2012-11-13Монголын хөгжмийн зохиолчдын Холбооны (ерөнхийлөгч нь урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр) “Алтан намар” хөгжмийн наадам энэ онд гучин нас хүрч, 10 дугаар сарын 3-12-ны өдрүүдэд олон сайхан хөгжмийн шинэ бүтээл тайзнаа мэндлэв.
Энэхүү наадам нь манай хөгжмийн уран бүтээл туурвигчдыг нэгтгэсэн 65 жилийн түүхэн уламжлалтай мэргэжлийн ууган байгууллагын жил бүр зохион явуулдаг амин үйл ажиллагааных нь нэгэн багана болсоор удаж байна. Уг наадам энэхүү олон нийтийн үүсгэл санаачилгатай, цөөвтөр гишүүнчлэлтэй хөгжмийн мэргэжлийн байгууллага зах зээлийн шилжилтийн гэгдэх амаргүй он жилүүдэд оршин буйн, басхүү гишүүд нь хөгжим бүтээлээ туурвин буйн тэмдэг дохио болсоор ирсэн билээ.
"Москвагийн намар” нэртэй “ах наадам”-ын “дүү хувилбар” болгон энэ наадмыг анх “Кремль”-ээс заавартайгаар санаачилж байж. Тэртээ цагаас хойш үзэл суртал хийгээд ертөнцийг тольдогч монгол хүмүүний амьдрах арга ухаан түмэнтээ хувьсч, бумантаа өөрчлөгдөв.
Энэ удаад та бүхэнд “Алтан намар-2012” наадмын үеэр анх удаа олны сонорт эгшиглэсэн хөгжмийн том хэлбэрийн нэн шинэ хоёр бүтээлийн тухайд таамнан өгүүлэх юм. Эдгээр нь төрсөн ах дүү, цэл залуухан хөгжмийн зохиолчид болох Х.Алтангэрэл (“Ёочин, симфони найрал хөгжмийн концерт”), Х.Мөнх-Ертөнц (“Симфони найрал хөгжим, найрал дуу, хөөмийд зориулсан төгөлдөр хуурын № 2 концерт”) нарын бүтээлийн тухай болно.
Дээрх бүтээлүүдээ хөгжмийн зохиолчид нь “концерт” хэмээн тодотгон нэрийдсэнээс ажихад хөгжмийн том хэлбэрийн бүтээлд хамаатай болох нь ил. Симфони, сонат, концерт хэмээх хөгжмийн төрөл зүйлийг “венийн сонгодог хөгжим” хүн төрөлхтөний оюуны санд оруулсан нь хөдөлшгүй түүх хэдий ч орон бүрийн сонгодог чигийн хөгжим туурвигчид өдгөө хүртэл өртөөлөн, өөр өөрсдийн өнгө аясаар үргэлжлүүлсээр байгаа нь хэдүй урт настай нээлт болохыг нь нотолно.
“Венийн сонгодгууд” хэмээх нэр томъёог Австрийн хөгжим судлаач Рафаэл Эрнест Кизеветтер (1773-1850) Лейпцигхотноо 1834 онд хэвлүүлсэн “Баруун Европын хөгжмийн түүх” хэмээх бүтээлдээ зөвхөн И.Гайдн, В.Моцарт нарт хамаатуулан анх хэрэглэсэн бөгөөд хожим бусад судлаачид Л.Бетховены нэрийг энэ хүү сонгодгуудад багтаах болсон байна.
Өдгөөгийн Австри улсын нийслэл Вена (Vienna) хотод XVIII-XIX зууны зааг үед тавь хүрэхгүй жил (1780- 1827) оршин тогтносон хөгжмийн зохиомж бичлэгийн нэгэн арга барил цаг түүхийн өөр мөчлөгт нутаг сэлгэн, монгол нутгийн хөрсөнд “Миний эх орны өглөө” нэртэйгээр анх нахиалан ургасан нь 1955 он юм. Тэр цагаас хойш олон зуун биш юмаа гэхэд хэдэн арваар тоологдох симфони, сонат, концертыг монгол хөгжмийн зохиолчид туурвин, үндэсний сэтгэлгээ хийгээд өөрсдийн арга барилаа шингээж ирэв.
