2012-10-08УДЭТ-ын жүжигчин, МУСТА Г.Отгонцэцэгтэй ярилцлаа.
-Та алдарт “Гоолингоо” дуулалт жүжгийн гол дүрд тоглох болсон. Энэ талаар яриагаа хэлэх үү?
-Монголын ард түмний дунд түүх болоод танигдчихсан энэ сайхан жүжигт тоглох болсондоо баяртай байна. “Гоолингоо”-гийн дүр миний урьд урьдны тоглож байсан дүрүүдээс их ялгаатай. Энэ бол үндэсний сайхан дуулалт жүжиг. Өмнө нь би драмын тайзнаа тоглож байсан. Энэ удаад дуулалт жүжгийг, чуулгын тайзан дээр тоглох учраас их өөр байна л даа. Ондоо тайз гэдэг хүнд өөр мэдрэмж өгдөг юм байна.
Чуулгын тайз, драмын тайз хоёрын ялгааг одоо л мэдэрч байна даа. Дуулалт жүжгийн нэг онцлог нь оркестртой амьдаараа дуулах явдал байдаг. Ямар ч гадны чимээ, шуугиангүйгээр дуучин өөрөө “амьдаараа” дуулна. Хөгжим ч “амьдаараа" явна. Энэ бол уран бүтээлч хүнд хамгийн чухал зүйл. Жүжиг болоод жүжгийн дүр гэдэг их өөр. Зүгээр нэг ам бариад дуулах, амьдаараа дуулах хоёр өөр зүйл л дээ. “Гоолингоо" бол зүгээр нэг дуу биш драм. Дууны ард жүжиг явагдана. Драмын жүжгэн дээр бол гол дүрүүд текстээ цээжлээд сэтгэл хөдлөлөө илэрхийлэн гаргадаг.
Харин энд дуугаар, хөгжмөөр сэтгэл хөдлөлөө гаргах юм. Оркестртой дуулна гэдэг хөгжим нь нэг хүний удирдлаган дор нэгдэж байж бүтэх зүйл. Хувь хүнд өөрт нь их контроль хэрэгтэй. Драмын жүжигт тоглоход жүжигчин хүн өдөр өдрөөрөө эмоци нь өөр байдаг юм. Тухайлбал, яриан дундаа таван секунд пауз авч болдог. Харин дуулалт жүжигт нэг нот гурван секунд дуугарах ёстой л бол гурван секундэндээ л дуугарах ёстой байдаг юм байна лээ.
Сэтгэл хөдлөл гараад хүний дотоод сэтгэл өөрчлөгдөөд ирэхэд л дуучнаас гарах өнгө өөрчлөгдөж байх жишээтэй. Дээд өнгө, доод өнгө авах гээд л ялгаа их юм байна. Энэ тал дээр дуучид байнгын бэлтгэл сургуулилттай байдаг учраас их дөхөм байх. Миний хувьд анх удаа дуулж байгаа болохоор илүү их анхаарал, өндөр хариуцлага ирж байна. Мөн зөвхөн дуулаад зогсохгүй жүжигчний ур чадвараа гаргах хэрэгтэй болсон.
-Өмнөх “Гоолингоо”-нуудаас ялгарах онцлог юу байгаа бол?
-Энэ дууг МУАЖ О.Ичинхорлоо хамгийн анх үзэгчдийн сонорт хүргэсэн байдаг юм байна лээ. Түүний дараа Н.Түмэндэмбэрэл гуай, Б.Сарантуяа эгч, Д.Бурмаа гуай байна. Энэ дөрвөн хүний хувьд л гэхэд нэг дууг дөрвөн янзаар дуулна гэдэг гайхамшиг. О.Ичинхорлоо гуай цэвэр драмаар дуулсан. Дуулаад байгаа хэрнээ яриад байгаа юм шиг сонсогдтол дуулсан байсан. Харин Л.Норовбанзад гуай жинхэн дуу гэдэг талаас нь дэлгэцнээ амьдруулсан шүү дээ.
