2012-07-27МАХН-МҮАН-ыи “Шударга ёс” эвслээс жагсаалтаар УИХ-д орохоор болж буй Ц.Цолмонтой цаг үеийн асуудлаар
ярилцлаа.
-Сонгуулиас хойш уулзалдсангүй. Амарч байна уу зсвэл МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн ажил гээд завгүй байв уу?
-Нэг хэсэг сонгууль гээд ажил ихтэй байлаа. Сонгуулийн дараа эвсэл байгуулах ажилд тодорхой хэмжээгээр оролцсон. Тэрнээс хойш ерөнхийдөө амралтын байдалтай аж ахуйн ажил хөөцөлдсөн шиг л байна даа.
-Олон хүний анхаарлын төвд байгаа зүйл бол “Шударга ёс” эвслийн нэр бүхий гурван гишүүн тангарагаа өргөж УИХ-д албан ёсоор орох тухай. Цэцийн шийдвэр бараг эцэслээд гарчих шиг боллоо. Та гурвын хувьд багагүй хүлээлээлээ шүү дээ?
-Бидний хувьд бол Цэцийн шийдвэрийг л харж байсан. Нэгэнт “Шударга ёс” эвслийн жагсаалт гарсан болохоор тэр. Миний хувьд нэрийн жагсаалтаар ест бичигдсэн. Жагсаалтаар эхний гурван хүн маань орох ёстой учраас үүн дээр нэг их анхаарал хандуулаагүй. Харин нөхцөл байдал арай өөр болж өмнөх гурван хүн маань УИХ-д орох боломжгүй болсон учраас хууль дүрмийнхээ, эвслийн ёс зүйн хүрээнд зохицуулагдаад явах зүйл. Тийм учраас болох юм болдгоороо болно. Бид яарлаа гээд байдал өөрчлөгдөхгүй. Бид бол анхнаасаа л эвсэл дээр хэлэлцэж байгаад нөгөө хүмүүсийнхээ асуудлыг шийдэгдтэл хүлээе гэсэн шийдэлд хүрсэн. Асуудал ярьсныхаа дагуу л явж байгаа. Одоо Цэцийн шийдвэр гарсан болохоор удахгүй тангараг өргөх процесс нь болох гэж байх шиг байна. Надад сэттэл санааны хувьд янз бүрийн юм бодогдоод байх юм байгаагүй.
-Зарим хүмүүсийн яриагаар та бүхэнд Н.Энхбаярын зүгээс шахалт ирсэн юм биш байгаа гэсэн таамаг байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Тийм зүйл огт байхгүй. Н.Энхбаярын зүгээс шахалт үзүүлсэн зүйл алга. Анх энэ асуудалд эвслийн зүгээс хандсан болохоор бүх зүйлийг эцэслэн шийдтэл тангарагаа өргөөгүй. Одоо Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарсан учраас дараагийн алхмаа хийнэ. Нэгэнт хоёр нам эвсэж сонгуульд оролцсон болохоор тус тусдаа жагсаалт гаргасан байгаа. Би нам дээрээ гуравт бичигдсэн бол эвслийн тухайд ест байх жишээтэй. Тэгэхээр ямар ч байсан 30-аас дээш хувь авч байж л УИХ-д сонгогдох боломж нээгдэх учиртай.
Мэдээж миний дэмжигчид эвслийг 33-аас доошгүй хувь авах юм бол намайг УИХ-д оруулах босгоо давна гэдгийг ойлгож ажилласан л байгаа. Тэр утгаараа ганц тойрог дээр биш орон даяар л ажилласан.
Энд нэг зүйлийг хэлэхэд нэрсийн жагсаалтад байгаа хүмүүс бараг зүгээр сууж байгаад л Их хуралд орох нь гэсэн ойлголт ажиглагдсан. Харин ч тойрог дээр өрсөлдсөн зарим хүмүүсийг бодвол нам, эвслээ тодорхой хувийн санал авахуулж байж дэмжиж буй нэр дэвшигч нь сонгогдоно гэдэг дээр маш их зүтгэл гаргаж ажилласан. Энэ удаагийн сонгуулиар “Шударга ёс” эвслийг маш их хүн дэмжсэн. Магадгүй бид 30-аас дээш хувь авсныг үгүйсгэхгүй. Цаашид шинэ залуу улстөрчийг бэлтгэх ёстой.
Би 30 гаруй насандаа л сайдын албан тушаалд ажиллаж байсан. Тэр үед энэ залуу хүүхэд гэж шүүмжлэх хүн байсан байх. Ер нь боловсролтой, оюуны чадамжтай, шаардлага хангаж байгаа бол гишүүн болж болно. Бас нэг зүйлийг хэлэхэд 60 гарсан хүнийг хөгширсөн улстөрч гэж ярих нь буруу. Улстөрчид 60 гаруй насандаа гэр бүлээ бодохоосоо гадна улс орныхоо ирээдүйг бодох насанд хүрсэн ахмадуудаа аль болох олноор нь ажиллуулах нь зөв.