“Алтан намар -2012”-ын үеэр эгшиглэсэн Х.Алтангэрэл, Х.Мөнх-Ертөнц нарын төгөлдөр хуурын болон ёочингийн концертын аль аль нь нэг ангит ба үүндээ гурван ангит хэлбэрийн шинжийг агуулан бичигдсэн шиг байна. Венийн сонгодог үеийн бүтээсэн том хэлбэрийн иж бүрдэл системийг сонат-симфонийн дөрвөн ангит мөчлөг хэмээн нэрлэж заншсан нь анх сонгодгуудын үүсгэсэн сэдэл нь гурав болон дөрвөн тусдаа ангит бүтцэд багтаан илэрхийллийн томоохон санааг багтаах нэгдмэл зохиомжтой нь холбоотой билээ.
Нөгөөтэйгүүр дан гагц хөгжмийн хэлээр дамжуулан туульс, романы дайтай агуулгат томоохон өгүүлэмжийг илтгэх боломжтой хэлбэр, агуулгын нэгдлийг олж нээсэн явдал юм. Чингэхдээ сонатын хэлбэр гэгч хөгжмийн эерэг ба сөрөг аялгуут дүрийн эхлэл, өрнөл, оргил, тайллын зөрчилт тэмцлийн үр дүнг илэрхийлэгч гайхам зохиомжит бүтцийг нээн олсон явдал хүн төрөлхтөний хөгжимт оюуны томоохон ололт болсон билээ.
Л.Мөрдорж өөрийн анхдугаар симфонио туурвихдаа хэлбэр бүтцийн хувьд венийн сонгодог хөгжмийн уламжлалыг баримтлан, үндэснийхээ ая хөгийн сэтгэлгээнд тулгуурлан туурвисан нь том шинэчлэл, үнэнхүү чадал заасан түүхэн нээлтийн туурвил болсон нь үнэн билээ. Тэр цагаас хойш манай анхдагч тулгын гурван чулуу гэгдэх хөгжмийн зохиолчид, ялангуяа С.Гончигсумлаа, Л.Мөрдорж нар хэд хэдэн симфони монгол хөрсөн дээр туурвин туршсаны дээр манай хөгжимд орчин үеийн арван хоёр өргийн бичлэгийн аргыг анхлан тарьж ургуулсан З.Хангал болон ерээд оныхон (“Багшийн сургуулийнхан” хэмээх Х.Билэгжаргал, Н.Жанцанноров, Ц.Нацагдорж, Ц.Чимзориг, Б.Шарав нарын бүл хөгжмийн зохиолчид) энэхүү буухиаг өртөөлөн залгасан билээ.
Анхдагчид болон залгамжлагчдын хооронд удтал өрнөн байсан мэтгэлцээний нэгэн гол сэжүүр бол хөгжмийн том хэлбэрийн бүтээлд эзлэх сонатын хэлбэр буюу сонатын allegro-гийн үүрэг байсан юм. Анхдагчид маань хөгжмийн том хэлбэрийн бүтээлийн аль нэг анги нь заавал сонатын хэлбэрт бичигдэх ёстой хэмээсэн “Венийн сонгодгуудын” зарчмыг шаардаж байсан хэдий ч залгамжлагчид маань орчин үеийн хөгжим өөр хийгээд нэг ангит чөлөөт зохиомжид голдуу тулгуурлах болсон гэдгээр хариу барьдаг байсныг үүнийг сийрүүлэгч цөөнгүй дуулж, сонсч байсан билээ.
Санамсаргүйгээр ч нэгэн номоо энэ цагийн энэхүү үйл явдлын гол зохицуулагчдын нэгэн байсан эрхэм “сонатын аллегро” хэмээн тодотгон нэрлээгүй нь лавтай. Хөгжмийн залуу зохиолч, ах дүүс Х.Алтангэрэл (Нэгдүгээр симфони- 2009), X. Мөнх-Ертөнц (Төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан концерт № 1-2009) нар өөрсдийн том хэлбэрийн бүтээлдээ сонатын хэлбэрийг өөрсдийн өнгө аясаар бүтээлдээ тусгасныг нь хөгжмийн шүүмжлэгч судлаачид (С.Энхбулаг нарын) тухайн үест нь өндрөөр үнэлэн тэмдэглэсэн байна.
