2012-07-24Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир нас барсантай холбогдуулан түүхч, судлаач, эрдэмтэд энэ орны ирээдүйн
талаар олон төрлийн таамгийг дэвшүүлж эхэллээ. Энэ улсын дотоод амьдралын тухай хүмүүс маш бүрхэг ойлголттой байдаг. Иргэд нь гадаадын хүмүүст ярилцлага өгөх нь бүү хэл зургаа авахуулахаас ч эмээдэг нь нууц биш. Энэ удаад бид Хойд Солонгосын дотоод амьдралыг өгүүлсэн нэгэн ярилцлагын товчооныг уншигч танаа хүргэж байна. Оросын сэтгүүлч А.Баунов өдгөө Өмнөд Солонгост амьдарч буй хувиараа бизнес эрхлэгч Ким гэгчтэй (нэрээ нууцалсан гэдэг нь ойлгомжтой) өнгөрөгч дөрөвдүгээр сард ярилцжээ. Энэ хүнээс яриа авахын тулд уг сэтгүүлч нэлээдгүй саадтай учирсныг энд дурдууштай.
БИЗНЕСТ ОРСОН НЬ
-Та хэдийнээс, мөн яагаад бизнес эрхлэх болсон бэ?
-Бидэнд тараасан картаар бараа олгохоо больсон тэр үед олонх хүн гэр бүлээ тэжээхийн эрхэнд хувийн хэвшил рүү орох болсон. Би хувьдаа 2003 оноос эхлэн цайны газар ажиллуулж эхэлсэн.
-Тэгвэл 2003 он хүртэл картын бараагаар амьдарч байсан гэсэн үг үү?
-Үгүй. Тэр үед манай гэрийн үндсэн орлогыг эхнэр маань олдог байлаа. Тэр маань 1998 оноос эхлэн барааны зах дээр өдөр бүр эрэлттэй байдаг хувцас, гутал, тамхи, цагаан хэрэглэл, оймс зэргийг зардаг байсан.
-Эдгээр барааг хаанаас олдог байв?
-Дандаа хятад бараа. Манай хот Хятадтай хил залгаа оршдог учраас хүмүүс Хятадаас бараа оруулж ирдэг байсан.
-Хувийн бизнес эрхлэх анхныхаа хөрөнгийг та хаанаас олж байв. Цалингаа цуглуулсан юм уу?
-Эхнэрийн маань Хятадад амьдардаг төрөл садангууд нь манайд айлчилж ирэхдээ зарах бараа үлдээгээд явдаг байлаа. Тиймээс эхнэр маань бараануудыг нь зараад мөнгөө бага багаар цуглуулсаар өөрийн гэсэн бизнестэй болж эхэлсэн.
-Эхнэр тань зах дээр бараа зарж байсан тэр үед та төрийн байгууллагад ажиллаж байжээ. Яг хаана ажиллаж байсан юм бэ?
-Дотоод хэргийн яамны (ДХЯ) системд буюу хотынхоо Дотоод хэргийг удирдах газарт (ДХУГ) ажиллаж байлаа. Сард ойролцоогоор 3000 вон авдаг байсан. Энэ чинь 2-3 ам.доллар гэсэн үг л дээ.
-Дээр нь карт өгдөг үү?
-Тийм ээ. ДХЯ-ны системд багтдаг байгууллагуудын ажилчдад барааны карт өгдөг байсан. Түүгээр нь ч овоо юм авч болдог байлаа. Харин үйлдвэрийн ажилчдад бүр 1990-ээд оноос хойш картаар ямар нэгэн бараа олгохоо больсон. Манай улсад Хятадаас эрдэнэ шиш, будаа орж ирэх бүрт ДХУГ-ын удирдлагууд ажилчиддаа ямар нэгэн байдлаар хүртээдэг байсан.
-Хэр ихийг өгдөг байсан юм бэ?
-Хүн бүрт ижил хэмжээгээр хүртээнэ. Нэг хүнд 700 гр будаа ногддог байсан гэхээр сардаа ойролцоогоор 20 кг-ыг авчихдаг байсан гэсэн үг.
-Та төрийн байгууллагаас яаж гарч чадав?
