2012-09-17Нобелийн энх тайвны шагналтан XIV Далай лам “The Piers Morgan Tonight” нэвтрүүлэгт оролцож ийнхүү хөөрөлджээ.
Та бүхэн буддын шашны гол төлөөлөгч эрхэм хүний эгэл жирийн яриаг сонирхон уншаарай.
-Буддын шашны тэргүүн, Нобелийн энх тайваны шагналтан, Далай ламыг бид нэвтрүүлэгтээ уриад байна. Таны бие сайн уу?
-Сайн.
-Бид Майо эмнэлэгт байна. Та саяхан эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орсон. Эмч нар юу гэсэн бэ?
-Миний биеийг яг л хэвээрээ байна. Муудаагүй, бас сайжраагүй гэсэн.
-Миний уулзаж байсан хамгийн алдартай хүн та боллоо. Танд алдар хүнд тань таалагддаг уу?
-Би үргэлж өөрийгөө Буддын жирийн лам гэж ойлгодог. Илүү ч үгүй, дутуу ч үгүй лам хүн. Тиймээс сэтгэл хөдпөл, үзэл бодол болон махбодын хувьд бусад хүн бүрээс ялгарах зүйлгүй.
-Алдар хүнд гэдэг зүйл одоо цагт үнэ цэнэгүй болоод байх шиг санагддаг.
-Энэ нь хүмүүсийн алдар хүндийн талаарх ойлголт, хандлага өөрчлөгдсөнтэй холбоотой болов уу. Эхэндээ бусдын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж байгаад удалгүй бардам, биеэ тоосон болох хандлага ажиглагдах юм. Мянган жилийн өмнө Төвдийн нэгэн лам “Хүмүүс таныг хүндлэх тусам өөрийгөө хамгийн дорой хүн болж байна хэмээн үзэх хэрэгтэй” хэмээн сургаж байсан. Энэ их чухал юм шүү. Хүмүүс намайг олон янзаар хэлдэг ч би огт хэрэгсдэггүй. Зарим нь намайг амьд бурхан, амилсан Будда хэмээдэг. Ад чөтгөр гэж хэлэх хүн ч бий. Гэсэн ч би жирийн л хүн.
-Өнөөгийн хүүхдүүд од болно гэж хүсэх юм. Энэ нь төөрөгдөл үүсгэж байх шиг.
-Ямар хүн гэнэ ээ?
-Од.
-Алдартан гэсэн үг байх нь. Ихэнх тохиолдолд урлаг, спортод амжилт гаргаж байгаа хүмүүсийг ийн нэрлэдэг болсон. Харин би юмны угийг ухан гаргаж ирж буй эрдэмтдийг л алдартан гэж үздэг.
-Таны бодлоор илүү бодитой, үр дүнтэй зүйл хийсэн хүмүүс л алдартан байх нь ээ?
-Тийм ээ.
-Таныг анх Далай ламаар өргөмжлөгдөж байсан үетэй харьцуулахад одоо дэлхий илүү амар тайван болсон болов уу?
-Тийм ээ. Үндсэндээ эх дэлхий маань өнөөдөр илүү амар жимэр болоод байна. Цуст дайн үгүй болж, томоохон өөрчлөлт их гарлаа. Цөмийн пуужин харваж, нэг нь нөгөөдөө аюул заналхийлдэг байсан цаг ард хоцорчээ.
-Хятад улсын хувьд хэр их өөрчлөгдсөн бэ?
-Их өөрчлөгдсөн. Хятад бол агуу түүх, соёлтой ард түмэн. Өнөө цагийн Хятадад алдаж, оносон зүйл их бий. Гэхдээ би Хятадын ард түмэнд итгэдэг. Тэд 50 жилийн турш шаргуу хөдөлмөрлөлөө. Одоо хувьсгал, их эргэлт хийх цаг болсон гэдгийг тэд ойлгож байгаа. Хувьсгал тэдний нүдийг нээж, их зүйлийг өөрчлөх болно. Хятадын төрийн тэргүүн ч энэ талаар үг цухуйлгасан нь бий.
-Хятадын төрд эргэлт гарах нь Төвдэд ашигтай байх уу?
-Зарим талаар ашигтай байж чадна. Тэд зөвхөн Төвдийн ард түмэн төдийгүй өөр олон арван асуудлыг цэргийн хүчээр шийдэх гэж тэмцэж байна.
-Хятадын удирдлагууд Төвдийн тал дээр уян хатан бодлого баримтална гэдэгт та итгэдэг л байх?
-Хамгийн гол нь Хятадын удирдагчид бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэвэл Төвд төдийгүй Хятадын автономид буй Монголын асуудлыг ч хялбар шийдэх боломжтой. Хятадын 1.3 тэрбум хүн юу нь зөв, юу нь буруу вэ гэдгийг ойлгож байгаа. Тэд үнэнийг мэдэх ёстой.
