2012-11-24Ардын намын Бага хурлын гишүүн Н.Батсүмбэрэлийг “Ярилцах танхим”-даа урилаа. Сонгуулийн дүнтэй
холбогдуулж намдаа шүүмжлэлтэй хандаж буй залуусын нэг бол Н.Батсүмбэрэл юм. Түүнтэй МАН-ын шинэчлэл, бодлого, боловсон хүчний асуудлын талаар ярилцав.
-Ардын намыг шинэчлэхээр залуус нэгдэж байна. Тэдний нэг нь та. Танай намын нэн тэргүүний тулгамдаад байгаа асуудал таныхаар юу байна вэ?
-Манай намд тулгамдсан асуудал олон байна. Ардын намыг шүүмжилж буй хүмүүс дотор ч, гадна ч бий. Иргэд, улс төр судлаачид, ажиглагчид хурцаар шүүмжлэх болж. Энэ нь ч аргагүй. Манай намын өмнө шийдвэрлэх ёстой маш их асуудал бий болжээ. Би “Монгол Ардын намын тулгамдсан асуудлууд, түүний шийдвэрлэх асуудал” нийтлэлдээ энэ тухай бичсэн. Миний харж байгаагаар манай намд улс төрийн тодорхой чиг хэрэгтэй байгаа юм. Одоогийн байдлаар Ардын нам бодлогоо алдчихаад байна. Өөрөөр хэлбэл, боловсон хүчний бодлого замбараагүй болж, улс төрийн томоохон шийдвэрт өнгөцөөр хандаж, намын дотоод шинэчлэлийг гүнзгийрүүлэхгүй, сөрөг хүчний хүчтэй дуу хоолойг бодлогын үүднээс гаргаж тавихгүй байна гэхчлэн тулгамдсан асуудал олон байна. Манай нам бол их түүхтэй. Гэвч өнөөдөр боловсон хүчний асуудлыг өөрөөр харах хэрэгтэй байна. Намаа шинэчилж чадахгүй байгаа болохоор нийгмийн асуудлыг шийдвэрлэж, хийх ажлаа сонгогчдод зөв ойлгуулж чадахгүй байгаа. үүнээс болж сонгуульд амжилтгүй оролцоод байна уу гэж бодож байна. Бид намын дотоод шинэчлэлийг хийж системээ өөрчлөх ёстой.
Мөн улс төр байнга шинэчлэгдэж байдаг учир үүнтэй хөл нийлүүлэх цаг нь болсон. Хүнээр бол тархиндаа өөрчлөлт оруулна гэсэн үг юм. Бодлого боловсруулдаг хүмүүс манай намд алга болж. Тиймээс намын уураг тархи болсон судлаач, шинжээч нарыг олон болгох шаардлагатай байна.
-УИХ-ын сонгуульд Ардын намынхан ялагдал хүлээснээс хойш “Нам шинэчлэгдэхгүй” байна гэх шүүмжлэл их гарах болсон. Ялагдсан нь чухам юунаас болсон гэж дүгнэж байгаа вэ?
-Хуучнаар МАХН нэрээ Ардын нам болгосноос болж ялагдал хүлээсэн гэж хүмүүс ярьдаг. Харин минийхээр бол нам нэрээ сольсон нь алдаа байгаагүй. Нэр солих асуудлыг өмнө нь ч олон удаа ярьж байсан. Монгол Ардын нам нэрээ сольсноор шинэчлэлийг хийж чадсан юм. Харахад өнгөц юм шиг хэрнээ их учир агуулгатай юм. Манай намыг “хувьсгалт” нэртэй байхад нь “ху нам”, “худалч нам”, “хуудуутай нам” гээд янз бүрээр хэлдэг байсан шүү дээ. Хувьсгалт гэдэг үгнээс олон залуус жийрхдэг байсан юм шиг байгаа юм. Энэ утгаар намын нэрийг өөрчлөх талаар ярьж эхэлсэн гэж хэлж болно. Нэрээ шинэчилсэн нь зөв эсэхийг цаг хугацаа дүгнэнэ. Тиймээс одоо үүнийг алдаа гэх хэрэггүй юм. Харин МАХН нэрээ өгсөн нь алдаа болсон. Намынхаа нэрийг хамгаалж, хадгалж авч үлдэх ёстой байлаа. Намын XXVI их хурлын үеэр намын нэрийг сольж зоригтой алхам хийсэн хүмүүсийг шинэчлэгчид гэж үнэлж явдаг.
