2012-09-27Хөгшин бид хоёр ерээд оноос хойш ногоо тарьж амьдралаа залгуулж байгаа юм.

Анх эхлэхдээ л олны жишгийг дагаж компани болон нэр ус, тамга тэмдэг авчихсан хэрэг. Тэгээд ч компани юм болохоор төлбөр шимтгэл татвар энээ тэрээ гээд бид хоёртоо л ахадсан хэдэн бор юм жил бүр төлнө. Уг нь компани манпангүй зүгээр л ногоогоо зарсан мөнгөөрөө мах авч идээд байвал болох л байх л даа. Жил бүр мэргэжлийн хяналтаас шалгаж дээж өг гэж үүрэгддэг, тэр дагуу өгдөг, тэгээд борлуулж болно гэсэн утгатай бичиг хийж өгдөг байсан юм. Энэ жилийн тухайд амаараа үүрэгдээд зогссонгүй, шаардах бичиг өгч сандаргав.
Эхэндээ шаардах бичгийг нь мартаж орхисон ч юм уу, ерөөс би залхуу этгээд учир төвөгшөөсөндөө ч юм уу чимээгүй л байлаа. Гэнэт есдүгээр сарын 21-нд Мэргэжлийн хяналтын газраас утас цохиж, дотоод хяналт шалгалтын тайлан авчрахыг шаардахын зэрэгцээ авчрахгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэхийг анхааруулдаг юм байна. Өтөл болсон хойноо шоронд хатаж, шонд дүүжлүүлэхийг хэн хүсэх юм бэ. Тайлангаа бичихгүй хаачихав, би. Бараг хорь гаруй жил ногоо тарих, сийрүүлэх, зэрлэг зулгаах, жолоо мушгихаас өөрийг хийгээгүй надад үзэг цаас нийлүүлэх амаргүй байсан ч нохой хамартаа хүрэхээр усч гэгч болдог юм байна.
Шаардах бичигт дурдсанаар, Төрийн хяналт шалгалтыи тухай хууль гэж мундаг хууль байдаг юм байна. Бас Засгийн газрын 311 дүгээр тогтоол гэж лаг тогтоол байдаг бололтой. Үүнийг сонинд өгөхдөө би төр засгийн ажил ийм тийм гэж үнэлэлт дүгнэлт хэлэх гэсэнгүй. Тайлан бичиж эхлэхдээ жаахан дурамжхан байсан боловч, бичих явцдаа засаг төр мэргэжлийн хяналтаас хийж байгаа энэ ажил их зөв сайн ажил юм байна гэж бодсон шүү. Төрийн бусад ажлууд ямар байдгийг би мэдэхгүй юм. Иймэрхүү сайн ажлууд олон л байдаг байлгүй.
Бүх иргэд хяналтынхаа хуулийн дагуу өөрийгөө илчиж, иргэний зориг гарган өөрөө өөрийгөө шийтгээд байвал улс маань сайхан хөгжинө дөө гэж бодогдсон. Тэгээд ч ахмад хүнийхээ хувьд ард түмэндээ, залуучуудад үлгэр дуурайл болж араасаа дагуулах санаатай сонинд тавьж байгаа юм шүү. Ингээд мэргэжлийн хяналтаас өгсөн шаардлагыг өөрийн бичсэн тайлангийн хамт уншигч олон түмэнд толилуулж байна. Төрд алба хашдаг мэргэддээ улам их амжилт хүсье.

Дотоод хяналтаа тайлагнасан минь
Мэргэжлийн хяналтын газарт:
Монгол Улсын төрийн хяналт шалгалтын тухай хууль, Засгийн газрын 2011 оны арваннэгдүгээр сарын 9- ний өдрийн 311 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор манай компанид улсын байцаагчаас өгсөн шаардлагыг заалт тус бүрээр нь дотоод хяналтаа тайлагнан хүргүүлж байна.
-Компанийн хянан шалгагчаар хэнийг ажиллуулах талаар эхнэр бөгөөд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхтайвантай нухацтай ярилцсаны эцэст Н.Бэгзжавыг ажиллуулахаар шийдвэрлэлээ.
