2012-09-22Хадагламжийн дэвтрээ хэдэн өдөр хайгаад олоогүй Самдан ойр орчныхондоо тандалт, хувийн мөрдөлт хийхээр

шийдсэн байна. Гэтэл бэр нь болоод удаагүй байгаа охиных нь хадам Очирбат “Унаагаа солилоо, том хүргэн Японоос шинэ машин ачуулсан байна…” гээд Самдан, Удвал хоёрыг гэртээ урьж, цайлж дайлжээ. “Алдсан хүн арван тамтай”-н үлгэрээр худындаа дайлуулж суухдаа Самдан, Удвал хоёр сарын орлого, өрхийнх нь төсвийг сонирхоод гэр доторхи эд хогшлыг болон өмссөн зүүснийх нь үнэ өртгийг хүртэл тооцож суусан аж.
Хоёрхон долоо хоногийн өмнө ирэхдээ Очирбат “Бага хүүгийнхээ сургалтын төлбөрийг хийх гэж цалингийн зээл авлаа” гэж ярьж байсан санаанд нь байн байн орж ирээд “Энд өглөө нь байсан юм. Нэг их тухалж, энэ шүүгээг налж суугаад байхдаа л авчихлаа, гарцаагүй” гээд Самдан үглэж, эхнэр нь “Харин тийм. Хүргэн нь машин явуулсан гэдэг ч худлаа. Тэр чинь Японы нэг муу ядуувтар айлын хүү гэх чинь билээ…” хэмээн хачир нэмж байжээ. Өдөрт банк руу хэдэн удаа очиж “хадгалуулсан хэдэн төгрөгийг минь хулгайч авчихаагүй байгаа” гэж асуудаг ажилтай болсон Самдан, Удвал хоёр хариугаа авах төлөвлөгөө боловсруулсан байна.
“Хүүхдийнхээ амьдралд гай бололтой биш. Худ ураг барилцсан хүнээ цагдаа, шүүхэд өгч нүдний булай болгох ч хаашаа юм бэ…” гэж тохиролцоод эхнэрийнхээ гаргасан элдэвтэй нэг саналыг нөхөр нь ихэд олзуурхан дэмжжээ. Ингээд эхнэр Удвал нь хүргэнийхээ ээж Чагсалтай бүр ойртон дотносч, байн байн ажил дээр нь очоод гэрээр нь орж тухалж байгаад оройхон гэртээ харихад нөхөр нь “За юу бүтээв?” гээд гадаадаас томилолтоор ирсэн хүн угтаж байгаа юм шиг аманд нь орчих шахдаг байна. Томоохон компанийн нягтлан бодогч Чагсал “Тооцоо нийлж, гэрээ сунгах” томилолтоор ОХУ руу 14 хоног явжээ.
Энэ хооронд худ нь очиж хоолыг хүртэл хийж өгч халамжилсанд Очирбат их маадгар “Охиноо өгөхгүй гэж хэлчих гээд байсан улс ингэх цаг ирнэ гэж мэдээд байсан юм аа” хэмээн бодож байсан ажээ. Хүргэнийдээ буюу охин дээрээ очихгүй мөртлөө аав, ээж хоёрыг нь дэлдэж, сүүлдэж гүйгээд байгаа хадам ээжийгээ Сүхээ гайхаж “Ажил төрөлтэй болчих гээд ингэж яваа байх даа…” гэж бодоод ээждээ хүртэл “Аятайхан ажилд авахыг бодоорой” гэж захисан байна. Самдангийн охин Маралмаа “Ээж, аавууд ийм дотно байх сайхан юм аа” гээд найзууддаа гайхуулж байсан аж.