-Н.Энхбаяр, М.Энхсайхан та гурвыг муудалцсан. Бараг “Шударга ёс” эвсэл задрахдаа хүрсэн гэх яриа чих дэлсэх боллоо. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?
-Муудалцсан зүйл байхгүй. Гэхдээ тодорхой асуудалд санал нийлэхгүй байж болно. Хувь хүнийхээ хувьд муудсан юм алга. Бидний насны хүмүүс хувь талаасаа илүү улс орныхоо эрх ашгийг бодох ёстой.
-АН “Шударга ёс” эвсэл хамтраад Засгийн газар байгуулах тухай хэлэлцээрт ороод нэгэнт хамтрах нь тодорхой болчихлоо. Таны хувьд хэлэлцээрт орж ажилласан уу?
-Хэлэлцээр хийх ажлын хэсэгт орж ажиллаагүй. Гэхдээ “Шударга ёс” эвслээс хэлэлцээрт орох баримт бичиг боловсруулсан. Үүнд нь харин гар бие оролцсон. Ингээд эвслийн мөрийн хөтөлбөрөөс юуг нь голлож оруулах юм бэ, хамтарч ажиллахдаа ямар зарчим баримталж ажиллах вэ зэргээр хэлэлцээрт орох ажлын хэсэгтээ удирдамж боловсруулж өгсөн байгаа.
-УИХ-ын анхдугаар чуулган гацаанд ороод хэд хоносон. Энэ бүхнийг хараад юу гэж бодогдож байх юм бэ. Ер нь ямар гарц байж болох вэ?
-”Шударга ёс” эвслээс мөрийн хөтөлбөртөө таван хувьсгал гэж дэвшүүлсэн байгаа. Энэ нь тэр таван салбарт тодорхой өөрчлөлт хийх ёстойг хэлсэн хэрэг. Тухайлбал, улс төрийн салбарт гэхэд Үндсэн хуулиа шинэчлэх асуудал байна. МҮШН-ын дарга байхдаа намынхаа нөхөдтэй хамтраад тавдугаар үндсэн хуулийн төслийг боловсруулсан. Тэрхүү төслөө МАХН-ынхантай хамтраад дахин шинээр боловсруулж нэгдсэн хувилбар гаргасан байгаа.
Одоо АН-тай эвсээд ажиллаж байгаа юм чинь тэдний бас санал бодлыг сонсоод улам сайжруулаад бүх ард түмнээрээ хэлэлцүүлээд улс төрийнхөө тогтолцоог үндэсний эрх ашгийг илүү хамгаалахад чиглэгдсэн байдлаар шинэчилж өөрчлөх шаардлага байна. Парламент ард түмний зүгээс болон дотроо гэсэн хоёр танхимтай байж бие биенээ хянадаг, намын болоод улс орны эрх ашгийг хослуулж зөв барьж явах тогтолцоонд оруулах ёстой гэсэн шинэчлэл байгаа юм. Тэрийгээ мэдээж үргэлжлүүлж хийнэ. Эдийн засгийн салбарт гэхэд монголчууд эд баялагаа өөрсдөө ашиглаж, өөрсдөө илүү ашиг олдог систем рүү явах ёстой. Энэ бол монголчууд баялагтаа эзэн суух ёстой гэсэн бодлого юм. Одоо бол Монголд хөрөнгө оруулалт бага байна гэдгийг далимдуулж гаднаас янз бүрийн мөнгө орж тэр нь гадныхны эрх ашиг давамгайлсан байдалтай байгаа. Тэгэхээр үүнийг засч залруулах боломж манайд бүрдэж байна.
Өнөөдөр бидэнд оюун санаа хийгээд менежментийн хувьд ч чадвар нэмэгдэж хөрөнгө мөнгөний тал дээр ч арай өөр болж байна. Нөгөө талаас зах зээлиин эдийн засаг гээд ерөнхийд нь тунхаглаад чаддаг хэсэг нь өөрсдөө мэдсүгэй гээд хаячихаар чадалтай хэсэг нь улам чадаад социализмын үеэс хойш тийм чадвар суугаагүй хэсэг нь хаягдсан тал бий. Тэгэхээр тийм хэсгийгээ төрийн бодлогоор чирж явах ёстой юм. Бидний дэвшүүлээд байгаа энэ бүх санал санаачлага АН-ын мөрийн хөтөлбөрт байгаа болохоор хамтарсан Засгийн газрын хувьд зөрчилдөөд байх зүйл бага учраас бид олон асуудлыг шийдэх боломжтой.
-Намууд эвсэж байгаа нь хэр оновчтой юм бэ?
