2012-11-13Энэ дугаарынхаа зочноор аймгийн хурц арслан Ш.Шинэбаярыг урьж ярилцпаа. Улсын начин Шоовдойхүүгийн бага хүү, улсын начин Ш.Тогтохбаярын төрсөн дүү түүнийг сайн бөх болно гэж бөх сонирхогчид итгэл тавин хүлээж байгаа.
-Хоёулаа ярилцлагаа таны төрж өссөн нутаг ус, аав ээжийн тухай эхлэх үү?
-Би Говь-Алтай аймгийн жаргалан суманд 1989 оны 9-р сарын 8-нд төрсөн. Аавыг минь Шоовдойхүү, ээжийг Хишигмаа гэдэг. Ам бүл долуулаа. Би дээрээ хоёр ах, хоёр эгчтэй, айлын отгон хүү.
-Багадаа ямархуу хүүхэд байв, бөхөд хэзээнээс хэрхэн дурлах болов?
-Бусад хүүхдүүдийн л адил хөдөө мал ахуйтай ноцолдож, хонь хариулж өссөн. Манай аав, ах, хамаатан садангууд гээд бараг бүгд л барилдаж ноцолддог эрчүүд. Тийм болохоор багаасаа л бөх болохыг хүсч мөрөөдөж ирсэн.
-Бөх аавтай, бөхийн орчинд өссөн хөвгүүд бусдаас арай илүү зорилготойгоор бөх рүү татагддаг юм болов уу гэж санагддаг юм?
-Магадгүй. Миний ээж дархан аварга Батсуурийн удмын хүн л дээ. Аавын минь талд ч Завханы Арилдий арслангаас эхлээд хоёр, гурван үеийн удмын бөхчүүд бий. Тэгээд аав минь өөрөө улсын начин, ах улсын начин. Хүмүүс аавыг минь, ахыг минь бөх хүн гээд хүндлэх нь цаанаа л нэг өөр сайхан санагддаг байсан. Тийм болохоор бөх болох мөрөөдөлдөө хүрэхийн төлөө одоо ингээд зүтгээд явж байна.
-Тэгвэл таныг барилдах юм байна, бөх болчихоор хүү гэсэн урамшлыг хэн хамгийн эхэнд хэлж байсан бол... Бас анхны амжилт тань юу байв?
-Намайг дөрөвдүгээр ангид байхад сургууль дээр нэг барилдаан болсон юм. Би тэр барилдаанд барилдаж дөрөвт үлдээд манай аавын дүүгийн хүүхэд Тулгабаяртай барилдаж уначихаад шарандаа босохгүй уйлаад хэвтчихсэн / инээв/. Тэгсэн аав бас Эрдэнэтуул багш хоёр ирж намайг дэвжээн дээрээс босгож байсан юм. Тэр л миний анхны амжилт байсан даа, дөрөвт үлдээд. Багын л тийм хор шартай хүүхэд байсан. Тэр хор шарандаа хөтлөгдөж, хөглөгдөж барилдсаар өдий зэрэгтэй явж байгаа хүн дээ.
-Анхны багш гэвэл мэдээж аав тань биз дээ?
-Тийм ээ. Аав минь анхны багш. Бас Жаргалан сумын харъяат аймгийн начин Сүхбаатар гэж самбо бөхийн спортын мастер бөх багш минь байлаа. Одоо бурхан болчихсон.
-Шоовдойхүү гуай улсад ирж цол авчихаад нутагтаа суурьшчихсан хүн үү, дахиж хотод барилдсан юм болов уу?
-1986 онд миний дээд талын ахыг төрдөг жил аав маань улсын начин болсон юм билээ. Начин болчихоод улсын наадамд дахиж ирж барилдалгүй хөдөө орон нутагтаа суурьшчихсан хүн л дээ. Би аавыгаа цол авснаас 3 жилийн дараа төрсөн. Аавынхаа барилдааныг нэг их сайн мэдэхгүй ээ. Сумын 70 жилийн ойгоор билүү дээ, үзүүр түрүүнд үлдээд Даваанасан гэж аймгийн арсланд унахдаа аав хөлөө гэмтээчихсэн. Тухайн үед их шар хөдлөөд бухимдаж байснаа санадаг юм.
