2012-11-08Шинэчлэлийн гэх тодотголтой ирэх оны төсвийн төслийг ирэх долоо хоногт эцэслэн батлах хуулийн заалттай.
Гэхдээ эрх баригч намынхан өнөө, маргаашдаа багтаан батлахаар төлөвлөөд байна. АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат энэ сарын 10-ны дотор багтаан төсвийг батлах боломжтой хэмээн мэдэгдэж байсан. Гэвч төсөв түүхий байгааг хүний, өөрийн намынхан ам нээх бүртээ тодотгоно.
Үүнтэй зэрэгцэн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн төсвийн орлого 500-700 тэрбум төгрөгөөр тасарч болзошгүй мэдээллийг цацав. Энэ нь нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаатай холбоотой гэнэ. Иймд ирэх 2013 оны хувьд уул уурхайн орлогыг гадаад зах зээл дээрх төсөөлөлөөр авсан нь эрсдэл дагуулж эхлэв бололтой. Ирэх оны төсвийн төслийн талаар гишүүдийн байр суурийг хүргэе.
Ч.Улаан: Тогтворжуулалтын санд орлого хуримтлагдана
Ирэх жилийн төсөв урд жилүүдийн төсвөөс эрс ялгарах хэд хэдэн зарчмын онцлогтой. Анх удаа хуулиар тогтоосон тусгай шаардлагуудыг мөрдлөг болгон боловсруулсан. Жишээ нь, төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн зарчмаар тооцож төлөвлөлөө.
Үүний гурваас доошгүй хувийг хангаж чадах гол нэр төрлийн эрдэс баялгийн орлогыг, тухайлбал 2013 оны хувьд зэс, нүүрсний орлогыг тэнцвэржсэн үнээр тооцсон. Дэлхийн зах зээлийн дундаж үнээр зэс 8124 ам.доллар, нүүрс 80-160 ам.доллар байх төлөвтэй байгаа ч бид төсвийн орлогыг тусгай аргачлалын дагуу тооцож зэсийг 6328,9 ам.доллар, нүүрсийг 60-130 ам.доллараар тооцож төсөвт суулгасан.
Тэнцвэржүүлсэн үнээр ингэж төсөвлөснөөр үнийн өсөлтийг дагаж улсын төсөв савлаж байдаг, эрсдэлд ордог явдлаас сэргийлж байна. Нөгөө талаар дэлхийн зах зээлийн үнэ тогтворжуулсан үнийн зөрүүгээр Тогтворжуулалтын санд орлого хуримтлагдана.
Энэ нь ирээдүйд ашиглах хуримтлал, хямрал тохиолдоход хамгаалалт болох нөөц юм. Төсвийн орлогын өсөлтөөс зарлагын өсөлт түрүүлж байсан урд жилүүдийн буруу жишгийг өөрчилж байгаа. Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь тухайн жилийн буюу өмнөх 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дундаж хувиас хэтрэхгүй байх зарчмаар төсөвлөгдлөө. Улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэг¬дэл нь ДНБ-ий 50 хувиас хэтрэхгүй байхаар хуульчлагдсан боловч 2013 оны төсвийн төслөөр 46 хувьтай тэнцэж байна.
Ц.Даваасүрэн: Үр ашгийн сайн тооцоолсон гэж хэлж чадахгүй
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр өөрөө шинэчлэлийг хэрэгжүүлэх баримт бичиг. Энэ хүрээнд төлөвлөгдсөн төсөв. Гэхдээ ингэж шинэчлэх нь дээ гэсэн дүр зураг тод харагдаж байна гэж хэлж чадахгүй. Тийм ч хугацаа байхгүй байсан байх. Зарим нэг арга хэмжээний зардлыг бөөн дүнгээр тавилаа гээд шүүмжлүүлээд байгаа.
Цаг хугацааны хувьд Хөгжлийн яам эмхлэн байгуулагдаж дуусаагүй байхдаа төсвөө боловсруулж оруулсныг бодолцох ёстой. Цаашдаа толгойг нь илээд байж болохгүй. Хөгжлийн бодлого туссан, төлөвлөлтөөр зохицуулсан төсөв төлөвлөх хэрэгтэй. Төсөв гэдэг чинь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн баримт бичиг.
Тэгэхээр туссан хөрөнгө оруулалтууд энэ хүрээнд л хийгдэх ажлууд гэж ойлгож болно. Үр ашгийн хувьд бүгдийг нь сайн тооцоолжээ гэж би хэлж чадахгүй. Хөгжлийн яам удахгүй хөрөнгө оруулалтын дунд хугацааны бодлогыг гаргахаар ажиллаж байгаа юм билээ. Үүний дараа бол харин үр ашгийн хувьд харьцуулж харж болно.
М.Зоригт: Шинээр ажил эхлүүлэх бус нөхөж байна
Энэ удаагийн төсөв шинэчлэгдэж чадаагүй гэдэгтээ санал нэг байгаа. Шинэчлэгдсэн гэж хэлэхэд хэцүү. Бидний яриад байгаа шинэчлэгдсэн төсөв магадгүй 2014 оноос үр дүнгээ өгөх байх. Харин энэ оны төсвийг шинэ хандлага, бодлогоор гаргах ямар ч бололцоо байгаагүй. Учир нь 2012 оны төсөв өөрөө сонгуулийн өмнөх төсөв байсан.
Тухайн үеийн эрх баригчид сонгогч түмэнд таалагдахын тулд хөөстэй, бүтэшгүй том төсвийг баталсан. Мөн их хэмжээний бэлэн мөнгө тараасан. Тэгэхээр 2012 оны төсвийн хаялга 2013 он руу орж байгаа юм. Өнөөдөр шинээр ажил эхлүүлэх бус энэ онд эхэлсэн хөрөнгө оруулалтыг ирэх оны төсвөөс л нөхөж байна. Тиймээс энэ удаагийн төсөвт шинэ хандлагыг оруулах бололцоо байгаагүй гэж ойлгож болно.
