2012-10-23Улаанбаатар хотод хүүхэд ахуй насаа өнгөрөөж, өдгөө хүртэл их хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хүч
хөдөлмөрөө зориулж яваа энэ эрхмийг би хотын “Амьд түүх" гэж нэрлэмээр санагдлаа. Илэн далангүй яриа хөөрөөтэй Н.Нэргүй гуай одоо Автобус-1 компанид жолоочоор ажилладаг бөгөөд “Онц тээвэрчин" цол тэмдгийн эзэн юм.
-Та Улаанбаатар хотын унаган иргэн гэсэн. Таны хүүхэд наснаас дурсамжаас яриагаа эхэлье?
-Би 1961 онд Улаанбаатар хотод төрсөн. Намайг таван настай байхад буюу 1966 онд их үер болсныг би сайн санадаг юм. Ингээд 1969 онд 39-р сургуульд элсэн орж суралцаад 1977 онд төгссөн. Тэр үеийн хотын сургуулиуд 20-30 гаруй хүүхэдтэй байсан. Үүнээс ихэсвэл олон хүүхэдтэй боллоо
-Мэдээж таны үед нийслэл маань их сэлүүхэн байсан байх?
-Тэр үед хот маань их цомхон, одоогийнх шиг ийм олон хороолол баригдаагүй ердөө л 500 айл гэдэг гэр хороололтой л байсан. “Улаанхуаран 500 айл” гэдэг автобус явдаг байлаа. Одоогийн 25 дугаар эмийн сангаас цааш эзгүй газар. Зуун айл XI хороолол гэдэг чинь тэр аяараа гэр хороолол байлаа шүү дээ. Одоо зарим хүмүүс их мэдэмхийрч ярьдаг болж. Бүр хотод байгаагүй хүмүүс өөрсдийгөө хотын унаган хүн гэж ярихыг сонсоод сонин санагддаг юм. /инээв/
-Таны хувьд насаараа нийтийн тээвэрт ажиллаж байна. Тэр үеийн нийтийн тээврийн тухай яриач?
-Би 1987 оны жолооч Социализмын үед хавар намар болгон парк шинэчлэл хийдэг. Польш Чехийн автобус явдаг байлаа. Чехийн “Каросс”, “Лиаз”-ийг ард түмэн сайн мэднэ дээ. 1991 оноос хойш парк шинэчлэл хийхгүй байж байгаад 1995-1996 онд Японы цэнхэр автобусууд орж ирсэн. Миний хувьд улсад ажиллах хугацаандаа зургаан шинэ автабусыг нь барьсан.
Нийтдээ би нийслэлдээ 1.6 сая километр явсан байдаг юм. Тэр үед Нисэх, Сонсголон, Амгалан, Улиастай хамгийн хол чиглэл байж. Замын хөдөлгөөн үнэхээр чөлөөтэй. Анх 1990-ээд онд Экселийг Засгийн газрын авто баазад ирж байхад бид "Ямар гоё машин бэ?” гэж шагширч байж билээ./инээв/
-Дэлгүүр, нийтийн худалдааны үйлчилгээг иргэд одоо хэр нь дурсан ярьдаг?
-Хотод хамгийн том дэлгүүр нь “Их дэлгүүр’’ байлаа шүү дээ. Бусад нь худалдааны конторуудын харъяа жижиг дэлгүүрүүд. Эх орны үйлдвэрийн болоод Оросын бараа ч ихтэй. Одоо ч тэр үеийн барааны барааны чанарыг гүйцэх бараа байхгүй болж дээ. Зайсан толгойн “Үүр”-ийн дэлгүүр гэж хамгийн баян дэлгүүр байсан санагддаг юм.
-Тэр үед ажлын хариуцлага, үүрэг даалгавар гэдгийг өндөрт тэр дундаа нийслэлийг хөгжүүлэх гол хөшүүрэг байсан гэж үе үеийн хотын удирдлагууд ярьдаг юм билээ?