- Хянан шалгагч ажилтан Н.Бэгзжав нь захирал Д.Энхтайванд шууд захирагдан түүний өгсөн үүрэг удирдамжийг биелүүлж бусдаас хараат бусаар ажиллаж байна.
-Хянан шалгагч Н.Бэгзжав нь эрх үүргийнхээ дагуу захирал Д .Энхтайванд ногоочин Энхтайваных нь хувьд зохих шаардлага тавьж байгаа хэдий ч захирлын зангараг нь дийлээд хянан шалгагчийн нүд дальдчаад байгаа нь шалгалтын ажлын үр дүнд муугаар нөлөөлж болзошгүй байна. Иймд эрс шийдэмгий болох ажлын арга барилд суралцах шаардлагатай байна.
4.а. Тус компани өргөст хэмх, улаан лооль хэмээх хоёр төрлийн хүнсний ургамал тариалдаг бөгөөд эдгээр ургамлууд агаараас нүүрсхүчлийн хийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулдаг юм байна. Ийм учраас эко системд муу нөлөөгүй үйлдвэрлэл ажээ.
б. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангахын тулд ширүүн салхи шуурга хүчтэй мөндөр борооны үед хүлэмжинд орж ажиллахгүй байхыг Д.Энхтайван, Н.Бэгзжав нарт байнга сануулан ажиллаж байна. Мөн эдгээр хүмүүс нас ахиж яваа тул жин үдийн халуунд халуун хүлэмжинд ажиллахаас аль болох зайлсхийж байхыг зөвлөж ажиллаж байна.
с. Хүлэмжийн талбайг бүрэн дүүрэн ашиглах үүднээс үрийн нөөцийг урьдаас бүрдүүлэх ёстойг захиралд зөвлөн ажиллаж байна. Хөдөлмөрийн багаж хэрэгсэл (хүрз, ухуур, зээтүү, лантуу, шланк) мөн илүүдэл муу трубаны үлдэгдлийг хадгалж хамгаалахын тулд сайн нохой тэжээхийг зөвлөн ажиллаж байна.
д. Захирал бөгөөд ногоочин Д.Энхтайван нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг cap бүр төлж ирснийг нийгмийн даатгалын газар баталгаажуулсан байна. Харин ногоочин , сантехникч , борлуулагч, жолооч , цахилгаанчин, хянан шалгах ажилтан Н.Бэгзжав цалин авах хүсэлгүй, тэтгэвэр ч авах хүсэлгүй, эрүүл мэндээ өөрөө хамгаалах бодолтой юм байна. Тэрбээр хоолыг нь өгөөд байвал ажлаа хийгээд л байдаг хүч юм байна.
е. Тус компанийн ургуулсан улаан лооль, өргөст хэмхийг МХЕГ-ын нэгдсэн төв лаборатори шинжилж үзээд хүнсний эрүүл ахуйн шаардлага хангаж байг тогтоосныг үндэслэн улсын байцаагч нь худалдан борлуулахыг зөвшөөрсөн дүгнэлт бичиж өгсөн байна.
ё Тус компанийн тарьж байгаа хоёр төрлийн ургамлын үрийг ОХУ-ын ногооны аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс авч, улаан лоолийг бог малын хар бууцаар, өргөст хэмхийг үхрийн нойтон баас шингэрүүлэн бордож байгааг хянан шалгах ажилтны хувьд харж итгэж үнэмшлээ. Харин борлуулагч, жолооч Н.Бэгзжав амьжиргаа цагаан нэртэй жижиг ачааны тэргээр ногоо борлуулах явцдаа замын хагархай дээр машинаа харайлгаж нэлээд олон улаан лоолийг бяцалж гэмтээсэн байна.
Тээвэрлэлтийн горим зөрчсен жолооч Н.Бэгзжавыг хянан шалгагч Н.Бэгзжав зэмлэн буруушааж, түүний сарын тамхины хэрэглээг 20 хувиар, архины хэрэглээг 50 хувиар хасах шийтгэл оногдууллаа.
