2012-10-29УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь Монголын ард түмэнд ашиггүй гэрээ болсон
хэмээн үзэж “ямар тооцоо судалгаа туршлага ашиглаж энэхүү гэрээг байгуулсныг нь ард түмний өмнө сонсъё, ашиггүй гэрээ гэж байгаа үндэслэлээ би ард түмнийхээ өмнө хэлье, энэ талаар олон нийтийн өмнө хэлэлцье” хэмээн УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтыг халз мэтгэлцээнд урьсан. Харин С.Баярцогт “Гэрээний талаар нэгдсэн ойлголтгүй хүмүүс ийм асуудал гаргаад байна” гэсэн тайлбарыг өгч мэтгэлцээнийг хойшлуулаад байгаа. Тэгвэл энэ гэрээг судлаачид хэрхэн дүгнэж байгаа талаар систем судлаач Д.Банзрагчтай ярилцлаа. Түүний “Хязгааргүй дайны хэрэгсэл” гэсэн сонирхолтой нийтлэлийг уншигчиддаа хүргэж байсан билээ.
-Оюутолгойн гэрээ зөв эсэх талаар маргаантай байгаа. Та систем судлаачийн хувьд юу гэж дүгнэж байгаа вэ?
-Олон улсад ер нь 50 сая ам доллараас дээшхи зээлийн хүү жилийн 1-2 хувь л байдаг. Харин манай төрийн түшээд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр 1.7 млрд ам.долларыг жилийн бараг 9.0 хувийн хүүтэй зээллээ. Түүнийг ашгаасаа төлнө гэвэл найман жил зээлийн төлөлт хийхгүй. Ингээд найман жилийн хугацаанд хүү нь бодогдсоор бараг 1.3 млрд ам.доллар нэмж төлөх нь.
Үүний учрыг ойлгосон хэн ч гэсэн жирийн ард түмэн зүгээр сууж байгаад эх орныхоо баялгийг харийн хүнд өгчихөөд өөрсдөө өрөнд орчихлоо гэдгийг ойлгож байгаа. Товчоор хэлбэл, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ улс орны хувьд ашиггүй гэдгийг нотлох нэг л жишээ шүү дээ. Гэтэл энэ гэрээг байгуулахад жирийн малчин иргэн Монголын төрийг төлөөлөөгүй Монгол улсын Засгийн газрын гишүүн Сангийн сайд ахалж байгаад байгуулсан гэрээ.
Тиймээс хувийн ашиг сонирхлын үүднээс мөнгө авчихжээ гэдэг хар нийгэмд бий болохоос аргагүй шүү дээ. Ийм гэрээг зөв гэж яриад байна гэдэг бол дэлхийн эдийн засгийн залуурчид үүнийг “зөв, ашигтай” гээд гэрээ байгуулсан түшээдэд итгүүлчихсэн л хэрэг. Эсвэл тэд их хэмжээний мөнгө аваад ашиг сонирхлынхоо дагуу зөв гэж ярьж байна л гэсэн үг. Энэ бол эдийн засгийн залуурчдын хийсэн гавьяа. Засгийн газрын гишүүдийн ашиг сонирхол нь юу байсан түүнд нь нөлөөлөөд үр дүнгээ гаргачихлаа шүү дээ.
-Буурай улс орнуудыг эдийн засгаар нь сүйрүүлэх бодлого хэрэгжүүлдэг эдийн засгийн алуурчид байдаг тухай ярьдаг. Тэгвэл залуурчид гэж хэн бэ?
-Улс орныг хааш нь залах вэ, ард түмний тархийг яаж угаах вэ гэсэн ажлыг хийж байдаг мэргэжлийн аналитик ажилтнууд байдаг. Бидний сайн мэдэх Орос улсад гэхэд л Эдийн засгийн залуурчид ЗХУ-ыг, социализмыг яаж нураах вэ гэдэг дээр 1940 оноос л ажиллаж ирсэн түүхэн баримт байдаг. Эдийн засгийн алуурчид нийгмийг нураагаад өөрсдөө ашиг хонжоо хараад байдаг.
