2012-09-06Нийтийн дууны шилдэг төлөөлөгчдийн нэг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан О.Баянмөнхтэй ярилцлаа.
Тэрбээр өөрийн уран бүтээлдээ цэрэг эр, Монгол бөхчүүдээ магтан дуулсан дуунуудыг илүүтэй оруулдаг нь үзэгчдийн таашаалд нийцдэг аж. Мөн дуучин О.Баянмөнх өнөө цагийн нийтийн дууны өнгийг тодорхойлж буй мастерууд болох Монгол улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан, Б.Хонгорзул нартай СУИС-ийг нэг ангид суралцаж төгссөн гэдгийг нь ард түмэн андахгүй билээ.
- Удахгүй гарах цомгийн талаар яриагаа эхлэх үү?
- Ирэх арваннэгдүгээр сард сонсогчдын гар дээр очино. Цомогт маань нийт 13 дуу багтсан байгаа. Миний хувьд хуучны дуунуудыг дуулахаасаа илүүтэй шинэ уран бүтээлээ оруулая гэж зорилоо. Тэгээд Ардын уран зохиолч П.Бадарч гуайд цэрэг эр, эх орны тухай сайхан дуу хийе, та шүлгийг нь бичиж өг гэж захиалга өгсөн. Цомгийн маань долоон дуу одоогоор бэлэн болсон байна.
- Цомогт хамтран оролцож байгаа уран бүтээлчдийн тухайд?
- Миний хувьд ахмад уран бүтээлчидтэй хамтран ажиллахад нэг л сайхан байдаг. Тэдний ур чадвар, авьяас билгийг залуучууд бид өвлөн авч түгээн дэлгэрүүлж ард түмэндээ хүргэхгүй юм бол өөр хэн хүргэх юм. Тэр утгаараа би Ардын уран зохиолч П.Бадарч ахтай ойр дотно байж, дууны шүлгийн захиалга өгч уран бүтээлээ хийж байна. Мөн болор цомын эзэн, яруу найрагч Ц.Бавуудорж зэрэг уран бүтээлчидтай хамтран ажилласан.
- Таны хэддэх цомог вэ?
- Миний дөрөв дэх цомог болж байна. Цомгийн нэг онцлог нь цэрэг эр, эх орны сэдвээр дагнан уран бүтээлээ хийсэн.
- Цомогт орсон дуунууддаа клип хийсэн үү?
- Хамгийн сүүлд “Эх орон тайван” гэдэг дуундаа клип хийлээ. Зураг авалтыг нь Сэлэнгэ аймгийн хилийн застав, эх орны торгон хилийн шугам дээр хийсэн.
- Чухам яагаад энэ сэдвийг сонгож авсан бэ?
- Эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүн бүхний цээжинд Монголын сайхан орон нь уяатай байдаг. Миний хувьд цэргийн алба хааж үзээгүй, нэг өдөр торгон хилийн манаанд зогсож үзээгүй ч гэсэн уран бүтээлээрээ хариу барьж эх орон, цэрэг эрчүүдээ магтан дуулая гэж энэ сэдвийг сонгож авсан.
- Эх орон, цэрэг эрсийг магтан дуулсан “Бид мартахгүй”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” зэрэг сайхан уран бүтээлүүд байдаг. Харин энэ сэдвээр дагнан дуулдаг уран бүтээлчид хэр олон байдаг вэ?
- Нэлээд хэд байдаг. Гэхдээ Гантулга ахын хувьд хуучны дуунуудыг сэргээж дуулж байгаа. Б.Болдбаатар бас цэргийн баяраар тоглолтоо хийж байхдаа хуучны дуунуудыг сэргээн дуулж байсан. Миний хувьд ихэнх нь захиалж хийлгэж байгаа уран бүтээлүүд. Өөрөөр хэлбэл шинэ уран бүтээлийг түлхүү оруулахыг хичээсэн.
- Таны уран бүтээлч болох зам хэзээнээс тавигдсан бэ? Багадаа дуулж хуурддаг хүүхэд байсан уу?
