2012-07-28Хоёр өдрийн турш үргэлжилсэн Ардын намын бага хурал өндөрлөж, улс төрийн амьдралд
дахиад хэд хэдэн эргэлзээтэй асуудал үүсэв. Тус намын даргаар сонгогдсон Ө.Энхтүвшин өчигдөр УИХ-ын шинэ дарга З.Энхболдтой уулзлаа.
Тэрбээр энэ удаагийн уулзалтдаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг дагуулж очсон байв. УИХ-ын даргын өрөөний үүдэнд сэтгүүлчид тэдний гарч ирэхийг тосон зогсч байлаа. УИХ-ын анхдугаар чуулганы хуралдааныг гацаанд оруулж, УИХын даргыгсонгох чуулганы хуралдаанд Ардын намаас сонгогдсон гишүүд оролцоогүй нь олны анхаарлыг гойд татаж буй аж. Ө.Энхтүвшин
УИХ-ын даргыг сонгохдоо хамгийн ахмад настайгаар нь хуралдааныг даргалуулах ёстой байсан. Гэтэл хамгийн ахмад настай Д.Дэмбэрэлийг байсаар байтал Л.Цог гэдэг хүнээр их хурлын анхдугаар хуралдааныг даргалуулсан. Иймээс УИХ-ын ажиллагаа анхнаасаа зөрчилтэй боллоо. Хууль зөрчиж эхэлжээ. Ийм байдлаар явах юм бол УИХ-ын ажил цаашдаа хүнд болно. Ойлголцолгүйгээр явах нь ээ. Энэ тухай би уулзалтын үеэрээ хэллээ. Ардын намын бага хурал ч дууссан. Бид одоо ингээд бичгээ өгнө. Хуралдаа ч орно” гэв. Ийнхүү мэдэгдсэн түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танай нам УИХ-д бүлэг байгуулах боломжгүй болсон гэж хуулийн мэргэжилтнүүд үзэж байгаа шүү дээ?
-Тийм юм байхгүй, 24 цагийн дотор гэж хуульд бий нь бий. Тэгвэл бид энэ 24 цагт нь багтаагаад харин Үндсэн хуулийн цэцэд гомдлоо гаргасан. Цэц дүгнэлтээ гаргах байх.
-Та УИХ-ын даргатай өөр юун тухай ярив?
-Өвөрхангайн нэр дэвшиж ялсан хоёр хүний шүүхийн асуудлыг хурдан шийдэж, тангарагийг нь өргүүлэх хэрэгтэй байна гэдгийг хэлсэн. Хэрвээ З.Энхболд гишүүн та УИХ-ын даргаар албан ёсоор сонгогдох юм бол үүнд онцгой анхаараач гэлээ. Архангай, Өвөрхангай, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд санал тооллогыг гараар явуулъя гэсэн. Үүн дээр бид харин санал нэгдсэн. Өөрөөр хэлбэл З.Энхболд дарга эдгээр тойргууд дээр гараар дахин санал тоолохыг дэмжлээ. Ингээд хоёр талаасаа ажлын хэсэг томилж ажиллуулахаар болсон. Ер нь төрийн ажлыг гацааж болохгүй, хуулийн дагуу шударгаар хийх ёстой.
-Цэцэд хандахдаа гол нь Үндсэн хуулийн ямар заалт, агуулгаар хандсан юм бэ?
-Хууль дээдлэх гэсэн зарчим бий. Үүний дагуу гомдол гаргасан.
-Цэц дээр авч хэлэлцэх боломжгүй гэвэл яах вэ?
-Мэдэхгүй, тэрийг цэц өөрөө л шийднэ.
-Цэцийн шийдвэр гартал танай нам их хурлын ажиллагаанд оролцохгүй гэсэн үг үү?
-Ойрмогхон бид намуудтайгаа ойлголцох юм бол заавал цэцийн шийдвэрийг хүлээх албагүй.
-УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон гэж та бүхэн үзээд байгаа юм уу?
-Тийм ээ. УИХ-ын даргыг сонгох ажиллагаа хууль бус болсон. Иймд бид цэцэд хандсан юм.
-Та нарын эдгээр зүйлийг албан ёсны шаардлага гэж ойлгож болох уу?
-Шаардлага гэж бид хэлээгүй шүү дээ. Эдгээр асуудлаар бид санал солилцлоо. Зөвшилцөх, ойлголцох ёстой, өөр яах юм бэ. Угаасаа ард түмний сонголт бол ийм л байгаа, аль нь ч УИХ-д олонх болоогүй. Нэг нь 31 суудалтай, нөгөөх нь 25 суудалтай, гурав дахь нь 11 суудалтай. Ийм тохиолдолд хоорондоо зөвшилцөх, ойлголцох тухай яриад байгаа юм.
-Эвслийн гэрээгээр УИХ-д олонх бүрдсэн нь бас хууль бус уу?
-Би энд хоёр зүйлийг хэлсэн шүү дээ. Нэгд, зөвшилцөл явагдсангүй. Хуулийн дагуу бол бусад намуудтай гэж байгаа. Хуульд зарим намтай нь зөвшилц, заримтай нь битгий зөвшилц гээгүй. Хагастай нь ч гэсэн юм байхгүй, зөвхөн бусад намтай л гэж заасан. Зөвшилцөхдөө заавал бичгээр хариу авна. Нөгөөтэйгүүр, УИХ-ын даргыг сонгохдоо анхдугаар хуралдааныг хамгийн ахмад настай нь удирдаж хийх ёстой. Д.Дэмбэрэл дарга эрүүл саруул байсаар байтал гэнэтхэн Л.Цог гэдэг хүнээр даргалуулан хурлаа хийгээд, УИХ-ын даргыг сонгосон нь хууль бус юм.