5. Хянан шалгагч Н.Бэгзжав би шалгалтаар илэрсэн дээрх алдаа дутагдлыг засах талаар захирал, ногоочин Д.Энхтайван, жолооч, ачигч Н.Бэгзжав нарт танилцуулж мэдээлэл хийсэн болно.
6.Засгийн газрын вэб сайт руу орох, 311 дүгээр тогтоолтой танилцах талаар улсын байцаагчаас өгсөн зөвлөмжийг зав муутайн улмаас хэрэгжүүлж амжаагүй байгаадаа хүлцэл өчье.
Тайлан бичсэн: “Дөрвөн түшиг’ ХХК-ийн хянан шалгахын ажилтан, шинжлэх ухааны дэд доктор Н.Бэгзжав
Тайлантай танилцсан: “Дөрвөн түшиг’ ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхтайван.
Мэргэжлийн хяналтаас шаардсан нь
Дотоод хяналт шалгалтаа хэрхэн гүйцэтгэсэн тухай тайлангаа миний бие Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн алба шаардлагад дурдсан заалт тус бүрээр нь дээр танилцуулсан. Улам тодорхой болгохын тулд уг албан шаардлагын заалт тус бүрийг энд танилцуулъя.
“Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д. заасан бүрэн эрхийн дагуу шаардах нь:
1. Засгийн газрын тогтоолоор батлагдсан нийтлэг журамд үндэслэн аж ахуйн нэгж, байгууллага бүр өөрийн “Дотоод хяналт шалгалтын журам"-ыг баталж дотоод хяналтын нэгж, ажилтанг томилон ажилуулах.
2. Тухайн нэгж, ажилтан нь аж ахуйн нэгж байгууллагын удирдлагад шууд захирагдах бөгөөд зохион байгуулалтын хувьд бусад бүтэц, нэгжээс хараат бус байх, нэгж ажилтан нь эрх бүхий албан тушаалтны баталсан ажлын тусгайлсан төлөвлөгөө болон удирдамж боловсруулж, дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэх Дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтан нь журамд тусгагдсан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллах
3. Аж ахуйн нэгж байгууллагын дотоодын хяналтад:
а. Экологийн аюулгүй байдал
б. Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа
в. Оны бүртгэл тооцоо, ашиглалт, хадгалалт, хамгаалапт, санхүү бүртгэлийн үйл ажиллагаа
г. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт
д. Эрүүл ахуйн шаардлага
е. Үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанарт хяналт тавина (тухайн үйлдвэрлэлд орж буй орц түүхий эдэд технологи үйл ажиллагаанд, үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүнд тавих хяналт, стандарт, норм, норматив, хаяг, шошлогололтод, хадгалах хугацаа, тээвэрлэлт, холбогдох стандарт, бараа бүтээгдэхүүний гарал үүсэлд, хэмжих хэрэгсэл, хэмжлийн нэгдмэл байдалд гэх мэт хяналтууд үүнд орно).
ё. Дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтан нь хяналт шалгалтын ажлын үр цүн, авсан арга хэмжээний талаар улиралд нэгээс доошгүй удаа тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын хурлаар хэлэлцүүлж, шаардлагатай тохиолдолд шийдвэр гаргуулан хамт олонд мэдээлэх.
ж. Хийсэн хяналт шалгалтын талаар бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх, тайлангийн хамт улирал бүр мэргэжлийн хяналтын хэлтэст хүргүүлэх.
Дээрх ажлуудыг журамд нийцүүлэн хийж гүйцэтгэн биелэлтийг есдүгээр сарын 20-ны дотор Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст ирүүлэхийг мэдэгдье. Албан шаардлагыг биелүүлээгүй, хариуг тогтоосон хугацаанд ирүүлээгүй тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг анхааруулъя" гэсэн шаардлагыг ийнхүү биелүүлэв.
Шинжлэх ухааны дэд доктор Н.Бэгзжав
Эх сурвалж:”Өдрийн сонин”