- Би Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмб сумын Дархад угсааны хүн. Намайг 6-р ангид байхад Үндэсний телевизийн Ш.Ёолк ах манай нутагт ирж цаатан ардын дунд “Агшин” нэвтрүүлэгээ хийж байсан. “Агшин” нэвтрүүлгийн дундуур би “жирмийн цагаан нуур” гэдэг дуу дуулж үндэснийхээ телевизээр гарч байсан нь санаанаас гардаггүй юм. Тэр надад бас нөлөөлсөн байх гэж боддог. Дараа нь 10 жилд байхдаа соёлын ордондоо дуулаачаар ажиллаж байсан. 10-р анги төгсөх жил нэг өдөр Этрадын дуучин Б.Наран эгч намайг тэмцээнд оруулахаар дагуулж явна гэлээ. Тэр тэмцээн нь хүүхдийн ордонд болоод бид хоёр хоцорч очсон. Анх удаа хотод ирж дуулж байсан болохоор юугаа ч мэдэхгүй байлаа. Тэгсэн чинь Б.Наран эгч намайг бүртгүүлээд бүх оролцогчид нэгдүгээр шатандаа дуулчихсан. Би ганцаараа үлдчихээд хамгийн сүүлд гарч дуулсан. Тухайн үед Б.Галмандах багш хөгжим тоглоод би ч дуугаа дууллаа.
Хоёр, гуравдугаар шатанд нь дуулаад дүн гарахыг хүлээх юм болсон. Тэгээд дүн гарахад шүүгчээр ажиллаж байсан Хайдав багш дүн зарласан юм. Тусгай байрнаас нь эхэлж дуудаад нэгдүгээр байр хүртэлх хүмүүсийн нэрийг зарлахад миний нэр гардаггүй. За би ч сайн дуулж чадаагүй юм байна гэж бодоод тайзны ард сууж байсан чинь “Гран-при” шагнал хүртсэн Баянмөнх гээд намайг дуудлаа. Миний баярласан гэж жигтэйхэн. Хамгийн том шагналыг нь аваад дээрээс нь СУИС-д суралцах урилга авсан. Тэр бол 1998 он юм байна. Гар утас ховор, би “Хүүхдийн ордон”-оос гараад “Төв шуудан” хүртэл гүйчихсэн. Тэгээд холбоон дээр очиж ээжрүү залгаад хүү нь түрүүлчихсэн гэж хэлээд ээжийгээ баярлуулж байлаа.
- СУИС-д С.Жавхлан, Т.Баясгалан нартай нэг ангид суралцаж төгссөн гэдгийг хүмүүс андахгүй. Оюутан цагийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
- 10-р ангиа төгсөөд намар нь хотод ирээд оюутан болсон. Хичээлийн анхны өдөр сургуулийн коридорт сууж байсан чинь С.Жавхлан ирээд хажууд суудаг юм. Чи юуны ангийн гэж асуусан чинь С.Жавхлан “би дуулаачийн анги” гэдэг юм байна. Тэгээд надаас чи хаана шалгалт өгсөн гэж асуухаар нь би урилгаар суралцаж байгаа, чи хаана шалгалт өгсөн гэсэн С.Жавхлан би бас урилгаар суралцаж байгаа гэж анх ангийнхнаасаа бид хоёр уулзаж байлаа.
Дараа нь “Цэцгэнд төөрсөн эрвээхэй” дууг дуулдаг Б.Чулуунбаатар СУИС-д урилгаар элсэн орж бид гурав анхандаа нийлдэг байлаа. Тэр үед бас болоогүйээ “Дифазон” гэдэг хамтлаг байгуулаад нэг дуу маань л фм-ээр явж байсан. Оюутнууд байсан болохоор мөнгө төгрөг муутай, дуу бичүүлэх гэж бөөн юм болно. С.Жавхлангийн эгч нь Эрдэнэт хотод студитэй, нэг дуу бичүүлэх гэж тийшээ хүртэл явж байлаа.
- Таны хувьд анхны бие даасан уран бүтээлээ хэзээ хийсэн бэ?
