2012-09-17Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярт хилс хэрэг тулган хүлээлгэж ял өгч, эрх, эрх
чөлөөг нь хасч биеийн эрүүл мэндийг нь егүүтгэн буй өнөөдрийн цаг үед Монголын ард түмэн, олон мянган ээжүүд нэр төртэй эрхэм хүмүүс өөрсдийн байр суурь, санал бодлоо олонд хүргэх гэж мэрийж мэтгэж, зүрх сэтгэлийн дуудлагаараа үнэний төлөө зогсч хүсэл бодлоо илэрхийлж байгаа билээ.
Монгол Улсын төрийн соёрхолт, Соёлын гавъяат зүтгэлтэн зохиолч яруу найрагч Дамбын Төрбаттай ярилцлаа.
- Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг та уран бүтээлч хүний хувьд хэрхэн харж байна вэ?
-Их зохиолч Д.Нацагдоржийн “Хуучин хүү” 'өгүүллэгт “Цагийн байдал ороо бусгаа” гэдэг шиг л харагдаж байна. Хараад суудаг цаг ч биш шиг байна. “Улс төрөөр чи оролдохгүй бол улс төр чамаар оролдоно” гэдэг үнэн үг шиг санагдах боллоо.
-Та Н.Энхбаяр даргатай ойр дотно байдаг хүн. Таны “ТВ-9” телевизэд удаа дараа өгсөн ярилцлагыг хүмүүс мэднэ. Даргыг өндөрт мандсан туг шиг явхад нь өвөр зуурт нь сөгдөн мөргөж явсан хүмүүс өнөөгийн хүнд үед нь танихгүй мэт аашлах юм...?
-Яруу найрагч Очирбатын Дашбалбар “Нэгдүгээрт Үндэсний үзэл, Хоёрдугаарт Үндэсний үзэл, Гуравдугаарт Үндэсний үзэл” гэж нэгэн удаагийн омог бардам ярилцлагаа нэрлэж байсан санагдана. Өнөөдөр тэр найрагчийн асаж дүрэлзсэн ааш араншин, хэнээс ч айдаггүй хэлэх гэснээ хэлчихдэг зориг зүрх их үгүйлэгдэж байна. Саарал тэнгэр, саарал хот, саарал хүмүүс, саарал оюун санаа, саарал хөгжил дэвшил хүн бүхнийг бухимдуулж, нийгмийн гэрэл гэгээг юу юунаас илүү хүсэмжилж байна. Энэ бүрэнхий, харанхуй дунд гэрэл гэгээтэй харагдсан нэгнийгээ өнөө саарал олонхи нь барьж идэж байна. Ичгүүр сонжуураа алдсан төр тэснэ тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэх вэ гэгчээр 2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны үүрээр тэсэрч хамаг шившгээ хутгаж, нэг хүнийг барихын төлөө нэг хэсэг цагдаа жагсааж, өөр айлыг андуурч хаалга үүдийг нь эвдэж гэрийн эзнийг нь чирч гаргаж “Шинэ үе” продакшны хошин үзүүлбэр шиг юм хийж баймааж Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярыг орон гэрээс нь дамжилж гарав. Миний сониноос уншиж, телевизээс сонссоноор толгойд нь хар уут углаад дамжилж гарсан юм билээ. Эл үйлдлээс яруу найрагчийн зөнгөөр би их сэжиглэж байгаа.
-Энхбаяр даргын толгойд хар уут углаад дамжилж гарсан шигээ “Э”-ээр эхэлсэн эрхэм бүхнийг минь ард түмнээс нууж дамжлаад гарч байна уу даа гэж бодох боллоо. Яагаад гэвэл Н.Энхбаяр өнөөдөр бүх нийтийн анхаарлыг татаж байгаа хоёр том асуудалд тодорхой байр суурийг илэрхийлж байсан. Нэгдүгээрт. Оюу Толгойн гэрээг учир дутагдалтай хэмээн шүүмжилж, эргэж харахыг уриалсан төдийгүй “Эрдэнэт”-ийн жишгээр ашиглая гэх хамгийн зөв хамгийн оновчтой саналыг дэвшүүлсэн нь Оюутолгойгоор хэтэвчээ дүүргэсэн олон хүний дургүйг хүргэсэн байх.