Энэхүү үйлс нь эдгээр залуус өмнөх хоёр үеийнхнийхээ гогцоо асуудалд бүтээлээрээ хариу барьсан хэрэг гэж ухаармаар. Х.Алтангэрэлийн энд өгүүлэн буй ёочингийн концерт нь нэг ангитай. Нийтдээ 18 минут үргэлжпэх хөгжим байна. Энэхүү концертын бүтэц нь: Оршил + A + В + Cadenza + A + Coda гэсэн нийлмэл гурван ангит хэлбэрт бичигджээ.
Оршил нь найрал хөгжмийн сүрлэг дуугаралтаар эхлэх ба энд гуулин үлээвэр хөгжмүүд /эхлээд угалзан бүрээ дараа нь нарийн бүрээ/ баатарлаг, дайчин, сүр хүчийг санагдуулам эхлэлийн сэдэв аяыг хөгжимдөнө. Найрал хөгжмийн сүрлэг дуугаралтын дараа цифрээс ёочин ганцаараа оршлын сэдэв аяыг аккордоор хумсаар тоглох нь нэг талаас динамикийн нөгөө талаас өнгө дуугаралтын /тембр/ содон ялгарамжийг буй болгож байна.
Содон гэдгийн учир нь үүнээс өмнө бичигдсэн манай хөгжмийн зохиолчдын ёочин хөгжимд зориулсан зохиолуудад аккордоор хөгжимдөх арга барил тохиож байгаагүй бөгөөд хумсаар дөрвөл эгшгийн бүтэцтэй аккордуудыг тоглож байгаагаараа ёочингийн дуугаралтад шинэлэг арга барил оруулж байна.
Мөн цохиураар бус хумсаар татаж хөгжимдсөнөөр дуурьслын өөр өнгө, дуугаралт үүсч байна.
II цифрээс чавхдаст хөгжмүүдэд уруудах хөдөлгөөнт секундын хөдөлгөөн болон фагот хөгжимд гоцлох эхлэлийн сэдэв аяын фраз нь үндсэн А хэсгийг бэлтгэх холбоосын үүрэг гүйцэтгэнэ. Үндсэн А хэсэг нь дотроо a + b гэсэн хоёр дэд хэсгээс бүрдэх бөгөөд III цифрээс до минорт удаан хурдтайгаар эхний гол сэдэв ая /а/ ёочинд эгшиглэнэ. Гол сэдэв ая эхлэлийн сэдэв аянаас намуун, тайван, дуулалт шинж чанараараа тод ялгарах ба VI цифрээс “Ь” хэсэг эхэлнэ.
Ёочинд гол сэдэв аянаас сэдэвлэн хөгжсөн (Ь) ая тоглогдох ба 7-р цифрт улам өргөссөөр найрал хөгжмийн дуугаралтаар энэ хэсгийн дээд оргил цэгт хүрнэ. VIII цифрт оршлын хумсаар тоглогдох аккордтой төсөөтэй аяны мотив дахин гарч ирснээр А хэсэг төгсөнө. IX цифрээс хурданаар g-moll - т В хэсгийн гол ая тоглогдоно. Энэ ая d- moll, а-mоll-р дамжин найрап хөгжмийн анги үндсэндээ гурван дэд хэсгээс (a+b+с) бүрдэнэ.
Хурдан ангийн туршид оршил хэсгийн баатарлаг, дайчин, сүр хүчийг санагдуулам эхлэлийн сэдэв ая нэвт гарах хөгжлөөр /лейтмотив/ найрал хөгжимд гарч ирнэ. XVII-XXI цифр хүртэл ёочинд тоглогдох тасралтгүй үргэлжлэх арванзургаатууд гоцлол хөгжимчнөөс ихээхэн ур чадвар шаардана. Учир нь XVII цифрээс ёочин эхлээд solo ганцаараа арванзургаатаар 12 өргийн тогтоцтои 6 такт аялбар гоцолсны дараа гоцлол хөгжимд дээрхи багц
-сери XX цифр хүртэл тасралтгүй үргэлжлэх ба найрал хөгжимд дээрх техник пуантилизмийн аргаар хөгжиж /18-20 цифр/ чавхдаст хөгжмийн дагнасан арванзургаатуудаар үргэлжлэн, хүчийг аван тэмүүлсээр мөнөөх оршлын баатарлаг, дайчин, сүр хүчит лейтмотивоор /гуулин үлээвэр/ зохиолын оргилд /кульминац/ хүрч, XXIII цифрээс CADENZA хэсэгт шилжинэ. Х.Алтангэрэлийн энэ хэсэгт хэрэглэсэн пуантилист бичлэгийн арга техник нь манай хөгжимд тун ховор үзэгдлийн нэгэн болно.
