2012-11-26Нийлүүлэлт нэмэгдсэнээр махны үнэ буурч эхэллээ
“Хүчит шонхор” хүнсний захын борлуулагч Б.Туяатай уулзаж махны үнэ ханш ямар байгаа талаар сонирхлоо.
-Махны нийлүүлэлт ямар байна вэ?
Хүйтрээд, идэшний цаг болоод ч тэр үү, нийлүүлэлт ихэсч байна. Хөдөө орон нутгаас орж ирсэн мах өдөр гэхэд бараг дуусчихдаг байсан. Одоо бүрий болж байхад мах ачсан машинууд зогсож л байна. Энэ бол нийлүүлэлт нэмэгдсэний шинж.
-Та нар бөөний махаа хэдээр авч байна?
-Ер нь махны бөөний үнэ бууж байгаа. Энэ сарын эхээр бид хонины махыг 5000 төгрөгөөр бөөндөж авдаг байсан. Гэтэл өнөөдрийн (11 дүгээр сарын 25) байдлаар 4300-4500 төгрөг болтлоо буусан байна. Үхрийн махны бөөний үнэ 5200-5500, ямааных 3500, адууных 3800-4000 төгрөгийн ханштай байна.
-Махны жижиглэнгийн үнэ ямар байгаа вэ?
-Бөөний үнээ дагаад жижиглэнгийн үнэ бууж байгаа. Өнөөдөр хонины ястай мах 5300-5500, ямааных 3800-4200, адууных 4000-4300, үхрийнх 5800-6000 төгрөгийн хооронд байна.
-Энэ сарын аравдаар жижиглэнгийн үнэ иймэрхүү л байсан биз дээ?
-Үгүй жижиглэнгийн үнэ бууж байгаа. Энэ сарын эхний арав хоногт үхрийн ястай мах 6000-6800 төгрөгийн хооронд байсан. Тэр үеэ бодвол 500-800 төгрөгөөр буугаад байна. Мөн адуу, хонины махны үнэ ч бага багаар бууж байгаа.
-Махны үнэ буухад юу нөлөөлж байгаа бол?
-За сайн мэдэхгүй юм. Мах элбэгшиж нийлүүлэлт сайжирсантай холбоотой болов уу. Нөгөөтэйгүүр шатахууны үнэ нэмэгдэхгүй байгаа учраас хөдөө орон нутгийн мах боломжийн үнээр борлуулагдаж байгаа.
-Тэмээний мах хэр борлогддог вэ?
-Гайгүй шүү. Ихэвчлэн гуанз, ресторанууд авчихдаг юм. Ханш 5000 төгрөг байгаа.
-Тэмээ яахаараа адууны махнаас үнэтэй байдаг билээ?
-Энэ чинь ясгүй мах шүү дээ.
АДУУНЫ ЦУЛ МАХ 4500 ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
-Цул гэснээр, адуу үхрийн цул мах ямар үнэтэй байна вэ?
-Янз бүр. Махныхаа тарган туранхай чанараас болно. Одоо үхрийн цул мах 6000-6800, адууных 4500 төгрөгийн үнэтэй байна. Өмнө нь үхрийн цул мах 7200 төгрөгөөс буудаггүй байлаа. Ингээд бодохоор махны үнэ овоо буусан байгаа биз дээ.
-Үхрийн гуяны цул махны үнэ ер нь бууж өгөхгүй юм даа. Өнгөрсөн сарын сүүл, энэ сарын дундуур ирэхэд 8000-8200 төгрөгийн үнэтэй байсан. Одоо мөн л тэр үнэ нь хэвээрээ байх юм?
-Цөөн хоёр гурван хүн л тэгж зарж байгаа болов уу. Гэхдээ махныхаа чанараас болно шүү дээ. Нөгөөтэйгүүр хаа, гуянаас шаант, дунд чөмөг, сүүж гээд яс их гардаг. Үүнийг бас бодолцох хэрэгтэй. Ер нь их л тарган, сайн мах л тэгж зарагдана даа. Дунд зэргийн гуяны цул мах бол одоогоор 7300-7500 төгрөгөөр зарагдаж байна.
-Борлуулалт ямар байна даа?
-Боломжийн гэхэд болно. Ойрдоо махны бөөний үнэ буугаад ч тэр үү, гаднаас бүтэн гулуузаар нь авах хүмүүсийн тоо ихэсч байгаа. Уг нь ингэж авах нь хэрэглэгчдэд ашигтай. Нөгөөтэйгүүр энэ жил их хүйтэн өвөл болох нь гэж хүмүүс яриад байгаа. Мал ихээр хорогдохыг ч үгүйсгэх аргагүй. Тэгвэл махны үнэ, цагаан сар дөхөөд, эсвэл хавар тийшээ нэмэгдэж мэдэх юм.