Хоёрдугаарт. Тавантолгойн асуудлаар идэвхитэй санаачлага өрнүүлж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Тавантолгойн лиценз эзэмшиж байсан хүмүүстэй уулзаж “Төрийн зардлаар геологийн хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд учраас төрд 100 хувь буцааж өг” гэж хэлсэн байна. Тэгэхэд тэр хүмүүс эхлээд дурамжхандуу байсан, дараа нь хэд хэд уулзаж ятгаж шахсанаар Тавантолгойн ордыг төрд буцааж өгөхөөр зөвшөөрүүлсэн гэж өөрийн номондоо өгүүлсэн байна. Н.Энхбаярын эдгээр шудрага алхмууд төрийн өмчөөр өрхийн баялгаа арвижуулах гэсэн олон эрх мэдэлтний хилэнг бадрааж, өөртөө олон дайсан төрүүлсэн байж мэдэх юм. Харамсалтай нь тэр “ Дайснууд нь” дандаа өөрийх нь дэмжиж, тэтгэж, итгэж, зүтгэж гаргаж ирсэн гарых нь хүмүүс байсан.
-Энхбаяр даргыг шоронд хийчихээд одоо ч харин дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна гэж хэлэх хүн олон байна?
-Энхбаярын толгойд угласан хар уутаа эгэл бидний толгойд угалчихсан юм шиг жирийн бид ямар ч мэдээлэлгүй байна. Ер нь Энхбаяр өөрөө “ТВ- 9” телевизийг байгуулж, тэр хамт олон шудрага үнэний дуу хоолой болох их зориг гаргаж 2012 оны дөрөвдүгээр сарын 12- ноос 13-нд шилжих шөнийн баривчилгааг шууд дамжуулаагүй бол ард түмэн өнөөдөр юу ч мэдэхгүй байх байлаа. Магадгүй өнөөдөр Энхбаяр ч байхгүй болчихсон байж мэдэх байжээ гэж боддог юм. Мөнхүү энэ телевиз байгаадаа 2012 оны долдугаар сарын шүүх хурлыг шууд дамжуулж үнэн мөнийг ард түмэнд хүргэлээ. Өөрсдийгөө “Шүүгчид” хэмээн итгэж буй тэр хүмүүс “Энхбаяр нарт холбогдох хэрэг” гэж сүр бадруулан зарлаж байгаа ч ард түмэн өөрсдийг нь шүүж байгааг эрүүл ухаантай хүн бол ойлгохоор л үйл явдал болж өнгөрлөө. Ер нь ард түмэн Н.Энхбаярын талд байгааг нотолж, түүнийг ард түмний ерөнхийлөгч болохыг баталж өглөө. Товчоор хэлэхэд манай улс үндэсний удирдагчаа шүүхийн тогтоолоор томилчих шиг боллоо.
-Үнэндээ ард түмэн Н.Энхбаяр даргыг үндэсний удирдагчийн хэмжээнд үнэлдэг билээ. Саяхан МАХН-ын даргыг цагаатгахыг дэмжсэн гарын үсэг зуруулахыг санаачилсан ард олны хүсэлт гуравхан хоногт гуч гаруй мянган хүний нэр бичиж, регистрийн дугаараа хүртэл тэмдэглээд үлдээсэн олон хайрцаг гарын үсэг цугларсан байсан?
-Тэгэлгүй яахав. Би хүртэл очиж гарын үсэг зурсан. Намбарын Энхбаяр Монгол төрийн том зүтгэлтний хувьд ард түмэн мартахын аргагүй гавьяа байгуулсан хүн. Наад захын жишээ гэхэд их өрийг тэглэж тэр шинэ жилээр бид яаж баярлаж байснаа санах хэрэгтэй. Тэгэхэд баярын нулимс унаган тэврэн үнсэж байсан хүн нь өнөөдөр хазайсан дээр нь түлхэж халтирсан дээр нь нударч байгаа харагдах юм.