Гэтэл Очирбат. Чагсал хоёр хэнд ч хэлэлгүй хоёр удаагийн гайхмаар сонин явдлыг нуугаад өнгөрүүлсэн байна. Самдан сэргэлэн эхнэрийгээ хөхүүлэн дэмжиж, танил тал, найз нөхдөө гуйж байгаад “барьцаалан зээлдүүлэх үйлчилээ” ажиллуулах эрх авчээ. Хагас жил ажиллуулсан ломбард нь “жижигдсэн” тул алт, үнэт эдлэлийн “Арвижих” дэлгүүр нээж, сарын 1200 долларын түрээс төлөх томоохон талбайд Төвхнөсөн байна. Энэ үеэс худындаа сайн дураараа айлчилж Гүйж очих нь байтугай зээ охиныхоо сэвлэгийг үргээх найранд очилгүй хэд хоногийн дараа хоёулаа Очирбатынхаар ороод гарсан болохоос биш хоол, цай ч хийлгээгүй аж.
Зүү орох зайгүй шахам явсан худуудын уулзалт, зочлолт холдон холдсоор тааралдвал мэндлээд өнгөрөх төдий болсон байна. Очирбат алтны уурхай гээд хөдөө гадаа их явна. Чагсал худалдаа үйлчилгээний компанийн санхүү дээр суудаг тул гэрийн барааг хоногтоо л хардаг болохоор Самдан, Удвал хоёрыг бодвол завгүй байх нь их ажээ. Ийнхүү “Зөв харж инээж, буруу харж уйлж яваа” худууд хэзээ эвлэрч, эхний үеийнх шигээ найрсаг болохыг хүү, охин хоёр нь харж, хүлээж байхдаа юунаас болоод ингэтлээ хоорондоо ангал үүсгэснийг тааж яддаг байж.
Хөрөнгө чинээ, орлого ашгаараа худынхыгаа гүйцэх гэж нойр нь хүрэхээ больсон Самдан, Удвал хоёр үнэт эдлэлийнхээ дэлгүүрийг хөл дээр нь босгож зардлаа нөхөх гэж нэлээд чармайсан байна. Цагаан cap дөхөөд аяга, хөөрөг, ээмэг, бөгж гээд аль алиных нь эрэлт хэрэгцээ өсчээ. Энэ үед ярилцаж байгаад ахиухан орлого олж авахын тулд нуух, хамгаалах гэж зовж суудаг “нууц” хөрөнгөө гаргаж тавьсан байна. Самдан cap шинийхээ зардлыг тооцон, дэлгүүрийнхээ орлогыг хэдэн хувь нэмж тооны машинтай нөхөрлөн сууж байтал эхнэр нь уйлж, майлан утсаар ярьжээ.
Хувцсаа ч сольж амжилгүй гэрийн шаахайтайгаа цагдаагийн хэлтэс дээр очих замдаа “хэрэг бишдэж” гэдгийг мэдэж, хэлэх үгээ бодон, эхнэр рүүгээ хэдэн удаа ярьж “ам алдаж болохгүй” хэмээн захисан байна. “Арвижих” үнэт эдлэлийн лангуун дээрээс 13 ширхэг эртний хийцтэй бүрэн мөнгөлсөн аяга, зургаан хос цул алтан ээмэг, бөгж хураажээ. “Хулгайд алдсан гэх бүртгүүлсэн эдгээр зүйлийг хаанаас авсан, хэн авчирч өгөв” гээд Удвалыг саатуулан шалгаж эхэлсэн байна.
“Мэдэхгүй. Манай дүү хөдөөнөөс авчирч өгсөн юм” гэж мэдүүлсэн ч гар утсыг нь цагдаагийн ажилтан хураан авчихаад байхад нь “За, чи ам алдав…” гээд Самдангийн зааж өгсөн үг гэдгийг хэн ч тайлбарлаагүй байхад утасных нь яриа хураагчаас сонсгосон тул Удвал хэлэх үггүй болжээ. Эхнэрийг нь томилолтоор явангуут “их сайн” худын дүр эсгэн гэрт нь өдөр бүр очиж цэвэрлэгээ хийгээд, Очирбатыг гарынхаа хоолоор дайлж гүйгээд байхдаа Удвал 13 ширхэг мөнгөн аяга, хайрцаг дотор нандигнан хадгалсан үнэт эдлэлийг нь увуулан цувуулан авсан байна.
