2012-11-23Монголд эдийн засгийн алуурчин буюу хитмэнүүд хэдийнэ ороод ирчихэж. Тэд үнэтэй машин унан давхилдаж, тансаг

хэрэглээгээр олныг алмайруулж, мөнгийг баруун солгойгүй цацаж, уул уурхайн салбарт хөрөнгө оруулна, хууль эрх зүйн орчин, олон улсын жишиг гэх мэтээр цэцэрхэн ярьж, соёлч боловсон загнацгааж байна. Харин нэг л өдөр өнөөх гял цял, баян чинээлэг нөхөд ор сураггүй алга болно.
Монголын нутаг дэвсгэрийн нэгээхэн хэсгийг олон улсын хөрөнгийн бирж дээр худалдаж, толгой эргэм мөнгө халаасалж авсан хитмэнүүд "Good bye, Mongolia" гээд арилж өгнө. Ард нь амаа барьсан хэдэн монгол, хүний мөнгөөр хүүдэгнэж, лусын хаан шиг баярхаж байгаад нэг л өдөр шалдаа бууж, гадаадын компанид өртэй үлдэхдээ тулсан лицензийн эзэн компанийн захирал л үлдэнэ. Энэ бүхний эцэст Монгол Улс хохирч хоцорно.
Эдийн засгийн алуурчид хөгжиж байгаа улс орнуудад хорлон сүйтгэх үйл ажиллагаагаа хэрхэн явуулдаг вэ. Тэд хэрхэн уул уурхайн баялгийг нь цөлмөж, улс орныг нь өрөнд баригдуулж, ард иргэдийг нь ядууруулж, туйлдуулдаг вэ. Жон Перкинсийн "Хитмэний өчил" номд энэ тухай тун дэлгэрэнгүй бий. Хитмэнүүд эдийн засгийн луйвар, "аллага" хийдэг тэр л сонгодог загвараа Монголд тэр чигээр нь оруулаад иржээ.
Тэрхүү загварыг манай улсад амжилттай туршигчдын нэг нь Тайландын "Банпу" /Banpu/ гэгч компани. Олон улсад нэр хүнд муутай, өр шир, торгууль шийтгэлтэй тус компани Монголд буянтны дүрээр заларч, "Хүннү коул" компанийг 100 хувь өөрийн болгоод амжсан байна.
Нэг ёсондоо хонины арьс нөмөрсөн чоно гэдэг шиг л "Хүннү коул"-ын нэрээр халхавчилсан зальжин, зальхай "Банпу" компани Монголын нүүрсний хэд хэдэн том ордын лицензийг өвөртөлчихөөд муур шиг хумсаа нуун, цаг нь ирэхээр мөнгө гэдэг хулганыг ахиухан шиг самардахаар зэхэн сууж байгаа ажээ.
Хөрөнгө оруулан хамтран ажиллана гэсэн сайхан амлалтад нь итгээд "Банпу" компанийн нэр дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдээ шилжүүлэн, эцэст нь чонын хүзүүнд мах зүүгээд алдана гэгч болсон үндэсний компаниуд арбитрын шүүхэд хандаад байгаа аж. Хитмэн буюу эдийн засгийн алуурчид өөрсдийн санал болгосон гэрээ, хөрөнгө оруулалт дээрээ тулгуурлан хувь хүн болон компани, аж ахуйн нэгж, цаашилбал төрийн байгууллагыг ч залилан мэхэлж чаддаг гэдгийг монголчууд яаж мэдэх билээ.
Хөрөнгө оруулалт гэдэг өгөөшинд хууртаад хамаг тусгай зөвшөөрлөө харийн компанийн халаасанд үнэгүй шахам хийчихсэн хэрэг. Гэтэл өнөөх хөрөнгө оруулагч тусгай зөвшөөрлүүдийг нь өөрийн болгож авангуутаа олон улсын бирж дээр хувьцаа гарган худалдаж, асар их мөнгө босгожээ. Энэ бол хитмэнүүдийн шалгарсан арга.
Тэдний өгөөш нь хөрөнгө оруулалт. Өөрөөр хэлбэл, мөнгө. Уул уурхай бол үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг, эрсдэл өндөртэй салбар. Хөгжиж байгаа орнуудын үндэсний компаниудын гаргаж чадахгүй байгаа хөрөнгийг гадаадын компаниуд гаргаж, үндэсний компани нь ашигт малтмал хайх, олборлох, ашиглах лицензээ хамтарсан компанид хувь болгон оруулдаг тогтсон жишиг бий.
