2012-10-18Мода гэж юу вэ?
Мода бол эрин үеийн өнгө төрхийг тодорхойлогч юм.
XXI зуунд тансаг хээнцэр хувцаслах нь нэр төрийн хэрэг болжээ. Өнөөдрийн хувцас загварын гол уриа: "Ая тух ба тавлаг байдал". Хувцасны загвараас гадна даавуу материал маш их нөлөөлтэй. XXI зуунд оёдлын машин бараг хэрэггүй болж даавууг наадаг, чанадаг, ууршуулдаг болно гэж шинийг санаачлагчид ярьж байна. Өвөлдөө дулаан, зундаа сэрүү татдаг, бактерийн эсрэг, эмчилгээний болон стресс тайлах хүртэл төрөл бүрийн даавуу материалыг хийгээд байна. Даавуунд ордог нэхмэлийн утсыг хөвөн, маалинга, ноос, ноолуур гэх мэт амьтны, байгалийн гаралтай түүхий эдээр хийх болж.
Эрэгтэй, эмэгтэй хувцсанд даавуу, материалын ялгаа бараг байхгүй бөгөөд эрэгтэй хүний куртканы даавуугаар эмэгтэй хүний юбка хийх жишээтэй. Орчин үеийн загварт жинсийг бусад төрөл бүрийн даавуутай хольж хийх болсон нь загварыг ихээхэн сонирхолтой болгож байна. Стрейч сунадаг даавуу загварын ертөнцөд үүрд үлдлээ гэж хэлж болно. Базсан, үрчийсэн юм шиг даавуу, штапель /зөөлөн тавилганы бүрээс шиг/, лайкра гэх мэт даавуунууд нэгэнт өөрийн байр суурийг эзэлжээ. Бүх даавуунууд нимгэрч, хөнгөн, зөөлөн болсон байна.
Өнгөний хувьд 2002 оноос хар өнгө буцаад мода болсон. Хаки өнгө нь "милитар" стилийг даган гарч ирсэн бөгөөд "сафари" стилийг даган элсний, газрын, хуурай өвсний өнгө зонхилж байна.
Хувцсыг сонгох, өмсөх чадвар
"Муухай эмэгтэй гэж байдаггүй, харин залхуу эмэгтэй гэж бий" гэдэг үг өнөөдөр "Муухай эмэгтэй гэж байдаггүй, харин эвгүй хувцастай эмэгтэй байдаг" гэдэг үгээр өөрчлөгдөөд байна. Хувцсыг сонгохдоо өөрийн нас, бие галбир, зан төлөв, ажил мэргэжилд тохируулахаас гадна хэзээ, хаана өмсөж, хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлэхийг хүсч байгаа, мөн яаж угааж арчлах зэргээ ч бодолцох ёстой юм.
Орчин үеийн эмэгтэйчүүд өдөр нь ажлаа хийгээд орой нь харьж хувцасаа солиод театрт очих зав бараг гардаггүй. Иймд ялихгүй зүйлээр /хүзүүний алчуур, аксессуар гэх мэт/ өөрчлөгддөг хувцас өмсөх нь тохиромжтой.
Аливаа хувцасыг сонгохдоо эхлээд өнгийг нь харна. Цаашлаад зориулалт, хэмжээ, хэлбэр, оёдол, суулт, хийсэн материалын шинж чанарыг харгалзана. Түүнчлэн яаж угааж, арчилж, индүүдэх гэх мэт зүйлийг анхаарах хэрэгтэй. Зарим хүмүүст байгалиас заяасан вкус, мэдрэмж байдаг бол заримд нь хэлж зөвлөхөөс аргагүй байдаг.
Ер нь орчин үеийн эмэгтэйн имиж зөвхөн хувцаслалт биш. Хэрэв тэр эмэгтэйд дур булаам байдал, төгс мэдлэг, цэцэн оюун ухаан, хошин зан чанар, харилцааны чадвар байхгүй л бол имижээ бүрдүүлж, карьер хийж амжилт олох нь юу л бол.
Хамгийн наад зах нь бид бие биедээ магтаалын үг хэлэхдээ "Чи ямар гоё цамцтай юм бэ? гэж хэлэх биш "Чи энэ цамцтай их гоё харагдаж байна" гэж хэлэх нь зүйтэй. Түүнээс гадна манай монгол эмэгтэйчүүд магтаалын үгийг доромжлол мэт хүлээж авдаг. Гэтэл франц эмэгтэйг магтвал "тиймээ, би сайхан" гэж хэлэх жишээтэй. Бид энэ зэргийн комплексоос салж байж өөрийнхөө хүссэнээр имижээ бүрдүүлж, түүндээ бусдыг дасгаж, татаж чадна.