-Ер нь бол ажлаасаа сайн дураар халагдах эрх байдаггүй. Тиймээс би таньдаг эмч дээрээ очоод мөнгө атгуулаад цаашдаа ажил хийх чадваргүй, ийм ийм өвчтэй гэсэн магадлагааг бичүүлж авсан. Ингэж л хуулийг зөрчилгүй ажлаасаа гарсан.
Ер нь гэр бүлээ тэжээхийн тулд эрчүүд эхнэрүүдийнхээ араас хувийн хэвшил рүү ихээр орох болсон. Мөн л ямар нэгэн өвчний оноштой магадлагааг худалдан аваад ажлынхаа асуудлыг шийдчихдэг. Эмнэлэгт танилгүй бол иймэрхүү магадлагааг 50 000-80 000 воноор худалдан авна. Харин үйлдвэрийн ажилчдад ийм хэмжээний мөнгө байхгүй. Үйлдвэр нь ч ажиллахгүй, картаар ч бараа өгөхгүй байтлаа ажилдаа явахыг заавал шаардана. Тиймээс зарим ажилчин үйлдвэрийнхээ захиргаатай хуйвалдан тэд нарт 5000, 10 000 вон атгуулаад ажлын цагаараа өөр газар ажиллах боломжийг олж авсан байдаг.
ОРД ЭЗЭМШИГЧ
-Цайны газрынхаа дараа та ямар ажил эрхлэв?
-Би дараа нь орд эзэмшиж эхэлсэн.
-Бүхэл бүтэн орд газар яахаараа хувь хүний гарт ордог билээ?
-Хууль ёсны эзэмшигч нь бол төр. Бид тэр ордыг нь түрээсэлж байсан гэх үү дээ. Энэхүү орд нь Намын Төв хорооны 38 дугаар удирдлага гэх байгууллагын мэдэлд байдаг. Энэ байгууллага олон үйл ажиллагаа явуулдаг, тэр дундаа валютын эдийн засгийг хариуцан ажилладаг тул валютын урсгалыг оруулж ирж чадна гэсэн хүмүүст зохих зөвшөөрлийг нь олгодог юм. Дээрх ордод олборлолт явуулах хөрөнгө төрд байгаагүй учраас хувиараа хөрөнгө оруулах хүмүүсийг хайж байсан юм билээ. Орлогынхоо 60 хувийг бид улсад тушааж үлдсэнийг нь өөртөө авдаг байсан.
-Юуны орд байсан юм бэ?
-Алтны орд. Зөвшөөрлийг нь авахын тулд би Пхеньян руу явахаас аргагүйд хүрсэн. Тэнд би 2 000 ам.долларыг зөвхөн авлигад зарцуулсан ч сарын дараа тэр мөнгөө нөхөөд олчихсон.
-Пхеньян руу тэгж чөлөөтэй явж болдог юм уу. Оршин сууж байгаа хотоосоо гарахын тулд заавал зөвшөөрөл авдаг гэсэн дээ?
-Мөнгө байгаа цагт тэр зөвшөөрөл зэрэг бол яамай. Мөнгөгүй бол харин хэцүү.
-Та дороо хэдэн ажилтантай байв. Мөн алтаа хаана борлуулдаг байсан бэ?
-Би 38 хүнийг цалинжуулдаг байсан. Тэд нартаа барааны картаас гадна сард ойролцоогоор 30 000 воны цалин өгдөг байлаа. Манай орд өдөрт 10 гр шижир алт олборлох нормтой байв. Харин олборлосон алтаа би нууцаар Хятадын дилерүүдэд зардаг байсан. Өмнөд рүү явах хүртлээ дөрвөн жил энэ ордыг ажиллулсан.
МАНАЙХАН БҮГДИЙГ НЬ МЭДДЭГ
-Өмнөдөд ирэхэд юу нь хамгийн хэцүү, мөн юу нь хамгийн гайхалтай санагдсан бэ?