Сараа эгч бол арай поп стилээр дуулсан. Миний хувьд мэргэжлийн дуучин биш ч өөрөө дуулсан байгаа. Удахгүй клип нь үзэгчдийн сонорт очих байх. Энэ клипнээс Г.Отгонцэцэг гэдэг хүн энэ жүжигт тоглохдоо Гоолингоог хэрхэн харсан бэ, энэ хүнд ямар мэдрэмж төрсөн бэ гэдэг нь харагдах байх. Жүжгэн дээрээ дүрдээ орж, өөр мэдрэмж, өөр эмоцитой дуулна. Энэ бүгдийг жүжгэн дээрээс хараарай.
-Энэ дүр таны хувьд өөрийгөө их “эвдсэн” дүр болсон байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Гоолингоогийн дүр намайг их өөрчилж, өөрийгөө цоо шинээр харах боломжийг олгосон. Намайг хүмүүс ихэвчлэн эсрэг дүрээр хараад байдаг юм. Найруулагч маань надад “Чамайг сонгосон шалтгаан нь нэгдүгээрт чи сайн жүжигчин. Хоёрдугаарт чи хөгжимт драмын жүжигчний ангийг төгссөн. Энэ дүрд мэргэжлийн жүжигчин хүн тоглох ёстой. Тэгээд би чиний талаар судалгаа хийсэн юм.
Сөрөг яриа их байдаг юм байна лээ. Гэхдээ хүмүүс чамайг ингэж ярьж байна гэдэг чинь уран бүтээлч хүний хувьд чи өөрөө их сайн яваа юм байна гэсэн үг. Сайн уран бүтээлч хүнийг хэл ам их дагадаг юм. Тийм учраас би чамайг сонгосон. Дээрээс нь чиний тоглож байсан дүрүүд ихэвчлэн эсрэг дүрүүд байдаг юм байна лээ” гэж хэлж байсан. Манай найруулагч нарын нэг дутагдалтай тал нь жигтэйхэн хөөрхөн хүүхэн байх юм бол тэр чигт нь хөөрхөн дүрд нь тоглуулаад л яваад байдаг. Нэг эсрэг дүрд тоглочихвол тэрэнд нь л тоглуулаад байдаг.
Харин С.Баярсайхан найруулагчийн “Чиний ярилцлагыг уншсан чинь бас ингэж ярьсан байна лээ. Тийм болохоор би чамайг жинхэнэ Отгонцэцэг гэдэг хүн өөрөө яг хэн бэ, Гоолингоогийн дүрийг амьдруулж чадах хүн мөн гээд чамайг сонгосон. Чамайг эсрэг дүрээр хүлээж аваад байгаа хүмүүсийн санааг уран бүтээлээр эвдэж өгөх ёстой юм байна гэж бодсон. Ер нь миний сэтгэлдээ харсан Гоолингоо бол чи байлаа” гэсэн үг сэтгэлийг маань их хөдөлгөсөн.
Энэ дүрд тоглох боломжтой юу гэхэд нь дуртайяа хүлээж авсан. Маш их сэтгэл хангалуун байна. Жил гаруйн хугацаанд энэ дүрийг хайсан юм байна лээ. Гэвч түүний санаанд хүрсэн Гоолингоо тааралдаагүй байсаар өдийг хүрсэн гэж байсан. Ингэж их эрэл хайгуул хийж байгаад намайг сонгож авсанд нь их баярласан. Энэ дүр дээр хичээнгүйлэн ажиллаж байгаа.
-Тэгэхээр найруулагчийн тань бүтээсэн Гоолингоо, домгийн Гоолингоо хоёр ямар ялгаатай байдаг юм болоо? Энэ талаар жаахан яриач?
-Гоолингоо маань өөрөө их олон домогтой юм байна лээ. Энэ талаар их судласан. 1937 онд Н.Ядамсүрэн гуайг хэлмэгдэлтэд ороход О.Ичинхорлоо гуай сэтгэлээр их унаад энэ дууг түүнд зориулж дуулж байсан гэж ярьдаг. Тэгээд судлаад байсан чинь энэ дууны тухай бүр хөрөг нэвтрүүлэг хүртэл хийгдчихсэн байна. Яг л Гоолингоо гэдэг хүн байсан юм шиг санагдсан. Гэвч ийм хүн байгаагүй гэж яригдаад байгаа.