Ахиад хэлэхэд өнөөдрийн төрийн тэргүүн нь ч, тэрбумтан нь ч тэр хүний санаачилж тууз хайчилж эхлүүлсэн “Мянганы зам”-аар жирийлгэж явна. Мөн Энхбаяр даргын нүүрээр олж ирсэн “Мянганы сорилтын сан”-гаас олгож буй хөрөнгийн буянаар босч буй барилга байгууламж ажил үйлсийн гол баатар болж тууз хайчилж явна. Мөн Монгол хүн бүрийн үр хүүхэд энэ хүний санаачилж ажил хэрэг болгосон “Үдийн цай” хөтөлбөрөөс хүртэж явна. Гэтэл амьд явах эрхийг нь яагаад хүндэтгэж үзэхгүй байна вэ. Түүхийг эргэж харвал төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдээ феодлизмын үед Бээжинд аваачиж хороодог байлаа. Харин социализмын үед Пэлжидийн Гэндэн, Анавдын Амар гээд аль л өөдтэй бүхнээ Москвад аваачиж буудуулдаг байсан. Одоо арай боловсролтой, бодлоготой арай гэгээтэй нэгнээ өөрсдөө “нухчих” гээд байх шиг санагдах юм. Ардчиллын 20 жилд бидний сурсан юм ер энэ баймааргүй. Үхээд төрдөг төрөөд л үхдэг энэ охорхон амьдралд бид хүн чигээрээ амьдраад үлдэх юмтай төгсмөөр байх юм даа.
-Жирийн иргэд энэ талаар санаа тавьж, хорих 461 дүгээр ангийн үүдэнд ч, II эмнэлгийн үүдэнд ч сахиул мэт зогсож, сэтгэл зүрхнийхээ дуудлагаар чин сэтгэлээсээ нулимс дуслуулж зогсохыг бид мэднэ?
-Ард түмний өргөн хүндлэлийг олсон хүн дээ. Энэ үгийг би цээжний бангаар хэлж байгаа юм биш. Сая болж өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгууль тодорхой харууллаа шүүдээ. “Шударга ёс эвсэл”-ээс нэр дэвшисэн Л.Цог, Д.Батцогт, Г.Уянга, Д.Тэрбишдагва нарын дөрвөн гишүүн тойрогт өрсөлдөж ялалт байгууллаа. Харин байгуулагдаад жил ч болоогүй МАХН-ын нэрийг олон сонгогч онцлон дэмжсэний ачаар долоон гишүүн жагсаалтаар УИХ-ын эрхэм гишүүн боллоо. Яаж ч бодсон энэ бүхэн Энхбаярт хандсан ард түмний итгэл, хүндэтгэл гэж бодох хэрэгтэй.
Мэдээж сонгуулийн шат шатны байгууллага МАХН-ын саналыг дарсан хассан байж мэднэ. Гэхдээ л “Даравч дардайна, булавч бултайна” гэдэг энэ биш үү. Үндсэндээ эрх баригчид үндэсний удирдагчид ялагдахын үүдийг энэ сонгууль нээж өгөв бишүү. Ардчилсан нам олон суудал авсан нь Энхбаярын гавьяа. МАН цөөн суудал авсан нь ч Энхбаярын гавьяа. МАН түүний хүч сул удирдагчид Энхбаяраас зай барьж, ганцаардуулах бодлого барьж эхэлсэн 2010 оноос л өнөөдрийн ялагдлын үүд хаалга нээгдсэн гэж тооцож болно.