-Хүүгийнхээ бөх болох хүслийг аав тань хэрхэн урамшуулж, дэмждэг байв?
-Аав минь бид нарын хор шарыг их малтдаг хүн дээ. Нэг хүнд уначихлаа гэхэд чи тэрийг хаяхгүй юм байна, дийлэхгүй юм байна гэдэг ч юм уу, ер нь л их хор шар малтана даа. Тэр л биднийг ирлэж байсан арга юм уу даа. Аав маань ихэвчлэн “хүн 1 хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөрөөр амжилтанд хүрдэг” гэж хэлдэг. Би тэр үгийг үнэн гэж боддог. Надад аав ээжээс заяасан бөхийн удам ген, 1 хувийн авьяас нь байгаа. Тийм болохоор миний ямар амжилт гаргах нь зөвхөн надаас л шалтгаална.
-Хотод ирээд Тогтохбаяр начны гараар л бөхийн замд хөтлөгдсөн биз дээ?
-Тэгэлгүй яахав. Аав “Энэ Шинэбаяр чинь миний үгэнд орохоо байлаа, чи л одоо хариуц" гэж ахад хэлсэн. Би ахынхаа гарт ирээд ямар ч асуудлыг толгой мэдэж шийдэж үзээгүй шүү. Нэг тийшээ найз нөхөдтэйгээ явах болвол ахаас л зөвшөөрөл авна. Ах яв гэвэл явна, явахгүй шүү гэвэл явахгүй. Ер нь миний өдий зэрэгтэй явж байгаа нь ахын минь л ач тус гэж боддог. 2008 онд юугаа ч мэдэхгүй жаахан хүүхэд хот орж ирээд ахтайгаа хамт хоёр cap бэлтгэл хийсэн. Тэр үед Сүхбат аварга Олимп сургуулиа нээхийн өмнө манай Говь-Алтайн бөхчүүдийг урьж нэг өдөр хамтарсан бэлтгэл хийсэн юм. Тэр өдөр би ахыгаа дагаж очоод анх аварга багштайгаа танилцаж байлаа. Тэр өдрөөс хойш хүүхэд шалгаж авахад нь тэнцээд Олимп сургуулийн оюутан болсон доо. Гэр бүлийнхэн маань ч их дуртай байсан. Тэнд орохдоо 3 жилийн гэрээ хийж залуу бөх ороод гурван жилийн дараа аймгийн арслан цолтой болсон. Тэр гурван жилийн хугацаанд маш их зүйл сурсан, сургуулиасаа, аварга багшаасаа. Цаашдаа ч ихийг сурна гэж боддог. Манай сургуулиас шинэ залуу арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Ө.Даваабаатар, аймгийн арслан Бо.Батжаргал, Д.Энхбаяр, Л.Цээсүрэн гээд олон сайхан бөх төрсөн.
-Аймгийн цол авсан наадмуудынхаа тухай ярих уу?
-Би 2008 онд Олимп сургуульд ороод 2009 оны зун Эрдэнэтэд аймгийн начин болоод тэр жилээ чөлөөт бөхийн залуучуудын УАШТ-ний хүрэл, самбо бөхийн УАШТ-ний мөнгө, жүдо бөхийн УАШТ-ний алт гээд амжилт дүүрэн байлаа. 2010 оны цэргийн наадмаар барилдах гэж хавар бэлтгэл хийж байгаад шагайгаа мултлаад тэр наадмаар барилдаж чадаагүй. 2011 онд Говь-Алтай аймагтаа очиж барилдан түрүүлж, арслан болоод 2012 онд дахин очиж түрүүлж хурц арслан боллоо доо.
-Хурц болонгуутаа ирээд улсын наадамд барилдсан байх аа?
-Тэгсэн. Ноднин анх улсад барилдаад гурав даваад Л.Пүрэвжав харцагад унаад энэ жил гурвын даваанд улсын начин Л.Нямсүрэнд унасан.
-Та уначихаад уйлсан. Тэгэхэд “Улсын цол авна үнэхээр зорьж “шатаж” барилдсан юм болов уу, эсвэл ийм их шартай хүн үү” гэж бодогдсон?