-Ойгоор бүрхсэн уулс нь гайхалтай санагдаж байсан. Манай уулууд чинь нүцгэн шүү дээ. Бусдаар бол нэг их гайхширмаар санагдаагүй. Би нутагтаа байхдаа Өмнөдийн телевиз, кинонуудыг нь байнга үздэг байлаа. Тэр утгаараа энэ улсын амьдралын хэв маяг, түвшнийг нь сайн мэддэг болсон. Ер нь манайхан өөрсдийн киногоо ер үздэггүй, Хятадаас нууцаар оруулж ирсэн гадаадын видео бичлэгүүдийг үздэг болоод удаж байна. Тиймээс Өмнөдийнхөн манайхаас дор амьдралтай гэж ил хэлэх хүн байхаа больсон. Урьд нь өмнөдийнхөн ядуу буурай амьдардаг гэж ярьдаг байсан бол одоо өмнөдийнхний эдийн засаг хөөс шиг хэврэг, америкчуудын хөрөнгөөр л ийм сайхан амьдарч байгаа юм гэж муулах болсон.
-Өмнөд Солонгосын бичлэгтэй хуурцгийг гэртээ хадгална гэдэг аюултай биш үү?
-Аюултай байлгүй яах вэ. Үүний төлөө гурван жилийн хорих ялаар шийтгүүлэх эрсдэлтэй. Гэсэн хэдий ч бүгд үздэг. Жирийн иргэдээс авахуулаад цагдаа нар, улсын аюулаас хамгаалахынхан, намын гишүүд бүгд л үзэж байна.
-Хойд Солонгост компьютер байдаг уу?
-Байна. Гэхдээ хот бүрт айл өрхүүдийн 20-30 хувь нь л компьютертэй. Урьд нь Өмнөдийн бүтээгдэхүүн оруулж ирэх хориотой байсан. Одоо бол үгүй. Харин интернет байхгүй шүү. Гадаадад гарч үзээгүй хүмүүс бол компьютер гэж юу байдгийг мэдэх ч үгүй.
БАГШ НАР ӨӨРСДИЙГӨӨ АРГАЛДАГ
-Эмч, багш нар гээд төсвийн ажилтнууд амьдралаа яаж болгодог юм бэ?
-Эмч нарын тухай би түрүүн ярьчихлаа. Харин багш нарт орлого олох боломж хомс. Тиймээс сурагчдынх нь эцэг эхчүүд тэднийг тэжээдэг гэж хэлж болно. Гэхдээ зарим тохиолдолд тэд улаан цайм нэхэхээс сийдэггүй.
-Тэгвэл их дээд сургуулиудын багш нар яадаг бол?
-Ер нь адилхан даа. Оюутнууд сургуульд элсэхдээ болон шалгалт шүүлгийн үеэр багш нартаа мөнгө атгуулдаг. Жишээ нь, хамаатны нэг охин маань Пхеньяны гадаад хэлний курст суралцаж байна. Түүнийг энэ курст оруулахын тулд би 1500 ам.доллар төлж байлаа. Гэтэл миний нэг найз 1300 ам.доллар төлтөл хүүхдийг нь сургуульд элсүүлээгүй дээ. Хойд Солонгосын хамгийн гол их сургууль болох Ким Ир Сений нэрэмжит их сургуульд элсэхийн тулд 5-6 мянган ам.долларын авлига өгдөг.
КАПИТАЛИЗМ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭЖ БАЙНА
-Төсвийн цалингаараа амьдарч байгаа хүмүүс гэж байна уу?
-Бараг байхгүй дээ. Улсын хуучин эдийн засаг нь хэдийнэ нуран унаж ор мөргүй алга болсон. Одоо захуудыг тойрон байрласан хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа цэцэглэн хөгжиж байна.
-Химийн, төмрийн гээд томоохон үйлдвэрүүд юу болсон бэ?