Мөн Энхбаяраас салахын мөн болж 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэгэн нэрт яруу найрагчийн хэлснээр МАН “Нөгөө талын бөхийг зассан” явдал, бас УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших эрхийг нь илт хуйвалдан баллуурдсан нь 2011 оны нэгдүгээр сарын 25-нд бага хурлаас гарах тухай өргөдөл бичихэд арга буюу хүргэсэн юм. Ийм үнээр намынхаа нэрийг сольж МАН болсон нь мордохын хазгайн замаар хөтөлсөн юм. Харин МАХН-ыг байгуулж улмаар УИХ-д бүлэг байгуулах хэмжээний төлөөлөлтэй болж улмаар Шинэтгэлийн Засгийн газрыг хамтран байгуулж бүтээлчээр ажиллаж байгаа нь ялалт Энхбаярын талд байгааг баталж байна. Н.Энхбаяр шоронд байсан ч, эмнэлэгт байсан ч, өдөр ч, шөнө ч Монголын төрд нөлөөтэй хэвээрээ байна. Бүр үндэсний удирдагчийн хэмжээнд байна. Энэ бүхэн Энхбаяр даргын монгол түмэндээ хийсэн юмтай байгуулсан гавъяатай.Тиймдээ ч ийн хайрлагдах хүндлэгдэх эрхтэйнхээ хувьд хүндлэгдэн хайрлагдаж байгаагийн бодит илрэл юм.Үүнтэй маргах хүн олон байхгүй ээ.
-Н.Энхбаяр даргад тулгасан хэргийн талаар таны бодол, энэ хүнд тулгаж байгаа гэмт хэрэг гэгчийг та юу гэж үздэг вэ? Эх орон тусгаар тогтнол үүх түүхээ дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлэх гэсэн Энхбаяр Ерөнхийлөгчийг ном бүтээснийх нь төлөө хэрэгтэн болгож байгаа улс өөрсдөө номонд төдий л ач холбогдол өгдөггүй гэж ойлгогдоод байх шиг?
-Мэдэх юмаа л ярья. Энхбаяр даргад өөрийнхөө номыг МИАТ-ын онгоцоор тээвэрлэсэн гэх ял тулгасан л даа. Энэ нь зохиогчийн бичсэн найман боть биш, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж бүтээсэн “Их Монгол Улс” гэдэг том бүтээл байсан юм билээ. Энэ ном миний бодож байгаагаар “Монголын Нууц Товчоо”-ны дараа орох шилдэг бүтээл шүү. Яагаад гэвэл АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш, Билл Клинтон, Францын Ерөнхийлөгч Жак Ширакаас эхлээд улс улсын ерөнхийлөгч Монгол Улсын тухай, Чингис хааны тухай бичиж манай тусгаар тогтносон төрд баяр хүргэсэн үгс нь Монгол хэл дээр, мөн тухайн орны хэл дээр бичиж хэвлэгдсэн байдаг юм. Тусгаар тогтнолыг минь ингэж хүлээн зөвшөөрсөн ийм том судар хэн маань, хэзээ санаж бүтээсэн билээ.
Энэ номд ганцхан БНХАУ-ын дарга Ху Жинтао л санал сэтгэгдлээ бичиж ирүүлээгүйг бодоход ч энэ номын тусгаар тогтнолын ач холбогдлыг үнэлж баршгүй. Монголын ард түмний тусгаар тогтнолыг баталгаажуулж олон улс олноор хүлээн зөвшөөрүүлэх гэсэн энэ хүний хэрэг гэгч номыг үл ойшоогч үндэс угсаа үүх түүхээ мэддэггүй зөвхөн алдар нэр албан тушаалын хэнээтэх өвчний төлөө төр барих гэж улайрч буй хүмүүст бол харин гэмт хэрэг шиг харагдах магадлалтай юм болов уу даа. Харин номыг дээдэлж, хүндэлж номын авшигаар гэгээрлийг мөн чанарыг эрэлхийлдэг Энхбаярт бол хамгийн ариун хийх л ёстой үүрэг нь байх. Тиймдээ ч өөрөө итгэлтэйгээр буруу зүйл хийгээгүй хэмээн давтан давтан хэлж байгаа хэрэг.
-Та ярилцлагын эхэнд “Э”-ээр эхэлсэн эрхэм бүхэн минь гэж дурссан. Энэ үгээ тодруулж хэлэхгүй юу?
