрбум төгрөг төлдөг. Төмөр замаар жилд 1000 орчим сая тонн ачаа тээвэрлэх болсон нь УБТЗ-ын ачаа тээвэрлэлтийн 7-10 хувь, борлуулалтын орлогын 15 орчим хувийг бүрдүүлж байна.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх түвшинд аваачих нь Орхон аймгийн эдийн засагт онцгой ач холбогдолтой юм.
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн, улсын болон орон нутгийн төсөв, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн оруулж буй хувь нэмрийг хүснэгтэд харуулав.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нь орон нутгийн төсөв, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн нь дээрх хүснэгтээс харагдаж байна. 2006 онд Лондонгийн металлын бирж /ЛМБ/ дээр зэсийн үнэ маш өндөр буюу 1 тн катодын зэсийн үнэ дунджаар 6722 ам.доллар байхад “Эрдэнэт” үйлдвэр улсын болон орон нутгийн төсөвт нийтдээ 434.1 тэрбум төгрөг төвлөрүүлж 254.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 2003 онтой харьцуулахад даруй 8 дахин буюу 223.1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.Өнгөрсөн он жилүүдэд үйлдвэрийн ашигтай сайн ажилласан нь зөвхөн зэсийн үнийн тааламжтай нөхцлөөс гадна үйлдвэрийн доголдолгүй ажиллагаа, үйлдвэрт нэвтрүүлж байгаа шинэ технологи, оновчтой санаа болон чадварлаг боловсон хүчин, нийт ажиллагсад албан хаагчдын нөр их хөдөлмөрийн үр дүн юм. “Эрдэнэт” бол зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр төдийгүй уул уурхайн шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бааз, боловсон хүчний уурхай юм. Эрдэнэтэд ирээдүйн шинэ шинэ үйлдвэрүүдийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх суурь бааз нэгэнт тавигдсан. Дэлхийд томоохонд орох энэ үйлдвэрийг өргөтгөн шинэчлэх, гадаад зах зээл, борлуулалтыг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг хангах, инженер-техникийн ажилтнуудыг бэлтгэх, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тус үйлдвэрийн үе үеийн удирдлагууд ихээхэн анхаарч ирсэн. 1979 онд үйлдвэр нийтдээ 2500 гаруй ажиллагсадтай үүнээс 2143 нь үйлдвэрийн үндсэн цехийн ажилчид байсан бол одоогийн байдлаар үйлдвэрт нийт 6 мянга гаруй хүн ажиллаж буй бөгөөд тэдгээрийн 347 буюу 5.9 хувь нь гэрээгээр ажилладаг гадаадын мэргэжилтнүүд юм. Тэдний гэр бүлийн гишүүдийг оролцуулбал 20 гаруй мянган хүн “Эрдэнэт” хэмээх өнөр гэр бүлд хамрагдаж байгаа нь хотын нийт хүн амын бараг дөрөвний нэг болж байна.