Харин залуурчид нь бүр аюултай. Хүмүүсийн сэтгэхүйг залдаг. Жишээ нь, улс үндэстний ард түмэн нь өлсөөд ирэхээр “ийм зүйл байдаг юм аа" гээд тайвшруулаад цаг хожоод байх ч гэдэг юм уу. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн дайны хэрэгсэл. Хүн төрөлхтний оюун ухаан муу, аймшигтай мөхөлд хөтлөгдөж байна аа гэдэг мөнгө, эд баялгаар хэмжих аргагүй сүйрэл шүү дээ.
-Эдийн засгийн залуурчдыг тэгээд хэн, хаана бэлтгээд байна вэ?
-Олон улсын тусгай том бүлэг байгаа. АНУ-д Берклигийн, Брүкиний гэх мэт ийм олон институт байна. Тэднийг АНУ-ын тив дамнасан корпорациудын томоохон сангууд санхүүжүүлдэг. Тэд олон зуун жилийн турш бий болгосон мөнгө, төгрөгний дэлхийг хүүлэх систем бий болгосныгоо хэрэгжүүлэхийн тулд бодлогоо тэднээр боловсруулуулдаг.
Энэ бол мэргэжпийн үйл ажиллагаа. Олон улсын Валютын сан, Дэлхийн банк ч бай тэд бодлогын хүрээн дэх гүйцэтгэлийн л аппарат. Бодлогыг нь хэрэгжүүлэгч механизм байгаа. Энэ бодлого дэлхийн хэмжээний геополитик дотор Монгол улс яг ямар ач холбогдолтой улс юм, Монгол улсыг яаж ашиглаж болох юм гээд бүх л асуудал орчихсон байдаг. Зарим тохиолдолд Монголыг шатрын хүү болгоод байна.
-Үүний цаана бизнесийн л ашиг сонирхол байдаг гэсэн үг үү?
-Геополитикийн гэж хэлж болно. Энэ бол дэлхийг газар зүйн байршил, улс төрийнх нь байдлаар яаж удирдах вэ гэсэн цогц бодлогын хэлбэр. Өөрөөр хэлбэл зөвхөн тэдэн төгрөгийн ашиг энэ улсаас гаргаж авъя гэхээс илүү өөр бусад олон талаар нь судалж төлөвлөсөн байдаг. Эдийн засгийн хувьд хохироод өнгөрөх нь гэж бодвол эндүүрэл. Улс үндэстэний оршин тогтнох эс орших тухай асуудал шүү дээ.
Монголыг аваад үзэхэд 1990 оноос ардчилал руу орлоо, хүний эрх гээд олон болохгүй зүйлийг зөвтгөөд явчихсан. Түүнийг нь ТВ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга сурталчилна. Хүмүүс түүнийг нь ингэх л ёстой юм байлгүй дээ гээд хүлцэнгүй, хүлээн зөвшөөрөөд байдаг. Ингээд 20 жил өнгөрөхөд олон түмэн дахиад хууртагдахааргүй төлөвшиж байна шүү дээ.
Манай тогтолцоог өмнө нь ардчилал сайн, сайхан ирээдүй гэдгээр залж байсан бол хууртаж явсаар байгаад туйлдах цэгтээ хүрэхээрээ хүмүүс болохгүй байна гэдгээ гадарладаг болсон. Одоо болохгүй байна гэдгээ мэдсэн учраас ард түмэн өөрчлөлтийг хүснэ. Гэтэл нөгөө талд өнөөх гадаадын залуурчид 22 жил өөрсдийн алсын том зорилгодоо хүрэх гэж монголд хөрөнгө оруулалт хийж суурь хөрсөө бэлтгэсэн учраас тэдэнтэй зөрчилдөнө.
