2012-09-24Дөрвөн жилийн тэртээ монгол түмнээ баярлуулсан байт харваач Д.Баатаржавын мөрөөр замнах дөхсөн тамирчин бол
Б.Жавзмаа. Гэвч бага зэрэг аз дутаж, медалийн оосроос атгаад алдсаныг нь ард түмэн андахгүй мэдэх билээ. Энэ бүхнийг өнөөдөр эргэн харахад пара байт харвааны ҮШБ-ийн дасгалжуулагч Н.Дариймаад ийм бодол төржээ.
-Бээжингийн олимпийн өмнөхөн Б.Жавзмаатай гар нийлэн ажиллаж эхэлсэн таны хувьд “Лондон-2012” хүртэлх амжилтад хэр ахиц гарсан талаар ярилцлагаа эхэлье ?
-2008 өны паралимпт тамирчнаа оролцуулснаас хойш өнгөрсөн дөрвөн жилийн амжилтдаа сэтгэл хангалуун байна. Одоогоос гурван жилийн өмнө зохиогдсон пара байт харвааны ДАШТ-д Жавзаа маань хүрэл медалийн төлөө харваад дөрөвдүгээр байр эзэлсэн түүхтэй. “Гуанжоу-2010” Азийн наадамд зургаад, Оюун-Эрдэнэ маань долоод орсон. БНСУ-д болсон Азийн гранприд хоёрдугаар байр эзэлсэн Жавзмаа Тайландаас хувиараа мөнгө, багаараа алт, Оюун Эрдэнэ хүрэл медаль зүүсэн.
Паралимпт бэлтгэхийн тулд Паралимпийн хороо, БТСГ-аас үндэсний шигшээ баг байгуулсан нь амжилтад нөлөөлсөн. 2011 оны пара байт харвааны ДАШТ-д оролцоход төр засгаас онцгой анхаарч, Италид арав хоног бэлтгэл хийлгэсний хүчинд Оюун-Эрдэнэ маань долдугаар байрт орж, паралимпийн анхны эрхийг авчирсан бол Жавзмаа есөд жагссан. Нутагтаа ирчихээд эрх олгох сүүлчийн тэмцээнд оролцохоор Лондоныг зорьсон доо. Жавзаа өрсөлдөгчдөө удаа дараалан ялсаар, нэгээр гарч олимпийн эрх өвөртөлж билээ.
Бид орчиндоо дасах үүднээс Тайландад хоёр cap бэлтгэл хийж байгаад эх орондоо ирмэгц зургадугаар сараас олимпийн баазад хүч сэлбээд улмаар Лондоны ойролцоо орших Сарид үрлгэлжлүүлэн бэлтгэл хийхээр явсан. Наймдугаар сарын 24 гэхэд бид олимпийн тосгонд байрлаж, хуваарийн дагуу бэлтгэлдээ орсон.
-Та өмнөх амжилтуудаа сонирхууллаа. Мэдээж медаль авна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан болов уу?
-Паралимпаас медаль авах нь нийт байт харваачдын туйлын зорилго учраас бэлтгэлээ эрчимтэй, идэвхтэй хийсэн. Өрсөлдөгчдөө боломжийн хэмжээнд судалсан гэж бодож байна. Лондоны цаг агаар, байгалийн тогтолцоо зэргийг бодолцон, бороо хуртай нам дор газар хэмээн Эрдэнэтийн олимпийн баазыг түшиглэн, органик хоол хүнсэндээ тулгуурлан хүч сэлбэсэн маань буруудаагүй. Бэлтгэл хийхдээ өрсөлдөгчтэйгөө харваж байгаа шүү гэж бодохыг тамирчдадаа захина.
Техник тактикийн асуудлаа өмнөх онуудад шийдсэн учраас энэ тал дээр санаа зовоогүй. Бэлтгэл хийх орчинг тохируулахад БТСГ-ын эрдэм шинжилгээний алба, ҮШБ-ийн алба, багш дасгалжуулагчид, Байт харвааны холбоо хамтран ажилласан. Бидний амжилтын цаана олон хүний нөр их хөдөлмөр бий. Манай багийг хариуцагч эмч, “Хадгаламж” банк, тамирчдыг ивээн тэтгэсэн компаниуд, Эрдэнэтийн олимпийн баазад талархлаа илэрхийлье. Паралимпийн байт харвааны тэмцээн олимпийн системээр буюу тамирчид 70 м-ээс хоёр удаа 72 сум харваж зохиогддог.