Энэ нь хөрөнгө оруулалтыг богино хугацаанд шийдэж, уул уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх сайн талтай. Гэхдээ үүнд анхаарч, зохицуулах зүйл ч нэлээд байгаа юм. Хитмэнүүд яг энэ харилцаан дээрээс л од шүүрдэг. Яаж гээч. Гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компаниуд уул уурхайн салбарт гол төлөв хөрөнгө оруулагчийн охин компани хэлбэрээр үүсгэн байгуулагддаг.
Жишээ нь, гадаадын А компани Монголын Б компанитай хамтран ажиллах гэрээ байгуулна. Мэдээж гадаадын компани, өөрөөр хэлбэл, хитмэнүүд өөрсдийн санал болгосон гэрээ, хөрөнгө оруулалтын нөхцөлийг л манайханд тулгана. Гэрээнд зааснаар А компани орд газрын хайгуул, олборлолт, ашиглалтын бүх зардлыг даах, Б компани өөрийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийг шинээр байгуулах хамтарсан компанийн нэр дээр хувь болгон шилжүүлэх үүрэг хүлээнэ.
Тусгай зөвшөөрлөө шилжүүлснийх нь шанд Монголын компанид 1-2 сая ам.доллар амлана. Энэ нь уул уурхайд дөнгөж хөл тавьж байгаа монгол хүнд асар их мөнгө санагдах тул бүх юмаа хамтрагч компанидаа даатгаад өөрсдөө тайвширч, сэтгэл ханана. Гадаадын хашир акул энэ агшныг овжноор ашиглаж Монгол дахь охин компанийн тогтоогдсон нөөц, үйл ажиллагааг ашиглан олон улсын томоохон хөрөнгийн биржийн аль нэг дээр, дүрэм султай тул ихэвчлэн Австралийн ASX бирж дээр IPO хийж толгой компаниа хэдэн зуун сая доллараар зарна.
Монгол хамтрагч нэг сайхан нартай өдөр энэ тухай санамсаргүй тохиолдлоор гэнэт олж мэдэх боловч нэгэнт хожимдсон байна. Гадаадын хөрөнгө оруулагч нь "Энэ та нарт хамаагүй. Манай толгой компани хувьцаагаа зарсан. Та нар толгой биш охин компанитай гэрээ байгуулсан биз дээ. Өчнөөн мөнгө зүгээр авчихаад яасан муухай хүмүүс вэ. Тэгж яривал та нар хамтарсан компанид тэдэн тэрбум төгрөгийн өртэй шүү" гээд л аман дээр нь тэмээн тавхай тавьж орхино доо.
Ингээд олон зуун сая тонноор хэмжигдэх нөөц тогтоогдсон Монголын орд газар гуравдагч орны хэн нэгний эзэмшилд очин, монгол хүн, Монгол Улсын өмчлөлөөс гарна. Үүнд Монголын талын туршлагагүй, хэнэггүй зан, гадаадын компанийн овжин, сурамгай байдал, Монгол Улсын хууль тогтоомжийн сул, доголдолтой тал ч нөлөөлдөг байна. "Хүннү коул"-ыг өөрийг болгосон Тайландын "Банпу" компани ийм байдлыг далимдуулан хитмэнүүдийн шалгарсан луйврын загварыг ашиглажээ.
Тэд "Хүннү коул"-ын нэрээр Монголын "Говь хурах" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулахдаа "Дангаар санхүүжүүлэх хугацаанд "Хүннү коул"-ын гаргасан бүх зардал нь хамтарсан компанийн өр хэлбэрээр тооцогдох бөгөөд хамтарсан компани ашиг олмогц "Хүннү коул"-д гаргасан бүх зардлыг төлнө" гэсэн заалт оруулжээ. Дараа нь тэд энэ заалтаараа монгол хамтрагчаа шантаажилсан байна. Энэ бол "Банпу"-гийнхний гэм биш зан ажээ.