- Анхны уран бүтээл гэвэл дуучин Саяжаргалтай хамтарч дуу дуулж байсан. Бидний үед нэг моод дэлгэрч байсан нь дуэть дуу дуулах байлаа. Жавхлан-Баясгалан, Ширмэнтуяа-Амаржаргал, Бат-Эрдэнэ-Оюунмаа, Батсайхан-Эрдэнэтунгалаг дараа нь Чинболор-Энхмэнд, Хишигбаяр-Дэлгэрмаа гээд хамтарч уран бүтээлээ хийж эхэлсэн. Ганцаараа хийсэн анхны дуу маань С.Хүрэлбаатар зааны тухай дуу байсан. Тэгээд дараа нь Г.Өсөхбаяр аваргын дууг дуулсан.
- Залуу дуучдын мэргэжлийн ур чадварын талаар ямар бодолтой явдаг вэ?
- Нийтийн дууны салбарт орж байгаа залуучуудыг харж байхад урлагийг мөнгө гэж хараад байх шиг байна. Тэд өөрөө өөрийнхөө түүхийг бичиж байгаа гэдгээ мэддэггүй. Тэгээд бас очсон газар болгондоо ам барина. Энэ бол цэвэр луйвар гэж хэлмээр байна. Ард түмнийг доромжилж байгаагийн нэг хэлбэр. Миний үзэж байгаагаар дуучдыг бөхийн цол шиг эрэмбэ дараатай болгомоор санагддаг. Энэ гадуур СУИС-ийн нэр барьсан хүүхдүүд олон болсон байна. Үүнийг цэгцлэх хэрэгтэй.
- Нэгдсэн нэг удирдлага байдаггүй юм уу?
- Урлаг бол үндсэндээ хаягдсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Чөлөөт уран бүтээлчид ч төр засгийн дэмжлэг бараг авдаггүй. Би энэ шагнал урамшууллын талаар хэдэн үг хэлье. Сүүлийн үед гарч ирж байгаа хүүхдүүд гурван дуу дуулаад, нэг тоглолт хийгээд л “Соёлын тэргүүний ажилтан” гэдэг цол авч байна. Гуравхан дуутай хүн тэр шагналыг авахаар өрөвдөх юм. Бас тэр залуучууд ч ичэхээ мэдэхгүй. Ард түмэн хамгийн шудрага шүүгч болохоор өнөөдөр хэн нь ямархуу чанар чансаатай дуучин бэ гэдгийг аяандаа хэлээд өгнө.
- Нэг уран бүтээл хийхэд хэдий хэмжээний зардал гардаг вэ?
- Ер нь уран бүтээлч хүнд санхүүгийн асуудал нь хамгийн том бэрхшээл нь болдог. Гэхдээ найз нөхөд, ах дүү минь миний уран бүтээлийг дэмжиж ажилдаг болохоор аль болохоор сайн уран бүтээл хийе гэж боддог.
- Таны урын санд хичнээн уран бүтээл байна?
- Уран бүтээлийн гараагаа эхлээд 10 гаруй жил боллоо. Энэ хугацаанд хийсэн дуунуудаа тоолж үзээгүй юм байна. Ямар ч байсан 30 гаруй клиптэй, гурван цомог гаргасан. Одоо дөрөв дэх цомгийн ажилдаа орчихсон явж байна.
- Ангийн чинь найз С.Жавхлан улс төрд орж ирсэн. Үүнийг та хэрхэн хүлээж авсан бэ?
- Миний хувьд С.Жавхланг улс төрд орж байгааг дэмжсэн. Нэг ч гэсэн урлагийн хүн улс төрд орж уран бүтээлчдийг дэмжсэн шийдвэр гаргаж төр засгийн удирдлагауудад бидний үгийг хүргэх хэрэгтэй байна. С.Жавхлан энэ асуудлыг өөрөө ч сайн мэдэж байгаа. Улс төр, урлаг хоёрыг хослуулаад сайн ажиллаж чадна гэж хэлмээр байна.