-Тэгэлгүй яахав дээ. Ер нь тухайн үеийн хотын удирдлагуудыг тэр нь сайн ажиллаж байсан энэ нь муу ажиллаж байсан гэж хэлэх арга байхгүй. Дээрээс нь ажлын ачааллаар их шахдаг байсантай холбоотой. 1980- аад оны эхээр Гурвалжингийн гүүрийг барих гэж их ажил өрнөсөн юм. Хорооллын эхний хэсэг нь 1970-аад оны сүүл үед ашиглалтанд орсон.
Автобусны орлого 350 төгрег хийхэд их орлого хийлээ гэж ярьж байсан сан. Цагдаа нар ч маш сайн ажилладаг байж. Хүн бүр их эх оронч сэтгэлгээтэй. Автобусны үнийн хувьд том хүн 50 мөнгө, хүүхэд 20 мөнгө, такси километр нь нэг төгрөг 50 мөнгө байлаа. Хонины мах кг нь долоон төгрөг 50 мөнгө, загасан талх нэг төгрөг, дөрвөлжин талх 40 мөнгө, зайрмаг 60 мөнгө байсан гээд бодохоор одоо зүүд ч юм шиг санагддаг юм.
Одоогийн хүүхдүүд сонсвол худлаа ярьж байна гэж бодох байх. Намайг наймдугаар ангид байхад хорооноос хүмүүс айлуудаар явж ариун цэвэр шалгана /инээв/. Хөдөө орон нутгаас ирсэн хүмүүсийг хаанаас ямар ажлаар ирснийг нь асууж бичиг баримтыг нь үзнэ. Хүн болгон цагдан сэргийлэх олон нийтийн бригадын гишүүн. Энэ утгаараа одоогийн нийгэмтэй харьцуулбал хэрэг төвөг бага гардаг, сэтгэл амар сайхан цаг байж.
-Улс төрийн талаар хүмүүсийг их ухуулан сэнхрүүлдэг байсан биз?
-Энэ талаар ярих юм биш. Албан байгууллага бүр хагас сайн өдөр 07.30-д сонгсгол хийдэг ажлын цагийг ягштал баримтална. Бас “Сонин уншлага” гэж хийнэ. Хүүхдийн ордон баригдахаас өмнө Хүүхдийн урлан бүтээх төв хүүхдийн ордон байсан. Маш олон дугуйлан хичээллэж манай дүү нар явна. “Улаан бүч" гэдэг хүүхдийн алдартай найрал дууны чуулгыг манай 39-р сургуулийн багш Н. Галсандорж гэдэг хүн үүсгэн байгуулсан юм.
-Тэр үеийн хот төлөвлөлтийн тухайд?
-Хотын гол үйлдвэрүүд Комбинатад төвлөрч тэнд Оёдлын үйлдвэрийн нэгдэл, Гутлын үйлдвэр, Байшин үйлдвэрлэх комбинат гэх мэт үйлдвэр байрлана, Хилчин хотхоны ойролцоо айл ч үгүй жолооны сургуулилтын талбай байсан. Зүүн салааг “Лам нарын зуслан” гэдэг байлаа. Ялалт кино театрыг барих гээд ухсан томоо гэгч нь нүхэнд бид чулуугаар байлдаж тоглож байсан саяхан мэт санагддаг.
Дэнжийн мянгын гүүрний орчим Сэлбэ голын ус сугаар татдаг, найзуудтайгаа очиж жараахай барина. Хуучин зах Хийд-1-ийн тэнд байсан. 1970-ад ны сүүлээр дэнжийн мянга руу нүүсэн. КТМС-ээс цааш дан оросуудтай. Цэргийн ангийнх нь орчимоор шөнө орой хамаагүй явбал харуул нь бууддаг. Хайлаастын шинэ эцэс 1975 оны үед буудлагын полигонтой хүүхэд байхад их очино оо. Ер нь тэр үед нийслэл маань цэрэг улс төрийн томоохон хамгаалалтанд байж гэж боддог юм.
-Олон жил автобусны жолоо барьсан хүний хувьд өнөөдрийн замын хөдөлгөөний талаар юу хэлэх вэ?