-МАХН нэрээ алдсан нь алдаа гэлээ. Н.Энхбаярт алдсан алдаа юм уу, аль эсвэл өөр хэн нэгэнд алдсан нь алдаа байв уу?
-Ер нь хэн д алдсан нь чухал биш л дээ. МАХН бол өөрөө брэнд болсон нэр. Тиймээс энэ нэрээ алдаж болохгүй байсан юм. Н.Энхбаяр өөрөө уугуул нэрээ авах тухай ярьж байсан хүн. Нам нэрээ солиход тухайн нэрийг 20 жилийн хугацаанд хэрэглэхгүй байх тухай заалтыг Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах заалтыг санаачилж байсан.
-Таны хэлснээр Ардын нам хэзээнээс бодлого боловсруулагчгүй болчихсон юм бэ. УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснээс хойш үүнийг олж харав уу?
-Ардын намын алдаа өнөөдөр гэнэт бий болчихсон юм биш. Олон жилийн өмнө Ардын намын системд гэмтэл учирсан гэхэд болохоор. Манай нам иргэд сонгогчдынхоо хүсэн хүлээсэн хэмжээнд ажиллаж, улс төрийн орон зайд байх ёстой байранд нь авч явж чадаж байна уу гэдгээ дүгнэх ёстой юм. Улс төрийн орон зайд судлаач эрдэмтэд маш их дутагдаж байна. Тэдний оронд сайн дурынхан гэдэг ч юм уу санаандгүй явж байгаад орж ирсэн хүмүүс улс төрд их байна. Үүнээс болж хямрал бий болж байгаа юм. Хямралын эхлэл нь Ардын намд ажиглагдаж эхэллээ. Нам шинэчлэгдэж байж эрүүл, зөв шийдвэр гаргана. Энэхүү шийдвэр, санаачилга нь нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтыг нэг алхам урагшлуулна гэж ойлгож байгаа. Нөгөөтэйгүүр өнөөдрийн үйл явцыг харахад дүрэмдээ өөрчлөлт оруулж, цаг үетэйгээ хөл нийлүүлэх хэрэгтэй байна.
-Энэ бүхэнд хэн буруутай юм бол?
-Муу хамт олон гэж байдаггүй гэдэг шиг энэ бол Ардын намын олон мянган гишүүний алдаа биш. Харин намыг удирдаж, бодлого боловсруулж байсан хүмүүст алдаа байсан болов уу гэж боддог. Гэхдээ тэднийг буруутгаж байгаа юм биш шүү. Нам болон улс орныхоо өмнө хийх ёстой ажлаа хийсэн хүмүүс тэдний дунд олон бий. Ардчилсан сонгуулийн түүхэн дэх “их ялалт”-ын дараагаас буюу 2000 оноос намын бодлогын суурь зарчим алдагдаж эхэлсэн. Энэ нь УИХ-ын 2012 оны сонгуулийн ялагдлаар илэрсэн болов уу гэж хардаг. Намыг ийм байдалд оруулахад лидерүүдийн дотоод зөрчил, улс төрийн холыг харсан бодлого алдагдсан зэргээс болж удирдлагууд аливаа асуудалд сэтгэл хөдлөлийн байдлаар хандаж буй учраас ийм болсон. Гэхдээ намын тулгамдсан асуудалд буруутныг олох, эзнийг нь шийтгэн чичлэхээс илүүтэй зөв гаргалгаа хайж, үүнийгээ ажил хэрэг болгох нь чухал.
-УИХ-ын сонгуулийн дараа намын удирдлагууд ажлаа өгсөн нь тэдэнтэй хариуцлага тооцож чадсан явдал юм биш үү?
-Сонгуулийн дараа намын Бага хурлын үеэр Удирдах зөвлөл бүрэлдэхүүнээрээ огцорсон. Тэд өөрсдөө улс төрийн хариуцлага хүлээсэн. Үүгээр зогсохгүй Ерөнхий нарийн бичгийн дарга хүн УИХ-ын гишүүнийхээ эрхээс түдгэлзэж буйг би улс төрийн шийдвэр гэж харж байгаа. Энэ хүн намынхаа ялагдалд хариуцлага хүлээн шийдвэр гаргасан болов уу. Үүнийг улс төрийн соёл, хариуцлагын хэлбэр гэж хэлж болох юм.
