2012-07-24АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий, анхны Африк Америк гаралтай тэргүүн хатагтай Мишэль Обама нь
АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотноо 1964 оны 1 сарын 17-нд мэндэлжээ. Мишэль аав, ээж, ахын хамт нийтийн орон сууцанд бага насаа өнгөрөөж, жирийн нэгэн америк гэр бүлийн хэв маягаар оройн хоолоо ширээ тойрон идэж, амралтын өдрүүдээр Методист сүмийн үйл ажиллагаанд оролцдог байжээ.
Айлын бага охин Мишэль өөрөөс нь хоёр насаар ах Craig Robinson-тойгоо их дотно өсжээ. Тэд багадаа гэрээрээ хичээллэн уншиж сурсан төдийгүй хоёулаа хоёрдугаар ангиа алгасан суралцжээ.
Мишэлийн хувьд 6-р ангидаа Bryn Mawr дунд сургуулийн (сүүлд Bouchet академи болсон) авьяаслаг хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөртэй ангид орсон байна. Эцэг эх нь хоёулаа коллежид сураагүй ч ах дүү хоёрын хувьд шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл ирээдүйн ололт амжилтыг авчирсан гол нууц нь байлаа.
Мишэль 1970-1977 онд “Bryn Mawr” дунд сургуулиа дүүргээд 1977-1981 онд “Whitney Young Magnet” ахлах сургуульд сурч байхдаа “Хүндэт сурагч” болоод зогсохгүй “Үндэсний Нэр Төрийн Нийгэмлэг”-ийн гишүүн, нярвын ажлыг хийж байв.
1981 онд тэрбээр ахыгаа даган Нью Жерси дэх Princeton-ы Их сургуульд элсэн орсон юм. Мишэль энэ үед мөн л “Third World Center” (одоо Carl A.Fields Center нэрээрээ танигдсан) буюу цөөн тооны гишүүнээс бүрдсэн академик соёлын группэд хамрагдаж, өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаа, хичээлийн дараах сургалт зэргийг зохион байгуулж, “Хар арьстнуудын нэгдсэн байгууллага”, “Африк-Америк оюутнуудын бүлгэм” зэрэгт ажиллаж байв. Ингээд 1985 онд их сургуулиа социологичоор онц дүнтэй төгссөн Мишэль цааш үргэлжлүүлэн сурч, Харвардын Хуулийн Их Сургуульд 1988 онд хуулийн чиглэлээр Докторын /Juris Doctor/ зэрэг хамгаалж, “Harvard Legal Aid Bureau”-ын хүрээнд нутгийн уугуул иргэдэд тулгарсан асуудлуудад хууль зүйн зөвлөгөө өгөх зэргээр ажиллаж байжээ.
Анхны болзоо, амьдралын хань
Харвардын Хуулийн Их Сургуулийг дүүргэснийхээ дараа Мишэль худалдааны болон оюуны өмчийн хуулийн пүүс “Sidley Austin”-ы Чикаго дахь салбарт ажилллах болов. Энд Мишэль өөрийн ирээдүйн нөхөр болох залуу мэргэжилтэн Барак Обаматай анх танилцжээ. Барак 1989 оны 6 сард “Sidley Austin”-ы хуулийн пүүсэд ажиллахаар ирээд байсан бөгөөд Мишэль түүний зөвлөхөөр ажиллаж байлаа.
Анхандаа Мишэль Обамаг болзоонд урихад нь татгалзаж, тэдний ажлын харилцаа нь хайр дурлалтай холилдож болохгүй гэсэн хатуу байр суурьтай байсан ч эцэст нь байгууллагын нэгэн уулзалтын үеэр Обама түүнд сэтгэгдэл төрүүлснээр удалгүй хосууд бие биедээ ухаангүй дурласан гэдэг.
Тэд анхны болзоогоороо тэд Spike Lee-ийн найруулсан “Do the right thing” киног үзсэн байна. Хоёр жил болзсоны дараагаар Барак түүнд гэрлэх санал тавьжээ.
Мишэль энэ тухай “Баракийг өмгөөллийн ажлаа дуусгасныг тэмдэглээд бид нэг ресторанд хоол идэж суулаа. Хоолоо идсэний дараа зөөгч тавиур дээр амттан тавин хүрч ирсэн юм. Харин тэнд нь бөгж байлаа. Би үнэхээр цочирдсон” хэмээн дурсжээ.
Ийнхүү 31 настай Обама болон 28 настай Мишэль нар 1992 оны 10 сарын 18-нд “Trinity United” Христийн сүмд гэрлэжээ. Энэ мөчөөс Мишэль Обамагийн хуулийн зөвлөх биш амьдралын зөвлөх нь болж, тэд одоо 2 хөөрхөн охинтой аз жаргалтай гэр бүл болсон юм. Тэдний охин Malia Ann 1998 онд, бага охин Natasha (түүнийг хүмүүс Sasha нэрээр нь сайн мэднэ) 2001 онд мэндэлжээ.