Мөн О.Ичинхорлоо гуайгаас өмнө олон хүн дуулдаг. Хайртай хосуудын нэг нь баян, нөгөө нь ядуу байж л дээ. Ийм хүмүүс дурлалцаж болдоггүй, язгуур үндсээр нь ялгадаг үе байж. Тэгээд тэр хоёр оргож яваад гүйцэгдэх үедээ дурлалдаа үнэнч байя гээд хөтлөлцөөд хаднаас үсэрсэн байгаа юм. Энэ бол бодит түүх. Ромёо Жулетта хоёр шиг сайхан түүх байна лээ. Тэгээд цаашаа судлаад байсан чинь 1206 онд Чингис хаан татвар эм авах болсон тэр үеэс Солонгосын эзэн хаан 50 орчим гоо бүсгүйгээ Чингис хаанд татвар эм болгон өгсөн байна.
Энэ талаар Хятадын нэг судар ном дээр бичсэн байсан. Эрт дээр үед Солонгос улсыг Гуулин улс гэдэг байсан юм байна. Харин гуа гэдэг нь сайхан бүсгүй гэсэн утгатай. Тэгээд Гуулингуа буюу Солонгосын сайхан бүсгүй хэмээх үгнээс Гоолингоо хэмээх нэр анх үүсэлтэй юм гэсэн. Цаг хугацааны эрхээр Гоолингоо болчихсон юм байна лээ. Чин үнэнч хайр дурлалын дуу. Гоолингоо үеийн үед байсан. Одоо ч байгаа. Хэлмэгдүүлэлтийн үед ч байсан байна. О.Ичинхорлоо гуай анх 1937 онд энэ дууг Оросод бичүүлж байсан нь хальснаа үлдэж, үеийн үед дамжигдсаар ирсэн юм байна лээ.
О.Ичинхорлоо гуайгаас өмнө ч нөхрөө алдсан, хайр дурлал нь бүтэлгүйтээд шаналж байсан хүмүүс дуулж байсан гэдэг. Энэ дуу үнэнч хайр дурлалын, гансрал, шаналал, эмэгтэй хүний эр нөхрөө хайрласан дотоод сэтгэлийг илэрхийлдэг. Харин зарим хүн энэ их муу ёрын дуу гэж ярьдаг юм билээ. Намайг бас “Чи ямар муу ёрын дүрд тоглодог юм бэ” гэж хэлж байсан хүмүүс бий. Монгол хүн сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг гэж ярьдаг. Энэ бол ерөөсөө муу ёрын дуу биш. Түүх домгоос үүдэлтэй олон он цагийг элээж ирсэн, Гуулингуагаас Гоолингоо болтлоо үе дамжигдаж ирсэн домгийн дуу.
-Жүжигт цаг үеийн хувьд аль үеийг харуулах вэ?
-Хэлмэгдүүлэлтийн үеийг харуулна. Ирээд үзэхэд бол андашгүйдээ. “Ард Аюуш", “Сэрэлт”, “Нүгэл буян” гэх мэт киног үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрнө. Бид заавал ирээдүй рүү мацаж, тэмүүлсэн биш хамгийн гол нь хэн билээ, бидний өвөг дээдэс хэн билээ, бид хаанаас гаралтай билээ гэдгээ мэдэж байх ёстой. Сүүлийн үед ялангуяа залуус Монгол гэр гэж юу болохыг ч мэдэхгүй байна.
Зүгээр нэг зурган дээрээс л харсан, дотор нь орж үзээгүй залуус маш олон байна. Тулга тогоогоо мэддэггүй, таван цул, ааруул ээзгий хонины шөлөө ч хэрэглэж чаддаггүй, хэл яриандаа дандаа гадаад үг оруулж ярьдаг болж. Эх хэлээ хэтэрхий гээж байна. Тэгэхэд манай Монгол хэлний үгийн сан ямар баялаг билээ дээ. Энэ талаар илэрхийлэх санаагаа хэдхэн үгэнд багтаасан жүжиг болсон.
