2012-07-28ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болдтой ярилцлаа.
Тэр бээр саяхан хэсэг эрдэмтний хамт “Эх хэлээ эрхэмлэх нийгэмлэг” байгуулжээ. Түүнтэй ярилцсанаа уншигчдадаа хүргэе.
Хэл зохиолын хүрээлэнтэй хэдийнээс холбогдов. Ямар чиглэлээр судалгаа хийж байна вэ?
МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангийг 1971 онд төгсөөд Хэл зохиолын хүрээлэнд ажилд орсон. Тэр үед хүрээлэнд орох хүүхдүүдийг Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын хурлын шийдвэрээр ажилд авдаг байлаа. Их сургуулиас гол төлөв сурлага сайтай хүүхдүүдийг сонгож авна.
Манай ангиас Х.Сампилдэндэв бид хоёр энэ хүрээлэнд ажилд орж, би хэл шинжлэл, Алтай судлалаар судалгаа шинжилгээний ажил хийж эхэлсэн. Тухайн үед Хэл зохиолын хүрээлэн хос мэргэжлээр судалгаа хийлгэх бодлого барьдаг байж.
Тэгээд л би турк хэлний чиглэлээр судалгаа хийж, Д.Ёндон, Л.Хүрэлбаатар нар төвд, монгол утга зохиол, Х.Сампилдэндэв аман зохиол, орчин үеийн уран зохиол, Р.Нарантуяа монгол тууль, эртний уран зохиолоор судалгаа хийж байсан.
Биднийг хүрээлэнд ирэхэд Ц.Дамдинсүрэн, С.Лувсанвандан гээд тэр үеийн нэртэй эрдэмтэд ажилладаг байлаа. 1972 онд судалгааны ажлын чиглэл өгч, Хөвсгөл аймгийн Ренчэнлхүмбэ, Цагааннуур сум руу цаатан, урианхай нарын хэлийг судлахаар явуулсан. Тэр үед судалгааны сэдвийг өөрөө сонгодоггүй байлаа шүү дээ. Цаатнууд турк хэлээр ярьдаг ард түмэн. Морь, цаа унаад тайгаар явах Дархан хотод өссөн айлын отгон хүү надад эхэндээ ахадсан ажил байсан. Гэвч хүнд хэцүү байна гэж хэлэлгүй ажлыг чадлынхаа хэрээр л амжуулдаг байв. Тэр цагаас хойш Хэл зохиолын хүрээлэнд цэвэрлэгч, референтээс бусад бүх ажлыг хийж үзлээ. Би турк хэл судалдаг ч магистр, докторын ажлыг нь удирдаж хамгаалуулсан олон шавь маань монгол хэл судлалаар судалгаа хийсэн, өөрөө бас энэ чиглэлээ орхилгүй, их дээд сургуулийн хичээлийн хэрэглэгдэхүүнд зориулсан 10 гаруй ном бүтээл хэвлүүлээд байна.
Монгол хэлний өгүүлбэр зүй, харьцуулсан хэлзүй, үгийн сан зэрэг олон бүтээлд зохиогч, редактороор ажиллаж байсан. Хамгийн сүүлд “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” таван боть зохиолыг удирдан хийлгэж, хожим нь ерөнхий редактороор ажиллаж 2009 онд дуусгалаа. Харамсалтай нь энэ толь санхүүгийн бэрхшээлээс болоод цөөхөн хувь хэвлэгдсэн. Хүрэх ёстой эздэдээ бүрэн хүрээгүйд ихэд харамсаж явдаг.
-Та бүхний гаргасан толь бичигт хэчнээн үг орсон бэ. Бидний өдөр тутам хэрэглэдэг үгс хэд орчим байдаг бол?
