2012-09-26Л.Цэнд-Аюуш

НАМ ГҮМ
Нам гүмд
Усны толиог арчсан манан
Уйтгартайгаар
Цаад эргийн мөчирт тээглэж
Цамц шиг урагдах нь бодолд сонсогдоно.
Нам гүмд
Модод улам дуугүй болж
Мойл час улайн
Цог шиг навчис тасран
Цох шиг нисэлдэнэ.
Нам гүмд
Эрт цагт
Эрэгт орхигдсон завь гунигтайгаар
Элгэндэх цоорхойгоороо
Гацааны зүг
Гандсан олсон гүүр шиг жимээр ширтэнэ.
Нам гүмд
Бүдэгхэнээр цааш одох бүсгүйн
Бүлээхэн нүдээ угааж орхисон
Нулимс живж
Нуур нууцтай болно.
Нам гүмд...
“Гунигт аяз” түүврээс [УБ. 2011 он]
НАМАР
Сар уснаас согоо шиг тонгойж амсана.
Салхийг уулс цангасан адуу шиг залгина.
Мананг хөндий хөнжил шиг нөмөрч
Маралыг шугуй хөгжим шиг дуугаргана.
Гол мөрний чимээг загас тэмээлзгэнэ шиг залгиж
Гоо бүсгүйн инээд алчуур шиг хуучирна.
Аниргүй тал далбаа шиг гандаж
Цахилах зээр гал шиг дүрэлзэнэ.
Сүрэглэх үүлнээс морины нулимс шиг бороо асгарч
Сүмийн дээвэр дээрээс хүний нулимс шиг дусна.
Тэнгэрт хийл шиг шувууд нисэлдэж
Газарт гитар шиг навчис унана...
Аяа намар...
“Гунигт аяз” түүврээс [УБ. 2011 он]

“Гунигт аяз”-аас төрсөн гэрэлт бодол
Миний нэг найз миний нэг найзаар шинэ номоо өгүүлжээ. Он гарахын өмнөхөн юм даа. Доторх нүүрэн дээр нь “Миний найз аа, чам шиг найз ховор” гээд гарын үсгээ дурайлгачихаж, он, сар, өдөртэйгээ. Сайхан л санагдлаа. Сарын өмнө л амьдрал ярьж суусан шингэн дуутын сүүдэрт сэтгэл жиндүү байсныг ч хэлэх үү, шинэ оныг “Гунигт аяз”-тай угтав. Яахав дээ, хорвоо хойно, хүний сэтгэл хойно... Хэлэх зүйл гэвэл номоо өгүүлсэн найздаа, ном унших боломж олгосон шингэн дуутад талархал илэрхийлье.
Энэ ном О.Цэнд-Аюушийн хоёр дахь ном. Үүний өмнө “Манан дундуур” гэх шүлгийн түүврээ тэр надад өөрийн биеэр авчирч өгч, түүнийг уруулын өнгөт дарсаар дайлж суусан санагдана. Хэзээ ч билээ дээ...
Мэргэд насаараа туурвиад нэг шүлэг буулгасан хүнийг яруу найрагч гэж тоодог гэх. Миний мэтийн оюутан нэг номноос хоёрын зэргийн шүлэг уншсандаа олзуурхаад энэ мэтийг эрээчиж сууна. Ном ихдэж, шүлэг ховордсон цаг юм уу даа...
Хорвоод найзгүй юм байдаг бол тэр нь уран бүтээл байж тун магадгүй. Учир нь сайн бүтээл гэдэг сайн, муу үгсээс ангид амьдардаг. Эзэнтэйгээ амьдардаг уран бүтээл байхад эзнээсээ хойш ч амьдардаг нь байна. Манайд эхнийх нь их. Үүний нэг илрэл нь үе юм уу даа. “Алтан үе” л гэнэ, “Мөнгөн үе” л гэнэ. Удахгүй “Хүрэл үе” гэж ярих биз. Уучлаарай, тэгвэл “алтан бүтээл”, “мөнгөн бүтээл” чинь хаана байна аа? Арай найзууд найзуудынхаа тухай яриад байгаа юм биш биз дээ? Үгүй л гэж найдахаас...
Тэгвэл би энд найзынхаа тухай ярья. Тэр өндөр нуруутай, өргөн цээжтэй, урт үстэй, уух дуртай, эхнэртэй, эцэг шигээ хоёр үртэй... Их юм бичиж болно л доо. Эр нь эм араншинтай болсон энэ цагт тэр эр хүн шиг санагддаг юм, надад... Энд тэндхийн яруу найргийн наадамд их л хийморьтой оролцож яваа нь хааяа зурагтаар гарна. Сувгаа би сольдог. Хүмүүн чанарынх нь тухайд нэг л үгүүлбэр хангалттай байх. Тэр номондоо “Романовынханд зориулсан элегия” гэх бичвэр оруулсан байна билээ. Хөгийн ч амьтан шүү... Чи бидэн шиг ийм амьтад хорвоод хэд үлдсэн юм бол доо, хөөрхий.
Одоо найзынхаа найзгүй зүйлийн тухай ярих болжээ. Дээр дурдсан шүлгүүдийг миний найз бичсэн учраас дурдсангүй. Дурдмаар санагдаад л дурдлаа. Дурдмаар шүлэг уншаагүй удсаныг ч хэлэх үү. Гэхдээ ийм шүлэг Оюунчимэгийн Цэнд-Аюуш буулгаж чадаж. Тэр нөхөр намайг “ховор найз” гэж боддог. Ийм л юм. Өөр зүйлгүй. Хэн бичсэн нь чухал биш ээ. Найз нь бичсэн учраас шүлэг болоод, найз биш нь бичсэн учраас шүлс болох уу? Шүлэг гээч эд хэт хувийн бичлэг атлаа үгүй ч юм шиг... Дурдсан шүлгүүдэд О.Цэнд-Аюушийн үг байтугай үнэр ч байхгүй. Өмнө нь хэн нэгэн нь эдгээр шүлгийг Д.Нацагдорж, Б.Явуухулан, Д.Нямсүрэн, Б.Лхагвасүрэн, О.Дашбалбар, Ж.Болд-Эрдэнэ, Л.Өлзийтөгс, Д.Баттогтох... бичсэн гээд уншуулсан бол би шууд л итгэх байлаа.