-Үндсэндээ зогссон гэж хэлж болно. 1990-ээд оны эхээр 100 хувийн хүчин чадлаараа ажиллаж байсан гэж үзвэл одоо 30 хувь болтлоо буурсан байгаа. Цэргийн үйлдвэрүүд мөн адил. Хамгийн чухал гэж үздэг үйлдвэрүүд л өнөөдөр ажиллаж байна. 2000 оны эхэн үетэй харьцуулбал Хойд Солонгосын иргэдийн амьдрал хамаагүй сайжирсан гэж хэлж болно. 1990-ээд онд бол байдал тун хүнд байсан. Тэр үед барааны карт зүгээр л цаас болж хувирсан тул бид өлсгөлөнд нэрвэгдэж эхэлсэн. Гэвч хүмүүс амьд явахын тулд янз бүрийн боломжуудыг хайж байлаа. Нэг нь айлын ногооны талбайг цэвэрлэж, нөгөө нэг нь гэрээрээ юм үйлдвэрлэж, бас зарим нь худалдаа наймаа хийдэг болсноор амьдрал аажмаар сайжирч эхэлсэн юм. Харин өнөөдөр чамд мөнгө байгаа бол юу дуртайгаа худалдан авах боломжтой боллоо. Тухайлбал, 1980-аад оны үед жирийн иргэд арьсан гутал өмсдөггүй байлаа. Бүгд л даавуун шаахайтай байв. Одоо бол жирийн иргэн арьсан гутал өмсөх нь хэвийн үзэгдэл болсон шүү. Бас дээр үед Оросын мод бэлтгэгчид л манай улсад ирэхдээ “Восток”, “Заря” гэх цагнуудыг авчирдаг байсан нь тухайн үед тансаг хэрэглээнд тооцогддог байв. Одоо бол харин өөр. “Юу нь сонин байна. Ерийн л нэг цаг байна даг” гэж голох янзтай болжээ.
-Танай хотод хувийн хэвшлийнхэн өөр ямар салбаруудад үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Бөөний худалдаа эрхэлж, зах дээр наймаа хийхээс гадна гэр бүлээрээ гутал, унадаг дугуйны хаймер үйлдвэрлэж байна. Бас хувийн үсчний газар, эмийн сан, иллэг хийдэг газрууд бий. Албан ёсны бус ч хувийн шатахуун түгээгүүрүүд бас байдаг. Хүмүүс Хятадаас нууцаар шатахуун оруулж ирээд гэрт байрлуулсан торхноосоо бусаддаа зардаг учраас албан ёсны бус гээд байгаа юм. Мөн хувиараа барилга барьдаг, ачаа тээвэрлэдэг хүмүүс бий.
Ер нь социалист байна уу, капиталист байна уу ялгаагүй дэлхийн бүх улс дотроос хамгийн их авлигатай улс бол Хойд Солонгос гэж би боддог. Яагаад гэвэл, чи мөнгөтэй л бол юу дуртайгаа хийж болно.
-ОХУ капитализмд дөнгөж шилжээд байсан тэр үед мафи, зохион байгуулалттай гэмт хэрэг гэх зэрэг гажууд үзэгдэл гарч эхэлсэн юм. Харин танайд (капитализм хөгжиж байгаа юм бол) байдал ямархуу байна?
-Энэ тал дээр бол их хатуу. Төрийн зүгээс шууд л таслан зогсоодог. Нэг талаасаа, Хойд Солонгосын удирдагчид дарангуйлах эрх чөлөөгөө алдана гэж айдах байх. Бас олсон мөнгөө тэд нартай хуваах шаардлага тулгарна гэж айдаг ч байж болох. 2004 онд өсвөр насны хэсэг хүүхдүүд нэг тиймэрхүү бүлэг үүсгэх гэж оролдон хүмүүсийг элсүүлж эхэлсэн юм. Гэвч хэрэг муугаар төгссөн дөө. Тэднийг олон түмний өмнө шууд буудан хороосон.
-Хойд Солонгост цахилгаан тасардаг хэвэрээ юу?
-Өдөрт гурван цаг л цахилгаантай байдаг. Нарийн хуваарь байдаггүй учраас 30 минут эсвэл 40 минут болоод нэг тасрана. Тиймээс бид гол төлөв аккумулятор, зай зэрэг цахилгаан үүсгэврүүдийг ашигладаг. Гэрийн цахилгаан ирлээ л бол бүгд аккумуляторуудаа цэнэглэх гээд бужигначихна. Гэхдээ аккумулятороор хөргөгч, угаалгын машиныг ажиллуулах боломжгүй. Манайд хөргөгч ерийн нэг шүгээний үүрэг л гүйцэтгэдэг.
ИРЭЭДҮЙН ТУХАЙ ХӨӨРӨЛДӨХҮЙ
-Танайхан Өмнөд Солонгостой нэгдвэл амьдрал сайжирна гэж ярих юм уу?