CADENZA нь Ad libitum буюу чөлөөт хурдаар эхлэх ба ёочингийн хамгийн нарийн /дээд/ болоод өтгөн / доод/ эгшгээс хагас өргөөр уруудсаар оршлын аккордыг хумсаар хөгжимдөх техникийг ашиглан оршлын чавхдаст хөгжмийн секундээр уруудах мотивийг хөгжимдөнө. Хөгжмийн зохиолч CADENZA хэсэгт хөгжимчний ур чадварыг тал бүрээр гаргахыг зорьсон нь Cadenza-ийн нийт үргэлжлэх хугацаа /гурван минут гаруй/, зохиолын турш гарч ирсэн олон янзын мотивуудыг хөгжүүлсэн байдал, бүтэц зэргээс харагдана.
Cadenza-ийн XXIV цифрээс 34 такт тасралтгүй эгшиглэх доод, дээд регистрийн эгшгүүдийг чөлөөтэй ашигласан арванзургаатууд нь өмнөх хөгжмийн зохиолчдын ёочингийн концертуудаас энэхүү концертыг ялгаруулж байна. Чухам энэ хэсэгт л хөгжимчний ур чадварыг дээд зэргээр шаардахаар байна. Cadenza-ийн XXIV цифрээс 34 такт тасралтгүй эгшиглэх доод, дээд регистрийн эгшгүүдийг чөлөөтэй ашигласан арванзургаатууд нь өмнөх хөгжмийн зохиолчдын ёочингийн концертуудаас энэхүү концертыг ялгаруулж байна.
Чухам энэ хэсэгт л хөгжимчний ур чадварыг дээд зэргээр шаардахаар байна. Cadenza-гийн дараа оршил хөгжим эгшиглэх бөгөөд энэ нь реприз буюу давтах хэсгийг санагдуулна. Энэ зохиолын давтах хэсэг нь /А1/ эхний хэсгээсээ бага зэрэг өөрөөр давтагдах ба өөрчлөгдсөн төгсгөл -реприз гэдэг. Бүтцийн хувьд эхний А анги /а+b/ нь реприз-д / а+Ь+а/ болж хувьсан өөрчлөгдсөн байна.
Бүтцийн хувьд реприз анги нэг талаас /а+Ь+а/ болж өргөссөн мэт харагдавч, нөгөө талаас дэд хэсгүүдийн давталтуудыг хассанаар богиносгосон репризийг санагдуулна. Энэхүү концерт оршилд анх үзэгдсэн секундээр уруудах маягтай мотивоор чавхдаст хөгжмүүдэд /29 цифр/ аяархан уруудсаар зохиол төгсч байна.
Х.Алтангэрэлийн энэхүү хөгжмийн бүтээлийн дүрслэл өгүүлэмжийг техникийн эрин үед амьдарч буй уран бүтээлчийн цаг үеэ мэдэрсэн хөгжмийн хэллэг хийгээд эрчтэй дайчин уламжлалт түүхийн улбаа болон залуу хүний ердийн ахуй амьдралын романтик дүрслэл хэллэгийн цогц, сонин сайхан эрэл хайгуул, уран бүтээлийн олз хэмээн ухаарахад хүргэж байна.
Х.Мөнх-Ертөнцийн төгөлдөр хүү хүний романтик хүсэл мөрөөдлөөр дүүрэн өгүүлэмжтэй юм. Тэрбээр том хэлбэрийн цөөнгүй бүтээлд хүчээ сорьж, өөрийгеө их хөгжмийн урлагт таниулж, бас чиг нэг бус удаа мэргэжлийн хөгжмийн бүтээлийн уралдаан тэмцээнд дээгүүр давхиад амжиж.