Стиль сонгох дүрэм
Мэргэжилтнүүдийн судалгаагаар XXI зуунд эмэгтэйчүүд бизнесийн удирдлага, менежмент мөн улс төрд томоохон үүрэг гүйцэтгэнэ гэжээ. Иймд цоо шинэ, ажил хэрэгч эмэгтэй хүний стиль шинээр гарч ирж байгаа юм. Энэхүү стилиэр орон бүхний дизай-нерүүд өөр өөрийн санаа бодлыг шингээсэн янз бүрийн загваруудыг зохиож байгаа билээ. Миний хувьд мэргэжлийн зүгээс зөвлөхөд сайн чанарын маш нимгэн даавуугаар хийсэн бага зэрэг кружева, жижиг хатгамалтай цамцыг (сорочка биш шүү) классик стилийн эрэгтэй хүний брюк, эрэгтэй гуталтай өмсөхөд ажил хэрэгч мөртлөө эмэгтэй хүний гоо сайханд болон орчин тойрны уур амьсгалд таатайгаар нөлөөлөх ажил хэрэгч эмэггэйн дүр төрхийг тодотгох загвар болно гэж бодож байна.
Өөрийгөө хажуугаас харж сур
Хувцсыг сонгохдоо бүх жижиг сажиг деталийг нэг бүрчлэн бодох ёстой. Ямар нэгэн жижиг гэхээр зүйлс бусдын нүдэнд өө сэв болон харагдах ёсгүй. Сүүлийн үеийн загварын платье өмсчихөөд хэт хямд аксессуар зүүх, хэтэрхий будмал төрхтэй байж болохгүй юм. Чиний ямар ч сурсан зан энэ бүхнийг зөвтгөхгүй шүү. Хаана ч, хэзээ ч хүмүүс "сүртэй сайхан юм алга л байна", эсвэл "гоёх гэж ядсан амьтан" зэргээр янз бүрээр л дүгнэнэ. Тиймээс өөрийгөө дандаа хажуугаас нь харж сурах хэрэгтэй бөгөөд сайн, муу талаа байнга бодолцох хэрэгтэй.
Эрчүүдийн хувьд энэ костюм миний биед хэр сууж, таарч байна гэдгээ бодохоос гадна цамцны ханцуй 1,5-2 см цухуйх сууж байхад өмдний шуумаг болон оймсны хооронд нүцгэн хөл гарахгүй байх ёстой зэрэг зүйлсийг сайн тооцоолох хэрэгтэй.
Зөвхөн мода биш...
Сонгосон дүр төрх, хувцас болон бусад зүйлс чинь чиний жинхэнэ "БИ"-д тохирч байх ёстой. Судалгаанаас үзэхэд нийгэмд хараахан онцгой байр суурь эзэлж чадаагүй хүмүүс хувцас загвар, моданы өөрчлөлтөд ихээхэн анхаарал тавьдаг гэнэ. Иймд өөрийн боломжоор өөрийн дүр төрх имижийг бүрдүүлэх нь чухал юм.
Саарал хүмүүсээс ялгар
Имиж бүрдүүлэхэд гол нь бусдаас, саарал хүмүүсээс ялгарах явдал юм. Чиний дүр төрхтэй ижил 10 хүн автобусанд явж байж болохгүй. Бусдаас ямар нэгэн байдлаараа заавал ялгарах хэрэгтэй. Стиль, хувцасаа өмссөн байдал, аксессуар гэх мэт. Захаа босгосон, малгайгаа хазгайдуу тавьсан, урт ороолт унжуулах нь ч бас хувцас өмсөх маяг юм. Гол нь моданы хувцас өмссөн ч өөрийн манер хөдөлгөөнд донжтой зохицуулах хэрэгтэй. Загварын ертөнцөөс танд зориулж байгаа олон олон урсгал, стилиэс яг өөрийн, яг чамайг бусдаас тодотгож чадах тэр стиль, тэр хувцасыг сонгож сурах хэрэгтэй юм.
Хувцас үнэдээ тохирсон эсэхийг мэдэх зөвлөгөө
БҮТЭЦ: Үнэтэй материал болох савхи, илэг, үслэг, торго, твид, трикотаж нь өөр өөрийн онЦлогтой бөгөөд хүний бие дээр маш сайхан сууж, биед эвтэйхэн байдаг. Харин дууриамал нь гозойж, биенээс хөөрч хөндийрөх бөгөөд байнга засаж янзлах зэргээр түвэг учруулдаг.