-Үүн дээр би үнэхээр их сэтгэл эмзэглэдэг. Зуун айлын замыг 1965 оны үед хятадууд тавьсан. Газрыг нь их гүн ухаж хөрсыг нь сольж байсан юм. Самосвал машин далд ордог байсан гээд бод доо. Тэгээд хайргаа дэвсэж хятадууд rap цохиураар цохиж нягтаршуулахыг нь би нүдээрээ харж байлаа. Ногоон нуур гэж их сайхан том нуур байгаад одоо нэрнээс өөр юм үлдсэнгүй.
-Хэдий хаалттай нийгэм байсан ч барууны соёл манайд чөлөөтэй нэвтэрч байсан?
-1980-аад оны эхээр Улаанбаатар хотыг 500 гаруй мянган хүнтэй гэдэг байлаа. Залуучууд дийлэнх хувийг эзэлнэ. 1980-аад оны үеийн моод хамгийн эхэлж хотод түүн дотроо 40 мянгатаас эхэлж дэлгэрсэн. Трапецин жинс, барууны хөгжмийн урсгал, орцоны гитарчин, гээд яривал их зүйл бий. 1984 онд Худалдаа аж үйлдвэрийн танхим байсан өндөр барилга баригдаж байсан юм.
Одоогийн шинэ Циркийг румынууд барьсан шүү дээ. Нээлт дээр нь Н.Чауческу эхнэртэйгээ иртэл Ю.Цэдэнбал дарга түүнд “Сүхбаатарын одон" өгөөд таг болж. Тэгсэн Н.Чауческу “Надад чи "Сүхбаатарын одон"-гоо өглөө. Манай эхнэрт юу өгөх гэж байна хэмээн уурласан” гэдэг. Учир нь Н.Чауческу их алдар нэрэнд дуртай, хурц зантай, шунахай, түрэмгий хүн байж л дээ.
-Нийслэлийн тухай өөр сонин хачин зүйл юу байна вэ?
-Дамбадаржаа орчмын газар одоо тэр аяараа гэр хороолол байгаа. Намайг хүүхэд байхад тэр хавиар зам дагасан хэдхэн айлаас өөр юм байгаагүй. Учир нь тэр хавийг догшин савдагтай газар хамаагүй явж болохгүй гэж эмээ өвөө нар захина. Бүр шөнө бүрэнхий үеэр ганц нэгээр хүн явахад чоно дагасан гэнэ, цагаан дээлтэй эмэгтэй хүн дагаж гэнэ гэж ярьдаг байлаа.
Бид нар түүнд нь итгээд аль болох тийшээ зүглэхгүйг хичээнэ. Тэрч байтугай настай хүмүүс энэ хотод чинь алттай газар нилээн бий шүү дээ гэдэг сэн. Одоо мэдвэл ухаж төнхөөд эхэлнэ биз дээ.
-Таны хүүхэд ахуй идэр насны үеийн нийслэлийн тухай уншигчид маань ойлголт авсан байх. Нийслэл хотынхоо цаашдын ирээдүйг хэрхэн төсөөлж байна?
-Нийслэлийн удирдлагад цоо шинэ баг гарч ирсэнд би их талархаж байгаа. Миний бодлоор одоо энэ хотын шинэ удирдлага нийтийн эрх ашгийн төлөө нилээн зоригтой ажилламаар байна.Олны эрх ашгаас илүү эрхэм зүйл гэж байхгүй. Наад зах нь автобусны жолооч хүний хувьд надад байнга анзаарагддаг зүйл бол хүмүүсийн соёл ухамсрын түвшин их доогуур байна. Тэр дундаа хөдөө орон нутгаас орж ирж байгаа иргэд, оюутнуудын тоонд хязгаар тогтоовол зүгээр сэн
Учир нь хамгийн бүдүүлэг зан авир, харилцаа энэ хүмүүсээс гардаг юм. Гэтэл утас бариад хотын хүн боллоо гэсэн үг биш шүү дээ. Хөөрхий нөгөө муу настай ээж, аав нь хөдөө хөхөрч гадаа гандаж мал ахуйтай ноцолдож байгаа гэж бодохоор өмнөөс нь харамсдаг юм. Гэхдээ хот маань их сайхан болж байна. Үүнээс ч илүү сайхан болно гэдэгт итгэдэг.
Е.Чинбат
Эх сурвалж: “Нийслэл Таймс”