Дайчин бүсгүйн шавхагдашгүй хүч
Обамагийн гэр бүл 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар Чикаго хотоос Вашингтон руу нүүсэн байна. Мишэль Обама нь Hilary RidhamClinton болон Laura Bush-с хойшхи сургуулиа төгссөний дараа дахин мэргэжлээ дээшлүүлэн суралцсан АНУ-ын 3 дахь тэргүүн хатагтай болсон юм. Мишэль 1993 онд “Sidley Austin”-ы хуулийн пүүсээ орхиж, “Чикагогийн олон нийтийн холбоотон”-г /Public Allies Chicago/ байгуулжээ. Насанд хүрэгчдийг олон нийтийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож хөгжихөд нь дэмжлэг үзүүлдэг ашгийн бус энэ байгууллагаа өөрөө удирдан 4 жил ажилласан байна.
Дараа нь 2002 оноос Чикагогийн Анагаахын Их Сургуулийн /University of Chicago Hospitals /гүйцэтгэх захирлаар/, 2005 оны 5 сараас Гадаад хэргийн нийгэмлэгийн / President for Community and External Affairs/ дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Энэ үед ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн компанит ажил ид өрнөж байлаа. 2008 онд тэрбээр нөхрийнхөө сонгуулийн ажилд туслан уулзалт цуглаан, янз бүрийн үйл ажиллагаанд идэвхитэй хамрагдаж байв.
Хаана ч очсон өөрийн үзэл бодлыг ухаалаг зөв илэрхийлж, олон хүний хүндэтгэлийг хүлээж байлаа. Хожим нь 2008 оны 11 сард Барак Обама ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа эхнэртээ талархлаа илэрхийлсэн байдаг. Учир нь түүний энэ өндөрлөгт хүрэхэд эхнэрийнх нь үүрэг оролцоо, дэмжлэгтуслалцаа асар их байсан юм.
Мишэль цаг ямагт суралцаж, хөдөлмөрлөж ирсэн шаргуу бүсгүй төдийгүй халамжит гэргий, хайрт ээж, сайн гэрийн эзэгтэйн үүргээ ч орхигдуулалгүй, хажуугаар нь Чикагогийн Анагаахын Их Сургуулийн ажлаа ч үргэлжлүүлсээр байсан юм.
Мишэлийн хамгийн үнэтэй, нандин гоёл
Тэргүүн хатагтай Мишэлийн ээж Marian нь охиныхоо гэр бүлийн хамт одоо цагаан ордонд амьдарч байгаа аж. Харин эцэг Fraser Robinson нь хотын ус дамжуулах станц болон Ардчилсан намын сонгуулийн хэсгийн сайн дурын удирдагчаар ажиллаж байгаад 2008 оны сонгуулиас хойш Spiegel Category Store –ын нарийн бичгийн даргын алба хаших болжээ.
Харин түүний хайртай ах Craig одоо “Oregon State Beavers”-ын сагсан бөмбөгийн ахлах дасгалжуулагчийн ажлыг хийдэг байна. Мишэль тэргүүн хатагтай болсноосоо хойш гэр бүлгүй хүмүүст тусалж, байгалийн гамшигт нэрвэгсдэд туслалцаа үзүүлэх зэрэг нийгэмд тустай олон ажилд оролцсоор байна. Үүнийг нь ч олон нийт үнэлсээр байдаг.
АНУ-ын “Forbs” сэтгүүлээс жил бүр гаргадаг “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэй” жагсаалтыг өнгөрсөн 2010 онд тэрбээр тэргүүлжээ. Энэ бүхэн түүнийг хэр хүчирхэг, бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн бүсгүй вэ гэдгийг хэлээд өгнө. Мишэлийн талаар Tyra Banks, Laura Bush гээд бидний мэдэх алдартнууд бүгд л ам сайтай байдаг. Хувцаслалт, хэв маяг, өнгө төрх, юу өмсөх, юу ярих, юу хийхийг нь бүгд сонирхдог. Мишэлийн хэлсэнчлэн өөрийг нь гоёдог элдэв гоёл чимэглэлээс илүүтэйгээр хамгийн үнэтэй нандин гоёл нь түүний нөхөр болон гэр бүл нь юм. Тэд л байхад бүх зүйл нь гэрэл гэгээтэй болж хувирдаг байна. Мишэль ийм л бүсгүй. Тэр зоригтой, хөдөлмөрч, дайчин, ухаалаг, зөөлөн сэтгэлтэй жинхэнэ эмэгтэй хүн. Бас тэнгэрлэг тэргүүн хатагтай.