Тэр ч байтугай Очирбатын уурхайгаасаа олсон алтны дээжээр билэгдэл болгон цутгаж авсан алтан гулдмайг гэртээ аваачаад нуучихсан байжээ.
“Ичсэн хүн хүн ална” гэгчээр Удвал “Манай хадгаламжийн дэвтэр алдагдаж, банкинд байсан 100-гаад сая төгрөгийг минь аваад явсан байсан. Тэр үед манайд Очирбат, Чагсал хоёроос өөр хүн орж гараагүй. Манай хохирлыг барагдуулж, хулгайчийг олж өгнө үү” хэмээн сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Түүний өргөдлийн дагуу шалгахад нөхөр Самдан нь хадгаламжийн дэвтрээ өөрөөсөө нуучихаад “алдлаа” хэмээн сүржигнэж худуудаа хардсанаар эхнэрээрээ хулгай хийлгэж хохирлоо барагдуулах гэсэн хорон санаа нь сүүлдээ амтшиж орлогоо нэмэгдүүпэх эх үүсвэр болгох гэж.
Очирбатынхаас үнэт зүйлсийг хулгай хийлгэсэн нь тогтоогджээ. Самдангийн хадгаламж 100 сая биш 17 сая гаруй төгрөгтэй байсан бөгөөд худынхаасаа хулгайлсан бэлэн мөнгөө цагийн дараа нэмж хийснээр 40 орчим сая төгрөгтэй болсон нь илэрсэн аж.
Ингэж шившгээ дэлгэнэ чинээ бодоогүй Самдан эцэст нь эхнэртээ бүх бурууг үүрүүлсэн байна. Манай энэ айлд очоод ирэхдээ аваад ирлээ гэж хэлээгүй ээ. “Чагсал бэлэглэсэн, орлогоо нэмэгдүүлчихээд оронд нь юм авч өгөөрэй гэсэн гэхээр нь үнэмшээд дэлгүүр хүртэл нээж өгсөн” гэж хэнэг ч үгүй өчсөн Самданг “үгсэн хуйвалдаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэрэгтнээр татжээ. Санаа сэтгэл нийлэн сайхан амьдарч байгаа хүүхдүүдийнхээ амьдралд аймшигтай том хар толбо суулгасан эцэг эх хоёрыг “Ял зэмээс хэлтрүүлж өгөөч. Бодлогогүй, муухай юм хийсэн нь буруу ч бид нэгэнт ураг барилдсан болохоор үр хүүхдээ бодож байна” хэмээн хохирогч тал нь хэлсэн байна.
Ломбардыг дэлгүүр болтол ажиллуулж ашиг олсон уу гэвэл бас үгүй аж. Чагсалын ажил дээгүүр өдөр болгон гүйж очиж авах ёстой гэдгийг нь мэдэнгүүтээ өөртөө хуурамч үнэмлэх хийлгэжээ. Тэгээд Чагсалын компанийн ажилтан болж, өглөгтэй “айл”-уудаас нь 230 сая төгрөгийн орлогыг бэлнээр аваад “Худ өгсөн. Чи бид хоёрыг хөдөлгөж чадвал нэмж өгнө гэсэн” хэмээн мөнгөний үнэр авахаараа нүд нь сэргэж ирдэг нөхрийгөө молигодсон байна. Хэдийгээр худууд нь “гомдолгүй” хэмээн “ял оноохгүй” байхыг хүссэн авч “компанийн нэр дээр залилан мэхэлсэн, хуурамч бичиг баримт хийж, бизнесийн нэр төрд халдсан” гэж үзсэн тул Удвал яах ч аргагүй шүүхийн тогтоол уншуулжээ.