Олимпийн дараах циклиэс дөрвөн зайд өрсөлдөнө гэсэн үг. Паралимпт Жавзмаа наймаар, Оюун-Эрдэнэ 11-ээр гарч ирсэн. Улмаар Жавзаа Тайландын тамирчинг 6:0, БНХАУ- ын өндөр зэрэглэлийн тамирчин, дэлхийн хошой аварга Гуанжоугийн Азийн наадмын дэлхийн рекордч, 2008 оны паралимпийн мөнгөн медальт харваачийг ялсан нь маш их урам өгсөн. Гоутай тэр урьд нь тулж харваж үзээгүй учраас бага зэрэг бэргэж харагдсаныг нуухгүй. Түүнийг л ялчихвал цаашид өрсөлдөгчөө дийлнэ гэсэн итгэл төрж байлаа.
-Дараагийн өрсөлдөгч солонгосыг ялбал аваргын төлөө өрсөлдөх эрх авах байсан. Шийдвэрлэх харвааны үеэр та тамирчиндаа ямар зөвлөгөө өгсөн бэ?
-“Түүнийг ялах боломж шавь минь чамд бүрэн байна. Тиймээс өөртөө, хийж байгаа үйлдэл бүхэндээ итгэ” гэж захисан. Тэмцээний үед дасгалжуулагч тамирчнаасаа 15-20 м-ийн зайтай зогсдог учраас үйлдэл бүхнийг нь хянах бэрхшээлтэй. Тэмцээн бүхний орой бид харваагаа шүүн ярилцдаг байсан нь цаашид техникээ сайжруулахад дөхөмтэй байлаа. Шийдвэрлэх харвааны үеэр манай харваачид урам зориг хайрласан мессеж их ирнэ.
Тиймээс дараагийн өрсөлдөгч 2008 оны паралимпийн аварга солонгос бүсгүйг дийлнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Өнөөдөр энэ бүхнийг эргэж харахад өрсөлдөгч нь Жавзмаагаас бэргэж байсан санагдана. Манай тамирчны аравч руу харж, хэрхэн харваж буйг нь дурандаад л. Ямар ч тэмцээний үеэр манайхантай таарсан солонгосчууд маш ойрхон харвадаг. Харин сая тэгээгүй, биднээс зугтсан байдалтай харагдсан. “За, Жавзаа минь цаадах чинь айж байна, зоригтой харва” гэж хэлэхэд шавь маань “Мэдэж байна, багш аа. Би хичээнэ, ялна” хэмээн итгэлтэй өгүүлж билээ.
Ямар ч үед тамирчин гадаад орчноо мэдэрдэг. Заримдаа үүнийг бүү хараасай гэж нуух хаах байдлыг ч багш гаргадаг юм. Шигшээ харваа болох талбай урьдчилсан тэмцээнийхээс ялгаатай учраас бусад тамирчин шигшээд яаж харваж байгааг мэдрэх нь чухал байлаа. Тиймээс бэлтгэлийн хажуугаар зарим тэмцээнийг нь үзсэн. Хоёр аравчтай, тамирчдын өмнө цаг тавьсан талбайд харваачид өрсөлддөг. Хоёр тамирчинг бие халаалт хийх үеэр нь харахад Жавзмаа Солонгосын харваачтай эн чацуу байсан. Манай тамирчин эхний сумаараа цэгийн зургааг онолоо, дараа нь хараагаа зассан ч багадсан уу, долоо.
Ахиж засаад найм буудсан ч сүүлийн шатуудад хэвийн байдалд харвасан. Харин Солонгос тамирчин хоёр дахь серид 0 авсныг ашигласан бол... Гэвч Жавзмаа маань энэ үед гарцаагүй онох ёстой гэж хичээсэн үү есөн цэгийн хоёрт бууддаг байгаа энэ үед дотор палхийсэн ч тамирчнаа тайвшруулах нь миний үүрэг. Цаашид оноогоо нөхөж чадалгүй явсаар ялагдсан даа. Яг үүний дараахан TV5-aac ярилцлага авахад шавь маань сандарсан нь илт байлаа. Паралимпийн медаль авч чадаагүй ч гэсэн Жавзмаагаар бахархаж байна. Ур чадвараар илүү юү гэхээс дутуу зүйл байгаагүй. Солонгосын тамирчинтай харваж байхад “Ард түмэн минь сайхан энергиэ илгээгээрэй” гэж залбираад Лондоны тэнгэрт мөргөсөн минь санаанаас гардаггүй. Хэрэв энэ өрсөлдөгчөө л ялсан бол Жавзаа маань аваргын төлөө өрсөлдөх байлаа.