Гэхдээ тэдэнд дараагийн төлөвлөгөөгөө бас байж л байдаг. Судалгаанаас харахад залуурчид ямар ч улс оронд ганц бодлого барьдаггүй үндсэн болон нөөц хувилбар байдаг. Ер нь Монголд өнгөрсөн 20 жилд улс төр, эдийн засаг, нийгэм, аюулгүй байдлын дөрвөн давалгаа явсан гэж систем судлаачид үздэг. Энэ нь ч мөн л залуурчдын төлөвлөгөө. Жишээ нь ийм өгөгдөлд ийм хариу илэрнэ. Тэгэхээр дараагийнх нь гээд бүтэн 20 жилийн цогц бодлого явуулдгийг систем судлаачид харуулдаг. Манай орны хувьд нэг цикл дуусаад одоо дараагийн цикл эхэлчихсэн.
-Гадны ийм залуурчдын эсрэг үндэсний бодлогоор хариу үйлдэл үзүүлэх боломж бий юу?
-Мэдээж байлгүй яахав. Үндэстэн болгон өөр, өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд тул янз бүрийн бодлого баримталж байна. Тийм механизм байхгүй бол улс орон цаг хугацааны явцад устаад дуусна.
-Манай бодлого сул учраас үндэсний аюулгүй байдалд гадаадын залуурчид заналхийлээд байна аа даа?
-Израйлийн үндэсний аюулгүй байдлаа боловсруулдаг нэг аргачлал байдаг. Тэр аргачлалаар хамгийн түрүүнд нэг л зүйлийг ярьдаг. Тэр нь бодит байдлыг гаргахдаа “жинхэнэ бодит байдал”, “төсөөлсөн бодит байдал" гэж гаргаад тэр хоёрын хооронд ямар зөрүү байгаагаар гаргадаг. Дээр нь цаг хугацааны хувьд богино хугацааны, удаан хугацааны гэсэн хэвтээ буюу босоо тэнхлэгээр харна.
Яагаад энэ босоо буюу хэвтээ тэнхлэгийг хараад байна вэ гэхээр жинхэнэ бодит байдал, төсөөлсөн бодит байдлыг зөрүүг үндэсний аюулгүй байдлынхаа үүднээс гаргаж ирж байж асуудалд хандлагт гол учир байгаа. Харин манайд бол үүнийг гаргаж тогтоохгүй болохоор манайд төсөөлсөн бодит байдлаар яваад байна. Оюутолгойн гэрээг зөв гэж бодож яваад л баталчихсан.
Дараа нь буруу гэж төсөөлөөд засах гээд байна. Яг ямар дүн шинжилгээгээр зөв, бурууг тогтоож байна ямар аргачлалаар гаргаж байна гэдэг нь тодорхой биш байна. Тэгэхээр манай төр ийм зүйлийг хийх институтгүй байгаа нь нэг талаасаа сохор, дүлийгээс өөрцгүй байна шүү дээ.
-Ийм дүгнэлтийг судлаачид гаргаад л ирсэн байна шүү дээ. Үүнийг төр хэрхэн ашиглах боломж байна вэ?
-Бид систем анализ гэж гурван жил ярьж байна. Одоо л хүмүүс жаахан ойлгож ирж байна шүү дээ. Тэр үед юу ч ойлгохгүй байсан. Манайд нэг дутагдалтай байгаа нь эскперт /шинжээч/ алга. Тэгэхээр нэг талаасаа нэгдүгээр ангийн тоо боддог хүнд наймдугаар ангийн тоо яриад үр дүнгүйтэй л адил юм даа. Нөгөө талаас хүний ёс зүйн төлөвшил, удам судар гэдэг талаас нь үзвэл хариуцлагагүй судлаач гэж байдаг.