-Та нийтлэлдээ “Ардын нам лидерийн хомсдолд орлоо” гэж бичсэн нь анхаарал татлаа?
-Хүн бүр өөр, өөрийн бодолтой байх. Харин бий бол нийтлэлээрээ дамжуулан би өөрийн бодлоо илэрхийлж байгаа юм. Улс төрийн лидер цөөрсөн юм уу даа гэж бодож байна. Манай намын 1970-аад оны лидерүүдийг нэрлэчих хүмүүс цөөн байхад өрсөлдөгч нам болох Ардчилсан намын тухайн үеийн лидерүүдийг нэрлэх боломжтой. Ойрын жишээ гэхэд намын дарга хэн байх вэ гэхээр хүндрэлтэй асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл, гарын таван хуруунд багтахаар хэдэн хүнийг нэрлэж болохоор байна. Боловсон хүчин, тэр дундаа улс төрийн лидерийн хомсдолд оржээ. Бид алдаагаа хүлээн зөвшөөрч байж дараагийн амжилтаа гаргана. Манай намд сайн боловсон хүчнүүд бий. Тэдгээр хүмүүсээ дэмжиж, гаргаж ирэх ёстой.
-Тэднийг хүчтэй лидер болгохын тулд намын удирдлагууд бодлогоор бэлтгэх ёстой биш гэж үү?
-Сөрөг хүчин болсноороо харин ч дотроо өрсөлдөөнийг бий болгоод байгаа юм болов уу гэж бодож байгаа шүү.
-Намаа шинэчлэхээр Ардын намын залуус фракци байгуулаад байгаа. Тэгвэл шинэчлэлийг юунаас эхлэх хэрэгтэй гэж үзэж байна вэ?
"Олон жилийн өмнө Ардын намын системд гэмтэл учирсан гэхэд болохоор. Манай нам иргэд сонгогчдынхоо хүсэн хүлээсэн хэмжээнд ажиллаж, улс төрийн орон зайд байх ёстой байранд нь авч явж чадаж байна уу гэдгээ дүгнэх ёстой юм"
-Нам улс төрийн бодлогоо тодорхой болгох шаардлага байна. Монголын улс төрд Ардын нам хэрхэн оролцох вэ, өнөөгийн төр засгийн бодлогод юуг шингээх ёстой юм бэ, юунд шүүмжлэлтэй хандах хэрэгтэй юм гэдэг нь нэг хэрэг. Мөн намын дүрмээ өөрчлөх цаг болж гэж залуус саналаа солилцож байна. УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж цөөнх болсноор гишүүдийн идэвх нэмэгдэж байгаа. Ялангуяа жирийн гишүүдийнх. Намынхаа үйл ажиллагааг шүүмжилж, саналаа хэлж байна. Энэ байдал цаашид ч үргэлжлэх байх. Намын залуусын хүсэн хүлээж, зорьж буй шинэчлэл хийгдэнэ гэж бодож, бас харж байна. Залуус ч идэвхтэй байгаа.
-Танай намын удирдлагууд гишүүдээ өмөөрдөггүй биш, өмөөрөөд “буйдантай суулт” хийсэн юм биш үү. Та “Удирдлагууд гишүүдээ хамгаалдаггүй” гэсэн учир ингэж асууж байгаа юм?
-“Буйдантай улстөрчид” гэдэг нэр авчихаад байгаа шүү дээ. Үүнийг зөв гэж бодож явдаг. Улс төрд шинэ загвар бий болгосон байх. Эрх барьж байсан хүмүүс цаас бариад сууж байгаа нь хүмүүст их сонирхолтой харагдсан болов уу. Ингэж суулт хийсэн нь Өвөрхангайд нэр дэвшсэн намын хоёр гишүүнээ өмгөөлсөн хэлбэр мөн. Нөгөөтэйгүүр, хууль хяналтын байгууллагаас манай намын гишүүдийг шалгадаг, дарамталдаг, шахдаг, хорьдог байдал ажиглагдаад байгаа юм. Иймээс үүнд намын удирдлагууд байр сууриа илэрхийлж байх ёстой гэж хувьдаа боддог. УИХ-ын сонгуульд Ц.Анандбазарыг нэр дэвшиж байх үед нь баривчлахад намын зүгээс хүчтэй байр суурь илэрхийлээгүй шүү дээ. Тэгэхээр нам гишүүдээ өмгөөлж, хамгаалан хүчтэй дуу хоолой болох ёстой.