-Энэ тольд Монголын нийгэм эдийн засаг, улс төр, шинжлэх ухаан, уран зохиол гээд нийгмийн бүхий л салбарт хэрэглэж байгаа 200 гаруй мянган үг, хэллэгийг багтаасан. Ингэхдээ монгол хэлний хөгжлийн гуравдугаар үеэс эхэлж хэрэглэж буй үг хэллэгийг оруулсан. Энэ нь XVII зуунаас хойш 1970-аад он хүртэлх үе л дээ. Монгол хэлний нийт үгийн сантай харьцуулахад энэ нь тийм ч олон үг, хэллэг биш. Монгол хэл үнэхээр яруу, баян тансаг. Гэтэл манайд хэлний зөв зохистой хэрэглээ сүүлийн үед нэлээд алдагдсан. Хэлний талаар төрөөс баримталж байгаа бодлого, шинжлэх ухаанд хандах байдал тийм ч сайнгүй учраас энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэд маш их эмзэглэж явдаг. Тухайлбал, төрөөс англи хэлийг хоёр дахь хэл болгоно гэж ярьдаг атлаа эх хэлээ сайжруулах, зөв зохистой хэрэглээг дэмжих талаар ямар шийд гаргасан нь тодорхойгүй. Миний бодоход Монголд гурван зүйл үнэгүй болжээ.
Нэгдүгээрт, газар нутаг. Гадныхан ашигт малтмалын орд газрыг маань лиценз нэрээр аваад яаж ашиглаж байна. Гэтэл манай баячууд гадаадад орд газар эзэмшдэг үү. Байхгүй. Гадныхан газар нутгаа манайх шиг дураар нь эзэмшүүлдэггүй.
Хоёрдугаарт, монгол хүний үнэлэмж үнэхээр доогуур. Өдөрт вагон вагоноороо хятадууд нийслэл рүү орж ирдэг. Манайд ажилгүй залуус гудамжаар дүүрэн байна. Тэднийг сургаж, цалинг нь нэмж болно шүү дээ.
Гуравдугаарт, монгол хэл соёл үнэхээр үнэгүйдсэн. Гадаад хэл сурах талаар маш олон зүйл ярьдаг ч монгол хэлээ ингэж сургая, өвлүүлье гэсэн бодлого байдаггүй. Бид их, дээд сургуульд элсэж байгаа хүүхдүүдээс эх хэлний шалгалт авдаг болъё гэж асуудал тавиад дэмжүүлж чадахгүй байна. Энэ шалгалтаар зөвхөн зөв бичих дүрэм, найруулга, хэлзүйг харах бус монголоор хэр зөв сэтгэж байгааг нь харна гэсэн үг. Манайхан хүүхдээ багаас нь хувийн сургуульд сургаж унаган англи, герман хэлтэй болгоно гэдэг. Энэ нь сайн хэрэг ч нөгөө талаар эх хэлээ үнэгүйдүүлж байгаа юм. Гадаадын орнуудад харь хэлийг хүүхдэд хэддүгээр ангиас нь заах талаар судалгаа байдаг юм билээ.
Гадаад хэлийг хүүхдүүдэд хэддүгээр ангиас нь заах ёстой юм бэ?
Хэдэн жилийн өмнө манайд тавдугаар ангиас нь гадаад хэл заадаг байсан. Энэ жишгийг одоо мөрдөхөд болохгүй зүйл байхгүй шүү дээ. Агуу их зохиолч, орчуулагч М.Цэдэндорж, С.Галсан нар 20 гарсан хойноо орос хэл сурсан. Тухайн үед тэдэн шиг сайн орчуулагч Монголд байгаагүй. Үүнээс гадна багш нарын хөдөлмөрийг ялангуяа бага ангийн багшийн хөдөлмөрийг үнэлэхгүй байна. Монгол хүүхдийг монгол хүн болгож буй багшийн хөдөлмөр дутуу үнэлэгдэж болохгүй. Өнгөрсөн хугацаанд багш нар хоёр ч удаа ажил хаялаа. Бага ангийн багш нар өч төчнөөн сурах бичиг бичсэн байхад ямар ч зэрэг цол байдаггүй. Энэ тал дээр төрийн бодлого үгүйлэгдэж байгаа юм.
