2012-10-03Бурхан багш гэхээр нэг түвд хүнийг төсөөлөөд “Ум ма ни бад ми хум” гэж хэлсэн байх гэж ойлгодог хүмүүс олон байдаг.
Бүр зарим нь Христ шиг ертөнцийн эзний хүү ч юм шиг тэнгэрт нэг их завгүй бурхан бидний амьдралыг зохицуулаад сууж байдаг гэж боддог. Ганданд очиж мөргөхөөрөө дандаа гуйлга гуйдаг, Америкын виз бүтээгээд өгөөч гэсэн бичиг хүрдэн дээр наасныг би нүдээрээ харсан. Нийтлэлч Баабартай нэг удаа Төв шуудангийн өмнө таараад номоо хэдэн хувь хэвлүүлбэл болох вэ гэж асуухад “За даа, дунджаар 300 хувь. Гэхдээ номоосоо шалтгаална. Яг үнэндээ энэ хавийнхан л ном уншдаг юм шүү дээ” гээд эргэн тойрноо зааж билээ. Түүний орчуулан гаргасан “Бодь мөрийн зэрэг” буюу “Ламрим”-ыг хийлцсэн болохоор зохиогчдын дунд миний нэр ч байгаа. Гэтэл тэр ном оны шилдэг ном болоод шагнал хүртэх үед хөтлөгч “Бодь мөрийн зэрэг”-ийн зохиогч Богд Зонхов ирж шагналаа аваарай гэж зарласан тухай онигоо байдаг. Бурхан багш гэж хэн байснаа мэдэхгүй байгаа улс Богд Зонховыг яаж ч мэдэх билээ дээ. Одоогоос 2500 жилийн тэртээ амьдарч байсан Сидхард Гоутам гэдэг энэтхэг хүнийг бид бурхан багш хэмээн нэрийддэг.
Тэрээр ханхүү бөгөөд эхнэртэй, бүр Рахул гэдэг хүүтэй жирийн хүн байгаад сүүлдээ бясалгалд шамдан Випасана хэмээх бясалгалыг нээж түүгээрээ хичээллэсээр гэгээрэлд хүрсэн тухай “Ганжуур”-т тодорхой бичсэн байдаг. Тэрээр яг л Христ шиг нэг газраас нөгөө газарт нүүж, олон түмэнд бясалгал зааж, орой бүр номын айлдвар хэлдэг байсныг түүний шавь нарын нэг Ананд олж сонссон хүмүүстэй хамтран ном судар болгосон байдаг. Би ДУДС- д сурч байхдаа “Үл хөдлөгч” гэдэг нэртэй Өндөр гэгээний бүтээсэн бурхны хийцийг бишрэн хардаг байлаа.
Тэр үедээ яагаад ингэж нэрлэснийг ч тунгаан бодож байсангүй. Харин сүүлд бясалгалтай учирсныхаа дараа л үл хөдлөгч гэдэг үг ямар учиртайг ойлгож билээ. Бясалгал гэгч сэтгэлийн тэгш амгаланг сурах хичээл бөгөөд хүний сэтгэл гэгч нэг бол өнгөрсөн цаг руу, нэг бол ирээдүй цаг руу үсчиж байдаг болоод л бясалгалд сууснаар сэтгэлд тэгш амгалан тогтдог болохыг ойлгож эхэлсэн. Бурхан багш айлдахдаа “Өнгөрсөн гэгч байхгүй. Яагаад гэвэл өнгөрсөн учраас ирээдүй гэж ч байхгүй. Яагаад гэвэл болоогүй учраас гагц одоо цаг л гэж байдаг.