Бид яагаад өнгөрсөн үеэ эргэн дурсаж болохгүй гэж. Ялангуяа залуусыг ирж үзээсэй гэж бодож байна. Ийм ч учраас манай найруулагч энэ жүжигтээ саарал өнгийг тодчилсон гэж хэлж байсан. Хар цагаан хоёрын дунд уусчихсан өнгө. Хүмүүс саарал өнгө гэхлээр нэг л хар бараан юм шиг төсөөлдөг. 99 саарал өнгө байдаг ш дээ. Саарал өнгө болгон хүнийг тодорхойлдог гэдэг.
-Таны хувьд анхны тань дуулалт жүжиг. Тэгээд ч дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц дуучинтай хамтарч дуулж байна. Энэ талаараа яриач?
-Дэлхийд номер нэг ийм сайхан дуучинтай хамтарч тоглож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Бид хоёр бие биенээсээ харилцан суралцаж байгаа. Би дуулах тал дээрээ Ариунбаатараас суралцаж, Ариунбаатарт жүжиглэх тал дээр нь зөвлөж байна. Өмнө нь тоглож байсан “Парисийн дарь эхийн сүм”, одоогийн дүр хоёр тэс өөр л дөө. Нэг нь Монголын, нөгөө нь Европ сонгодог жүжиг, Гоолингоо’’-д 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеийг харуулах бол “Парисийн дарь эхийн сүм” 1935 оны үеийнх.
-Та дандаа эсрэг дүрд тоглоод, хүмүүс таныг ер нь бол эсрэг талын баатраар хүлээн авдаг болж. Харин энэ жүжгийг үзээд таныг хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэсэн айдас байна уу?
-Надад яг тийм айдас байхгүй. Би дандаа ч эсрэг дүрд тоглоогүй шүү. “Үл таних эмэгтэй”, “Орхидос-2” дээр л эсрэг дүрд тоглосон. Драмын жүжгүүдэд бол эерэг дүрүүдэд тоглодог байсан. Дэлгэцийн урлагаараа би эсрэг дүрээр олны танил болсон болохоор хүмүүс тэр чигээр нь хүлээгээд авчихсан юм шиг байна лээ. Жишээ нь, манай хошин урлагийн жүжигчид ярьдаг л даа.
Драмын жүжигт тоглохоор хүмүүс инээчих гээд байх юм гэдэг. Бүр тэр хүний тоглосон эсрэг дүрээр нь хүлээж аваад насан туршдаа түүнийг үзэн яддаг хүмүүс ч байдаг (инээв). Дэлгэцийн урлаг бол бүх хүмүүст хүртээмжтэй, харин драмын урлагийг ирж үзсэн хүмүүс л ойлгодог. Үүгээрээ их ялгаатай байх. Монгол ахуйтай жүжигт би тоглож байгаагүй л дээ. Найруулагчид намайг ер нь жаахан Европ тал руу нь хараад байдаг юм.
-Хамтран тоглогч дуучин Г.Ариунбаатар та хоёрыг үерхэж байгаа гэсэн яриа байсан?
-Манай хэвлэлийнхэн янз янзаар л ярих юм. Одоо янз бүрийн ярианд бүр дөжирчихжээ. (инээв) Аль нь үнэн аль нь худлаа нь ялгагдахаа больж. Надтай уулзаж үзээгүй байж л янз бүрээр ярих юм. Зүгээр нэг кинонд эсрэг дүрд тоглосны төлөө намайг үзэн ядсаар яваа хүмүүс ч олон байна (инээв)
-Драмын театрынхаа сүүлийн үед хийж байгаа уран бүтээлүүдээс сонирхуулаач?
-Драмын театрын хувьд арваннэгдүгээр сарын дундуур шинэ жүжиг болох “Гамлет” -аа тавих гэж байна. Энэ жүжгийн “жүжгэн доторх жүжиг” -ийн вангийн хатны дүрд тоглож байгаа. Хажуугаар нь дуулалт жүжиг гээд миний хувьд үүрэг хариуцлага их. Нэг өдөр ч ядарч, ханиад хүрч болохгүй болчихоод байгаа. Ядарч, сульдаж, өвдөх юм бол хоолой гарахгүй болчихно гээд л асуудал их.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.
О.Чанцалдулам
Эх сурвалж:”Нийгмийн Толь”