ДААВУУ: Үнэтэй даавуунууд нимгэн, хөнгөн, зөөлөн байдаг ба бага үрчийж, имэрч үзэхэд сайхан мэдрэмж төрүүлдэг.
ӨНГӨ: Хэр зэрэг олон өнгөтэй хэцүү байна, тэр хэмжээгээрээ үнэтэй байдаг. Хямд хувцасыг голчлон үндсэн өнгөөр хийдэг.
ҮЛГЭР, ЭСГҮҮР: Муу эсгүүрээр хийсэн хувцасны дефект нь ханцуй, мөр, өмдний алхамын оёдол, захан дээр онцгойлон мэдрэгдэнэ. Бас нэг гол шинж тэмдэг бол хувцасанд орсон материалын орц, хэмжээ юм. Олон деталь, гүн нугалаа, шигүү хуниас зэрэг нь уг хувцас үнэтэйн шинж болдог.
ОЁДОЛ: Үнэтэй хувцасны деталиуд хоорондоо яв цав таарсан, дарж оёсон оёдлууд нь нэг хэмжээнд оёгдсон, дотор нь өө сэвгүй байдаг.
ТУСЛАХ МАТЕРИАЛ: Товч, тууз, бүс гэх мэт туслах элементүүдээр уг хувцасны үнийг тодорхойлж бас болно. Дууриамал хувцаснуудад деталь нь бага байхаас гадна хэмжээ нь ихэнхдээ алдагдсан байдаг. Амжилттай сонголт хийхийг хүсье.
Өнгөний тухай өгүүлье
Хувцас хунар сонгон авах, байр орондоо засвар хийхдээ:
Цагаан: Хөнгөн, сэрүүн мэдрэмжийг төрүүлнэ.
Шар: Сэтгэл баяр баяслаар хөглөгдөж, халуун дулаан, хөнгөн шингэн, цэлгэр уужим санагдана. Цусны лугшилтыг ихэсгэж, тархины үйл ажиллагааг сайжруулна. Гэхдээ догшин ширүүн хариу үйлдлийг өдөөж болзошгүй.
Улбар шар: Сэргэлэн цовоо болгож, судасны лугшилтыг түргэсгэж улмаар халуу дүүгэх мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Улаан: Хамгийн "дулаан" өнгөнүүдийн нэг. Биеийн ерөнхий тамир (тонус)-ыг сайжруулах боловч удаан үйлчлэлийн үед ядрааж, зүрхний цохилтыг хурдасгана.
Хондон улаан: Жавхаалаг, цовоолог болгож сэтгэлийн урам зоригийг хөхүүлж, бүлээн дулаан мэдрэмжийг авчирна.
Хөхөлбөр ягаан: Тамирдаж, хүнд юманд даруулсан мэт мэдрэмжийг төрүүлэхийн зэрэгцээ хавчиг зайгүй, нүсэр мэт харагдуулна.
Хөх: Тайвшруулах боловч уйтгар гунигт автуулна. Энэ өнгөөр будсан өрөө тасалгаа хүйтэн бөгөөд давчуу байх шиг санагдана.
Ногоон: Сэрүү татах мэт болохын сацуу тайтгаруулна. Нүдний дотоод даралтыг бууруулж, ер нь харааг хурц болгож, цусны эргэлтийг хэвийн байдалд оруулдаг.
Цэнхэр: Цэнхэр ханатай өрөө тасалгаанд ороход сэрүү татах мэт болдог, униар татсан цэнхэр өнгө нь алслагдсан мэт мэдрэмжийг төрүүлж тайвшруулна.
Хар: Биеийн ерөнхий тамир (тонус)-ыг доройтуулж, дарамтлан хүнд юм дээрээс дараад авах мэт санагдуулна. Энэ өнгөөр будсан хавтгай гадаргуунууд хэт нүсэр мэт харагдана.
Хүрэн: Халуун бүлээн уур амьсгал бүрдүүлж, сэтгэл санааг тогтвортой, амарлингуй болгоно.
Саарал: Хүйтэн өнгө. Уйтгарлуулан дур хүслийн галыг бөхөөнө.
Хүрэн саарал: Сэтгэл мэдрэлд сөргөөр нөлөөлж, айдас түгшүүр төрүүлнэ.
Цайвар хөх: Дааруулах мөртөө тайтгаруулна гэдгийг санаарай.
Дизайнер Н.Соёлмаа