-Харин Америкчууд мөнгөнд дэндүү их шунаад байх шиг. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Зөвхөн Америк ч биш, Европ, Азид ч мөнгөний сонирхол их байна. Хамгийн чухал үнэлэмж бол мөнгө гэсэн ойлголт хаа сайгүй бий. Энэ их буруу юм. Материаллаг хэрэгцээ бол зөвхөн махбодын хэрэгцээ, тав тухтай байдлыг л хангана. Харин оюун санааны амар амгаланг мөнгө бий болгож чадахгүй.
-Таны уулзаж байсан удирдагчдаас хамгийн сэтгэл хөдөлгөм сайхан хүн хэн байсан бэ?
-Нельсон Мандела. Мөн бага Буш. Америкийн Ерөнхийлөгч гэдэгтээ бус, их сайн хувь хүн.
-Таны хувийн амьдралын талаар ярилцъя. Учир нь их олон зүйлээрээ бусдыг гайхшируулаг. Таныг цагаан хоолтон байж байгаад эргээд мах иддэг болсон гэж сонссон. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Би Төвд хүн. Бага залуу нас минь жирийн төвд хүмүүсийн адил өнгөрсөн. Бидний гол хүнс мах гэдгийг та мэдэх байх. Бүр хожим нь 65 насандаа Энэтхэгт ирснийхээ хойно би цэвэр цагаан хоолтон болсон л доо. 20 сарын турш мах огт хэрэглээгүй. Харин гэнэтийн энэ өөрчлөлтөөс болоод шар өвчин туссан. Нүд, хумс, нүүр хүртэл шар өнгөтэй болчихсон. Би хожим нь энэ тухай “Жинхэнээсээ амилсан Будда болох дөхсөн шүү” хэмээн хошигнон ярьсан.
-Та эр эмийн явдлаас ангид байна хэмээн сахил хүртсэн. Энэ хэцүү юу?
-Үгүй дээ, хэцүү биш. Хэрэв тэр талаар ямар нэгэн туршлагатай бол хэцүү байж мэдэх юм. Англид байдаг Буддын сүмийн лам нарт гэр бүлтэй болохыг зөвшөөрдөг юм билээ. Намайг очиход байгаа харагддаг.
-Эмэгтэй хүнийг харахаар сэтгэл татагдах тохиолдол гарч байв уу?
-Зарим үед. Тухайн үед сайхан санагдах хэдий ч дараа нь бэрхшээл болж хувирдаг.
-Яагаад?
-Би тэднийг шөнө нь зүүдэлдэг. Өөрийгөө хэзээ ч Далай лам байгаагаар нь зүүдэлж байгаагүй. Энгийн лам гэдгээр л зүүдэлдэг.
-Та архи ууж үзсэн үү?
-Огт үзээгүй.
-Тэгвэл тамхи татаж үзсэн үү?
-Үгүй ээ.
-Тэгвэл хэзээ ч юм хэрэглэе гэсэн бодол ч төрдөггүй хэрэг үү?
-Нэг удаа тэгж бодож байсан. Би тэр үед долоо, найман настай жаал байлаа. Намайг тоглож байтал нэг хүн хоёр лонхтой зүйл авч яваа харагдсан юм. Тэр нь дарс байсан. Би нэг лонхтойд хуруугаа дүрэн амстал чихэрлэг сайхан байсан. Тэгээд нэг лонхтойг нь өрөөнд аваачихыг хүссэн.
-Тэгээд та дарснаас уусан уу?
-Тоглож дуусаад өрөөндөө очтол лонхыг тавьсан байлаа. Гэтэл миний хуруугаараа заасан лонхтой нь ус байсан юм билээ. (сур.инээв)
-Та зурагтийн ямар нэвтрүүлэг үзэх дуртай вэ?
-Хоёр жил зурагт үзсэнгүй. Ер нь бол “Discovery” сувгийг ихэвчлэн үздэг. Тэр дундаа баримтат кинонд дуртай.
-Цэнгээнт нэвтрүүлэг үзэж байсан уу?
-Огт үзэж байгаагүй.
-“Америкийн шүтээн”- ийг үзэж байгаагүй гэжүү? Саймон Коуэллийг мэдэх үү?
-Мэдэхгүй.
-Харин кино үзэж байв уу?
-“Дайн ба энх” гэдэг киноноос өөрийг огт үзээгүй.
-Та дотно найз Ричард Гирийнхаа тоглосон нэг ч киног үзээгүй байх нь ээ?
-Тийм ээ.
-Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Урт удаан наслаарай.
Эх сурвалж:"Хүмүүсийн амьдрал"