Үйлдвэрийн нийгмийн хөгжлийн санг бүр 1980-аад оны эхэн үеэс байгуулж ахмадуудад тэтгэвэр, тэтгэмж олгох, ажилчдын амралт, сувиллын газар, соёлын болон биеийн тамирын арга хэмжээ, пионерийн зуслан, хүүхдийн клуб, дугуйлангууд ажиллуулах, өнчин хүүхдийн төвийн зардлыг санхүүжүүлэх, нийгэм-соёлын зориулалттай барилга байгууламж барих, үндсэн хөрөнгө худалдан авах, ажилчдын хоолны үнийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээнд зарцуулж ирсэн. Үйлдвэрийн ажиллагсдад орон сууцыг нь үнэгүй хувьчилсан ба ажилчдын мэргэжлийн давтан сургалт, соёл урлаг, спортын арга хэмжээ үр хүүхдүүдийнх нь сургууль боловсролд ихээхэн хөрөнгө зарцуулж байна. “Эрдэнэт” үйлдвэр, түүнийг даган байгуулагдсан олон арван үйлдвэр, нийгэм соёлын байгууламж, дэд бүтэц болон улс орны хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж тус үйлдвэр Олон улсын чанарын цом, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимийн “Гран при” цомууд, “Манлай татвар төлөгч байгууллага”, “Шилдэг экспортлогч байгууллага”, “Үндэсний ТОП-100 аж ахуйн нэгж” зэрэг олон өргөмжлөл хүртэж байсан нь тус үйлдвэрийн үйл ажиллагааг үнэлсэн дүгнэлт юм. Тус үйлдвэр бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлээд зогсохгүй уул уурхайн салбарт өндөр мэргэжлийн ажилтан, инженер-техникийн ажилчид бэлтгэх, автоматжуулалт, шинэ технологи нэвтрүүлэх, дадлага туршлагатай, эв нэгдэлтэй, сахилга хариуцлагатай бүтээлч хамт олныг бүрдүүлэх зэргээр үлгэр жишээ үйлдвэр байсан, одоо ч тийм байгаа нь Эрдэнэтийн бахархал болдог ба “Эрдэнэт” үйлдвэрийнхэн:
Ард түмний итгэл Анд түншийн найдвар Ажилчин бидний бахархал гэсэн уриатай ажилладаг.
Тус үйлдвэрийн хамт олны эгнээнээс Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг, Д.Жаргалсайхан, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Х.Рагчаа, А.Станбул нарын олон арван алдартнууд төрж гарсан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэр байгуулагдсаны 25 жилийн ойн босгон дээр төрийн дээд шагналаар дөч орчим хүн шагнагдсанаас Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор Х.Байговил, З.Шарав нар шагнагдсан байна. “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон дэвшүүлсэн зорилгодоо хүрч ажилласны гол үндэс нь нарийн тооцоо, судалгаа бүхий алс хэтийн хараатай үйл ажиллагаа явуулж бүх хэсэгт хамт олны ажил хариуцах чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ удирдлага зохион байгуулалтын түвшинг зах зээлийн харилцаанд нийцүүлэн ажилласны үр дүнд шинэ зууны эхэнд шинжлэх ухаан үйлдвэрлэлийн уялдаа холбоог улам гүнзгийрүүлж чадсан явдал юм. Үйлдвэрийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, менежментийн шинэ шатанд гаргах зорилт тавигдаж буй энэ түүхэн үед монгол-оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааны тухай хэлэлцээрийг шинэчлэн баталж гадаадын хөрөнгө оруулалттай Монгол улсын аж ахуйн нэгж болгон өөрчилсөн нь үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэн технологийн шинэчлэлт хийх, хөрөнгө оруулалт, менежментийн арга хэлбэрээ боловсронгуй болгох талаар тус хамт олонд шинэ боломж олгож улс эх орныхоо өмнө хүлээх үүрэг хариуцлагыг улам бүр нэмэгдүүлж байна.
Монгол улс зах зээлийн эдийн засгийн шинэ харилцааны замд эргэлт буцалтгүй ороод байгаа өнөөгийн нөхцөлд “Эрдэнэт” үйлдвэр өөрийн үйлдвэрлэлийн хувь заяа, ирээдүйг өөрсдөө шийдэх бололцоотой болж байгаа бөгөөд түүнийг хэрэгжүүлэх орчин үеийн мэргэжил, чадвар бүхий инженер, техникийн ажилтан, ажилчин байдагт оршдог. Өнөөгийн байдлыг бодитойгоор үнэлээд зогсохгүй маргаашаа харж чаддаг, өөрсдийн боломж, хөгжлийн янз бүрийн хувилбарыг тооцож
тодорхой төсөөлж ард түмнийхээ амьдралыг сайн сайхан болгохын төлөө хөдөлмөрлөж байгаадаа уурхайчид бахархдаг. Усны дэргэд байгаа айл усаар тасардаггүйн адил энэ өгөөжтэй үйлдвэрт ажиллагсад сайхан амьдрах нь эргэлзээгүй.
www.bolod.mn