-Барилдаан эхлээд удаагүй байхад би давхар хамаад дайрсан. Босоод ирсэн “засуул голло гэсэн дахиад барилд” гэсэн. Тэгэхээр нь би шарандаа дахиж барилдаад хаяна л гэж бодсон. Тэгсэн Нямсүрэн ахын дархан мэхэнд орж өмсүүлээд нэлээд чанга унасан. Шар ч нэлээд хөдөлсөн. Тэгээд уйлсан тал бий.
-Хурц арслан болоод бүх арслангуудын магнай хэсэгт оччихлоо. Юу мэдрэгдэж байх юм бэ?
-Хүн ямар ч цолыг тэр өдрийн аз одоор авч болно л доо. Хамгийн гол нь авсан цолондоо эзэн л байх ёстой. Цол авах сайхан цолондоо эзэн болох хэцүү гээд бөхчүүд бүгд ярьдаг. Хүн том бодож, том мөрөөдөж байж том амьдарна шүү гэж аварга багш маань их хэлдэг байсан. Тийм болохоор хариуцлага их нэмэгдэж байна шүү Аймгийн цолтнуудын магнайд гарчихаад дор даваанд унахыг би хэзэз ч хүсдэггүй. Ямар байсан аймаг цэргийхний барилдаандаа шөвгөрөө, байхыг хичээж байгаа. Тэр хэрээр бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Тиймээс цолондоо эзэн байна л гэж хэлье.
-Та өөрийнхөө барилдааныг ямар онцлогтой гэж боддог вэ?
-Манай аав золгооны барилдаанд барилдаж чаддаггүй. Элэг бүс, сэнжигний барьцнаас л хүнийг хаядаг. Доржсамбуу гарьд нэг захаас нөгөө зах руу хөөж элдсээр байгаад сэнжигний барьц аваад хаядаг. Аав яг тиймэрхүү барилдаантай. Харин том ах золгож барилддаг барилдаантай. Би цол авсан чухал чухал барилдаанууд дээрээ дандаа золгооноос өрсөлдөгчөө хаясай байдаг юм. Элэг бүс сэнжигнээс зарим үед давна аа, давна. Ерөнхийдөө золгож барилдах л дуртай даа.
-Өндөр, жин хэд байгаа вэ?
-Жин 113 кг, өндөр 178 см л байна даа. Бөхчүүд дотроо дундаж л өндөртэйд орох байх. Жин өндрөө харьцуулах юм бол 5-6 кг орчим жингийн илүүдэлтэй явж байгаа. Яваандаа бэлтгэл сайн хийж жингээ жаахан буулгана.
-Нэг их бярдуулахгүй биз дээ?
-Гайгүй шүү. Сүүлийн нэг жил жин их нэмлээ, би. 2011 онд арслан болохдоо 98 кг жинтэй байсан. Уг нь наадмын бэлтгэл дээр 103 байсан. Бат-Эрдэнэ ах бид хоёрын жин яг адилхан байсан. Өглөө болгон гарьд ахынхаа өрөөнд ороод жингээ үзнэ. Өдөрт буусаар байгаад наадмын бэлтгэлээс буух өдөр хоёулаа яг 98 кг-тай болчихсон. Тэгээд Батрэ ах улсад барилдаж гарьд болоод би аймагтаа түрүүлж арслан болоод ирсэн. Тэрнээс хойш жилийн дотор жин маань 113 болсон байна. Жин нэмчихээр барилдаанд ч өөрчлөлт ороод, хөдөлгөөн багасаад, бас хүнд бярдуулах нь гайгүй болсон. Хүнд бяр байж болно, бас эв байхгүй бол болохгүй шүү дээ. Бүх юм зохицож байж л гайгүй барилдах байх.
-Ямар мэхийг голлож хийдэг билээ?
-Би золгооноос хутгадаг юм. Энэ мэхээр олон ч хүнийг хаясан даа. Ах маань анх зааж өгч байсан. Ах өөрөө ч хийдэг. Гэхдээ ах баруун, би зүүн хутгадаг. Сүүлийн үед хутгах мэх минь жаахан ганцаардаад байна аа. Хүмүүс мэддэг болчихоод хориод... Тийм болохоор дахиж зөндөө олон мэх сурах төлөвлөгөө байгаа.
-Бэлтгэлдээ хэр тууштай вэ, хааяа нэг за өнөөдөр өнжичихье гэж хойш тавих өдөр байх уу?