Азийн томоохон нүүрс олборлогчдын нэгд тооцогддог тус компани Лаос дахь охин компаниараа дамжуулан мөн л эдийн засгийн алуурчдын үйл ажиллагааг явуулсан байна. "Банпу"-гийн охин компани Лаост шинээр баригдах цахилгаан станцын ТЭЗҮ, түүний талаар мэдээлэл олж авах зорилгоор Лаосын компанитай хамтран ажиллах халхавч гэрээ байгуулжээ. Тэд хэрэгтэй мэдээллээ олж авмагцаа гэрээгээ цуцалсан нь Лаосын компанид хохирол учруулсан гэдгийг Тайландын иргэний шүүх тогтоосон байна.
Тиймээс шүүхээс "Банпу" компанид олон тэрбум долларын торгууль ногдуулжээ. Тухайлбал, "Банпу" компанид дөрвөн тэрбум тайланд долларын торгууль ногдуулж, 2015-2027 оны алдангийг жилийн 860 сая доллараар тооцож, 2028-2039 оны алдангийг жилийн нэг тэрбум 380 сая тайланд доллараар тооцож Лаосын компаниудын хохирлыг төлүүлэх шийдвэр гаргасан юм билээ.
Түүнчлэн "Банпу" болон түүний Лаос дахь охин компанийн удирдлага Лаосын Засгийн газарт хуурамч мэдээлэл өгсөн, Лаос улсын Хонса талбайд баригдах нүүрсээр ажиллах цахилгаан станцын ТЭЗҮ болон нүүрс ашиглах давуу эрхийн талаар мэдээлэл олж авах зорилгоор Лаосын компаниудтай хамтран ажиллах халхавч гэрээ байгуулж, Лаосын Засгийн газрыг төөрөгдүүлсэн тул тус улсын Засгийн газар "Банпу"-гийн охин компанид олгоод байсан нүүрс ашиглах давуу эрх, цахилгаан станц барих эрхийг цуцалжээ.
Үүгээр зогсохгүй "Банпу" компанийг Лаосын Засгийн газартай шууд гэрээ байгуулахыг шүүхээс шаардсан байна. Ийм базаахгүй асуудалд орооцолдоод байгаа компани Монголд үйл ажиллагаа явуулдаг "Хүннү коул" компанийн бүх хувьцааг 2011 оны арванхоёрдугаар сарын 28- нд Австралийн хөрөнгийн бирж дээрээс 497 сая ам.доллараар худалдан авчээ. Ингэснээр 843.5 сая тонн нүүрсний нөөцтэй Монголын хоёр том орд газрын 11 хайгуулын тусгай зөвшөөрөл "Банпу"-гийн эзэмшилд шилжсэн байна.
Монголын хөрсөн доорхи баялаг ийм л замаар гадаадын компаниудын эзэмшилд очдог нь харамсалтай. Бүхэл бүтэн улс орны Засгийн газарт хуурамч мэдээлэл өгч, үндэсний компаниудыг нь хуурч мэхэлж байсан арвин "туршлагатай" "Банпу" компани Монголын нүүрсний ордуудын тусгай зөвшөөрлөөр мөнгө босгохын тулд ямар ч хууль бус үйлдэл хийж мэдэх юм. Юутай ч энэ мэтээр нөөц нь тогтоогдсон, өндөр ашигтай ордуудаа гадаадынханд дээрхийн адил алдаад байх юм бол Монгол Улс, Монголын ард түмэн л хохирно.
Гадаадын хөрөнгө оруулалтыг уул уурхайн салбарт татаж, уул уурхайн компаниуд маань гадаадын зах зээл дээр IPO хийх мэдээж зөв жишиг. Гэхдээ Монголд татвар төлдөг үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах, газар шороо, нөөц баялгаа улс орон дамнасан овжин зальтнуудад алдахгүй байх нь чухал. Саяхан батлагдсан стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль энэ чиглэлд хийсэн анхны нааштай алхам юм.
Гэхдээ энэ хуулийн зохицуулалтыг тодорхой болгох, хуулийн давхардлыг арилгах, ойлгомжгүй, тодорхой бус зүйлийг тайлбарлах зэрэг хийх ажил маш их байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Нөгөө талаар одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Иргэний, Компанийн, Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн заалтуудыг ашиглан дээр өгүүлсэн шиг будлиан, маргааныг зохицуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, Монголын уул уурхайн салбарт "Банпу" шиг луйврын компаниудын гар, хөлийг дүрүүлэхгүй байх боломж бидэнд бүрэн байна.
С.УУГАНБАЯР