НӨӨЦИЙН МАХ ГАРАНГУУТ МАХНЫ ҮНЭ УЛАМ НЭМЭГДСЭН
-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тухайлбал мах, гурил, шатахууны үнийг буулгах гээд Засгийн газар, Монгол банк хамтран багагүй ажил хийцгээж байна. Та үүнийг мэдэж байгаа юу?
-Хааяа эрт гэртээ харьсан үедээ зурагтаар сонсоно уу гэхээс тэр бүр сонин уншаад сууж амждаггүй юм. Бид чинь махаа олж авах гэж өглөө эрт ирнэ, орой харанхуйд харьдаг улс шүү дээ. Харин тэр шатахууны жижиглэнгийн үнийг өсгөхгүй тогтвортой барина гэдэг чинь зөв байх шүү. Хэрэв шатахууны хомсдол бий болоод үнэ нэмэгдээд эхэлбэл ченжүүд шууд л үнээ нэмээд эхэлдэг. “Яагаад бөөний үнээ нэмээд байгаа юм бэ” гэхээр “Бензиний үнэ нэмэгдчихээд хэцүү байна аа” гэсэн ганцхан хариулт өгдөг.
-Та нарын зардаг махны үнийг өсгөхгүйн тулд, цаана чинь нөөцийн мах бэлтгэх ажил эхэлчихлээ. Хэр үр дүнтэй байх бол?
-Хэрэгтэй болоод л хийж байгаа биз. Өнгөрсөн хавар 10 гаруй мянган тонн мах бэлтгэлээ л гээд байсан. Тэгээд дэлгүүр худалдаагаар олдохгүй хэцүү л байсан шүү дээ. Улаанбаатар хот чинь хүн ам ихтэй. Бэлтгэх гэж байгаа бол ахиухан бэлтгэх хэрэгтэй юм.
-Ноднин хаврын нөөцийн махны үнэ танай захын үнэд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Ямар ч нөлөө үзүүлээгүй. Харин ч махны үнэ улам нэмэгдсэн. Тухайлбал өнгөрсөн хавар, зун үхрийн цул мах бараг 10000, хонины мах 6800 төгрөгт хүрсэн шүү дээ.
ИДЭШНИЙ ҮХРИЙГ ЭНДЭЭС АВБАЛ ХАМААГҮЙ ДЭЭР
-Сонин юм шүү. Махны хангамжийг сайжруулж, үнэ буулгах гэж нөөцийн мах гаргаж байдаг. Гэтэл эсрэгээр нэмэгдээд байдаг. Энэ юундаа байдаг юм бол?
-Бид яаж мэдэх вэ. Тэр төр засгаасаа асуухгүй юу. Нөөцийн мах бэлтгэх нэртэй янз бүрийн ажил явагдаж байгаа. Бид хүмүүсийн ажил руу оролцмооргүй байна.
-Энэ жил идэшний үхэр ямар үнэтэй байх бол?
-Саяхан би Төв, Сэлэнгэ, Булган аймгийн нутгаар яваад ирлээ. Эдгээр аймгуудад мал их үнэтэй байна. Хязаалан, соёолон насны үхэр нэг сая төгрөгөөс буухгүй байна. Бүдүүн шар 1.5 саяас наашгүй. Идэш авъя гэж бодож байгаа бол эндээс авсан нь дээр гэж зөвлөмөөр байна. Үгүй дээ, хөдөө явах гэж ажил төрлөө алдаж бензин тосоо гарзадна шүү дээ. Тэгээд хөдөө очоод нэг үхэр аваад унагадаг. Нимгэндүү санаанд таарахгүй бол яах вэ. Харин энд сонголт ихтэй тарган мах зөндөө л байна. Том нь байг гэхэд дунд зэргийн тарган хязаалан үхрийн мах авахад ойролцоогоор 200 кг-аас буухгүй. Үүний нэг кг-ыг нь 5000 төгрөгөөр бодоход үсрээд л нэг сая болно. Яг авч өгөх дээрээ тулбал нааш нь цааш нь сайн ярьж болно шүү дээ. Нэг зовлонтой нь үхрийн махыг хөл хөлөөр нь салгаж өгөхгүй бөөнөөр нь өгөх гээд байдаг юм гэв.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"