-Миний бэлтгэлийн маань бүх зүйлийг ах л мэддэг, шийддэг. Өнөөдөр тийм бэлтгэл тэнд хийнэ шүү гэвэл би тэнд яг цагтаа л бэлэн байж байдаг. Нэг ёсондоо би хурдан морь, ах уяач минь юм даа / инээв/. Сүүлийн 4-5 жил яг ингэж ажиллаж байгаа. Ах маань миний өмнө байгаа бүхнийг өөрөө дайраад гарсан болохоор хэлсэн болгоныг нь би ёсчлон дагадаг. Миний санаа ч ахын хэлсэнтэй яв цав нийцдэг. Ямар ч хүн зургаан cap чанартай сайн бэлтгэл хийсэн байхад ямар ч бөхтэй барилдах хэмжээнд хүрчихдэг юм гэж Баянмөнх аварга ярихыг нэг удаа сонссон. Үнэхээр бэлтгэл сайн хийсэн байхад барилдах амархан л санагдаад байдаг юм.
-Ах тань хатуу багш уу?
-Наанаа хатуурхаж байвч цаанаа их зөөлөн хүн. Би ах эгч нарынхаа буянаар л өдий зэрэгтэй яваа болохоор тэдэндээ үргэлж баярлаж явдаг. Намайг өдөржин ажил төрөл бэлтгэл сургууль гээд явж байгаад ядарсан ирэхэд халуун хоол цай гээд бүхнийг бэлдээд тавьсан байдаг. Бүхнээ надад зориулж миний төлөө байдаг юм. Тэгэхээр энэ их итгэл сэтгэлийг алдахгүй байж амжилт гаргаж тэднийхээ ачийг хариулах ёстой гэж боддог. Ах эгч нар маань бүгд хотод суурьшсан. Том эгч Үржинханд, том ах Тогтохбаяр, удаах эгч Бадамханд, түүний дараа Томбаяр ах тэгээд би. Аав ээж хоёр минь харин хөдөө нутагтаа амьдардаг. Нааш нь татая, суурьшуулъя гэхээр хотод ирж нэг cap болчихоод л “одоо болно” гээд л хөдөө рүүгээ яваад өгдөг юм. Зун болохоор бид нар зав чөлөөгөөрөө амралтаа авч очиж сайхан амраад, аав ээжтэйгээ бужигнаж бужигнаж намар, өвөл, хаврынхаа бүх л энерги хүчийг цуглуулж аваад ирдэг дээ.
-Айлын бага хүүхдүүд ер нь эрх талдаа байдаг. Танд тийм зан бий юу?
-Ер нь эрх байсан юм аа. Би нэгээс найм төгстөлөө Жаргалан сумынхаа сургуульд сураад 9-10-р ангидаа Говь- Алтай аймгийн 1-р 10 жилд очиж сурсан. Тэгээд л гэрээ их санана. Долоо хоноод л гэр лүүгээ гүйчихдэг. Сүүлдээ 14 хоноод, cap болоод очдог болсон. Тэгж яваад л аяндаа гайгүй болсон доо. Гэхдээ одоо ч гэсэн би зав чөлөө гарах л юм бол явах дуртай. Шинэ жилээр гэртээ очоод аав ээж хоёртойгоо он гаргачихна, цагаан сараар очоод хамт цагаалчихна. Наадмын бэлтгэлд гарахынхаа өмнө бас нэг очоод долоо хоночихно. Уул усандаа залбираад...
-Аав хүү улсын начингууд гэхээр бас сайхан сонсогддог шүү?
-Аав хүү хоёр бол байдаг л даа. Гэхдээ нэг их олон биш. Одоо гурав болгохын төлөө л явж байна. Хэрвээ гурвуулаа улсын цолтон болчихвол аавын минь нэг насны хүсэл хүсэл биелэх байх аа. Улсын цолны босго гэдэг аймагт хоёр түрүүлэхээс хэд дахин өндөр шүү дээ. Тийм болохоор хэд дахин илүү бэлтгэл, хөдөлмөр хийх шаардлага байна. Ах маань улсад 5-6 жил барилдаж байж цолонд хүрсэн. Тэр болгонд бид нар маш их түгшдэг, нервтдэг байсан. Одоо намайг барилдахад аав ээж, ах эгч минь бүгд яг тэгж нервтэж байгаа. Тийм болохоор эднийгээ олон жил нервтүүлэхийг хүсэхгүй байна шүү.