Хөгжмийн зохиолч X.Мөнх-Ертөнцийн энэхүү өгүүлэн буй концерт нь найрап хөгжим болон төгөлдөр хуурч хөгжимчний хооронд үнэнхүү ур чадварын өрсөлдөөн тэмцэлдээн байхыг илтгэсэн энэхүү төрөл зүйл хөгжмийн шаардлагад нийцсэн бүтээл болохын сацуу хөгжимчин -төгөлдөр хуурчаас үнэмлэхүй өндөр ур чадвар шаардахаар энэхүү хаан хөгжмийн зэмсгийн хөгжимдөх арга барилын үндсэн техникүүдийг илтгэсэн мэргэжлийн өндөр түвшинд бодож боловсруулсан хөгжмийн шинэ бүтээл байна.
Зохиогч уг бүтээлийнхээ үндсэн дүрслэл, өгүүлэмжээ илтгэхээр ардын дууны хоёр ч аялгууг дуурьсалжуулж, өрнүүлсэн аргууд нь чихэнд сонсголонтой, сэтгэл татам болсны дээр нэгэн ангид гурван ангийн агуулгыг багтаасан мэт сэтгэгдэл төрөхөөр зохиомжлон зангиджээ. Мөн зохиолын эхэн хэсэгтээ байгалийн дүрслэлээ тодотгох зорилгоор хөөмэйн дуугаралт, мөн төгсгөл хэсэгт дан найрал дууг хэрэглэн буй нь ямартай ч шийдлийн хувьд манай энэ төрлийн хөгжимд үзэгдээгүй шинэ эрэл хайгуул мөн болно.
Ах дүү хөгжмийн зохиолчид Х.Алтангэрэл, Х.Мөнх-Ертөнц нар нь дан хөгжмийн уран бүтээлүүдээрээ өдгөө цагт манай хөгжмийн урын санд шинэ үзэгдэл, өнгө дуугаралт болон орж ирсэн нь тодорхой харагдаж байгаа ба тэдний уран бүтээлийн зоримог туршилт, эрэл хайлт нь цаашдаа хөгжмийн амьдралд хир ирээдүйтэйг цагийн аяс харуулах биз ээ.
Эл хоёр хөгжмийн зохиолчийн шинэ бүтээлийг ийн хамтад нь авч үзэх нь нэгд, аль аль нь манай үндэсний сургалтаар бойжсон, нөгөөтэйгүүр Оросын хөгжмийн зохиомжийн аль л шилдэг сургалтаар боловсорсон (өдгөө цагийн Оросын хөгжмийн зохиомжийн дэг сургуулийн нүүр царай болсон домогт хөгжмийн зохиолч Б.Тищенкод ах дүү хөгжмийн зохиолчид маань шавилсан) ба эцэст нь энэхүү хоёр уран бүтээлчийн оюутан ахуй цагт нь хэсэг зуур багш, шавийн барилдлагатай байсан зэргээс үүдэлтэй болно.
Өдгөө манай хөгжмийн амьдралд өрнө маягийн мэргэжлийн хөгжмийн урлагийн тулгыг анх тавилцсан, удам дамжсан хэд хэдэн түүхэн гэр бүлийн иерархи маягийн төлөөлөл бүтээн туурвиж, нэр алдраа цууриатуулан, орон зайгаа эзлэн байдаг билээ. “Жамъянгийнхан", “Лувсаншаравынхан”, “Намсрайжавынхан” гэхчилэн цөөнгүй нэрийг дурьдаж болох ч энд өгүүлэн буй хөгжмийн залуу хөгжмийн зохиолчид маань “Чулууныхан” гэх гэр бүлд яахын аргагүй хамаатах бөлгөө.
Хөгжмийн зохиолч, ах дүү Х.Алтангэрэл, Х.Мөнх-Ертөнц нартаа уран бүтээлийн цаашдын зам мөр нь эгц дээшээ, бартаа тотгоргүй байхын ерөөл хүсье дээ!
Б.Батжаргал /Доктор/