-Орон нутгийн хурлын сонгуулийн үеэр иргэдийн сонгуульд оролцох идэвх маш сул байсан. Иргэдийн идэвх сул байсанд юу нөлөөлөв. Төрийн ажлыг хэрэгжүүлэх ёстой хүмүүсийг сонгоход ингэж хайхрамжгүй хандсан нь хэтэрхий намчирхсан байдалтай холбоотой юу?
-Орон нутгийн хурлын сонгуулийн ирц маш тааруухан байлаа. Сонгуулийг өвлийн хүйтэнд явуулсан нь нэг талаараа санал өгөхөд нөлөөлсөн байх. Нөгөө талаар сонгуулиар иргэдийн санал өгөх ирц багассаар байгаа. Энэ бол улс төрөөс залхах, улс төрийн намууд, улстөрчдөд итгэхгүй байх байдалтай холбоотой юм. Иймээс улс төрийн намууд, улстөрчид өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Мөн хатуу гишүүнчлэлийг эргэж харах байдал үүсээд буйг сонгуулийн ирц харууллаа шүү дээ. Дэлхий нийтийн хандлага ч тэр хатуу гишүүнчлэлээс татгалзаж, дэмжигчийн статустай болж байна. Бидэнд ч ийм байдал удахгүй тулгарна. Манай нам ч гэсэн хатуу гишүүнчлэлийг эргэж харах шаардлага үүсээд байгаа.
-Ардын намын одоогийн удирдлагууд намаа шинэчлэх гэж яваа та бүхэнтэй хамтарч, шинэчлэлийг эхлүүлж чадна гэж бодож байна уу. Үүнд итгэлтэй байгаа юу?
-Намын удирдлагуудыг нийтээр нь харвал хэцүү л дээ. Зарим гишүүн намын шинэчлэлийн асуудалд өмнөх шигээ хандаж залуучуудтайгаа ярилцаж байна. Харин зарим нь дарга болоод хуучин байр сууринаасаа өөрчлөгдсөн зүйл бий. Намын удирдлагууд дотор шинэчлэлийг хийх бодолтой гишүүд байгаа. Иймээс хурдан хугацаанд намаа шинэчлэх ажлыг хийх хэрэгтэй байна.
-Намын залуучуудын тухайд далд фракцийг ил болгох саналыг гаргаад байгаа шүү дээ?
-Манай намд өнөөдөр албан ёсны жигүүр, фракци байхгүй гэж зарладаг. Гэсэн хэдий ч залуучуудын, зүүний хүчний холбооныхон, хотынхон гээд фракциуд албан бусаар байгаа шүү дээ. Үүнийг ил болгож зарлах ёстой. Ингэснээр намын хөгжил, шинэчлэлд зайлшгүй чухал зүйл болох юм. Эдгээр фракциуд намыг эрх барьж байх үед томилгоонууд дээр л гарч ирдэг байсан. Манай намд одоо хүссэн хүсээгүй жигүүр, хөдөлгөөн, фракциуд байгуулагдана. Ингэж байж нам урагшаа явна. Аливаа асуудлыг тал, талаас нь харж, аль оновчтойг нь шийдвэрлэнэ. Үүнээс гадна фракци, жигүүрийг зарласнаараа улс төрийн лидерүүдийг бий болгох бололцоог бүрдүүлэх юм.
-Парламентад суугаа Ардын намын гишүүдийн олонхи нь залуу гишүүд. Намаа шинэчлэх талаар тэдэнтэй уулзаж, ярилцсан уу?
-Ардын нам залуужиж байгаагийн илрэл нь парламентаас харагдаж байна. Тэд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж байгаа.
-Ардын намын их хурлыг яаралтай хуралдуулж, шинэчлэлийг ажил хэрэг болгох хэрэгтэй гэж байгаа. Их хурлыг хэзээ хуралдуулах вэ?
-Намын их хурлыг Бага хурлаас зарладаг. Одоогоор гишүүдийн дунд хүлээлт үүсээд байна. Намынхаа хийсэн ажил, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэх шаардлага бидэнд бий. Мөн цаашид юу хийх талаарх чиглэлээ гаргаж, намын даргаа батлах уу гээд олон асуудал байна.
-Ярилцсанд баярлалаа.
Ц.ЭНХЦЭЦЭГ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ"сонин