-Хэр чадлаа мэдэхгүй, атаархуу зангаасаа болж ийм муухай юм хийлээ. Хорь гаруй жил ханилсан ч хүний чанарыг таниагүй явжээ. Самданг намайг буруутгах гэж оролдсонд их гомдсон. Би тэр хүнийг надтай адилхан хэрэгтэн болоосой гэж бодохгүй байна аа. Хэлсэн үгээ, захисан захиасаа мартаагүй бол намайг унаж байхад түлхэх хэрэггүй байсан юм аа. Тийм болохоор Очирбатын гэрийн хаана нь юу байгааг бүр зурж өгч байсан. Түлхүүр цоожийг нь хүртэл нүдэлж, зааж өгсөн тэр хүнийг гэм зэмгүй өнгөрүүлнэ гэдэг шударга биш бөгөөд гомдолтой байна гэж шүүх хурал дээр хэлснээр Удвал нөхрийгөө хам хэрэгтнээр татуулсан аж.
Хоёр зүйл ангиар ял сонсч, өтлөх насныхаа зургаан жилийг өргөст торны цаана өнгөрүүлэх болсон Удвал Самдангаас гэрлэлтээ цулуулсан байна. Мөн өмч хөрөнгийнхөө өөрт ногдох хувийг авахаар Иргэний шүүхэд өргөдөл бичжээ. Энэ бүгдийг хийхгүй байж болох ч хүний үнэргүй зан гаргасан болохоор тэр хүн гэсгээл хүртэж, үйлээ эдлэх ёстой. Удвал ингэж хэлсэн байна. Энэ явдлаас болж гэрлээд хоёр жил болж, сайхан амьдарч байсан охин нь хүртэл нөхрөөсөө салаад хөдөө амьдрахаар шийдэн холын аймаг руу явсан гэнэ.
Харин залуу зандан насандаа хяналт, шалгалт хийж хүн амьтан айлгачихдаг хурган даргын сэтэртэй явсан Самдан “Хүүхдүүддээ захихад хэний бэр, хүргэн болох вэ гэдгээ бодмоор юм байна шүү. Хадмуудаас нь дутахгүй, илүү явах гэж ийм байдалд орсон… Удвал гэрт нь очоогүй, миний хэлсэн үгийг тоогоогүй бол би л лав очиж айлаас тэр бүгдийг авч чадахгүй байсан. Гэхдээ яах вэ, намайг дөнгөж, санасандаа хүрлээ” гээд өөрийн бурууг огт ойлгохгүй юм ярьсан байна.
Миний эхнэрт манай аав, ээж дотно сайн байсан.
Намайг ч гэсэн ‘Их сайн хадмуудтай болж. Миний хүү тэр хүмүүсийг хайрлаж хүндэлж яваарай гэж байнга захидаг. Эхнэрийн минь ээж аав бол огт өөр орчин, нийгэмд өссөн тусдаа хүмүүс. Тэдний алдааг эхнэр минь уучилж хүлээн зөвшөөрч чадаагүй учраас ийм шийдвэр гаргасан байх аа. Уг нь би эхнэрийгээ энэ алдаагаар дүгнэхгүй байсан. Тусдаа сэтгэл, бодолтой огт өөр хүмүүс гэдгийг би ойлгоно. Биеийг төрүүлснээс санааг төрүүлээгүй гэдэгтэй адил биз дээ. Ер нь бол эд хөрөнгөө хадгалж, хямгадаж харж хамгаалж чадаагүй манай ээж аав хоёрын буруугаас үүдэлтэй.
Тэр үнэтэй цайтай юмаа хадгалдаг газар нь хадгалуулсан бол хэн ч ийм байдалд хүрэхгүй ш дээ. Өнөөдөр энэ хүн авсандаа буруудлаа. Хэзээ нэг цагт хэн нь ч авах, хулгайлахад бэлэн л байсан гэсэн үг биз дээ. Тэгээд ч үрж зараагүй өгсөн. Өөр яах ёстой байсныг ойлгоход хэцүү байна.
Очирбатын хүүтэй уулзахад ингэж ярьсан байна. “Ял эдэлж байгаа хүн хэзээ ч гараад ирнэ. Тэгэхэд миний эхнэр эргэж ирэхгүй гээд яваад өглөө. Энэ чинь хэнийг шийтгээд байгаа юм бэ” гэж тэрбээр хэлсэн нь үнэхээр хамгийн хүнд цохилт залуухан хосуудад л буусныг харуулнам.
Эх сурвалж:”Болсон явдал”