Энэ цагаа дэмий хоосон өнгөрсний эсвэл ирээдүйн тухай бодлоор битгий ал” гэж сургасан байдаг юм билээ. Та өөрийгөө ажиглаад үзээрэй нэг бол өнгөрснийг бодож шанална, эсвэл баясна. Үгүй бол ирээдүйд тэгнэ ингэнэ гэж бодсоор л суугаа даа. Бүх хэрүүл маргаан нэг бол өнгөрсөн зүйлээс эсвэл ирээдүйн зүйлээс болсон байдаг. Уг нь энийг л ойлгочихвол бүх юм цэгцрээд ирэх ч та өөрөө өөрийгөө ажиглаад үзвэл яг сармагчин шиг өнгөрсөн ирээдүй хоёр руу цаг үргэлж үсчсэн нэгэн гэдгээ мэдэх болно.
Үзэх гэдэг үзэхийн төдий, сонсох гэдэг сонсохын төдий ...гэж мөнөөх бурхан багш хэлжээ. Одоо та нар зураг дараад дараа нь түүнийгээ фэйсбүүктээ тавьдаг биз. Үнэхээр л үзэхийн төдий зүйл болдог шүү дээ. Хөгжим сонсож баясдаг, хэрүүл хараал үргэлж л сонсож байдаг сонсохын төдий л зүйл байгаа биз дээ. Зурагтаар мэдээ үзэхгүй ганц ч хонож чадахгүй юм шиг л байдаг. Гэтэл та мэдээ үзэхгүй хэчнээн ч хугацаанд амьдарч уг нь чадна шүү дээ. Гэтэл бид ийм байдлаар үргэлж тэгш амгалангаа алдаж байхад бүр дасчихсан байх юм.
Өөртэйгөө ганцаараа байж бүр чадахаа больсон. Арав хоногийн бясалгалд сууна гэхээр хүмүүс ихэд гайхаж “Тэгээд би арав хоног юу ч ярихгүй, юу ч уншихгүй, гав ганцаараа юм шиг байх хэрэг үү” хэмээн гайхан төвөгшөөдөг. Гэтэл арав хоноод гарч ирэхэд юу ч өөрчлөгдөөгүй бүх юм бахь байдгаараа л байж байдаг. Жилд ганц удаа өөртэйгөө арав хонож чадахгүй болтлоо нийгэмшсэн хүн гэж ер нь байдаг юм уу. Бид ийм хэв маягтай амьдралд дасаж явна. Тэгээд ч барууны орнуудад буддист хүмүүс олширч эхэлсэн нь энэ хэв маяг өр шир цаг завгүй ажил зэргээс залхсантай холбоотой байх.
Нострадамус “Бурхан багшийн сургааль яг 2500 жилийн дараа дахиж энэ дэлхийд түгэн дэлгэрнэ” гэсэн байхыг олж үзээд “Хаана байна, тэр олон сүм дуган, шар улаан хослуулсан нүцгэн толгойтой лам нар” гэж гайхаж байлаа. Гэтэл бясалгал энэ дэлхийгээр нэг тарчихсан байсныг би мэдсэнгүй. Випасана бясалгалын их багш Гоёка далаад онд л энэ бясалгалыг сураад Энэтхэгт ирж аав, ээж хамаатан садныхаа долоон хүнд зааж байжээ. Гэтэл одоо 230 оронд төвтэй, Энэтхэгт бол 30 гаруй төвтэй нэг удаагийн арав хоногийн бясалгалд мянган хүн зэрэг суудаг болжээ.
Яг одоо үүнийг та уншиж байхад ч энэ дэлхийн өнцөг бүрт бясалгалтай хэдэн мянган хүн учирч л байгаа. Бясалгалыг Дамма буюу ариун ном гэж нэрлэдэг. Монголчууд бид ингэх номтой юм, болох ёстой юм гэх мэтээр ярилцдаг нь энэхүү ариун номыг хэлж байжээ. Ус өмнө нь урсаж байсан газраараа урсдаг шиг Монголд бүр Хүннүгийн үед бурхны ном дэлгэрч байсан бөгөөд тэднийг хар царайтай буржгар үстэй хүнээр төлөөлүүлж азар хэмээн нэрийддэг. Азар гэсэн энэ үг нь Ачиара буюу багш гэсэн санскрит үг ажээ.
Мөн бид авьяас гэж ярьдаг нь абяас гэсэн санскрит үг бөгөөд энэ нь дадал гэсэн утга илтгэдэг байна. Тэгэхээр авяастай хүн гэгч өмнөх насандаа олж авсан дадалтай хүн гэсэн санаа ажээ. Тэгээд ч эрт дээр үеэс бясалгал хийж номын айлдвар сонсож байсан нь манай хэлэнд бүр өөриймсөж шингэсэн байдаг. “Уур биеийг зовооно, уул морийг зовооно” гэх мэт үй түмэн хэлц үг яг “Ганжуур”-т тэр чигээрээ байдаг юм билээ. Харин социализмын үеийн бурхны эсрэг үзэл нь оросуудад зориулсан буюу загалмайтнуудад зориулсан үзэл суртал байснаас их төөрөгдөл үүссэн байдаг.
Оросуудын шашныг устгах тэмцлийн хамгийн сүүлчийн шат нь монгол бичгийг орос болгосон явдал байлаа. Тэр үед айл бүр монгол хэлээр бурхны ном үзэж байсан байдаг. “Гучин хоёр модон хүний үлгэр”, "Субашид” зэрэг нь бараг айл бүрт байсан ном юм билээ. Тэгээд ч бүр ярианы хэлэнд муу ёр, нүгэл гэх мэт энгийн л хэллэг болтлоо шингэжээ. Сүүлийн үед номын дэлгүүрээр орох бүрийд л бясалгалын номууд шинээр гарсан байхтай таардаг боллоо. Одоо Ошо-г уншаагүй хүнийг сэхээтэн гэж хэлэх аргагүй шахуу болжээ.
Барууны соёл боловсролыг дэндүү сайн судалсан тэрбээр барууныхныг жинхэнэ шүтүүлж чадсан бөгөөд түүний номын айлдваруудыг уншихад ихэд ойлгомжтой байдаг. Саяхны нэг орчуулан гаргасан номд Випасана бясалгалыг бясалгалын хамгийн дээд нь, бас хамгийн хэцүү нь гэж нотолсон байна билээ. Боловсролтой хүмүүс зальтай болдог. Юм сурсан хүмүүс юмыг зүгээр авахыг хүсэж эхэлдэг. Тэдний эго улам бүр томорч зөвхөн үр дүнг л хүсэж эхэлдэг. Үр дүн хүлээдэггүй хүмүүст л бясалгал нээгддэг.
Тийм болохоор хэн нэгэн ид шидтэн болно гэж зорилго тавиад бясалгал хийвэл хэзээ ч түүндээ хүрэхгүй. Надад олон баян найз нар бий. Тэд хоёр янз байдаг. Нэг хэсэг нь мөнгө олох гэдэг өвчинд гүн нэрвэгдсэн яагаад ийм их мөнгө надад хэрэгтэй вэ гэж хэзээ ч асууж байгаагүй цаг үргэлж өөрийгөө тарчлаан зовоож байдаг зовлонтонгууд байдаг бол нөгөө хэсэг нь мөнгөгүй болчихоосоо айдаг ч өөрийнхөөрөө арай тайван, амар амгалан амьдрах гэж яваа улс байдаг. Мөнгө эрх мэдэл асар их Эгог үүсгэгч гэдгийг тэдний хэн нь ч ойлгодоггүй.
Тэдэнд бясалгал яривал хөх инээд нь хүрнэ. Гэтэл Энэтхэгт би тэрбумтан мөртлөө бясалгал хийдэг хүмүүстэй таарч байлаа. Эдний нэг нь “Зи тв” гэдэг Энэтхэгийн хувийн телевизийн маш том сүлжээтэй. Энэтхэгийн дээрээсээ 10-т ордог баян Субаш Чандра гэх нэгэнтэй бясалгалд сууж байхад нь таарч билээ. Тэрбээр хогийн шүүр бариад хашаа цэвэрлэж зогсдог байлаа. Сүүлд нь ярьдаг болоод “Та яагаад дандаа хашаа шүүрдэж байдаг юм” гэвэл “Яахав дээ эго, их зангаа шүүрдэж байгаа нь тэр гэсэн юм.
Тэрбээр Гоёнка багшид асар их хандив өгч, Мумбей хотноо арван мянган хүн зэрэг бясалгах асар том төв барьсан хүн. “Глобал Погода” хэмээх тэр том байгууламж дэлхийн 9 гайхамшигт багтсан юм. Бурхан багшийн үед бас нэгэн их баян ийм суварга босгосон байдаг түүхтэй. Эцэст нь хэлэхэд Америкт амьдрах арга гэдэг асар их эрх чөлөө бөгөөд асар их эрх чөлөө байгаа газар үргэлж замбраагүй байдал хаос ноёлж байдаг байна. Үүнээс гарах арга бүгдийг төлөвлөж өөрийгөө өөртэйгөө арав хоног байж ч чадахааргүй болтол завгүй болгох арга юм.
Тэгээд л бид мөнгө олох, лизинг хэмээх гав гинжинд сайн дураараа орох, юм хийх, хүссэн ч эс хүссэн ч зурагт үзэх гэх мэтээр дотогшоо харж биш гадагшаа харж завгүй байхад сурч байна. Өөртөө үй олон эго бий болгоод бүх насаараа өөр дүрд тоглож амьдарч сурч байна. Улс төрчид, лам нар бараг ижилхэн уйтгартай, худлаа дүртэй улс байдаг. Зүгээр инээж ч чадахгүй. Ярьдаг юм нь дүрэм журам, энэ тэр гэсээр амьддаа өөрсдийгөө авсалсан улс байдаг. Та нар улс төрчдийн фэйсбүүкт ороод үзээрэй. Ихэнх нь шал уйтгартай улс төржих хэмээх солиоролд гүн автсан, хүн гэхэд хэцүүхэн улс байгаа.
Лам хүн фэйсбүүктэй байвал болохгүй, бараг нүгэл биз. Бусадтай хайраа хуваалцах гэдэг бясалгалын эхний алхам байдаг. Хайр гэгч өгөх тусам арвиждаг, өгөхгүй бол ялзарч ширгэдэг зүйл. Уг нь энэ тухай бүх шашин сургадаг ч дандаа болохгүй, нүгэл, энэ тэр гэсэн хоригийг л ярьдаг. Бясалгал бол шашин биш анхнаасаа ч шашин байгаагүй бөгөөд яваандаа ёс жаяг, хүн айлгах зэвсэг болон хувирсан. “Зуд болоход чоно цадаж зовлон болоход лам цадна” гэдэг үнэхээр үнэн үг.
Би чамд хайртай гэж хэлж чадахгүй зүгээр л чи надад таалагдаж байна гэдэг нь өөрийнхөө л тухай ярьж байгаа хэрэг. Би улс орондоо хайртай, би чамд хайртай гэж хэлнэ гэдэг шууд хариуцлагыг өөр дээрээ авч байгаа хэрэг юм. Амьддаа бие биенээ хайрлая гэж О.Дашбалбар ямар үнэн хэлсэн юм бэ. Монголчууд аа, бие биенээ л үнэн сэтгэлээр хайрладаг болчихвол бүх юм зөв замдаа орж Монгол өөрөө диваажин болж хувирна. Бид маш их ууртай хүмүүс. Уурлахад хамгийн эхний хохирогч нь өөрөө байдгийг мартаж болохгүй.
Сэтгүүлч , найруулагч Д.Төрмөнх