2012-08-18Америк дахь Монголчуудын дундаас нийтлэл, ярилцлага, эргэцүүллээ туурвин олноо хүргэж, талархал хүлээж яваа эрхэм
Г.Галбадрах маань “Монголчууд Америкт” нэртэй ярилцлагын номоо гаргажээ. Түүний “оюун, сэтгэл”-ийн үйлдвэрт бүтээгдсэн бичвэрүүдээс амьдралын амт, хайр, ухаарал, эмзэглэл, оюуны таашаал авч бас “тачигнасан” сэтгэгдэлээр мялаадаг уншигч авхайн өмнө зохиогчийн хийсэн бүтээснийг нь тоочин цаг, цаас элээхийг хүссэнгүй. Гагцхүү дотоод хүнээс нь үгийн шижир олохоор цөөн буурай асуулт тавив. Би бээр зураач аваас өнгө будгаа, дүрслэлээ өөрийнхөөрөө л сонголоо, болгооно буйзаа.
• Хүн байхын утга учир юусан бол?
- Хүн чанартай байх
• Таны нөхөр, таны дайсан хэн бэ?
- Би өөрөө өөртөө дайсан, бас анд нөхөр
• Аз жаргал бидэн дээр өөрөө ирдэг үү, бид аз жаргалдаа хүрдэг үү?
- Өөрийн үйлдэл болгондоо сэтгэл ханамжтай болж гэмээ нь аз жаргалд өөрөө хүрч очно.
• Гуниг будантай өдөр зөндөө л байдаг шүү дээ. Тайтгарлыг хаанаас олдог вэ?
- Сэтгэлийнхээ чанадаас олж авдаг
• Хүмүүний хайр агуу зүйл үү?
-Хэрэв үнэнч байж чадвал агуу, байнга урваад байвал өчүүхэн зүйл
• Хамгийн сүүлд хэзээ уйлснаа санаж байна уу?
- Охиныхоо тухай бичиж байхдаа уйлсан.
• Таны амны уншлага, амьдралын мөрдлөгө болсон сургаал?
-"Санаа сайн бол заяа сайн"
• Үгүйсгэл, өшөө хорсол, урвалтаас танд үлдсэн сорви юу вэ?
- Шаналлаар даруулсан ухаарал
• Хүсэл мөрөөдлийн талаар юу хэлэхсэн бол?
Хүсэл мөрөөдөл хүний өөдрөг сайхан явахын хөтөч. Хүсэл мөрөөдөлгүй бол амьтнаас ялгаа юун.
• Хүн өөрийнхөө төлөө амьдардаг уу? Эсвэл...
- Хүн амьд байхын тулд амьдардаг, тэр нь өөрийнхөө төлөө эсвэл бусдын төлөө байж ч магад
• Үхлийн тухай хааяахан бодож байсан уу?
- Үхлээс өмнө их зүйл хийж амжих хэрэгтэй. Дараа төрөлдөө энэ бүхнийг дахиад хийж чадахгүй байх.
• Өвөг дээдсээсээ өвөлсөн, үр хойчдоо үлдээх өв юу вэ?
- Сувдан дусал мэт "Монголчуудын зүйр цэцэн үгс. Энэ бол монголчуудын "гүн ухаан" юм.
• Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрөх “Залуу нас” гэдэг. Хүний эрч хүчтэй залуу цаг тийм богинохон гэж үү?
- Яг л харавсан сум мэт. Харамсаад ч халаглаад ч эргүүлж авчирч чадахгүй.
• Та алдаа гаргадаг уу?
Алдаа зөндөө гаргадаг. Хүн алдаанаасаа ухааждаг юм.
• Эх орноо санаж зүүдэлдэг үү?
- Зүүдэлдэг, сэрсэнийхээ дараа энэ тухай бичихдээ их баярладаг. Буцаад очих эх орон гэдэг сэтгэлийн нөмөр нөөлөг, бас өмөг түшиг.