-Мэдээж ирээдүйн зорилго улсын цол авах байж таарна. Гэхдээ аль цол хамгийн их бодогдож байна вэ?
-Үүнийг би жаахан нууцлая гэж бодож байна. Мэдээж зорилго байгаа. Нас залуу, наадам олон байна. Яаж барилдахыг цаг хугацаа харуулах байлгүй. Гэхдээ улсын заан цол сайхан санагддаг шүү. Бас манай аймгаас одоогийн байдлаар арслан цолтон төрөөгүй байгаа. Удахгүй арслан төрөх байх гэж бодож байгаа.
-Зун өөр аймгийн наадамд очиж барилдсан уу?
-Үгүй. Би аймагтаа бас улсын наадамд барилдчихаад хөдөөд нутагтаа очиж амарсан. Аймгуудын баяр наадамд очиж барилдана гэдэг үнэхээр хэцүү болсон. Нэг бол гадны бөх барилдуулахгүй гээд эсвэл том цолтонгуудаас дарамт ирээд. Чи энэ даваанд энийг аваатах гэдэг ч юмуу. Өөрөөсөө том цолтой хүний үгэнд орох хэцүү орохгүй байх бас нэг хэцүү. Их хүнд байдалд ордог. Ер нь бол бөхчүүд бид бага цолтоноосоо эхлээд том цолтон хүртэл хичээж зүтгэж зөв, шударга сайхан байж монгол бөхийнхөө нэр хүндийг өргөж явах ёстой гэж би боддог. Ийм сайхан монгол бөхөөраа барилдаж, ард түмнээрээ хүндлүүлж хайрлуулж байж тэр сайхан буян хишгийг дааж явах хэрэгтэй. Энэ жил Дундговийн наадам арай дэндүү болсон гэсэн. Би өөрөө нүдээр үзээгүй болохоор сайн мэдэхгүй юм. Гэхдээ энэ мэтээс болж монгол бөхийн нэр хүнд унах юм бол их хайран санагдаж байна.
-Ямар нэг байгууллагын ой юм уу, аль нэг аймгийн нэрэмжит барилдаан боллоо гэхэд бусад бөхчүүдийн зүгээс гуйлт, шахалт хэр их ирдэг вэ. Манай аймгийн барилдаан болж байна, би давчихъя ч гэдэг юм уу...?
-Сүүлийн үеийн барилдаан дандаа л тийм болчихсон шүү дээ. Аль нэг аймгийн нэрэмжит барилдаан боллоо гэхэд тэр аймгийн бөх нь түрүүлэх ёстой юм шиг. Бөхчүүд нь ч тэрэндээ бүр уусчихсан. Энэ түмэн найраа, худал хуурмагт уусчихгүй өөрийнхөөрөө л барилдахыг боддог. Манай аварга багш ч хэзээ ч тийм байж байгаагүй гэдэг юм. Тэрэндээ ч бөхийн дэвжээнд ганцаардах үе олон байсан юм билээ. Гэхдээ ганц дайчин ганцаардахгүй гэгчээр хэн сайн хөдөлмөрлөж, үнэнч шударга барилдана тэр хүн амжилтанд хүрч чаддаг гэдгийг багш маань харуулсан. Тийм болохоор багшийнхаа заасан замаар явах хүсэл, зорилго шавь нарт нь их байдаг юм.
-Бөхийн ёс жудаг гэдэг зүйлийг та яг юу гэж ойлгодог вэ?
-Бөх хүн гэдэг гудамжинд зүгээр нэг алхаж яваа залуугаас хариуцлага өндөр шүү. Нэгэнт бөх нэрийг зүүж, бөхөөс хоолоо олж идэж байгаа хүмүүс алхам тутамдаа өөрийгөө дүгнэж цэгнэж явахгүй бол болохгүй гэж боддог. Манай бөхчүүд дотор биеэ сайхан авч явдаг бөх олон байна. Ду.Батбаяр ах байна. Ер нь манай Хантайшир дэвжээний бөхчүүд маань их сайхан л даа. Ганбаатар гарьд, Бат-эрдэнэ гарьд, Соронзон ах гээд бүгд дэвжээний дүү нартаа их урам хайрладаг шүү. Бусад нутгийн дэвжээдээс арай л илүү амь нэгтэй юм шиг санагддаг. Элгэмсэг, яваад ороход цаанаа л өөр шүү.
-Залуу бөхийн хувьд юунд шүүмжлэлтэй ханддаг вэ?
-Хөлийн цэц, засуулууд хариуцлага тун муутай ажиллаж байна гэж боддог. Ялангуяа засуулууд нутаг ус, жалга довны үзэл их гаргадаг, барилдааны үед. Шударга байж чадахгүй байна. Бөх хүн унасан, хаяснаа мэддэг юм шүү дээ. Ихэвчлэн том цолтой бөхийн талд л шийдвэр гарчих гээд байдаг. Би өөрөөсөө том цолтой бөхтэй барилдлаа гэхэд найдвартай л хаяхгүй бол ойролцоо унавал хэцүү дээ. Энэ тал дээр бөхийн холбоо ямар нэг арга хэмжээ аван ажиллаж болдоггүй юм болов уу? Бөхийн өргөөнд тал талаас нь бичлэг хийгээд дор бүр нь шүүгээд явбал яадаг юм бол, яг сумо шиг.
-Залуу хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлэх талаар хэр анхаардаг вэ?
-Арван жилд байхдаа би эмч болно гэж боддог байсан. Хотод ирээд бөхийн өргөөнд бөх үзсэн чинь бөхөөс өөр юм бодогдохоо больсон. Тэгээд л бөх рүү эргэлтгүй орсон. Ноднин Шонхор БТДС-ийг багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Одоогоор өөрийгөө хөгжүүлээд байгаа юм алга аа. Ойрын 4-5 жилдээ бөхөө л дагная гэж бодож байна.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Чөлөөт цаг нэг их гардаггүй юм аа. Ихэвчлэн гэр бэлтгэл, гэр бэлтгэл гээд таардаг. Хааяа цаг зав гарвал биллярд тоглох дуртай. Бас хөдөө агаарт гарна. Хотод байж байгаад хөдөөний айлд ороод сууж байхад гадаа нохой хуцах нь хүртэл их сайхан санагддаг шүү дээ.
-Гэр бүлтэй болсон уу?
-Одоогоор гэр бүл төлөвлөсөн зүйл алга л байна. Хойш тавьсан ч юмгүй, яарсан ч юмгүй л байна. Аяндаа явж байтал нэг хүн гарч ирээд болох байлгүй л гэж боддог. Сонголт хийхэд арай л эрт санагдаад байгаа юм. Эрэгтэй хүн чинь хүний охин үрийг авч суухдаа хамгийн эхэнд амьдралаа аваад явчих чадалтай болсон байх ёстой шүү дээ.
-Барилдахаас өөр ямар нэг авьяас, эсвэл содон зүйл байдаг уу?
-Надад сонин содон авьяас гэхээр зүйл байхгүй дээ. Сүүлийн үед караокед орж дуулах их дуртай болоод байгаа. Дунд сургуульд байхдаа концертонд орж дуулъя гэхээр ангийн маань багш дуулуулдаггүй байсан. Харин саяхан төрсөн өдрөөрөө ангийнхантайгаа уулзаад караокед дуулсан чинь “Чи өмнө дуулж байхгүй яасан юм бэ" гэцгээж байна лээ. Ер нь дуулах дуртай болоод байгаа шүү.
-Танд баярлалаа. Тун удахгүй улсын сайхан цолонд хүрээрэй гэж уншигчдынхаа өмнөөс хүсье?
-За баярлалаа. Энэ дашрамд намайг үргэлж тусалж дэмжиж байдаг ШШГЕГ-ын Сүлд спорт хороо 401 -р ангийн Дамдинсүрэн даргатай хамт олон, Нацагдорж даргатай Засгийн газрын авто баазын хамт олон, Сэргэлэн захиралтай Шашир-Алтай группийн хамт олондоо бүгдэд нь баярлаж талархаж явдгаа уламжилья.
С.Бадамгарав
Эх сурвалж : “Бөх”