Эх хэлээ эрхэмлэх нийгэмлэг ямар үйл ажиллагаа явуулах вэ?
Эх хэлнийхээ төлөө сэтгэл эмзэглэж явдаг акаде мич Д.Цэрэнсодном, Д.Төмөртогоо, доктор, профессор Ш.Чоймаа, Ж.Баянсан, Ц.Өнөрбаян зэрэг хэсэг эрдэмтэн энэ нийгэмлэгийг байгуулсан. Манай нийгэмлэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Тухайлбал, дунд сургуульд төрөлх хэлний хичээлийг заах төлөв лөгөө боловсруулна. Монголд маш олон радио, телевиз, нэвтрүүлгээ цацаж, сонин хэвлэл гарч байгаа. Энэ байгууллагуудад эх хэлний талаас нь тавих хяналт алга. Гэтэл гадаадын улсуудад алдаатай үг бичсэн, зохисгүй үг хэрэглэсэн гэх мэтээр жилийн эцэст хянаж үзээд олон зөрчил гаргасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаах хүртэл арга хэмжээ авдаг юм билээ. Дөрөв дэх засаглалыг цэвэр ариун байлгахын тулд хяналт тавьдаг байх ёстой. Хотын соёлын нэг хэсэг болох хаяг рекламны самбарын үг хэллэгийг ч анхаармаар байна. Энэ мэтчилэн олон ажил хийхээр төлөвлөсөн. Шинэ Засгийн газар, УИХ-ын гишүүд эх хэлний асуудалд нааштай анхаарал хандуулах байх гэж найдъя.
Монголчууд гадаад үгийг маш их хэрэглэх болсон. Хэлний хэчнээн хувьд нь гадаад үг байна вэ?
Аливаа хэлэнд гадаад хэлнээс үг орж ирэх нь тийм ч хачирхалтай зүйл биш. Ном, дэвтэр, саван гээд бид гадаад үг хэрэглэж байгаа. Тухайн ойлголтыг илэрхийлэх монгол үг байгаагүй учраас авч байсан. Харин сүүлийн үед гадаад үг хэрэглэх хэм хэмжээ алдагдаж эхэлсэн. Социализмын үед Хэл зохиолын хүрээлэнгээр нэр томъёог баталдаг байлаа. Төрийн хэлний зөвлөл байгуулаад Эх хэлний хуулийг тэнд харьяатай болгосноос хойш гадаад үг хэрэглэх явцад тавих хяналт суларч замбараагаа алдсан. Одоо захын сонин аваад үзэхэд гадаад үг үгийн сангийн 10- аас дээш хувийг нь эзэлж байна. Дэлхий дахинд тухайн улсын хэлний 7-8 хувьд гадаад үг хэрэглэж байвал хэвийн хэмжээ гэж үздэг юм.
Гадаад үгийг хэрэглүүлэхгүй байх талаар ямар ажил хийж байна вэ. Хүүхэд залууст багаас нь эх хэлээ хайрлах үзэл төлөвшүүлэх хэрэгтэй байх л даа.
Энэ талаар Ажлын хэсэг гарч судалгаа хийж байна. Эх хэлний талаар судалгаа хийхэд санхүүгийн асуудал маш хүндрэлтэй байдаг. Хэл бичгийн эрдэмтэд “Үсгийн дүрмийн толь” хийе гэсэн санал гаргаад БСШУЯ-нд хүсэлт тавьсан. Зөв бичих дүрмийн толийг ганц хүн хийдэггүй. Ажлын хэсэг гарч олон талын үзэл бодол оролцуулж хийх шаардлага гарч ирж байна. Энэ дагуу ажиллая гэж хэсэг эрдэмтэн ярилцаад, Ажлын хэсгийн ахлагчаар намайг томилсон. Би БСШУЯ-аар нэлээд явсан ч маргаантай бичигддэг 500 үгээр толь гаргуулаад санхүүжилт дууссан гэсэн.