-Монголд олон жижиг намуудын тоо цөөрч, хоёроос гурван боловсон хүчний нөөц сайтай улс төрийн хүчин байх хэрэгтэй болов уу. Баруун зүүн гэдгээрээ биш Монголын эрх ашгийг хамгаалж байна уу гэдгээрээ нэгдэх учиртай. Эх орончдын нам бүх орончдын гэсэн хэлбэрээр хоёр гурван л улс төрийн хүчин бий болох байх. Улс төрийн хүчнүүд нэгдэж нэг байшинд байхын аргагүй болсон намууд задарч богино хугацаанд шинэчлэгдэх байх гэж бодож байна.
Эвсэл ч аль болох хурдан нэг нам болж ардчилсан намтай хамтарч дөрвөн жил сайн ажиллах юм бол цаашдаа нэг улс төрийн хүчин болж болно. Тэр нь монголын эрх ашиг, үндэсний үзэлд нэгдэх ёстой гэсэн баримтлалтай. Тэр талдаа ч анхаарал тавина.
-Хамгийн түрүүнд ямар ажил хийхээр төлөвлөсөн байгаа вэ?
-Монголын амьдралд тулгараад байгаа тулгамдсан асуудалд нэгдүгээрт, ажлын байр хоёдугаарт орон сууцны асуудлыг шийдэх, гуравдугаарт, баялгийн хуваарилалтыг шударга болгох зэрэг ажлыг нэн тэргүүнд хийнэ. Өмнө нь Гадаад харилцааны дэд сайд, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа энэ чиглэлээр ажиллаж байсан. Үүндээ түлхүү анхаарч дорвитой зүйл хийнэ.
Хэрэв улс төрийн зориг эрмэлзлэл байвал бүх монголчуудыг ойрын хугацаанд ажилтай болгох боломжтой гэж боддог. Залуучуудыг шоронд хорьж буй зардлаар ажилтай болгож болно. Дунд ахмад насны хүмүүс ч ажилгүй байна. Гэтэл Монгол даяар эзэнгүй хяналтгүй өмч хөрөнгө байна шүү дээ. Түүнийг цуглуулж ажилтай болгох боломжтой. Түүхий эдээ худалдаж хүнсний үйлдвэр барьдаг ч юм уу ажлын байр бий болгож болно. Энэ мэт асуудлаар салбарын яамдыг дэмжих шаардлагатай хууль тогтоомжийг гаргах зэргээр ажиллана.
-Яамдын тоог нэмэх бодлого барьж байгаа Ардчилсан нам. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Төрийн албыг цомхотгохын эсрэг байна. Хоёр том гүрэнтэй хил залгаа амьдарч буй Монгол Улсын төр хүчтэй байх ёстой. ОХУ-ын төрөөс дутахгүй ажиллах нь чухал. Хүн хүчний нөөцтөй байх нь мөн л чухал. Сүүлийн үед нэр хүндээ өсгөх гэсэн хүмүүс Монгол төрийн албыг ажлын чадваргүй болтол цомхотгосон. Төрийн албыг цомхотгох хэрэггүй. Харин төрийн албыг хүчирхэг, зангарагтай болгох, ялангуяа яам болгонд бодлого боловсруулдаг нэгж байх ёстой. Нэг намд 70 орчим хүн ажиллаж байгаа.
Төрийн албаны тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Яамдуудын тоог ч нэмэх ёстой. Нэг хэсэг монголчууд мөнгөгүй байхдаа төрийн албыг цөөлье гэсэн уриалга гарсан. Монгол Улсын эдийн засаг 20 хувиар өссөн бол дутахгүй төрийн албанд орон тоо бий болгох учиртай.
-УИХ-ын даргыг сонгосон процесс хууль зөрчсөн гэж буй. Энэ талаар?
-УИХ-ын даргыг сонгосон нарийн асуудлыг мэдэхгүй. Цаашдаа улс орныхоо эрх ашгийн үүднээс зохицуулаад намынхаа үйл ажиллагааг үргэлжүүлэх байх. Түүнээс биш өө хайж ажиллах юм бол хэцүү. Аливаа улс орны эрх ашиг ямар ч хуулиас дээгүүр тавигдана. Улстөрчид нэг зүйлийг ойлгох ёстой. Намын эрх ашгаас илүү улс орны эрх ашгийг нэгдүгээр тавигдах учиртай. Монгол орноо хөгжүүлэх гэсэн үндэсний эрх ашгийг дээдлэх ёстой.
-”Шударга ёс” эвслээс хэдэн сайд гарах вэ?
-Таван хүнээ томилно. Таамаглаж яримааргүй байна. Эцсийн байдлаар шийдэгдээгүй болохоор урьдчилж хэлэх боломжгүй.
-Таньд сайдын санал ирвэл хүлээж авах уу?
-Парламентад анх удаагаа сонгогдсон нь би. Тиймээс УИХ-даа ажиллана. Засгийн газарт бол ажиллаж байсан.
О.УУГАНЖАРГАЛ