Гэхдээ тэд бичээгүй гэдгийг нь бид мэдсэн шүү дээ. “Би бичсэн юм аа” гээд биеэ шатаасан ч итгэмээргүй нь даанч их. Учир нь тэд “усны толиог арчсан манан уйтгартайгаар цаад эргийн мөчирт тээглэж цамц шиг урагдах”-ыг сонсож чаддаггүй юм. Үүнийг байтугай өөрийгөө сонсож чадахаа байсан улс шүү дээ. Бусдыг сонсох тухайд бүр ч ярилтгүй. За тэр ч яахав. Нуур, мөрний мандлаас сиймгэр цагаан манан толиог нь зөөлөн зөөлөн гэгч нь хүрч ядан арчих шиг болоод зугуухнаар хөөрч ойролцоохон ургасан моддын мөчирт тээглэн сэмэрдэг нь хэдий үе билээ дээ. Хамгийн түрүүнд хавар, намар л санаанд орж байна. Тэгээд зун. Өвөл... Үгүй ээ, өвөл л биш шүү. “Яагаад өвөл байж болохгүй гэж?”. Манан... “Аан. Байж болох л юм”. Манан цамц шиг урагдах нь бодолд сонсогдоно. Тэр бодолдоо сонсжээ. Биш ээ, бодолд нь сонсогдож. Манан урагдахыг лав бодоогүй байж таарлаа. Магадгүй хэн нэгнийг ч юм уу. Гэтэл тэр бодолд нь манан урагдах сонсогдоод байж. Аниргүйн дундах чимээгүй дуун. Жаахан л хичээх юм бол урагдах дуун. Бурхан минь, сонсогдож байна. Удаан сонсож чадашгүй нь...
Тиймээс цааш уншъя. “Модод улам дуугүй болж мойл час улайн цог шиг навчис тасран цох шиг нисэлдэнэ”. Ямар улирал болох тухай маргалдаад байсан уу? Тэгвэл одоо санаа амар байж болно. Энэ бол намар. Тийм ээ, намар. Цог шиг улаан навчис цох шиг нисэлдэх нь хавар, зун, өвөл биш. “Би лав байж болно гэж бодож байна аа”. Тэгвэл би тийм цагийг үзэхгүй ээ. Харин намрын өглөө юу, орой юу, үдэш үү, шөнө үү? “Өдөр байж болно шүү дээ?”. Байж болно оо, гэхдээ лав нартай өдөр биш. Нэг тийм бүрхэг өдөр байдаг даа. “Цог шиг навчис байх уу?”. Чи юу ярина вэ. Байлгүй яах юм. Би түрүүн цог шиг улаан навч гэсэндээ. Гэхдээ бүхэлдээ улаан биш. Цог хараарай. Төв хэсэг нь час улаан, захлах тусмаа бараан болдог юм. Яг л навчис шиг. Навч хатаад эхлэхээрээ л ингэдэг дээ. “Аргалын цог юм уу, модны цог юм уу, нүүрснийх юм уу? Аль эсвэл?”. Түүнийг өөрөө харахгүй юу. Гэрэл татуулан нисэх, нисэлдэх навчис... Энэ л гэрэлт навчсын дунд “эрэгт орхигдсон завь гунигтайгаар элгэндэх цоорхойгоороо гацааны зүг гандсан олсон гүүр шиг жимээр ширтэнэ”. Их холгүй ээ, эндээс, гацааны бараа харагдаж байна. “Эрт цагт гэдэг үгийг нь яагаад орхичихов?”. Яахав дээ, угаасаа тодорхой байгаа биз дээ. Хуучин завь, бас элгэндээ цоорхойтой. Энэ л цоорхой түүний эрэг дээр хэвтэх болсон шалтгаан болжээ дээ. Эзэн нь үгүй болсон ч байж мэднэ. Гацааныханд байсан ганц завь... Эзнээ хүлээж тэдний зүг ширтэх... Ширтэх ширтэхдээ “гандсан олсон гүүр шиг жимээр ширтэнэ”.
Би мэдэж байна аа, завь минь, бүдэг жим бүрэнхийд гандсан олсон гүүр шиг л үл мэдэг дайвалздаг. Чиний нүдэнд бол үргэлж л тийм байдаг. Нүдэнд чинь нулимс хураад хэр удсаныг би мэдэхгүй ээ, завь минь. Хүлээ дээ, хүлээ, хэн нэгэн нь ирж л таарна. Тэгтэл “бүдэгхэнээр цааш одох бүсгүйн бүлээхэн нүдээ угааж орхисон нулимс живж нуур нууцтай болно”. Би ямар тэнэг юм бэ, түрүүнээс хойш түүнийг анзаарсангүй. Бүсгүй бүдэг жим даган бүдэгрэн бүдгэрсээр явчихлаа. Тэр энд ирээд их уджээ. Тэгтэл анзаарсангүй, нуурын хөвөөнд чимээгүй уйлж суусан түүнийг анзаарсангүй. Яасан нам гүм...
Америкийн монголчуудын Даяар Монгол онлайны Арлнигтон дахь сурвалжлагч Д.Нямдорж