• Та ойрд үнэн сэтгэлээсээ баярлан инээсэн үү? Яагаад?
- Сая шинэ номоо хараад инээсэн. Би үүнийг хийж амжлаа гэж үү? гэж бодож өөртөө баярласан.
• Бид итгэл найдварын галгүй болчихвол гээд төсөөлдөө?
Хүн итгэл найдваргүй бол үхсэнээс юуны ялгаатай юм.
• Гэм, гэмтэнг өршөөх, шийтгэхийн алинд нь тал өгөх вэ?
Аливаа юм тохирсон хэм хэмжээндээ л байх хэрэгтэй.
• Гоо үзэсгэлэн, яруу сайхны өмнө таны өргөх үг?
- Гоо үзэсгэлэн, яруу сайхан үгүй бол
энэ ертөнц хав харанхуй байх сан.
Г.Галбадрах абугайн дотоодоос үгийн сувд шүүрдэх ахул ийм ажээ. Сувданд авч гарсан “үгэн тор-асуулт” маань “шүүрхий” аваас миний буруу. Харин торонд тогтсон “сувд болох хариулт” түүнийх бөгөөд хэлэх “үнэ” нь таных юм шүү.
Тэр охиноо санаж уйлдаг аав, эх орноо сэтгэлийн нөмөр нөөлөг хэмээн шүтэж явдаг Монгол, цаг хугацааны үнэ цэнийг ухаарч, хийж бүтээснээсээ урам авч баярладаг алдаа, оноотой ид дунд насны эр, Монгол түмнийхээ ухааны шижир, ахуй амьдралын гүн ухаан, сургаалийг хүлхэн ухаажиж, үр удамдаа өвлүүлэх ухаант монголчуудын нэгэн “хэлхээ” ажээ.
Түүнтэй ярьж суухад “тууштай хүн юм” гэсэн бодол төрдөг. Хорвоогийн сайн сайхан бүхнээ орхиод харь нутагт илүү сайхныг эрэн “тэнэж” яваа бид зорилгоо тод хардагсан уу? “Гадаадад гарсан зорилгоо тов тодорхой харж, хүсэл зорилгоо биелүүлж, амжилттай яваа Монголчуудаа нээн таниулах, өндөр хөгжилтэй энэ орны ахуй амьдралын жишгийг бид яагаад эх орондоо хэрэгжүүлж болохгүй гэж.., хүний газар эрдэм сурахаар одсон залуусаа халамжлах, дэмжих, эх оронтойгоо холбох, ажил амьдралын замд тус дэм болох” гэж Г.Галбадрах ах зорьж яваа гэнэ. Үүний тул нийтлэлүүдээ бичиж, Америкийн өнцөг булан бүрт нисэн хүрч шилдэг Монголчуудтайгаа ярилцлага хийж, ном бүтээж, нэвтрүүлэг хийж, Америк дахь Монгол оюутан залуусын арга хэмжээнүүдыг зохион байгуулалцаж, сурталчилж явна.
“Оролдлоготой хүн оргилд нь гардаг” гэдэг. Тууштай хөдөлмөр, хичээл зүтгэл, бүтээлийг нь бултаар хүлээн зөвшөөрч Засгийн газрын мэдээллийн “МонЦаМэ” агентлаг “2011 оны шилдэг бичлэгийн шагнал”-аа Г.Галбадрахад олгосон буй заа. Магтаалын салхи сэвэлзэхүй дагаж дэрвэх, шүүмжийн аянга цахилахад нуруу бөхийх зовлон арилж, тууштай, цөхрөлтгүй, хөдөлмөрч байхын дууриал үзүүлж байна гэж итгэнэм.