-Ялна гэж байгаад дийлдчихээр хэнд ч гэсэн хүндээр нөлөөлнө. Хүрэл медалийн төлөө харвахдаа Жавзмаа эгч шокноос гарч амжсан уу?
-Хүрэл медалийн төлөөх харвалт ямар ч завсарлагагүйгээр үргэлжилсэн. Дотночлон ярилцах боломж олдоогүй. Польшийн тамирчинтай харвахдаа юу чаддагаа харуулах ёстойг л хэлсэн. Хүнд байдлаас ангижрах хугацаа даанч гараагүй. Бэлтгэл дээр манайхаас дутуу харагдсан польш бүсгүй боломжийг яаж алдах билээ дээ, сайн харвасан. Болохгүй зүйл болдоггүй шүү дээ. Гэхдээ дасгалжуулагчийн зүгээс хэлэхэд “Миний тамирчин өндөр амжилт үзүүлсэн.
Паралимпийн шигшээд үлдээд медалийн төлөө өрсөлдөх нь тамирчин бүхэнд олдоод байдаггүй хувь тавилан. Жавзмаа маань дэлхийн энтэй харваач болжээ. Цаашдаа бидэнд анхаарах зүйл их байна. Д.Баатаржав баатрын дараа орох амжилтыг үзүүллээ гэсэн гэгээлэг, өөдрөг үзэлтэй үлдсэн. Медаль авах боломж алдсандаа сэтгэл гонсойлгүй яахав. Гэхдээ юм нэгээр дуусахгүй. Ийм хэмжээний бэлтгэл хийлгэж, өндөр ачаалал даан бэлтгэгдсэн тамирчнаараа, мөн хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөсөн өөрөөрөө бахархаж байна.
Байт харвааны дасгалжуулагчаар ажилласан 40 гаруй жилийн хугацаанд хамгийн өндөр амжилт гаргасан нь 2012 оны паралимп байлаа. Польш харваачийг баярын нулимс унагах тэр агшинд үүний оронд шавь минь зогсох байсан даа гэсэн бодол сэтгэлд зурсхийн өнгөрсөн. Хүрэл медалийн төлөө харвачихаад буцах үед ахиад л сэтгүүлчид ярилцлага авахаар угтсан.
Мэдээллийг түргэн шуурхай дамжуулах нь сэтгүүлч хүний үүрэг ч гэсэн эргэцүүлэн бодож амжаагүй байхад эрт дүгнэлт хийх нь хэр зохистойг тунгаах хэрэгтэй. Шигшээ харвааны дараа зураг авахуулах үед өөрийн бүрхсэн нулимсаа арчаад л зураг авахуулсан. Энэ үед биднийг хөгжөөн дэмжихээр ирсэн Их Британид суугаа элчин сайд Б.Алтангэрэл “Та нар өндөр амжилт гаргалаа. Сайн байна” гэхэд нь тайвшрах шиг болж билээ.
Гутарсан үед нэгнээ сэтгэлээр өргөх хэрэгтэй юм билээ. “Биднийг дэлхий даяар харж байгаа, өнөөдөр чи өрсөлдөгчөө айлгалаа. Харин цаашдын тэмцээнд бие сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй” гэж хэлээд Жавзаагийнхаа сэтгэлийг засахыг хичээсэн. Хоёр шавьтайгаа хамт тэмцээний талбайд үлдэх үед салхитай. бороо шивэрч байлаа. Хоёр гурван удаа гүнзгий амьсгал аваад “Юм нэгээр дуусахгүй. Боломж бий шүү.
Харин одоо буцаж, сайхан хоол идчихээд тосгоны амьдралтай танилцана” гэсээр автобусандаа суусан даа. Монгол дасгалжуулагч, монгол арга барил дэлхийн хэмжээнээс хоцроогүйг ойлгосондоо баяртай байна. Би УБДС-ийн биеийн тамирын факультетыг дүүргэсэн. Төгссөн сургуулиараа бахархаж, багш нартаа баярлаж явдаг. Мөн ногоон дэвжээндээ, МБХХ-нд, шавь нар, ар гэрийнхэн, үр хүүхдэдээ талархлаа илэрхийлье.
Б.Өлзийтогтох
Эх сурвалж:”Таван Цагариг”