-Төрийг эмхлэн байгуулахад танай намыг маш хариуцлагагүй, санаачлагагүй хандлаа гэсэн шүүмжлэл их байна?
-Ер нь хамгийн их санаачлага гаргах ёстой нь олонх болсон улс төрийн хүчин юм. Олонх болоогүй бол хамгийн олон суудалтай нам нь хамгийн их санаачлага гаргаж ажиллах ёстой. Манай нам санаачлага гаргаж байгаа. Бид хуулийн дагуу л явуулна гэсэн. Бидний бичгийг авахад хэдхэн цаг шаардагдах байлаа шүү дээ. Бид бичгээ өгөхөөр бэлэн болгочихсон байсан. Гэтэл тэрийг хүлээлгүйгээр наана нь, хоёр дахь өдрийн орой УИХ-ын анхдугаар хуралдааныг хийсэн нь буруу гэж бид үзээд байна. Ийм байдал цаашдаа хүнд асуудал үүсгэж мэднэ. УИХ-ын даргыг хүлээн зөвшөөрөхөд бэрх болно. УИХ-аас гаргасан бүх шийдвэрийг хүчин төгөлдөр гэх аргагүй болох юм. Тиймээс бид хуулийн дагуу явуулахыг хүссэн.
Жич: Ө.Энхтүвингийн энэ ярианаас бас л эргэлзээтэй санаа цухалзаж байх юм. УИХ- ын анхдугаар хуралдааныг хийлгэх талаар Ерөнхийлөгч нь хүртэл санаачлага гаргаад, намуудын дарга нараас гуйх нь холгүй юм болоод байсансан. Гэвч Ардын намынхан бүтэн 24 цагийн турш их хурлын танхимд орж ирэхгүй, Ө.Энхтүшингийн өрөөнд болон намынхаа бүлгийн хуралдааны танхимд үүдэндээ хамгаалалт гаргаж, хаалттай хуралдсаар байсан юм. УИХ-д тэд ийнхүү өөрсдөө оролцохыг хүсээгүй хэмээн эх сурвалжууд хэлж байгаа. УИХ-ын чуулганы эхний өдөр тэд тийнхүү гацааж, маргааш нь намынхаа бага хурлыг эхэлж, Д.Дэмбэрэл нь энэ сарын 26-ны 10 цагт УИХ-ын анхдугаар чуулганыг нээх тухай шийдвэр гаргасан юм. Харин үүнд Ардчилсан нам, МАХН, МҮАН-ын нөхөд ихээхэн ундууцсан. Ингээд Ардын намын оролцоогүйгээр УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, УИХ-ын даргыг сонгосон юм. Энэ процессийг тэдгээр намууд хууль зөрчөөгүй гэж тайлбарласан. Тэгвэл Ардын нам дахиад борооны дараа цув нөмрөв гэгч болж буй аж. Цэц тэдний гомдлыг хэрхэн авч үзэж, яаж шийдэхийг хүлээх л үлдлээ.
Гэлээ ч Ө.Энхтүвшин дээрх яриандаа цэцийн шийдвэрийг хүлээхгүйгээр хоорондоо ярилцаад төрийн ажлаа явуулах боломжтой гэсэн нь мөн гайхалтай юм. Үүнээс харахад тэд үнэхээр хуулийн дагуу асуудлаа тавиад байна уу, эсвэл явган наймаа хэлцэх гээд байгаа хэрэг үү. Нэгэнт цэцэд гомдол гаргасан юм бол УИХ- ын ажиллагаанд оролцохгүй суугаад байж болох биш үү, Ардын намынхан. Тэгээд бас болоогүй ээ, Өвөрхангайд өрсөлдсөн хоёр хүн нь сонгууль будлиантуулсан хэргээр шүүхэд дуудагдсан атал “Шүүхийн асуудлыг нь хурдан шийдүүл” гэж З.Энхболдод “үүрэгдсэн” байх юм. Хуулийн дагуу ажиллах гээд байгаа юм бол шүүхэд ингэж нөлөөлөхийг санаархах ёсгүй шүү дээ. Ерөөсөө эндээс анзаарахад Ардын намын удирдлага урьд нь ч шүүхэд нөлөөлөх алхамуудыг ил далдуур их хийж байсан нь үгээр нотлогдоод байгаа юм биш үү. Тэднийхээр бол УИХ-ын даргаар сонгогдоод удаагүй байгаа З.Энхболд нь шүүх рүү яриад “Өвөрхангайд өрсөлдсөн Ардын намын Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг ямар нэг ял зэмгүй үлдээгээд УИХ-ын гишүүн болго” гэх нь л дээ, янз нь. Тийм юм гэж хаана байх билээ. Эцсийн шийдийг шүүх гаргана. Иргэний болон захиргааны хэрэг, маргаан, эрүүгийн хэргүүдийг цөмийг нь шүүхийн шатанд ямар хугацаанд шийдэхийг хянан шийдвэрлэх тухайлсан хуулиудтай. Үүгээрээ учраа олцгоох ёстой. Гэтэл Ө.Энхтүвшин арай дэндүү дураараа аашилжээ. Ингээд сурчихсан юм байна л даа, хашир. Шүүхийнхэн түүнээс айгаад юм уу, эсвэл өгөөш энэ тэрд нь хууртаад тэдэнд ашигтайгаар шийдээд өгдөг байсан юм байна. Гэвч одоо тэр цаг нь өнгөрч буй юмсан. Шүүх шинэчлэгдэж байгаа.
Б.Отгонбаяр