Эндээс чиний хийсэн дүн шинжилгээ ямар түвшинд ашиглагдаж байна гэдгээс хүний хариуцлагын асуудал гарна. Дутуу хийчихээд төрийн хэмжээнд ч юм уу хэрэгжүүлчих юм бол тэр нь буруу байвал яах вэ, тэр нь их хор нөлөө учруулбал яах вэ. Тэгэхээр бид ч гэсэн хэрээ мэдэх хэрэгтэй л дээ. Ямар зүйлд дүн шинжилгээ хийж болох юм, юуг нь баталгаатай 100 хувь гэж хэлэх юм.
Гэхдээ 100 хувь гэж байхгүй л дээ. Тавиас дээш хувь байвал тэр нь бараг амжилт. Яагаад гэвэл нийгэм маш хурдан хувьсаад байна шүү дээ. Энэ хувьсаж байгаа орчинд түүнийг базаж эцсийн дүгнэлт гаргах боломжгүй юм.
-Ер нь систем судлаачид бусад судлаачдаас ямар ялгаатай вэ?
-Манайд ямар судалгааг ямар байгууллагаар хийлгэж болох вэ гэсэн стандарт байхгүй. Япон улс гэхэд л ийм судалгаагаа хараат бус төрийн бус байгууллага /ТББ/-аар хийлгэдэг байх жишээтэй. Систем судлаачид тухайн гаргасан хууль, шийдвэрийг хэрэгжүүлээд хэдэн жилийн дараа ямар үр дүн гарах вэ гэдгийг хардаг. Энэ шийдвэр амьдралд хэрэгжээд ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг хараад тэр үр дүн хэнд ашигтай вэ гэдгийг хөөгөөд явахаар аль улсын бодлого явж байна вэ гэдэг нь гараад ирдэг.
Хэдийгээр сайн боловсон хүчнүүдтэй ТББ байлаа ч тэдний цаана зохицуулагч нь монголын төлөө биш хүн байвал яах вэ гэдгийг харах ёстой. Ер нь төрийн нарийн зүйлийг зүгээр нэг байгууллагаар очоод хийлгэхгүй шүү дээ. ТББ гэж байгаа боловч тухайн хүмүүсийн удам судрыг нь харах хэрэгтэй. Тухайлбал, Германд 100 жилээр нь удам судрыг нь шалгаж байж төрийн том гүйцэтгэл, үндэсний аюулгүй байдалтай холбоотой ажлыг хийлгэдэг.
Ямар ч улс үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаа гадаадын нарийн мэргэжлийн хүмүүсээр хийлгэдэггүй. Гэтэл манайхан дандаа гадаадын хүмүүсийг авчраад байгаа нь тэрчигтээ эрсдэл шүү дээ. Товчоор хэлбэл төрийн бодлогыг барьж явах боловсон хүчний уламжлалт бодлого бас алдагдсан байна гэж боддог. Харийнханд бид алган дээрх шиг нь харагдаж байна шүү дээ
-Манайд үндэсний ийм институц байгуулах потенциал байгаа юу, үүний төлөө төр юу хийх ёстой вэ?
-Өнөөдөр бид бодит үнэн, төсөөлсөн үнэнээ ялгаж чадахгүй байна. Төр засаг хэнд итгэж үүнийгээ хийлгэх вэ? Бид бие биенээ үл итгэсэн орчинд ажиллаж, амьдарч байна. Зөв санаа гаргаад очиход энэ юу хийгээд байна ард нь хэн байна гэсэн хардлага байна.
Гэхдээ хэзээ нэгэн цагт, хэн нэг нь зориглоод хийх хэрэгтэй л болно. Тийм хэрэгцээ улс орон нийгэмд аль хэдийнэ бий болсон шүү дээ. Ер нь хүмүүс үүнийг ойлгож байна уу, ойлгохгүй байна уу, дэмжиж байна уу үгүй юу гэдэг өнцгөөс харж болдоггүй сэдэв. Хоёрдугаарт, төр шийдвэрээ гаргаж дэмжээд энэ ажлыг хийлгэж эхэлбэл хүмүүс хийж үзэж, судалж байж л цааш явна шүү дээ.
Б.Жаргал
Эх сурвалж: “Хөдөлмөр Сонин”