Түүний бичлэгүүд Монголын эмзэг асуудлууд, нийгмийн тогтолцооны гажиг, хүний ёс суртахуун, хайр дурлал, гуниг зовлон гээд их өргөн сэдвийг багтаадаг. Хөдөөгийн сургуулийн багш, “Багш” сэтгүүлийн идэвхитэн бичигчээс ярилцлага нийтлэлийн хоёр ч номоо хэвлүүлж бусдаар хүлээн зөвшөөрөгдөн “нийтлэлч” алдрыг хүртжээ. Дунд сургуулийн захирлаас Монголын томоохон алтны компаний захирал хийж явахдаа “шинэ Монгол”, авилгач түшмэл, төсвийн ажилтан, эгэл ардаас эрдэмтэн мэргэд, оюунтан судлаач, авъяас нь цалгисан архад, амьдралаа болгох гэж зүтгэх бизнес эрхлэгч олны амьдралын жаргал зовлонд дунд гүнзгий хутгалдан сайн мууг нь биеэр туулсан. Бас дугаар хорооны иргэнээс далай алгасан Америк оронд ажиллаж амьдарч сүүлийн хориод жилд Монголчуудын дунд бий болсон шинэ үзэгдэл “цагаач” амьдралын нарийн ширийнийг үзэж туулж яваа билээ. Хүн бүр өөрийн туулсан зам, туршлагатай. Гэвч амьдралыг гярхай ажиглаж, эргэцүүлэн тунгааж, мэдсэн судалснаа хуваалцаж, илүү сайжруулахыг хүсч түүнийгээ үгээр тэрлэж, номонд баринтаглан байгаад л хэн бүхний үл дийлэх үнэ цэнэ байна гэж бодлоо.
Түүний хэвлүүлсэн шинэхэн номын тухайд миний хэлэх үг бол “Танд баяр хүргэе”. Учир хэмээвээс “...Дэлхийн шилдэг арми Америкийн тэнгисийн явган цэрэг-монгол залуу, дэлхийн интернет технологийн хөгжлийг манлайлагчид дунд байх монгол инженерүүд, салбар бүрийн монгол эрдэмтэд, судлаачид, хөдөлмөрч шаргуу монгол бизнесменүүд, энэ орны урлагын тэнгэрт авьяас чадвараараа гялалзаж яваа авьяаслаг монгол охид хөвгүүд бодит хүмүүсийн ялалт, амжилтын үнэн түүх байна. Энэ ном нь зүгээр нэг ярилцлагын ном төдий биш, Монгол хүн бэрхшээл давж, өөрийгээ нээн амжилтад хүрч, бүтээж босгож, бие биенээ ойлгож , хамтран ажиллаж чаддагийг баримт нотолгоотойгоор өгүүлж буй тул өөдлөн дэвжихийг хүссэн бүхэнд шинэ санаа, мэдлэг, бодол ухаан, урам зориг өгч, хүсэл тэмүүлэлд нь гал нэмэх ном болжээ” хэмээн "Америкийн Монголчуудын "Даяар Монгол" сонинг үүсгэн байгуулагчдын нэг, зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд өмнөтгөл үгэндээ дүгнэн бичжээ.
Тийм ээ. Цаг зав, боломжоо дайчлан Гадаадад гарсан Монголчуудын бодит амьдрал, шинэхэн түүхээс баринтаглан үлдээж “Би үүнийг хийж амжлаа гэж үү? гэж өөртөө баярласан” таны сэтгэлийн галд чинь урмын цучил нэмье.
Уншигч авхай таныг Нэгдсэн улсын Нийслэлд болох “Сонгодог үдэш” цэнгүүнд хүрэлцэн ирж, ая аялгуу, ном бүтээлийн дээдээс хүртэн, урам дэмийн дулаан үгээрээ хөөрөг зөрүүлж найман сарын нэгэн оройг хамтдаа үдэхийг уриалж байна. www.galbadrakh.com
Америк дахь Монголчуудаа сурталчилан таниулж, бидний хэлэхсэн гээд дотроо хадгалдаг үгс, гаргахсан гэсэн бодол санааг бүтээлээрээ илэрхийлж яваа Галаагийнхаа хийж бүтээх урмын галыг дэврээх таны бэлэг тэр болог.
Д.Бишүүгарам