-Тэгсэн. Ажаад байхад Энхбаяр даргын толгойд хар уут углаад дамжлаад гарсан шигээ “Э”-ээр эхэлсэн эрхэм бүхнийг минь дамжилж гарчих гээд байна уу даа гэж найраг-чийн зөнгөөр түгшин зовинох боллоо. Саяын хэдэн өдөр хэдэн хүүхэд машинд дайруулж, хэдэн хүний дээрээс барилгын кран унаж, хэдэн Монгол хүн хятадуудад зодуулав аа. Эх оронд эзэн байна уу? Хаашаа яваад байна аа бид чинь гэж заримдаа асуумаар санагдах юм.
-Бид хаашаа яваад байна гэж таныхаар?
-Мэдээж. Хойшоо лав яваагүй нь тодорхой. Сайн ч муу ч 70 жил жаргал зовлонгоо хуваалцсан Оросын ард түмнээс их нүүр буруулсан Манай томчуулын толгой урагшаа л даялаад байх юм. Монголчууд эрт цагт хүрээлж ирсэн зовлонгоос хойшоо гарна гэж малгайгаа хойгуураа задгайлж улаан залаа хийсэн юм гэнэ билээ. Ард түмний зөн совин цагийн цагт үнэн байдгийг ардчиллын удирдагч С.Зориг нэгэн удаа “Би Монголын ард түмний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн билээ. Ард түмэн гэдэг хэн нэг эрх мэдэлтний тоглоомын хүүхэлдэй биш дотроо бодолтой дороо суурьтай. Бидний энд түүний зөв тэрний буруу гэж буруу зөрүү захиалгаар хүнийг хэлмэгдүүлэн яллаж буй ший жүжиг шиг шүүхийн тогтоолоос өмнө бүх үнэнийг тогтоож буруу зөрүүг нь дотроо яллачхаад байгаа улс. Тиймээс ч Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн нэр хүнд ард түмэндээ “ Ард түмний ерөнхийлөгч” хэмээн хайрлагдаж байна. Би худлаа яриагүй.
Сонгуулийн үеэр хөдөө орон нутгаар явахад нь олон арван ижий, даргатай уулзах гэж зүтгэн мэрийж хөл муутай нь хөтлүүлэн нулимсаа дуслуулан биеээ мэдээрэй хэмээн үнэлсэн байхыг харсан хүмүүс хүртэл сэтгэлээ энэлгэн байсныг бид цөмөөрөө харсаан. Хүний сэтгэл гэдэг, нулимс гэдэг их үнэтэй сэтгэл хөдлөл юм шүү. Тэр дундаа ижий хүний нулимсыг алтаар ч хэмжишгүй үнэтэй дээ.
-Та “Э”-гээр эхэлсэн эрхмүүдээ нэрлэхгүй юу?
-”Э”-гээр эхэлсэн эрхэм юм олон бий. Ээж аав, эмээ өвөө, эцэг өвгөд, элгэн садан, эрхэм ёсон, эх орон адаглаад л өдөр бүхэн хэргэлдэг амин гэгээ эрчим хүч хүртэл “Э”-гээр эхэлдэг. Миний хувьд эрхэм хүний минь нэг Энхбаяр гэж боддог. Эдгээр эрхмүүдээ л алдчихгүй юмсан гэж санадаг. Гэхдээ зөнбилэгт ард түмэн минь,
Сайр шандын усыг Шавхаж яахан барахав
Сайн хүний үрийг Дарж яахан чадахав гэж дуулдаг юм. Энхбаяр ч өөрөө ард түмэндээ их итгэдэг юм. Тиймдээ ч номоо “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” гэж нэрлэсэн байна. Иймээс нэгдүгээрт, шударга ёс, хоёрдугаарт, шударга ёс, гуравдугаарт шударга ёс гэдгийг онцлон хэлмээр байна.
Ё.Дуламсүрэн
Эх сурвалж:”Зууны Мэдээ”