Д.Хаянхярваа: төсөв бүхэлдээ хууль зөрчсөн
Төсвийн төсөлд авах гээхийн ухаанаар хандвал авах юм даанч ховор. Ард түмний амьдралыг боомилох тал руугаа хандсан утга аястай. Тухайлбал, ирэх дөрвөн жилд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхгүй юм гэнэ. Уг нь эрх баригч намынхан инфляцитай нь уялдуулна гэж байсан ч энэ жилийн тухайд 13-15 хувийн инфляцитай байхад цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэхгүй гэсэн хариулт өгдөг.
Нөгөөтэйгүүр, зураг төсөлгүй олон обьектийг тусгасан. Төсвийн ерөнхийлөн захирагч дээр нэг обьектийг давхардуулан оруулж ирсэн. Юунд зарцуулах нь тодорхойгүй хөрөнгийг төсвийн төсөлд тусгасан гээд яривал их зүйл бий. Төсвийн хуульд нийцүүлж үр ашиг талаас онцгойлон анхаарах ёстой Засгийн газрын тэргүүн хусмаа голсон хүүхэд шиг Засгийн газар илүү төсөвтэй байх ёстой гэж байна.
50 тэрбум төгрөгийг Ерөнхий сайд мэдэж зарцуулахгүй юм бол Засгийн газар байхын хэрэг юу байна гэх мэтийн юм ярьсан. 50 тэрбум төгрөгийг дур мэдэн зарцуулах эрхтэй болохын төлөө Ерөнхий сайд болсон бол “Уучлаарай” гэж хэлье. Одоогийн байдлаар шинэчлэлийн далбаан дор 81.7 тэрбум төгрөгийг Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд зарцуулах нь.
Энэ их мөнгийг юунд зарцуулах нь тодорхойгүй. Иймээс л төсвөөс шинэчлэл харагдаж бас үнэртэхгүй байгаа юм. Учир нь төсөв бүхэлдээ хууль зөрчсөн учраас.
М.Батчимэг: Төсвийг шинээр хийх боломж байхгүй
Шинэ засгийн газар байгуулагдангуутаа төсвийг цоо шинээр хийх боломж байхгүй. Төсвийн төсөөлөл эрт гарч, байгууллагууд оны эхнээс л дараа жилийн төсөв дээ¬рээ ажиллаж эхэлдэг. Шинэ засаг байгуулагдах үед Сангийн яам төсвийн саналыг нэгтгэн боловс¬руулаад эхэлчихсэн байдаг. Мөн өмнөх онд дутуу хийгдсэн хөрөнгө оруулалтуудыг дараа жил нь үргэлжлүүлэх шаардлагатай болдог гээд.
Төсвийг аравдугаар сарын 1-н гэхэд УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж эхлэх хэрэгтэй байдаг учраас шинэ байгуулагдсан Засгийн газарт төсөв дээр ажиллах хугацаа бага. Ийм шалтгаануудаар өмнөх оныхоо инерцийг их хэмжээгээр хадгалсан төсөв орж ирдэг учраас шинэ бодлогыг тусгахыг хичээсэн гэж хэлэхээс өөр аргагүй.
Л.Эрдэнэчимэг: Дүгнэлт өгч чадахгүй
Төсвийг сайн муу болсон гэдэгт дүгнэлт өгч чадахгүй. Сайн төсөв хийхийн тулд мөнгө хэрэгтэй. Гэтэл бид байхгүй мөнгөн дээр төсвийн төсөл боловсруулж сууна. Ёстой нөгөө хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, халаасныхаа хэмжээнд л асуудлыг шийдсэн. Энд нэг зүйлийг тодотгоход, ирэх онд цэцэрлэгийн хүүхдийн хоол, үдийн цай, дотуур байрны хүүхдийн мөнгийг төр даана гэдгийг хариуцлагатай хэлмээр байна.
Б.Бат-Эрдэнэ: Намын Үзэл баримтлалаар асуудалд ханддаг
Миний хувьд найман жил УИХ-д суулаа. Жил бүрийн төсвийн төслийг хэлэлцэхэд оролцож байсан. Гэвч энэ удаагийнх нь шиг төсвийн төсөл хэлэлцэж байсныг үнэндээ мэдэхгүй. Хэдэн арван тэрбум төгрөгийн зарцуулалт тодорхойгүй. Ерөнхий сайдын багцад гэхэд л 50 тэрбум төгрөг. Дээр нь 31 тэрбум төгрөг нэмж тусгасан байх жишээтэй. Тооцоо судалгаагүй.
Төсвийн тодотгол хэлэлцэхэд гишүүдийн сонгогдсон тойрогт хуваарилагдсан хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг бүгдийг нь зогсоосон. Зураг төсөл байхгүй, хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил хангагдаагүй гэх нэрийн дор. Гэтэл 2013 оны төсвийн төсөлд огт зураг төсөлгүй олон арван обьектууд тусгагдсан. Ийм маягаар намын үзэл баримтлалаар асуудалд ханддаг.
Наанаа шударга дүр эсгэж, цаанаа хамгийн дээд зэргийн шударга бус, хууль ёсгүйгээр асуудалд ханддаг ийм зүйл хэрхэвч байж болохгүй. Ер нь улстөрчид, улс төрийн намууд дураараа төсөв хөрөнгийг захиран зарцуулдаг ийм жолоодлогогүй байдал цаашдаа газар авах шинжтэй. Үүний тод жишээ нь ирэх жилийн улсын төсөв.
Л .Нинж
Эх сурвалж: "Нийгмийн Толь"