2012-11-13ИХ-ын нэр бүхий гишүүд “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын
заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг санаачилсан. Тэдний дээрх тогтоолын төсөл УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэхээр дэмжигдсэн. Энэ талаар тогтоол санаачлагчдын нэг А.Тлейхан гишүүнтэй ярилцлаа.
-Хэдийгээр боловсролын салбарын асуудал байнга яригдаж байдаг ч дотуур байр, биеийн тамирын заалны тухай орхигдсоор ирсэн. Харин та бүхний санаачилсан тогтоолын төсөл нүдээ олсон болохоор нэлээд дэмжлэг авч байх шиг харагдлаа?
-Монгол Улс үсрэнгүй хөгжлийн даваан дээр байна. Цаашид эрчимтэй хөгжихөд боловсролын асуудал мэдээж хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, боловсрол, мэдлэгтэй иргэд улс, орноо хөгжүүлнэ гэсэн бодлогыг төрөөс баримталж байгаа.
Гэхдээ сургалт сайн байхын тулд орчин сайн байх хэрэгтэй. Тэр утгаараа ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нарын гишүүдтэй хамтран дээрх тогтоолыг санаачилсан юм. Бид өнөөгийн байдлаар улсад хэдий хэмжээний сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заал хэрэгтэй байгааг судалж, тооцоо гаргасан.
Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг олон сургууль бий. Хичээлийн байргүйгээс сургалтын чанарт сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс ирэх дөрвөн жилд улсын хэмжээнд 324 сургууль, 638 цэцэрлэг, 80 гаруй дотуур байр, спорт заал 58-ыг барьж байгуулах төлөвлөгөөтэй байгаа.
-Гэхдээ 1000 гаруй барилга барихад чамгүй хөрөнгө шаардлагатай. Засгийн газраас хэр дэмжих бол?
-Бидний тооцоогоор 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө шаардлагатай. Уг нь Засгийн газраас жил бүр 150 тэрбум төгрөг зарцуулдаг. Харин бид энэ хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхийг хүсч байгаа.
-Жил бүр төсөв нэмэгдэж байхад та бүхний хүссэнээр дэмжлэг авна гэдэг эрсдэлтэй юм биш үү?
-Хэрэгжүүлэхээс аргагүй асуудал. Эдгээрийг барьж, байгуулснаар сургууль, цэцэрлэгийн хангамж сайжирна. Боловсрол, мэдлэгтэй монгол хүн бий болгох том зорилтын үндэс шүү дээ.
Хөрөнгийн тухайд гаднаас босгосон хөрөнгө, төсвийн хөрөнгө бий. Мөн энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө гаргаж бариулъя гэсэн санааг дэвшүүлж байгаа. Хувийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэгийг бариулаад дараа нь төрөөс гаргуулдаг болох нь зүйтэй гэж үзсэн. Ингэвэл хөрөнгөө тал, талын дэмжлэгтэйгээр бий болгож чадна.
-Хөрөнгө, санхүүгийн асуудлыг нь шийдсэн ч хүн ам олноор төвлөрсөн байршлуудад барилга барих байтугай зам өргөтгөх газар ч олддоггүй шүү дээ?
-Мэдээж, зах зээлийнхээ журмаар үнэгүй газар гэж байхгүй. Тиймээс шаардлагатай тохиолдолд байгууллага, иргэдээс газрыг нь худалдаж авахад шаардагдах хөрөнгийг гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа.
Мөн иргэн, аж ахуйн нэгжүүд барилгыг хорооллоор нь барьж байна. Тэгсэн хэрнээ тэнд нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг огт байдаггүй. Тэгэхээр тэдгээрийг заавал барих ёстой гэдэг тогтолцоонд шилжих саналыг ч дэвшүүлсэн.
-Нэгэнт өмчлөөд авчихсан газраа үнэ хүргэх гээд гэдийгээд суучихдаг тохиолдол бишгүй гардаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх бол?
-Зах зээл л бүхнийг зохицуулна. Үнэгүй газар гэж одоо байхгүй. Хэдийгээр тухайн газар хувийн өмч ч гэлээ байршил, бүсээсээ хамаарч газрын үнэ өөр байх нь гарцаагүй. Тэгэхээр жишиг үнэ тогтооно. Түүнээс хүн бүр амандаа орсон тоог хэлэхээр худалдаж аваад байна гэж байхгүй л дээ.
-Уг нь сүүлийн үед гадны хөрөнгө оруулалтаар цөөнгүй сургууль баригдсан. Гэтэл спорт заал болон дотуур байрыг нь орхигдуулчихсан. Тухайн үед давхар шийдэх боломжгүй байсан юм байх даа?
-Өнгөрсөн түүхээ харахад бид нийгмийн нэг харилцаанаас нөгөө рүү шилжинэ гэж тооцож үзээгүй бололтой. Зах зээлийн харилцаанд шилжээд 20 гаруй жил боллоо. Тэр тусмаа сүүлийн дөрвөн жилийн хугацаанд үсрэнгүй хөгжиж байна.
Сургууль заавал спорт заалтай байх ёстой гэсэн стандартыг мөрддөггүй байсан юм билээ. Харин одоо бол бид энэ стандартыг заавал хэрэгжүүлнэ. Ингэхийн тулд баригдах сургууль, цэцэрлэг бүрт зориулж, нэг загвартай зураг гаргуулсан. Хаана, хэдэн ч хүүхдийн багтаамжтай байсан нэг стандартаа л мөрдөнө.
-Ингэхэд УИХ-ын чуулганыг Орон нутгийн сонгуультай холбогдуулан завсарлуулж байгаагүй. Харин энэ удаагийн парламент чуулганаа завсарлуулж байгааг харахад маш их ач холбогдол өгч байгаа бололтой?
-Өмнө нь ингэж завсарласан эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ завсарлагааг сонгууль угтсан гэж бодохгүй байгаа.
Шинэчлэлийн хөтөлбөрийн дагуу хөрөнгө оруулалтын бодлогыг олон жилээр төлөвлөн, тухай бүрт нь тодотгодог болохоор тогтоолоо баталсан. Тиймээс гишүүд орон нутагт ямар ажил хийх нь вэ гэдгийг судалж, төлөвлөгөө гаргана.
Тухайлбал, одоо 2016 он хүртэл хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулахад ард иргэдийн саналыг сонсох юм. Чуулган завсарлах тогтоолыг ч иргэдээс санал авах гэсэн чиглэлээр гаргасан байна лээ.
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН