2012-10-01“Тусгай салаа” киноны Дэндэв буюу жүжигчин Г.Эрдэнэбаяртай ярилцлаа.
-Монголын үндэсний телевизийн ой гээд бүгд бужигнаж байх шиг байна аа?
-Монголд телевизийн урлаг үүсч хөгжсөний 45 жилийн ой Монголын үндэсний телевизийн ойтой давхцаж байгаа юм. Энэ хугацаанд хийсэн бүтээсэн, ололт амжилтаа ярилцан ойгоо тэмдэглэж байна. Ийм том арга хэмжээг зүгээр нэг тэмдэглэж болохгүй гэдэг утгаараа өргөн дэлгэр болж байна. Телевизийнхээ хамт олонд баярын мэнд хүргэе.
-Та хэзээнээс Үндэсний телевизтэй амьдралаа холбосон бэ?
-Миний хувьд 2009 оноос Үндэсний телевизийн өнөр бүлд багтан олон салаа мөчрийнх нь нэгэн навч болох ургаж байна. Монголын энэ том телевизэд ажиллана гэдэг миний мөрөөдөл байлаа шүү дээ. Би тавдугаар нэгдэлд харьяалагддаг.
-Тавдугаар нэгдэл гэхээр юу хариуцдаг юм бэ?
-Тавдугаар нэгдэлд нэвтрүүлэгчид, залуу жүжигчид, орчуулгын киноны жүжигчид багтдаг. Бидэнтэй хамт Монголын ард түмэндээ дуу хоолойгоороо хэдийнэ танил болсон Ж.Дарамсүрэн ах хамт ажилладаг. Энэ мэтчилэн олон сайхан хүний буян заяа тэтгэсэн өгөөжтэй нэгдэл байгаа юм.
-”Улаан туг” Дэндэв “Тусгай салаа”-ны цэрэг болсон үеэ эргэн дурсахгүй юу?
-2010 онд “Тусгай салаа” хэмээх 60 ангит уран сайхны киноны пробонд 800 гаруй залуу шалгуулсан. Түүнээс шалгарч киноны гол дүрийг бүтээх эрх хүртэж байлаа. Бямбаагийн Дэндэв хэмээх хөдөөний эгэл залуугийн дүр бүтээсэн минь нэгэн сайхан дурсамж юм даа. Тэр үед би орчуулгын киноны нэгдэлдээ дуу оруулагчаар ажиллаж байсан юм. Одоо ч мөн тэрхүү албандаа зүтгэж явна.
-Анх удаа кинонд тоглож байсан нь тэр биз?
-Тэгэлгүй яахав. Анхны дэлгэцийн дүр минь байгаа юм. Тэр ч утгаараа өөрт байгаа нөөц бололцоог дайчлан тоглосон. Ёстой л бензинээ дуустал үзэж тарж байлаа.
-Таныг багадаа Дэндэв шиг гэнэн, итгэмтгий хүүхэд байсан болов уу гэсэн дүр зураг сэтгэлд буудаг…
-Багадаа зуны амралтаараа хөдөө очиж буурал аав, ээждээ эрхлэн хонь, хурганы зах бараадан тугал, ишигхэн хариулсан шигээ амардаг байлаа. Ер нь би хөдөө байх дуртай хөдөөсөг хүн.
Хүн болгоны бага нас хөөр баяраар дүүрэн өнгөрсөн гэдэгт итгэдэг. Миний бага нас хоёр буурлынхаа хайранд нялхарч гэхдээ буруу явалгүй өссөн. Сурагч байхдаа есдүгээр дунд сургуулийн наймдугаар ангийг дүүргэн, дөчдүгээр дунд сургуулийг төгссөн.
Баяр ёслолоор аав, ээжийнхээ ах дүү нарыг цуглахаар хошигночихдог, дууг янз бүрээр элдэвлээд дуулчихдаг шооч талдаа хүүхэд байсан гэдэг. Манай хамаатнууд намайг урлагийн сургуульд оруулна гэдэг байсан. Би нээрээ л урлагийн хүн болох юм байна гэж бодно. Сурлагаараа нэг их гавихгүй ч бүр муугийн тоонд орохгүй алтан дундаж сурагчийн нэг л дээ. Сахилгагүйгээрээ харин толгой цохиж явсан тал бий. Би хар багын сагс тоглох дуртай. Мэргэжлийн тоглогчдын дэргэд сайн биш ч жирийн хүмүүсийнхээ дунд сайндаа орно.
-Та чинь Баянхонгорынх юм уу, Төв аймгийнх юм уу?
-Аав маань Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын хүн байгаа юм. Би Төв аймгийн Цээл суманд төрж өссөн. Кинонд тоглосноос хойш их олон нутагтай болсон хүн дээ би. Ааваараа овогловол Баянхонгорынх, төрсөн нутгаараа гэхээрээ Төв аймгийнх, Дэндэвийнхээ дүрээр бол Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат болж байна.
-Оюутан цагаа дурсахгүй юу?
-Арван жилийн сурагч байхдаа Монголын хүүхдийн ордны Саранхүү багштай драмын дугуйланд сурдаг байв. Энэ л урлагт ойртох анхны томоохон алхам байсан гэж боддог. 1999 онд СУИС-д шалгуулан жүжигчний ангид Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар багшийн шавь болсноор урлагийн ариун тайзнаа гарах хоёр дахь алхмаа хийж байлаа.
-С.Сугар багшийн шавь нар Монголын драмын болон дэлгэцийн урлагийн нэгэн том төлөөлөл болсон гэхэд хилсдэхгүй биз?
-Монголын урлагийн үе үеийн гайхалтай уран бүтээлчид С.Сугар багшийн гараар дамжсан байдаг. Би анх оюутан болоод нэлээд бүрэг нөхөр байлаа. Багш маань есдүгээр сарын нэгэнд шинэ оюутнуудаа цуглуулан аль нутгаас ирсэн хүүхэд вэ гээд танилцсан юм. Бүх хүүхдүүд өөрийгөө танилцуулаад дуусахад би ганцаараа үлдчихлээ. Өнөө хурал тарахад “Эрдэнэбаяр үлдэж надтай уулзана шүү” гэдэг юм байна. Багш “Чи яасан бүрэг хүүхэд вэ. Жүжигчин болох гэж байгаа бол ийм байж болохгүй дээ. Дөрвөн жил чи надтай сайн, муугаа дуудалцана. Бүх зүйлд биеэ дайчилж, зүрх сэтгэлээ зориулах хэрэгтэй” гэж хэлсэн нь одоо ч надад тодхон санагддаг. Шинэ оюутнуудаас хамгийн эхэлж надтай чин сэтгэлээсээ ярилцсан болов уу гэж боддог шүү.
Энэ хүний Монголын урлагт оруулсан хувь нэмэр нэгэн сүмбэр оргил байж болох юм. Мөн тайзны ярианы багш Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулуун багшаас их зүйлийг сурсан.
-Оюутан ахуй цаг болоод ангийнхаа нөхдийн талаар ярихгүй юу?
-Нэг ангид тохой нийлүүлэн сууж байсан ангийн хамт олон минь ард түмэндээ танигдаад эхэлчихэж. Бид сургуулийнхаа бага тайзанд анх гарч жүжиглэдэг байсан юм. Энэ тайзнаа авьяас билгээ хурцалж, ирээдүйнхээ гэрэлт замыг засаж байв шүү. Оюутан ахуй цаг гэдэг инээд хөөр, баяр бахдал дүүрэн он жилүүд байсан.
Манай ангид “ТВ коктейль” хамтлагийн Д.Энхбаяр, Э.Цолмонбаяр буюу Цоомоо, “Маск” продакшны Ш.Жавхлан, “Шилдэг өнгө” продакшны Даваажаваас эхлээд олон хүнийг нэрлэж болно. Ангийнхнаас маань олон хүн орчуулгын киноны жүжигчин болцгоосон.
-СУИС-ийн оюутнууд орон нутгаар явж халтуур хийдэг шүү дээ. Та нар тэгж явдаг байв уу?
-Явалгүй яахав.
-Хэр ашигтай байсан бол?
-Ихэнхдээ л шатна шүү дээ. Хамгийн гол нь сэтгэл нийлээд явж байгаа нь сайхан. Тухайн үед ярилцаж байгаад долоо хоног бэлтгэл хийгээд “Бид тоглолт хийнэ” гэсэн бөөн зүрх сэтгэлүүд л явж өгнө дөө. Одоо бодоход урлагийн төлөө гэсэн зүрх сэтгэл байсан нь гоё санагддаг юм. Галт тэргээр явж байхдаа ямар тоглолт хийхээ ярилцан болж өгвөл мэргэжлийн түвшинд хийнэ шүү гэдэг байлаа. Нэг удаа Сэлэнгэ аймгийн Сайхан суманд тоглолтоор очлоо. Манай ангийн оюутан болох Э.Пүрэвдоржийн гэр нь тэнд байдаг байв. Найзындаа очоод бараг л амралтанд байгаа мэт жаргалтай байсан шүү. Ашиг ч олсон юмгүй шатсан хэрнээ хаан шиг байж байгаад буцсан гээд яривал олон зүйл байна.
-Жүжигчид энэ л дүрийг бүтээхсэн гэж ярьдаг. Таны хувьд бүтээе гэж мөрөөдөж явдаг дүр бий юу?
-Уран бүтээлийнхээ гарааг дэлгэцийн уран бүтээлээр эхэлсэн. “Тусгай салаа” нэг, хоёр, “Хөх толбот хүмүүс” гээд хоёр кинонд тоглочихлоо. “Хөх толбот хүмүүс” кино маань Улаанбаатар кино фестивалиас шилдэг найруулагч төрөлд нь цом хүртсэн. Би шилдэг гол дүр номинацид нэр дэвшсэн шүү дээ. Цаашдаа тайзны уран бүтээлд хүч сорихыг мөрөөддөг. Ийм дүр бүтээе гэж нэг их боддоггүй. Харин оногдсон дүрдээ сайн тоглохыг хичээдэг. Санаж явахад бүтэх байлгүй.
Мөн “Ааваа зорино” гээд дуу маань олны талархлыг хүлээсэн. Залуу уран бүтээлчийн хувьд энэ надад том шагнал байлаа. Уран бүтээл хийх том ташуур болж өгсөн.
-Нэг хэсэг тоглолт арга хэмжээ бүр дээр уригдан “Ааваа зорино” дуугаа дуулж байсан. Амьдралд болон санхүүгийн хувьд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлсэн байх?
-Өөрийнхөө хэмжээнд боломжийн санхүүгийн эх үүсвэртэй болсон. Халтуур гэхээсээ илүүтэйгээр миний урам зоригийг бадраасан. Энэ дуу маань буурал аавын минь дурсгалд зориулсан дуу байгаа юм. Бага хүү нь болох Л.Отгонцэнд ах маань үгийг нь бичсэн. Буурал аав маань намайг оюутан болоход “Сайн уран бүтээлч болоорой” гэж ерөөж байлаа. Би гурван жил ажлаар Солонгост байж байгаад ирэхэд буурал аав минь өөд болсон байсан. Тийм болоод ч тэр үү буурал аавын зүрх, сэтгэл шингэсэн энэ дуу буян заяа нь тэтгэж олны хүртээл болжээ гэж боддог.
-Одоогийн байдлаар урын сандаа хэдэн дуутай болчихов оо?
-”Ааваа зорино” дуунаас хойш “Гараас тань атгая ээжээ” дуугаа олны сонорт хүргэсэн. Олон ч хүн мэддэг болсон байна лээ. “Амьдрал хайрласан бурхад” гээд бас нэг дуу бий.
-Цомог гаргачих юм биш биз дээ?
-Залуу хүний хувьд хийж, бүтээе гэсэн бодол жигүүрлэн явна. Дуугаараа ард түмэндээ бага ч гэсэн танигдсан болохоор дууны уран бүтээлээ хийж таарна.
-Багадаа нэлээд шооч хүүхэд байсан гэсэн. Телевизийнхэндээ нэр, хоч өгөөд байна уу?
-Тэр тал дээрээ харин гайгүй шүү.
-Гэр бүлийнхээ тухай ярихгүй юу?
-Эхнэр гурван хүүхдийн хамт тавуулаа амьдарч байна. Гэргийг маань Мягмарын Болормаа гэдэг. Бид хоёр арван жилд байхдаа үерхдэг байсан. Одоо гурван сайхан үрийн аав, ээж болчихлоо.
-Хаана амьдарч байгаа вэ?
-Нэг сайхан байранд нам гүмхэн аж төрж байна даа.
-Та цэрэгт явсан уу?
-Амжаагүй ээ.
-Цэрэгт яваагүй хэрнээ “Тусгай салаа” кинонд тоглочихсон хэрэг үү?
-Харин тийм. Кино зураг авалтын гурван сарын турш цэргийн амьдралын зах зухаас мэдэрсэн. Хэдий киноны зураг авалт явагдаж байгаа ч гэсэн эрчүүдтэй хамт тангараг өргөхөд хүн омогшдог юм билээ. Алтан соёмбот далбаанаасаа адис авч зогсох сайхан байсан шүү.
Киноны зураг авч байхад цэрэг байсан залуус халагдаад сүүлд нь тааралдаад юм ярьцгаана. Халзан байсан цэргүүд ард болчихоороо танигдахаа байчихдаг юм билээ. “Яагаав таныг тэгж байхад ардуур чинь гүйж байсан даа” гээд ярьж өгнө.
-Орчуулгын киноны жүжигчин гэх мэргэжлийнхээ давуу талаас ярьж болох уу?
-Телевизийн ажил багаар бүтдэг. Тэр баг дотроо ахин баг болж орчуулгын киногоо хийдэг. Нэг кинонд хоёроос гурван дүрд дуу оруулах шаардлага тулгарна. Дүрс, текстээ анхааралтай харж үйл явдалд нь тааруулан дууны өнгөө өөрчлөхөөс эхлээд мэдрэмж шаарддаг. Ажлын явцад олон хөгжилтэй зүйлс тохиолдоно.
-Сургуулиа төгсөөд нэг продакшнд жүжигчин бололгүй орчуулгын киног яагаад сонгосон юм бэ?
-Биднийг оюутан байхад “Гурван марал од” гээд солонгос кино гарсан. Тэр кинонд манай ангийн Д.Энхбаяр гол дүрийн жүжигчин Ким Инхагийн дууг оруулсан юм. Мань хүн ирээд “Орчуулгын кинонд дуу оруулах чинь ямар сайхан юм бэ” гэлээ. Түүнийг нь сонсоод л Д.Энхбаяраараа бахархан орчуулгын кинонд дуу оруулах юмсан гэх бодол намайг эзэмдэх болсон. Манай хүн орчуулгын киноны нөлөө бүхий жүжигчний нэг болчихсоныг хүмүүс мэднэ. “Тослог хоолойт” гэж нэрлэдэг шүү дээ. Найзыгаа харж бахархан орчуулгын киноны дуу орчуулагч болсон гэхэд хилсдэхгүй. Би анх “UBS” телевизийн орчуулгын киноноос гараа-гаа эхэлсэн. Миний амьдралын болон ажлын багагүй он жилүүд тэнд өнгөрсөн юм даа.
-Үлгэр дуурайл авдаг уран бүтээлч байдаг байх. Ямар уран бүтээлчийг хүндэлдэг вэ?
-Алтан үеийн сор болсон уран бүтээлчид байна. Дан ганц миний ч биш Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс бий. Би бялдуучилж байгаа юм биш. Бүх уран бүтээлчдийг хүндэтгэдэг. “Хөх толбот хүмүүс” киноны зураг авалтын үеэр төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар ахаас айж явсан шүү. Энэ айдас уран бүтээлийн айдас байсан юм. Хүүхэд байхдаа киног нь үзэж өссөн болохоор нэг кинонд хамт дүр бүтээнэ гэдэг гайхалтай. Энэ мэтчилэн залуу үеийнхэн бид сурах зүйл их байгаа.
-Шүлэг бичиж байсан гэж дуулсан?
-Хүнд уншаад байхаар шүлэг бичиж байсангүй. Эхнэртээ зориулан шүлэг бичин дуу хүртэл зохиосон. Өөрөө өөртөө яруу найрагч гэсэн үг.
-Тэр шүлгүүдээсээ уншиж болох уу?
-”Мөнх цэнхэр тэнгэрийн доор
Мөрөөдлөөр жигүүрлэсэн би чинь
Мөнгөн хонхны дуутай хамт
Монголжингоо чамайг хүснэм” гэж бичиж байлаа.
-Солонгост гурван жил ажилласан гэсэн. Ямар ажил хийж байсан бэ?
-Хөөсөнцөр, хуванцрын үйлдвэрт гурван жил ажилласан. Эр хүний хийх ёстой ажлыг хийгээд ирсэн.
-Манайхан Солонгост мөнгө хураахаар явдаг. Тийм боломж хэр байдаг юм бол?
-Миний хувьд гайгүй ээ. Өөртөө таарсан боломжийн мөнгө хураасан. Манай монгол эрчүүд хаана ч гэсэн гайхагддаг. Намайг Солонгост ажиллаж байхад вьетнамчууд нэг шуудай гурил үүрээд явж байхад манайхан хоёрыг давхарлаж үүрээд явж байна шүү дээ. Ямар ч ажлыг гадныхнаас нугалж хийдэг байсан. Монгол залуус хамаг хэцүү, хүнд, хортой гэсэн газар нь ажилладаг юм.
-Та Солонгосоос ирээд байраа аваа юу?
-Тэгсэн дээ.
Э.ЭНХБОЛД