Нэр томъёог бичих нэгд сэн стандарттай болно гэсэн үү?
Нэр томьёоны тухайд бид тодорхой нэгдсэн бодлого барьж байна. Тухайлбал, ШУТИС 17 салбар сургуультай. Тэнд нарийн мэргэжлийн багш нар бий. Түүнийг түшиглээд шинжлэх ухаан, технологийн салбарын үг хэллэг, нэр томъёог жигдлэх боломжтой. Үүнд манай мэргэжилтнүүд оролцож ту сална. Энэ нүсэр ажлыг ком пьютер ашиглаж байж л хий нэ. Ингэхийн тулд тэнд ком пьютер, хэл шинжлэлийн лабо ратори байгуулах хэрэгтэй. Энэ ажил одоогоор ахицтай байгаа.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн ямар ажил хийж байна вэ?
Би энэ ажлыг аваад удаагүй байна. Хэл зохиолын хүрээлэнгээс дээд сургуулийн сурах бичиг, иргэдийн хэлний боловсролд зориулсан бүтээлүүд гарч байна. Гэвч манай эрдэмтдийн туурвисан ном бүтээл хүрээлэнгийн номын сан, архиваас цааш гарч уншигчдын гарт тэр бүр очихгүй байна. Тиймээс бид “Хэл зохиол эрдмийн чуулган” ном гаргахаар болж, нэгдүгээр ботийг нь саяхан хэвлүүллээ. Дээхэн үед манай хүрээлэн “Дурсгалт бичгийн чуулган” гэдэг сэтгүүлтэй байсан. Үүнийгээ сэргээж дахин гаргахаар боллоо. Орчин үеийн судалгаа бидний үед хийж байсан судалгаанаас их өөр болчихож. Тухайлбал, судалгааны бүтээлээ монгол, англиар тавиад, CD-тэй нь хамт гаргаж байна. Хэл зохиолын хүрээлэнд одоогоор 1000 цагийн бичлэг бий. 700 гаруй цагийг нь тоон системд оруулж, 10 CD гаргалаа.
Ахмад эрдэмтдийн цуглуулсан тод бичгийн дэлхийд байхгүй фонд манайд байдаг. Академич Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын төвд хэлээр болон бу сад бичиг үсгээр бичсэн но мыг цуглуулж байсан ховор номнууд манай хүрээлэнд бий. Одоо эдгээр номны хуудсыг эр гүүлэхэд гарын ая даахгүй бол сон учир компьютерт оруулах, улмаар бусад орны эр дэмтэдтэй хамтран нэгдсэн фонд үүсгэхээр ажиллаж байна.
Та одоо судалгааны ажил хийж байна уу?
Судалгааныхаа ажлыг орхиж чадахгүй юм. Одоо турк, монгол хэлний харьцааны талаар судалгаа хийж байна. Нэг үг гэхэд л манай үе үеийн хөгжлийн түвшинг тусгасан олон утгатай болсон байдаг. Жишээ болгож хоёр үгний талаар хэлье л дээ. Төр гэдэг үг анх хууль ёс журам гэсэн утгатай байсан. Бичиг гэдэг үгийг бид бүгдээрээ мэднэ. Сийлэх, зурах гэсэн утгатай байж. Одоо гарын үсэг зурах гэх цөөн үгэнд энэ утга нь хадгалагдан үлджээ. Эх хэл маань хөгжиж утга нь өөрчлөгдсөөр одооны бидний үед ирсэн. Хэл хүнтэй л адилхан өсөж дэвжиж, хувьсаж өөрчлөгдөж байдаг. Энэ зүй тогтлыг зөв ухаарч хэрэглээнд журамлан оруулах нь нийт иргэдийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх үндэс болох учиртай юм.
www.өнөөдөр сонин