-Ерөнхийдөө бүгд л үүнийг зөвшөөрдөг. Манай улс байгалийн баялаг ихтэй, харин өмнөдийнхөнд технологи бий гэлцдэг. Хэрэв хоёр орон нэгдвэл бидэнд социализмийн үеэсээ ч сайхан амьдрах боломж байгаа гэж ярьцгаадаг. Тиймээс олон хүн хоёр орныг нийлээсэй гэж хүсдэг.
-Тэгвэл улсынхаа удирдлагын талаар юу гэж ярьдаг вэ?
-Юу ч хэлдэггүй. Юм хэлэх нь аюултай, тэгээд ч утгагүй зүйл гэдгийг тэд сайн мэддэг. Тиймээс улс төрийн сэдвээр юм ярилгүй тус тусынхаа бизнесийг хөөгөөд явахаа л бодно. Тэгсэн атлаа сонинд гарсан зүйлст бас итгэдэггүй. Яагаад гэвэл, төр засаг өмнө нь ч, одоо ч худал ярьсаар байгаа гэдгийг тэд мэдэхтэйгээ болсон.
-Тэгвэл эх орныхоо ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ?
-Ард түмний хувьд улс төрийг сонирхохгүй байгаа учир дэглэмийг солих талаар нэг их бодохгүй байна. Тиймээс зарчмын хувьд, төрийн эрх баригчдад л адгийн хөзөр ногдох магадлалтай. Тэгсэн тохиолдолд хувьсгал, тэмцэл гарч олон түмний үймээний үр дүнд дэглэм солигдох боломжтой л байх. Гэхдээ миний бодлоор, ирээдүйд ийм зүйл өрнөх магадлал тун бага.
-Яагаад. Эрх баригчдын дунд өөрчлөлт шинэчлэл, капитализмийг дэмжигсэд байхгүй гэж үү?
-Мэдээж хэрэг бий л дээ.
-Тэд Хятад маягийн өөрчлөлт шинэчлэлийг явуулж болно шүү дээ?
-Ард түмэн маань Хятадыг хараад маш их атаархдаг нь нууц биш. Эрх баригчдын дунд ч ийм хүмүүс бий. Гэвч Хятадын өөрчлөлт шинэчлэлийг манай орны хөрсөн дээр буулгах нь эрсдэлтэй, улс орны тогтвортой байдал алдагдана гэсэн үзэл бодол давамгайлдаг юм. Ирээдүйд төрийн эрхэнд гарч ирэх удирдагчид энэ л үзэл бодлоосоо болж өнөөгийн хэв маягаа бага зэрэг өөрчлөөд л хэвээр нь явуулна гэж би боддог. Юутай ч, лав л ирэх 20 жилд ямар нэгэн томоохон өөрчлөлт гарахгүй байх. Харин 20 жилийн дараа юу болохыг хэн мэдлээ.
Пхьенян дахь хувийн хэвшлийн дэлгүүрүүд. Уг нь хувийн өмч хуулиар хориотой, гэхдээ энд авлигаар бүх асуудлыг шийддэг
Хувийн хэвшлийнхний үйлдвэрлэсэн жижиг сажигхан хүнсний зүйлс. Манайхны хийдэг вареньтай төстэй жижигхэн цехэд л хийдэг болов уу
Мөнгө л байвал юуг ч авч болдог. Солонгосчууд ч тэгээд хоол хийхдээ сайн юм дөө
эх сурвалж: uynaa.wordpress.com
Хувийн хэдэн бодол. Энэ ярилцлагыг блог дээрээс нь анх уншаад тун чиг сонирхолтой санагдаж билээ. Хамгийн гол нэг асуулт бол: Улс төрийн буруу системээс болж авлига хөгжөөд байна уу? Авлигаас болж систем нь шинэчлэгдэхгүй байна уу? Олон олон шалтгаан бий л байх, гэхдээ зарим зүйл нь манай улстай төстэй санагдлаа. Хойд Солонгосын тухай төсөөллийг минь 180 градус эргүүлсэн энэхүү ярилцлагыг найзууддаа дамжуулаарай, тун сонирхолтой байх болно. Хойд Солонгос авлигын индексээр дэлхийн 183 орноос сүүлийн байрыг эзэлсэнийг эндээс л ойлгосон юм.